Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2023/00611

 

 

 

 

 

 

 

 

 

2023 03 22 210/МА2023/00611

 

 

Х ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Э.Золзаяа, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 102/ШШ2023/00228 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Х ХХК

Хариуцагч: А.Б,

Хариуцагч: Б.Ы

Нэхэмжлэлийн шаардлага: 42,526,333 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, хариуцагч А.Б, хариуцагч нарын өмгөөлөгч Р.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 А.Б, Б.Ы нар нь Х ХХК-тай 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Ц дугаартай Орон сууцны зээлийн гэрээ, Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ байгуулан, 46,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 15 жилийн хугацаатай зээлсэн.

1.2 А.Б, Б.Ы нарын өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-00 дугаартай, Бар байр, 00 тоот хаягт байршилтай, нэг өрөө 38,5 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан.

1.3 Зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс 2020 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс үндсэн зээлийн өр үүссэн. Гэрээний үүрэг зөрчигдөж байгааг 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 7-460/714 дугаар Үүргээ гүйцэтгэхийг шаардах тухай, 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 5/512 дугаар Үүргээ гүйцэтгэхийг шаардах тухай, 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 5/4258 дугаар Үүргээ гүйцэтгэхийг шаардах тухай, 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Үүргийн гүйцэтгэлийг шаардах тухай албан бичгээр мэдэгдлийг тухайн бүрт нь өгч, зээлдэгч Б.Ыид танилцуулж, гарын үсэг зуруулж баталгаажуулсан. Б.Ы нь 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр төлж барагдуулна гэх хүсэлт гаргаж, зөрчлийг арилгах боломжийг олгосон боловч гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй.

Иймд зээлийн гэрээг цуцалж, хариуцагч нараас 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар үндсэн зээл 31,009,740.74 төгрөг, зээлийн үндсэн хүү 11,368,336.76 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 121,256.15 төгрөг, нотариатын зардал 27,000 төгрөг, нийт 42 526 333.65 төгрөг гаргуулж, хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Бар байр, 00 тоот хаягт байршилтай, нэг өрөө, 38,5 м.кв талбайтай орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч нарын тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Б.Ы, А.Б нар нь орон сууцтай болох зорилгоор Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, Үйлдвэрчний төвийн бүс, Э, Б дүгээр байр, 00 тоот хаягт байршилтай, 1 өрөө орон сууцыг ипотекийн зээлээр худалдан авсан.

2.2 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2020 оны 08 дугаар сар хүртэл зээлийг хуваарийн төлсөн. Гэтэл Ковид-19 цар тахал гарч, уг нөхцөл байдлын улмаас удаа дараагийн хөл хорио, хязгаарлалт тогтоосны улмаас Х ХХК-д ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлтийг тавьсан. Засгийн газраас 2020 оны 3 дугаар сард ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах, нэмэлт хүү төлбөр тооцохгүй байх шийдвэрийг гаргаж байсан. Түүнээс хойш цар тахлын хуулийг сунгасантай холбоотойгоор тус шийдвэрийг хэд хэдэн удаа сунгаж, хоёр жил гаруй хугацаанд хэрэгжиж байгаа.

2.3 2021 оны 01 дүгээр сард зээл 1,020,000 төгрөг төлсөн тул зээлийн гэрээг цуцалж байгааг зөвшөөрөхгүй. Зээлийн гэрээний үүрэг зөрчсөн талаар мэдэгдэл өгч байгаагүй, гэрээ цуцлах журам хэрэгжээгүй, хэрвээ бид нарын гаргасан хүсэлтийг хүлээн аваагүй бол тэр талаараа мэдэгдэх ёстой бөгөөд зээлийн хүү бодогдож явж байгааг 2 жил гарангийн хугацаанд мэдэгдээгүй байтлаа гэнэт л шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 225-р зүйлийн 225.1 дэх хэсэг, 451-р зүйлийн 451.1, 453-р зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан Х болон А.Б, Б.Ы нарын хооронд байгуулсан 2012 оны 11-р сарын 29-ний өдрийн Ц тоот Орон сууцны зээлийн гэрээ, Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2016 оны 8-р сарын 26-ны өдрийн Ц-01 тоот Орон сууцны зээлийн нэмэлт гэрээ-г тус тус цуцалж, А.Б, Б.Ы нараас 42 499 333 /дөчин хоёр сая дөрвөн зуун ерэн есөн мянга гурван зуун гучин гурав/ төгрөг гаргуулж Ханд олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 27 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175-р зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох улсын бүртгэлийн Ү-00 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 0 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс / /, Э Б-р байр, 00 тоот 1 өрөө 38.5 м.кв талбай бүхий сууцыг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 370 581 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч нараас 370 446 /гурван зуун далан мянга дөрвөн зуун дөчин зургаа/ төгрөг гаргуулж Ханд олгож шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагч нарын давж заалдах гомдлын агуулга:

4.1 Нэхэмжлэгч нь зээлийн болон барьцааны гэрээг цуцлах шаардлага гаргаагүй. Гэтэл зээлийн гэрээг цуцлах үндэслэл бүрдээгүй байхад анхан шатны шүүх өөрийн дураар нэхэмжлэгчийн өмнөөс зээлийн болон барьцааны гэрээг, мөн талуудын хооронд байгуулсан 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Ц-01 дугаар Орон сууцны зээлийн нэмэлт гэрээ-г нэмж оруулж цуцалсан нь үндэслэлгүй.

4.2 Анхан шатны шүүхийн шийдвэрийн дүгнэлт хэсэгт Зээлдэгч нар нь дахин 2020 оны 08-р сарын 9-ний өдрөөс үүргээ биелүүлээгүйгээс зээлдүүлэгч 2022 оны 08-р сарын 5-ны 5/7288 тоот мэдэгдэл өгсөн, мэдэгдлийг зээлдэгч Б.Ы хүлээн авч 14 хоногийн дотор зөрчлөө арилгахаар тодорхойлсон, үүгээр зээлийг төлөх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй байна. Иймд гэрээг цуцлах, төлбөр гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж дүгнэсэн. Гэтэл дэлхий нийтэд тархсан Ковид-19 цар тахлын улмаас бүх нийтийн хөл хорио тогтоож, эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал бий болж, нийтэд илэрхий хүндэтгэн үзэх шалтгаан бий болсон тул нэхэмжлэгчийн зүгээс ч мөн адил 2022 оны 08 сар хүртэл хугацаанд зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу өр, төлбөр төлөхийг шаардаагүй байдаг.

Нийтэд илэрхий хүндэтгэн үзэх нөхцөл байдлын улмаас гэрээний үүрэг биелэгдээгүй байхад түүнийг гэрээний зөрчил гэж үзсэн нь өөрөө үндэслэлгүй, хууль бус. Анхан шатны шүүх хариуцагч нарыг зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулах хүсэлт гаргаагүй гэж буруутгасан. Хариуцагч нарын зүгээс тухайн хүсэлтийг гаргаж байсан бөгөөд түүнийг банк хүлээн аваагүй тохиолдолд бидэнд буцаан мэдэгдэх боломж байсан. Хүндэтгэн үзэх нөхцөл байдлын улмаас зээлийн төлөгдөөгүй бөөгнөрсөн мөнгөн хөрөнгийг хэзээ хэдийд яаж төлөх вэ гэдгийг зээлийн гэрээг цуцлахгүйгээр талуудын тохиролцож шийдвэрлэх, эсхүл зээлийн гэрээний хугацааны эцэст төлөх хуулийн боломжтой юм. Хариуцагч нарын хувьд зээлийн гэрээг үргэлжлүүлэх, өөрийн орон гэрээ алдахгүй байх хүсэлтэй байгаа болно.

4.3 Шүүхийн шийдвэр харилцан зөрчилтэй гарсан. Хамтран зээлдэгч Б.Ы нь зээлийн хүүг 16 хувиар тооцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарьт гарын үсэг зураагүй. Тэгвэл зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийг эргэн төлөөгүй тул зээлийн гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэж байгаа юм бол яагаад Б.Ыийг зээлийг эргэн төлөх хугацаанд төлөөгүй байна гэж үзэж байгаа нь ойлгомжгүй. Тухайлбал, Б.Ыийн хувьд зээлийн төлбөрийг хэсэгчилж биш, зээлийн гэрээний хугацаа дуусах үед бүхэлд нь төлөх боломжтой байхад түүнийг гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэж, түүний өмчлөлийн орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж байгаа нь хуульд нийцэхгүй ойлгомжгүй.

4.4 Шүүх талуудын хооронд байгуулсан барьцааны гэрээг цуцалсан атлаа барьцааны гэрээнд заасан үүргийг биелүүлэх буюу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарын агуулга:

5.1 Хариуцагч А.Б нь Х ХХК-д ажилладаг байсан. 2011 онд Х ХХК нь ажилчдаа дэмжих, тогтвор суурьшилтай ажиллуулах зорилгоор 6 хувийн орон сууцны зээл олгосон. 2016 онд А.Б нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн.

2016 онд зээлийн нэмэлт гэрээ байгуулсан ба энэ гэрээгээр тухайн ажилчин ажлаас гарсан тохиолдолд тухайн үеийн зээлийн дүнтэй адилтгаж тооцно гэж зохицуулсан. Хариуцагч нар нь 2020 оны 08 сараас зээлийн эргэн төлөлт төлөхгүй, үүргээ зөрчиж эхэлсэн. Тус банкны салбараас 2020 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс хойш зээл төлөх мэдэгдлийг удаа дараа хүргүүлсэн. 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр мэдэгдэл хүргүүлэхэд хариуцагч нар банкан дээр ирж уулзсан. 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүсэлт өгсөн. Энэ хүсэлтдээ 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр зөрчлөө арилгаж, төлбөрөө төлж барагдуулна гэх агууллагыг тусгасан бөгөөд банкны удирдлагууд шийдвэрлэсэн. Гэтэл хариуцагч нар 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр зөрчлөө арилгаагүй. 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл зөрчлөө арилгуулахыг сануулсан боловч үүргээ биелүүлээгүй.

5.2 Х ХХК нь 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр зээлийн хорооны хурлын шийдвэрээр банк, иргэн хоёрын хооронд байгуулсан зээлийн гэрээг иргэнээс хүсэлт гаргасан тохиолдолд банк зөвшилцсөний үндсэн дээр 12 сараас дээш хугацаагаар зээлийн эргэн төлөлтөд өөрчлөлт оруулж, зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах шийдвэр гаргасан. Хариуцагч А.Б, Б.Ы нар нь цахимаар болон биеэр ирж ямар ч хүсэлт өгөөгүй. Анхан шатны шүүх хуралд хүсэлт гаргасан гэж тайлбар гаргадаг ба үүнийгээ нотолж чаддаггүй. Банк дур мэдэн зээлийн эргэн төлөлтийг шууд хойшлуулах эрхгүй. Иймд анхан шатны шүүх нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг баримталж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч А.Б, Б.Ы нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 42,526,333 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шаардлагын үндэслэлээ зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 2022 үндсэн зээлийн үлдэгдэл 31,009,740.74 төгрөг, хүүгийн төлбөрт 11,368,336.76 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 121,256.15, нотариатын зардал 27,000 төгрөг тус тус гаргуулахаар тодорхойлсон.

3. Хариуцагч А.Б шаардлагын үндэслэлийг Ковид-19 цар тахлын улмаас Х ХХК-д ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах хүсэлт гаргасан боловч шийдвэрлээгүй, мэдэгдэл өгч байгаагүй, гэрээ цуцлах журам хэрэгжээгүй, зээлийн хүү бодогдож явж байгааг 2 жил гарангийн хугацаанд мэдэгдээгүй байтлаа гэнэт л шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж, хариуцагч Б.Ы нь ...зээлийн хүүг 16 хувиар тооцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарьт гарын үсэг зураагүй байхад гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэж, түүний өмчлөлийн орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй гэсэн агуулгаар тус тус үгүйсгэн маргажээ.

4. Хэрэгт авагдсан 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Ц дугаар Орон сууцны зээлийн гэрээ-ээр А.Б, Б.Ы нар нь Х ХХК-аас 46,000,000 төгрөгийг жилийн 6 хувийн хүүтэй, 15 жилийн хугацаатай зээлэх, нэмэгдүүлсэн хүү жилийн 1,2 хувь байхаар тогтоосон. Мөн өдрийн -12/107 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-ээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд улсын бүртгэлийн Ү-00 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс / /, Э Б дүгээр байр, 00 тоот хаягт байршилтай, нэг өрөө, 38,5 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Улмаар талууд 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр зээлийн хүүг жилийн 18 хувь, сарын 1,5 хувь байхаар Ц-01 дугаар Орон сууцны зээлийн нэмэлт гэрээ байгуулсан үйл баримт тогтоогдсон байна. /1хх 13-22, 59-60/

4.1 Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ болон мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний харилцаа үүссэн, эдгээр гэрээ нь хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

5. Зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч нь гэрээний зүйл болох 46,000,000 төгрөгийг зээлдэгчийн дансанд шилжүүлсэн талаар зохигч маргаагүй тул нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэх үүргээ биелүүлсэн гэж үзнэ. Харин хариуцагч нар нь 2017 оноос хойш зээлийн гэрээний үүрэг болох мөн зүйлд заасан гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй болох нь зээл, хүүний тооцооны хуудсаар тогтоогдож байхаас гадна хариуцагч нар уг үйл баримтыг үгүйсгээгүй. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нараас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй бөгөөд хариуцагч нар үнийн дүнд давж заалдах гомдол гаргаагүй.

6. Х ХХК нь 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 7-460/714 дугаар, 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 5/512 дугаар, 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 5/4258 дугаар, 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 5/7288 дугаар албан бичгээр хариуцагч нарт үүргээ гүйцэтгэхийг тус тус мэдэгдсэн үйл баримт тогтоогдсон байна. /хх 29-31/ Түүнчлэн, хариуцагч Б.Ы нь 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Х ХХК-д 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс хойш зээлээ зөрчсөн 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр зээлийн зөрчлөө төлж барагдуулна гэж тайлбар гаргасан.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй. Хариуцагч нар нь хуваарийн дагуу зээлийн мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт нэхэмжлэгчид буцаан төлөх үүргээ биелүүлээгүй, мөн нэхэмжлэгчийн зүгээс зээлийн гэрээний үүргийг биелүүлэхийг хариуцагчаас удаа дараа шаардаж, улмаар шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

Иймд хариуцагч нарын ...нэхэмжлэгчээс 2022 оны 08 дугаар сар хүртэл хугацаанд зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу өр, төлбөр төлөхийг шаардаагүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

7. Нэхэмжлэгчээс зээлийн гэрээг цуцлах нь зээлийн мөнгөн хөрөнгө шаардах үндэслэл болсон байхад анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт уг үндэслэлийг бие даасан шаардлага мэтээр Иргэний хуулийн холбогдох хэсгийг баримталсан нь оновчгүй болжээ. Иймд энэ талаар өөрчлөлт оруулах бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй тул хариуцагч нарын ...нэхэмжлэгч зээлийн гэрээг цуцлах шаардлага гаргаагүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

8. Зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хариуцагч Б.Ы гарын үсэг зураагүй байгаа нь зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. Тодруулбал, зээлийн гэрээнд Б.Ы гарын үсэг зурсан байх тул энэ талаарх хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй.

9. Зээлдэгч А.Б, Б.Ы нар нь ковид-19 цар тахлын нөхцөл байдалтай холбоотой зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах хүсэлт гаргаж байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Түүнчлэн, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай /2021 оны/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.13 дахь хэсэгт Зээлдэгчийн эд хөрөнгийн байдал доройтож зээлийг буцаан төлөх чадваргүй болох нөхцөл байдал бий болохоор, эсхүл болсон бол зээлдүүлэгч зээл олгохоос татгалзах, эсхүл олгосон зээлийг буцаан төлөхийг шаардах эрхтэй гэж заасан бөгөөд энэ нь зээлдүүлэгчийн эрх тул уг эрхээ хэрэгжүүлээгүйд түүнийг буруутгах боломжгүй. Иймд энэ талаарх хариуцагч нарын давж заалдах гомдол үндэслэлгүй.

10. Анхан шатны шүүх барьцааны гэрээг цуцалсан нь үндэслэлгүй байх боловч энэ нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан барьцааны зүйлийн үнээс шаардлага хангуулах эрх нь мөн хуулийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасан салгаж үл болох эрхэд хамаарна. Зээлийн гэрээг цуцалсныг барьцааны гэрээг цуцалсан гэж үзэх, мөн үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхийг үгүйсгэхгүй. Иймд энэ талаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч нарын ...барьцааны гэрээг цуцалсан атлаа үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь ...ойлгомжгүй, хоорондоо зөрчилтэй гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

11. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас нотариатын зардал 27,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтыг баримтлаагүй, нэхэмжлэгч Х ХХК-ийг Х гэж эрх зүйн байдлыг буруу тодорхойлсон, тогтоох хэсгийн 4 дэх заалтад ...эрхтэй гэж заасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.6 дахь хэсэгт Энэ хуулийн 118.5-д заасан тогтоох хэсэг захиран тушаах хэлбэртэй байна гэсэнтэй нийцээгүй байгааг тус тус залруулж, өөрчлөлт оруулна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт холбогдох өөрчлөлтийг оруулж, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 102/ШШ2023/00228 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Б, Б.Ы нараас 42,499,333 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 27,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж,

3 дахь заалтын ...Ханд гэснийг ... Х ХХК-д гэж,

4 дэх заалтын ...эрхтэй. гэснийг ...эрхтэй болохыг дурдсугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Ыоос давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 371,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

М.БАЯСГАЛАН