Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2023/01209

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:*** тоотод байрлах, *** ХХК,

Хариуцагч:  *** тоотод оршин суух, Ш овогт Г ***,

Хариуцагч: *** тоотод оршин суух, Х овогт Т***ы *** ,

Хариуцагч: *** тоотод оршин суух, Н*** *** ,

 

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 69,386,318.06 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: *** өдрийн Орон сууцны зээлийн гэрээний зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлт 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаагаар хойшилсон болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б***,

Хариуцагч Г.***,

Хариуцагчийн өмгөөлөгч Д.О***,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Урансайхан

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч *** нь хариуцагч Г.***, Т.*** , Н.*** нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 69,386,318.06 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Зээлдэгч Г.***, Т.*** , Н.*** нар нь *** тай *** өдөр *** тоот Орон сууцны зээлийн гэрээ, *** тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-г байгуулан 48,500,000.00 төгрөгийг орон сууц худалдан авах зориулалтаар жилийн 18.00 хувийн хүүтэйгээр, 240 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч нар нь дээрх Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож *** өдрийн *** тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-ний дагуу Нийслэлийн *** тоот хаягт байрлах, 46.7 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалсан. Зээлдэгч нараас Орон сууцны зээлийн гэрээ-ээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардаж, энэ тухай албан бичгээр мэдэгдэж үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул талуудын хооронд байгуулсан *** өдөр *** тоот Орон сууцны зээлийн гэрээ-ний 9.2 дахь заалт, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу банкны зүгээс нэг талын санаачилгаар шүүхийн журмаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулах үндэслэлтэй болно. Зээлдэгч нараас *** өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж, зээлийн үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулах тухай хүсэлтийг хүлээн авч, хугацаа олгосон боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрөөс төлөлт хийгээгүй байна. Зээлдэгч нь зээл, зээлийн хүүгийн төлбөрт төлөлт хийгээгүйгээс 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар үндсэн зээл 47,467,485.82 төгрөг, зээлийн үндсэн хүү 21,910,706.98 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүү 8,125.26 төгрөг, нийт 69,386,318.06 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Нэхэмжлэлийн шаардлага нийт 69,386,318.06 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж төлсөн төлбөрийн хамт гаргуулж, зээлдэгч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд талуудын хооронд байгуулсан барьцааны гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулж зээл, зээлийн хүүг төлүүлэх талаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч Г.*** хариу тайлбартаа: Хариуцагч Г.***, Т.*** , Н.*** нар нь *** тай *** өдөр *** тоот Орон сууцны зээлийн гэрээ байгуулан 48,500,000 төгрөгийн зээлийг жилийн 18.00 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатайгаар зээлсэн. Зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу *** өдрөөс эхлэн 2021 оны 2 дугаар сар хүртэлх хугацаанд хариуцагч тал зөрчил гаргалгүй үндсэн зээлийн хүү болох 24,000,000 орчим төгрөгийг төлсөн бөгөөд үндсэн зээлээс 2,200,000 төгрөг хасагдсан. Дэлхий нийтээр цар тахал дэгдэж, Монгол улс Ковид-19 цар тахалтай холбоотойгоор Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль батлаж 2021 оны 1 дүгээр сарын 31-ний өдрөөс эхлэн 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгасан. Нэхэмжлэгч тал Ковид-19 цар тахлын улмаас зээлийг хойшлуулах тухай иргэдийн хүсэлтийг өөрийн сайт дээр онлайнаар хүлээн авч байсан бөгөөд хариуцагч тал зээл хойшлуулах тухай хүсэлтийг илгээж банк 6 сарын хугацаатай үндсэн зээлийн төлөлт болон зээлийн хүүг хойшлуулсан, улмаар Ковид-19 цар үргэлжилж байсан учраас Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг дахин 6 сараар сунгах шийдвэр гарсан тул банк иргэдийн зээлийг хойшлуулах тухай хүсэлтийг дахин цахимаар хүлээж авч байгаа тухай өөрийн сайт дээр байрлуулсан байдаг. Хариуцагч тал хөл хорио тогтоосон байсан учраас цахимаар зээлийн эргэн төлөлтөө хойшлуулах тухай хүсэлтийг илгээсэн. Гэтэл нэхэмжлэгч талын зүгээс ковид-19 цар тахал дэгдсэн эхний 6 сарын хугацаанд үндсэн зээл, зээлийн хүүг хойшлуулсан, дахин сунгах боломжгүй гэж 6, 7 сарын дараа хариуцагч талд мэдэгдсэн. Хариуцагч тал зээл болон зээлийн хүүгээ хойшлуулах тухай хүсэлтээ илгээсэн, банк хүлээж авсан байдаг. Хариуцагч Г.***, Т.*** нар ХХБ-ны эдийн засагч болон хуулийн хэлтэс, тусгай активийн албан хаагчидтай удаа дараа уулзаж үндсэн зээлээ бид төлнө харин давагдашгүй хүчин зүйлсийн улмаас зээлийн хүүгээ төлөөгүй нь бидний буруутай үйлдэл биш гэдгийг тайлбарласан. Бид өөрийн эзэмшлийн үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн ханшаар худалдан борлуулахаар тус банкны дотоод сүлжээгээр зар тавиулсан, бид өөрсдөө зарын сайт болон Remax-тай гэрээ байгуулсан. МУ-ын Засгийн газар, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо болон Монгол банкнаас Зээлийн эргэн төлөлтийг удаа дараа сунгах шийдвэр гаргасан байтал *** эрх бүхий байгууллагаас баталсан хууль, дүрэм журмыг мөрдөж ажиллахгүй, хэрэгжүүлэхгүй зээлийн үндсэн төлбөр, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний өр нэхэж, зээлийн өр төлбөрийг барагдуулахгүй бол барьцаа хөрөнгийг борлуулж өр төлбөрийг барагдуулахыг мэдэгдэж дарамталж байгаа нь холбогдох хууль, журмыг зөрчсөн гэж үзэж байна. Хариуцагч тал үндсэн зээл болох 47,467,485.82 төгрөгийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх харин Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т зааснаар зээлийн үндсэн хүү 29,910,706.98 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүү 8,125.26 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд зээлийн үндсэн хүү 29,910,706.98 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүү 8,125.26 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Хариуцагч талаас шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу *** өдрөөс эхлэн 2021 оны 2 дугаар сар хүртэл хугацаанд ямар нэгэн зөрчил гаргалгүй зээлийн хүүгээ цаг хугацаанд нь төлж байсан. Энэ хугацаанд дэлхий нийтээр цар тахал дэгдэж, УИХ-аас 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг баталж, уг хуулийн дагуу иргэдийн Ипотекийн зээл болон хэрэглээний бүх зээл, зээлийн хүүгийн төлөлтийг хойшлуулж, зээлийн гэрээний хугацаа сунгахаар болсон бөгөөд нийт 5 удаагийн сунгалтаар 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаагаар иргэдийн Ипотекийн зээл, бусад хэрэглээний зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлтийг хойшлуулах шийдвэр гарч, хойшлуулсан болно. Мөн Г.*** нар болон *** ны хооронд байгуулсан орон сууцны Ипотекийн зээлийн гэрээнд хамаарах юм. *** өөрийн албан ёсны сайт дээрээ Ковид цар тахлын улмаас зээлдэгч нарын зээл төлөлтийг хойшлуулах, хугацаа сунгах тухай хүсэлтийг цахимаар хүлээн авч байсан тул Г.Эрдэнийн зүгээс анх 2021 оны 1 дүгээр сард зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлтийг хойшлуулах, хугацаа сунгах тухай хүсэлтийг илгээсэн. Банк хүсэлтийг хүлээн авч ***-ний өдөр хүртэл 6 сарын хугацаатайгаар сунгасан байдаг. Хариуцагч тал 2021 оны 7 дугаар сард зээлийн төлөлт хойшлуулах, хугацаа сунгуулах хүсэлтийг дахин илгээсэн, ингээд зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлт хойшлогдсон, хугацаа сунгагдсан гэж ойлгоод явж байсан. Гэтэл биднийг 2021 оны 7 дугаар сард 2 дахь удаагийн хүсэлт илгээснээс хойш 8 сарын дараа буюу 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр гэнэт банкнаас зээлийн эргэн төлөх хуваарийг 2021 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн зөрчиж, 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар 6,7 сая төгрөгийн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөөгүй, зөрчлийг арилгаж төлөх арга хэмжээ авна уу гэсэн мэдэгдэл ирүүлсэн бөгөөд дээрх хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилсэн нь үндэслэлгүй юм. Улсын Их хурал, Засгийн газар болон холбогдох эрх бүхий байгууллагын шийдвэрийн дагуу бол зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлтийн хугацаа 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаагаар хойшилж, сунгагдах ёстой. Иймд Улсын Их хурлаас 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр баталсан Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн дагуу Г.*** нарын *** тай байгуулсан *** өдрийн Орон сууцны зээлийн гэрээний зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлт 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаагаар хойшилсон болохыг тогтоож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

4.Нэхэмжлэгчээс сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Монголын Ипотекийн Корпорацийн зээлээс бусад зээлийг хойшлуулахад хүү хуримтлагдана бодно гэсэн хуулийн заалт байгаа. Зөвхөн МИК-ийн зээлд хүү хуримтлуулахгүйгээр үндсэн зээл рүү хүү хугацааны эцэст төлөх байдлаар зохицуулсан. Бусад зээл дээр хүү төлөх хугацаанаас чөлөөлж байгаа бол тухайн чөлөөлөгдсөн хугацааны хүүг хуримтлуулан бодож хугацааны эцэст төлнө гэсэн хуулийн зохицуулалт байгаа. Бид энэхүү зохицуулалтын дагуу нэхэмжлэл гаргасан. Нэхэмжилсэн хүү өндөр болсон. 17 сарын хугацаанд хойшлуулсан хугацааны хүү 12,120,000 төгрөг болсон. Энэ хугацаанаас хойш нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааны хүү мөнгөн дүнгээр бодогдсон. Хариуцагч төлбөр тушаасан дансаа 2016 онд зээл авахад нээсэн гэж байна. Тухайн дансаар төлбөр төлдөг байсан гэсэн нотлох баримт байхгүй учир үндэслэлгүй. Энэ зээлийн данстай холбогдсон харилцах данс нь *** тоот данс байгаа. Хариуцагч зээл авсан өдрөөс эхлэн төлбөр төлөх хуваарьт өдрөө зээлээ төлж байгаагүй гэдэг нь зээлийн хүүгийн тооцооллоор нотлогддог. Дандаа 10-15 хоногийн дараа хугацаа хэтэрч төлөлт хийдэг байсан гэв.

 

5.Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх 1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 3-4/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 5-6/, итгэмжлэл /хх 7-8, 33, 76/, Орон сууцны зээлийн өргөдөл /хх 9-12/, *** Орон сууцны зээлийн гэрээний хуулбар /хх 13-14/, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх 15-16/, Т.*** , Г.***, Н.*** нарын иргэний үнэмлэхийн хуулбар /хх 17-19/, Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээний хуулбар /хх 20-21/, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 22/, Барьцаалбар *** /хх 23/, *** ны мэдэгдэл /хх 24/, Зээл, зээлийн хүүгийн тооцоолол /хх 25-26/, Хариуцагч нараас *** инд хандсан тайлбар /хх 108-109/, *** -1 Зээлийн нэмэлт гэрээ, хавсралт /хх 110-114/, *** Зээлийн нэмэлт гэрээ, хавсралт /хх 115-120/, *** ны Г.Эрдэнийн *** тоот зээлийн дансны хуулга /хх 162/, *** ны Т.*** ын *** тоот дансны хуулга /хх 163/,

 

6.Хариуцагч нараас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: хариу тайлбар /хх 34-35, 47-48/, итгэмжлэл /хх 42, 60, 65, 106/ сөрөг нэхэмжлэл /хх 79-80/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 81/, *** ны орлогын ордер /хх 121, 150/, *** ны 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 6/10877 дугаартай мэдэгдэл /хх 161/,

 

7.Шүүхээс хариуцагчийн хүсэлтээр 2023 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл /хх 88-95/, хариуцагчийн хүсэлтээр 2023 1 дүгээр сарын 30-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл /хх 103-105/,

 

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэгт дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

*** өдөр *** болон Г.***, Т.*** , Н.*** нар *** тоот Орон сууцны зээлийн гэрээ байгуулсан байна. Гэрээний дагуу *** нь хариуцагч Г.***, Т.*** , Н.*** нарт 48,500,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай зээлдүүлжээ.

 

Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор *** өдрөө *** тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ байгуулж, эрхийн улсын *** дугаарт бүртгэлтэй, *** тоот хаягт байршилтай, 46,7 м2 талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байна.

 

Шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заагдсан гэрээний үүргийн харилцаа үүссэн бөгөөд орон сууцны зээлийн болон үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т ...зээлийн гэрээг бичгээр хийнэ, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан Барьцааны гэрээг бичгээр байгуулна, 156.2 дахь хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана гэсэн хуулийн шаардлагуудад нийцсэн, хүчин төгөлдөр байна гэж дүгнэлээ.

 

2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгч *** нь хариуцагч Г.***, Т.*** , Н.*** нарт холбогдуулж *** тоот Орон сууцны зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 47,467,485.82 төгрөг, зээлийн хүү 21,910,706.98 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,125.26 төгрөг, нийт 69,386,318.06 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шүүхэд хандсан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн зүгээс талуудын хооронд *** өдөр байгуулагдсан *** тоот Орон сууцны зээлийн гэрээний зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлт 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаагаар хойшилсон болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан байна.

 

Шүүхээс хэрэгт цугларсан баримтуудыг зохигчийн тайлбартай харьцуулан судлаад үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгчийн зүгээс өөрийн шаардлагын үндэслэлээ ...гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул ...*** өдөр *** тоот Орон сууцны зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр нийт 69,386,318.06 төгрөгийг гаргуулах гэж тайлбарласнаас үзэхэд нэхэмжлэгч зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүргээ биелүүлэхийг хариуцагч нараас шаардсан гэж үзэхээр байна.

 

Хариуцагч нарын зүгээс зээлийг хүлээн авсан болон нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн зээлийн тооцоолол дээр маргаагүй. Харин өөрийн татгалзлаа ...2021 оны 2 дугаар сар хүртэлх хугацаанд зөрчил гаргалгүй үндсэн зээлийн хүү болох 24,000,000 орчим төгрөгийг төлсөн бөгөөд үндсэн зээлээс 2,200,000 төгрөг хасагдсан. ...Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн дагуу зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлт 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаагаар хойшилсон гэсэн агуулгаар маргаж байна.

 

Гэрээг тогтвортой, талуудын итгэл, найдварыг баталгаатай байлгах зорилгоор үндэслэлгүйгээр, дуртай үедээ гэрээнээс татгалзах, гэрээг цуцлахыг хуулиар хязгаарласан байдаг.

 

Харин гэрээний талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэйг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр байх учир нэг тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд нөгөө тал гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах эрхтэй.

 

Хариуцагч нар нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, гэрээний үүргээ зөрчсөн талаар маргаагүй. Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, Зээлийн гэрээ-ний 6 дугаар зүйлийн 6.2, 6.2.1 дэх хэсгүүдэд зааснаар зээлдүүлэгч гэрээг хугацаанаас өмнө цуцлах эрхтэй ба нэхэмжлэгч тал шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааны үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагч нараас шаардсан нь хууль зөрчөөгүй.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. 

 

Түүнчлэн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.

 

*** өдрийн *** тоот Орон сууцны зээлийн гэрээний 2.2-д Зээлийн хүү /үндсэн болон хэтэрсэн хугацааны хүү жилийн 18.00 хувь, сарын 1.50 хувь, 9.2-д Зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй дараах тохиолдолд банк гэрээг цуцалж, зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг үл маргах журмаар төлүүлнэ, 9.2.2-д Зээлийн гэрээгээр тохиролцсон хуваарийн дагуу төлбөрөө бүрэн төлөөгүй 60 хоног хугацаа хэтэрсэн гэж заасан байна.

 

Талууд дээрх гэрээг байгуулсан болон зээлийг хүлээн авсан, мөн зээлийн буцаан төлөлтийн талаар маргаагүй тул нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан үүргээ гүйцэтгэсэн гэж үзэх бөгөөд нэхэмжлэгч тал хариуцагч нараас гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй, хариуцагч нар гэрээний үүргээ биелүүлэх үүрэгтэй болно.

 

Хариуцагчийн зүгээс сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ ...Улсын Их хурлаас 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр баталсан Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн дагуу Г.*** нарын *** тай байгуулсан *** өдрийн Орон сууцны зээлийн гэрээний зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлт 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаагаар хойшилсон гэж тодорхойлсон.

 

Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг ...Монголын Ипотекийн Корпорацийн зээлээс бусад зээлийг хойшлуулахад хүү хуримтлагдана бодно гэсэн хуулийн заалт байгаа. Зөвхөн МИК-ийн зээлд хүү хуримтлуулахгүйгээр үндсэн зээл рүү хүү хугацааны эцэст төлөх байдлаар зохицуулсан. Бусад зээл дээр хүү төлөх хугацаанаас чөлөөлж байгаа бол тухайн чөлөөлөгдсөн хугацааны хүүг хуримтлуулан бодож хугацааны эцэст төлнө гэсэн хуулийн зохицуулалт байгаа. ...Мөн зээлдэгч нарын Орон сууцны зээл нь МИК-ийн зээлд хамаарахгүй гэсэн үндэслэлээр няцаасан.

 

Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7-д Төрөөс хэрэгжүүлж байгаа орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр энэ хуулийн 18.1-д заасан хугацаа хүртэл хойшлуулах, мөн хугацаагаар зээлийн гэрээний хугацааг сунгах асуудлыг Засгийн газартай хамтран хэрэгжүүлнэ гэж заасан байна.

 

Хавтаст хэрэгт авагдсан аас үзвэл талуудын хооронд байгуулагдсан *** өдрийн *** тоот Орон сууцны зээлийн гэрээ нь төрөөс хэрэгжүүлж байгаа орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн гэрээ болох нь тогтоогдохгүй байна.

 

*** өдрийн *** тоот Орон сууцны зээлийн гэрээг 240 сарын хугацаатай байгуулсан бөгөөд 2036 оны 12 дугаар сарын 15-ны өдөр дуусгавар болох байсан ба хариуцагч талаас 6 сарын хугацаагаар үндсэн зээл болон хүүгийн төлбөрийг хойшлуулах хүсэлтийг цахим хэлбэрээр гаргаж, уг хүсэлтийн дагуу гэрээний төлбөр төлөх хугацаа хойшилж 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Зээлийн нэмэлт гэрээ байгуулагдаж 2037 оны 6 дугаар сарын 15-ны өдөр дуусгавар болохоор, мөн 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Зээлийн нэмэлт гэрээ байгуулагдаж 2038 оны 12 дугаар сарын 15-ны өдөр дуусгавар болохоор тус тус хойшилсон байна.

 

Хариуцагч нар 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн хооронд нийт 26,690,892.4 төгрөг төлсөн байна.

 

Иймд *** өдөр байгуулагдсан *** тоот Орон сууцны зээлийн гэрээний зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлт 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаагаар хойшилсон болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч нараас гэрээний үүрэгт үндсэн зээл 47,467,485.82 төгрөг, зээлийн хүү 21,910,706.98 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,125.26 төгрөг, нийт 69,386,318.06 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд нийцнэ.

 

Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй, мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж заасан.

 

Дээр дурдсанчлан талууд үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ байгуулж үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлээр хангуулахаар тохиролцсон байх тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн байна. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэнэ.

 

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд хариуцагч нар үүрэг хуваарилах талаар тохиролцоогүй, нэхэмжлэгчийн зүгээс гэрээний үүргийг хариуцагч бүрээр тодорхойлж, нэхэмжлээгүй байх тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт зааснаар хариуцагч нарын хүлээх үүрэг нь тэнцүү байна гэж үзсэн болно.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон 

                                                ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Г.***, Т.*** , Н.*** нараас 69,386,318.06 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *** инд олгосугай.

 

2. Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7 дахь хэсэгт заасан үндэслэлгүй байх тул хариуцагчийн *** өдөр байгуулагдсан *** тоот Орон сууцны зээлийн гэрээний зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлт 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаагаар хойшилсон болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын *** дугаарт бүртгэлтэй,*** тоот хаягт байршилтай, 46,7 м2 талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 575,081.6 төгрөг, хариуцагчаас төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 575,081.6 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН