Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2023/01118

 

 

 

 

 

2023 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2023/01118

 

Х ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Нямбазар, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2023/01209 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Х ХХК

Хариуцагч: Г.Э , Т.М , Н.Ж

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 69,386,318.06 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Орон сууцны зээлийн гэрээний зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлт 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаагаар хойшилсон болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Болдбаяр, хариуцагч Г.Э , хариуцагч нарын өмгөөлөгч Д.Оросоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Г.Э , Т.М , Н.Ж нар нь Х ХХК-тай 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ЗГ**** дугаартай орон сууцны зээлийн гэрээ байгуулж, 48,500,000 төгрөгийг орон сууц худалдан авах зориулалтаар, жилийн 18 хувийн хүүтэйгээр, 240 сарын хугацаатай зээлсэн.

1.2 Мөн зээлдэгч нар нь 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ЗБ/** дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг байгуулсан. Гэрээний дагуу * дүүрэг, 12 дугаар хороо, 4 дүгээр хороолол, өргөө гудамж, ** дугаар байр, ** тоот хаягт байрлах, 46.7 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан.

2. Нэхэмжлэгчийн зүгээс зээлдэгч нарыг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардаж, албан бичгээр мэдэгдэж, үүссэн зөрчлийг арилгах боломж олгосон боловч гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй.

3. Иймд талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар үндсэн зээл 47,467,485 төгрөг, зээлийн үндсэн хүү 21,910,706 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүү 8,125 төгрөг, нийт 69,386,318 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү.

4. Зээлдэгч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Хариуцагч нар нь Х ХХК-тай 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ЗГ**** дугаартай, орон сууцны зээлийн гэрээ байгуулан, 48,500,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатайгаар зээлсэн. Зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн 2021 оны 02 дугаар сар хүртэлх хугацаанд хариуцагч тал зөрчил гаргалгүй үндсэн зээлийн хүү 24,000,000 төгрөг төлсөн бөгөөд үндсэн зээлээс 2,200,000 төгрөг хасагдсан.

2.2 Нэхэмжлэгч Ковид-19 цар тахлын улмаас зээлийг хойшлуулах тухай иргэдийн хүсэлтийг өөрийн сайт дээр цахимаар хүлээн авч байсан бөгөөд хариуцагч тал зээл хойшлуулах тухай хүсэлтийг илгээсэн. Нэхэмжлэгч нь 6 сарын хугацаатай үндсэн зээлийн төлөлт болон зээлийн хүүг хойшлуулсан.

Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг дахин 6 сараар сунгах шийдвэр гарсан тул банк иргэдийн зээлийг хойшлуулах тухай хүсэлтийг дахин цахимаар хүлээж авч байгаа тухай өөрийн цахим хаяг дээр байрлуулсан. Хөл хорио тогтоосон байсан тул хариуцагч цахимаар зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах тухай хүсэлтийг нэхэмжлэгчид илгээсэн. Гэтэл нэхэмжлэгч Ковид-19 цар тахал дэгдсэн эхний 6 сарын хугацаанд үндсэн зээл, зээлийн хүүг хойшлуулсан, дахин сунгах боломжгүй гэж 6-7 сарын дараа хариуцагч талд мэдэгдсэн.

2.3 Хариуцагч Г.Э , Т.М нар Х ХХК-ийн эдийн засагч болон хуулийн хэлтэс, тусгай активийн албан хаагчидтай удаа дараа уулзаж ...үндсэн зээлээ бид төлнө, харин давагдашгүй хүчин зүйлсийн улмаас зээлийн хүүгээ төлөөгүй нь бидний буруутай үйлдэл биш гэдгийг тайлбарласан. Бид өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн ханшаар худалдан борлуулахаар тус банкны дотоод сүлжээгээр зар тавиулсан, бид өөрсдөө зарын сайт болон Remaxтай гэрээ байгуулсан.

Монгол Улсын Засгийн газар, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо болон Монгол банкнаас зээлийн эргэн төлөлтийг удаа дараа сунгах шийдвэр гаргасан атал Х ХХК нь эрх бүхий байгууллагаас баталсан хууль, дүрэм журмыг мөрдөж ажиллахгүй, хэрэгжүүлэхгүй зээлийн үндсэн төлбөр, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн өр нэхэж, зээлийн өр төлбөрийг барагдуулахгүй бол барьцаа хөрөнгийг борлуулж өр төлбөрийг барагдуулахыг мэдэгдэж дарамталж байгаа нь холбогдох хууль, журмыг зөрчсөн гэж үзэж байна.

2.4 Хариуцагч тал үндсэн зээл болох 47,467,485 төгрөгийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлнө. Харин Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч зээлийн үндсэн хүү 29,910,706 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүү 8,125 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд зээлийн үндсэн хүү 29,910,706 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүү 8,125 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

3.1 Зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн 2021 оны 02 дугаар сар хүртэл хугацаанд хариуцагч ямар нэгэн зөрчил гаргалгүй зээлийн хүүгээ цаг хугацаанд нь төлж байсан. Энэ хугацаанд дэлхий нийтээр цар тахал дэгдэж, УИХ-аас Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг баталсан. Уг хуулийн дагуу иргэдийн ипотекийн зээл болон хэрэглээний бүх зээл, зээлийн хүүгийн төлөлтийг хойшлуулж, зээлийн гэрээний хугацаа сунгахаар болсон бөгөөд нийт 5 удаагийн сунгалтаар 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаагаар иргэдийн ипотекийн зээл, бусад хэрэглээний зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлтийг хойшлуулах шийдвэр гарч, хойшлуулсан.

3.2 Талуудын байгуулсан зээлийн гэрээ нь орон сууцны ипотекийн зээлийн гэрээнд хамаарна. Нэхэмжлэгч нь өөрийн албан ёсны цахим хаяг дээр ковид цар тахлын улмаас зээлдэгч нарын зээл төлөлтийг хойшлуулах, хугацаа сунгах тухай хүсэлтийг цахимаар хүлээн авч байсан тул хариуцагчийн зүгээс 2021 оны 01 дүгээр сард зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлтийг хойшлуулах, хугацаа сунгах тухай хүсэлтийг илгээсэн. Нэхэмжлэгч нь хүсэлтийг хүлээн авч, 2021 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 6 сарын хугацаагаар сунгасан.

Хариуцагч 2021 оны 07 дугаар сард зээлийн төлөлт хойшлуулах, хугацаа сунгуулах хүсэлтийг дахин илгээсэн ба зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлт хойшлогдсон тул хугацаа сунгагдсан гэж ойлгосон. Гэтэл биднийг 2021 оны 07 дугаар сард 2 дахь удаагийн хүсэлт илгээснээс хойш 8 сарын дараа буюу 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгчээс ...зээлийн эргэн төлөх хуваарийг 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн зөрчиж, 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар 6,000,000 - 7,000,000 төгрөгийн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөөгүй, зөрчлийг арилгаж төлөх арга хэмжээ авна уу гэсэн мэдэгдэл ирүүлсэн бөгөөд дээрх хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжилсэн нь үндэслэлгүй.

Улсын Их Хурал, Засгийн газар болон холбогдох эрх бүхий байгууллагын шийдвэрийн дагуу зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлтийн хугацаа 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хойшилж, сунгагдах ёстой.

Иймд Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн дагуу зээлийн гэрээний зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлт 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаагаар хойшилсон болохыг тогтоож өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:

4.1 Монголын Ипотекийн Корпорацийн зээлээс бусад зээлийг хойшлуулахад хүү хуримтлагдана бодно гэсэн хуулийн заалт байгаа. Зөвхөн Монголын Ипотекийн Корпорацийн зээлд хүү хуримтлуулахгүйгээр үндсэн зээл рүү хүү хугацааны эцэст төлөх байдлаар зохицуулсан. Бусад зээл дээр хүү төлөх хугацаанаас чөлөөлж байгаа бол тухайн чөлөөлөгдсөн хугацааны хүүг хуримтлуулан бодож хугацааны эцэст төлнө гэсэн хуулийн зохицуулалт байгаа.

Нэхэмжилсэн хүү өндөр болсон. 17 сарын хугацаанд хойшлуулсан хугацааны хүү 12,120,000 төгрөг болсон. Энэ хугацаанаас хойш нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааны хүү мөнгөн дүнгээр бодогдсон. Хариуцагч төлбөр тушаасан дансаа 2016 онд зээл авахад нээсэн гэж байна. Тухайн дансаар төлбөр төлдөг байсан гэсэн нотлох баримт байхгүй учир үндэслэлгүй. Энэ зээлийн данстай холбогдсон харилцах данс нь ********** тоот данс байгаа. Хариуцагч зээл авсан өдрөөс эхлэн төлбөр төлөх хуваарьт өдрөө зээлээ төлж байгаагүй гэдэг нь зээлийн хүүгийн тооцооллоор нотлогддог. Дандаа 10-15 хоногийн дараа хугацаа хэтэрч төлөлт хийдэг байсан гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

5.1 Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Г.Э , Т.М , Н.Ж нараас 69,386,318.06 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Худалдаа, хөгжлийн банкинд олгож, Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7 дахь хэсэгт заасан үндэслэлгүй байх тул хариуцагчийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан №ЗГ**** тоот Орон сууцны зээлийн гэрээний зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлт 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаагаар хойшилсон болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын Ү-** дугаарт бүртгэлтэй, * дүүрэг, 12 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Өргөө гудамж, ** дугаар байр, ** тоот хаягт байршилтай, 46,7 м2 талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 575,081.6 төгрөг, хариуцагчаас төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 575,081.6 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

6. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

6.1 Хариуцагч нар нь хуваарийн дагуу 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сар хүртэлх хугацаанд зээлийн гэрээний эргэн төлөлтийн талаар зөрчил гаргаагүй.

Энэ хугацаанд дэлхий нийтээр /ковид-19/ цар тахал дэгдэж, Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн дагуу эрх бүхий байгууллагуудаас шийдвэр гаргаж, иргэдийн Ипотекийн зээл болон хэрэглээний бүх төрлийн зээл, зээлийн хүүгийн төлөлтийг хойшлуулсан. Нийт 5 удаагийн сунгалтаар 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаагаар иргэдийн Ипотекийн зээл, бусад хэрэглээний бүх зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлтийг хойшлуулах шийдвэр гарч, хойшлуулсан.

6.2 Уг шийдвэрийн дагуу Х ХХК өөрийн албан ёсны цахим хаяг дээрээ ковид цар тахлын улмаас зээлдэгч нарын зээл төлөлтийг хойшлуулах, хугацаа сунгах тухай хүсэлтийг цахимаар хүлээн авч байсан. Хариуцагчийн зүгээс 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр, 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр, 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр орон сууцны хэрэглээний зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлтийг хойшлуулах, хугацаа сунгах тухай хүсэлтийг нэхэмжлэгчийн албан ёсны цахим хаягт хандаж, хүсэлтээ илгээсэн. Уг хүсэлтийг нэхэмжлэгч хүлээн авч, зээлийн эргэн төлөлтийг 2020 оноос 2021 он хүртэл, 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тус тус 6 сарын хугацаатайгаар сунгасан. Энэ хугацаанд мөн цар тахлын нөхцөл байдал арилаагүй тул төрөөс иргэдийн орон сууцны ипотекийн зээл, бусад бүх хэрэглээний зээл, зээлийн хүүгийн төлөлтийг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаагаар хойшлуулсан.

Хариуцагчаас орон сууцны хэрэглээний зээлийн төлөлт, зээлийн хүүгийн төлөлт хойшлуулах, хугацаа сунгуулах хүсэлтээ нэхэмжлэгчид тухай бүрд илгээж байсан бөгөөд банк хүсэлтийг хүлээн авч, хугацаа сунгаж байсан. Х ХХК нь эдгээр хүсэлтэд татгалзсан хариу бичгээр ирүүлж байгаагүй, хүсэлтийг хүлээн авсан тул хариуцагч нар зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлт хойшлогдсон, хугацаа сунгагдсан гэж ойлгосон.

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт ...хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй хэмээн заасан.

6.3 Улсын Их хурал, Монгол Улсын Засгийн газар болон холбогдох эрх бүхий байгууллагын шийдвэрийн дагуу иргэдийн Орон сууцны Ипотекийн зээл, бүх хэрэглээний зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлтийн хугацаа 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаагаар хойшлогдсон. Иймд хариуцагч нарыг зээлийн төлөлт хийх хугацаа хэтрүүлсэн, зээлийн хүүгээ төлөөгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэх боломжгүй. Ковид цар тахлаас шалтгаалж иргэдийн зээл, зээлийн хүүгээ төлөх хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгч буюу зээлдэгч, хариуцагчаас болоогүй. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт ...хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн.

6.4 Нэхэмжлэгчээс хариуцагчид 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 6/7972 дугаар мэдэгдлийг ирүүлсэн. Уг мэдэгдэлд зээлийн хүүгийн талаар огт дурдаагүй, үндсэн зээлийн төлбөр 7,356,141 төгрөгийн зөрчил үүссэн гэсэн. Улмаар 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 6/10877 дугаар мэдэгдэлд 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн зөрчил 167,735, төгрөг, зээлийн үндсэн хүүгийн өр 3,581,519 төгрөг, нийт 3,749,254 төгрөгийн зөрчил үүссэн гэсэн. Мөн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 6/2687 дугаар мэдэгдэлд 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар үндсэн хүүгийн өр 6,390,554 төгрөг, зээлийн үндсэн өр 367,054 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн дүн 1,788 төгрөг, нийт 6,759,396 төгрөгийн зөрчил үүссэн гэсэн. Гэвч нэхэмжлэлдээ ...зээлийн үндсэн хүү 21,910,706 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүү 8,125 төгрөгийг хариуцагчаас гаргуулах гэсэн.

Нэхэмжлэгчээс ирүүлсэн дээрх мэдэгдэлд дурдсан үндсэн зээлийн төлбөр, зээлийн хүүгийн үнийн дүн зөрүүтэй ойлгомжгүй байгаа бөгөөд нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар үндсэн хүүгийн өр 6,390,554 төгрөг гэж албан бичигт дурдсан хэрнээ үүнээс хойш 5 сарын дараа зээлийн үндсэн хүү 21,910,706 төгрөг гэж хэт өндөр үнийн дүнтэй хүү нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй, шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө 6,390,554 төгрөг байсан үндсэн хүүгийн үнийн дүн 5 сарын дараа буюу 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахад яагаад 21,910,706 төгрөг болж, илт нэмэгдсэн нь ойлгомжгүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулж авах, үндсэн зээлийн хүүг хэрхэн яаж, ямар хугацаагаар бодож, тооцоолж гаргасан талаарх дэлгэрэнгүй задаргаа, тайлбарыг гаргуулж танилцах хүсэлт гаргасан боловч нэхэмжлэгч энэ талаарх тодруулга баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэл, тодорхой бус, ойлгомжгүй байхад шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь буруу.

6.5 Нэхэмжлэгч шүүх хуралдаанд хариуцагч Г.М ын дансны мэдээлэл баримт, бусад баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Г.М ын зөвшөөрөлгүйгээр хувь хүний нууцад халдаж, хувь хүний дансны мэдээллийг гаргаж өгсөн нь хууль зөрчсөн. Уг нотлох баримтуудтай хариуцагч танилцах, холбогдох тайлбар, баримтыг гаргаж өгөх хугацаа олгох хүсэлтийг шүүхэд тавьсан боловч шүүх хангаагүй нь нотлох баримттай танилцаж, тайлбар, нотлох баримт гаргаж өгөх эрхийг хязгаарласан бөгөөд талууд эрх тэгш мэтгэлцэх зарчмыг анхан шатны шүүх зөрчиж, хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлаж, процессын алдаа гаргасан.

6.6 Анхан шатны шүүх Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7, 10.9, 10.10, 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Хариуцагч зээл, зээлийн хүүгийн төлөлт хийх хугацааг хойшлуулж, хугацаа сунгуулах хүсэлтийг нэхэмжлэгчид нийт 5 удаа илгээсэн. Нэхэмжлэгч хүсэлтэд татгалзсан хариу ирүүлээгүй. Хүсэлтийг хүлээн авч зээлийн эргэн төлөлтийг хойшлуулж байсан тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт зааснаар талуудын хооронд хэлцэл хийгдсэн буюу зээл, зээлийн хүүгийн төлөлтийг хойшлуулсан, хугацаа сунгагдсан гэж үзнэ.

6.7 Анхан шатны шүүх ...зээлийн гэрээг 2038 оны 12 дугаар сарын 15-ны өдөр дуусгавар болохоор хойшилсон гэж дурдсан хэрнээ ...хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл талуудын хооронд байгуулагдсан орон сууцны зээлийн гэрээ нь төрөөс хэрэгжүүлж байгаа орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн гэрээ болох нь тогтоогдохгүй байна, талуудын байгуулсан гэрээний зээл, зээлийн хүүгийн төлбөр төлөх хугацаа хойшлогдоогүй, сунгагдаагүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, хоорондоо зөрчилтэй дүгнэлт хийсэн.

Анхан шатны шүүх ямар хууль зүйн үндэслэл, хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэж талуудын хооронд байгуулагдсан орон сууцны зээлийн гэрээ нь төрөөс хэрэгжүүлж байгаа орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн гэрээ биш, хамаарахгүй гэж дүгнэж байгаа нь ойлгомжгүй. Ийнхүү талуудын хооронд байгуулагдсан гэрээг төрөөс хэрэгжүүлж байгаа орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн гэрээ биш, үүнд хамаарахгүй гэж үзсэн хууль зүйн үндэслэл, нотлох баримтаа дурдсангүй.

Талуудын хооронд байгуулагдсан орон сууцны хэрэглээний зээлийн гэрээ нь төрөөс хэрэгжүүлж байгаа орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн гэрээнд хамаарч байгаа.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн хариу тайлбарын агуулга:

7.1 Хариуцагч нар нь зээл авсан цагаас хойш эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу сар бүрийн 15-ны өдөр төлбөрөө төлж байгаагүй.

7.2 Зээлдэгч нь ковид-19 цар тахалтай холбогдуулан зээл хойшлуулах тухай хүсэлтийг 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр гаргасны дагуу 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 3 сарын хугацаатай хойшлуулсан. Мөн 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 14 сарын хугацаатай хойшлуулсан. 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдөр, 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр ирүүлсэн хүсэлтүүдийг хүлээн авч, Х ХХК-аас шаардлага гаргасан. Гэвч 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр, 2020 оны 04 дүгээр сарын 31-ний өдрүүдийн нэмэлт гэрээнд гарын үсэг зурж, баталгаажуулах талаар зээлдэгч нарт утсаар мэдэгдсэн.

Мөн үүссэн хүү хуримтлагдаж байгаа талаар хариуцагч нарт мэдэгдсэн боловч хүрэлцэн ирж, зээлийн гэрээтэй танилцаж, гарын үсэг зурж баталгаажуулаагүй. Хариуцагч талаас хүүг хүлээн зөвшөөрөхгүй гэх шаардлагыг тавьсны дагуу тухайн 2 хүсэлтийг нэхэмжлэгчээс зээлийн эргэн төлөлтийн хуваарийг хойшлуулах нөхцөл боломж нь бүрдээгүй гэж тайлбарласан.

7.3 Коронавируст халдвар /ковид-19/ цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7 дахь хэсгийн зохицуулалт нь энэхүү зээлийн гэрээнд хамаарахгүй.

7.4 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү 21,910,706 төгрөг хуримтлагдсан. Мөн хугацаа хэтэрсэн нөхцөл байдлыг хариуцагч нар хүлээн зөвшөөрөөгүй. Зээлдэгч нарт Х ХХК-аас анх зээлийн зөрчил үүсэж, зээлийн хугацаа хэтрэхээр зөрчлийн үнийн дүнг эхэлж мэдэгдсэн. Тухайн зөрчлийг заасан хугацаанд нь төлсөн тохиолдолд цаашид зээлийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу үргэлжлүүлэн төлөх боломжтой гэх шаардлагыг тавьсан. Гэтэл хариуцагч нар заасан хугацаанд зөрчлийг арилгаагүй тул хойшлуулсан хугацааны хүүгийн төлбөр нь нэхэмжлэлийн шаардлага дээр нэмэгдэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

1. Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Г.Э , Т.М , Н.Ж нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 47,467,485 төгрөг, хүүгийн төлбөр 21,910,706 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 8,125 төгрөг, нийт 69,386,318 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, зээлийн гэрээний зээл, хүүгийн эргэн төлөлт 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаагаар хойшилсон болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргасан. /хх 79-80, 123-124/

2. Талуудын хооронд 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ЗГ**** дугаартай орон сууцны зээлийн гэрээ байгуулагдсан. Гэрээгээр зээлдүүлэгч Х ХХК нь 48,500,000 төгрөгийг, жилийн 18 хувийн буюу сарын 1,5 хувийн хүүтэй, 20 жил буюу 240 сарын хугацаатай хариуцагч нарт зээлдүүлэх, зээлдэгч Г.Э , Т.М , Н.Ж нар нь зээлийн төлбөрийг гэрээгээр баталсан хуваарийн дагуу зээл, хүүгийн хамт буцаан төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх 13-14/

2.1 Улмаар талууд 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр ЗГ****-1 дугаартай зээлийн нэмэлт гэрээг байгуулсан. Гэрээгээр 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ЗГ**** дугаартай гэрээний хугацааг 246 сар болгон өөрчилж, 91 хоногийн үндсэн зээл болон хүүгийн төлбөрийг хойшлуулж, хуваарийг шинэчлэн тохиролцсон байна. /хх 110-114/

2.2 Түүнчлэн, талууд 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр *** дугаартай зээлийн нэмэлт гэрээг байгуулсан. Гэрээгээр 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ЗГ**** дугаартай гэрээний хугацааг 264 сар болгон өөрчилж, үндсэн зээл болон хүүгийн төлбөрийн хугацааг хойшлуулж, хуваарийг шинэчлэн тохиролцсон байна. /хх 115-120/

3. Талуудын хооронд 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ЗБ/** дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ байгуулагдсан. Гэрээгээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагч Г.Э ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-** дугаарт бүртгэлтэй, * дүүрэг, 12 дугаар хороо, 4 дүгээр хороолол /16065/ өргөө гудамж, ** дугаар байр, ** тоот хаягт байршилтай 46,7 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байна. /хх 20-23/

4. Талууд зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдал, мөн нэхэмжлэгчээс гэрээний зүйл болох 48,500,000 төгрөгийг хариуцагч нарт шилжүүлсэн үйл баримтын талаар маргаагүй.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ болон мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь зөв болжээ.

4.1 Нэхэмжлэгч Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэх үүргээ биелүүлсэн. /хх 162/ Хариуцагч нар гэрээнд заасан хугацаанд зээлийн мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт нэхэмжлэгчид буцаан төлөх үүргээ биелүүлээгүй үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон.

Өөрөөр хэлбэл, хариуцагч нар гэрээний хугацаанд буюу 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хүүгийн төлбөрт 48,589,166 төгрөг төлөхөөс 26,678,459 төгрөг төлсөн. /хх 25-26/ Мөн хугацаанд нэхэмжлэгчээс гэрээний үүргийн зөрчлийг арилгах талаар хариуцагч нарт 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 6/7972 дугаар, 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 6/10877 дугаар мэдэгдлээр мэдэгдэж нэмэлт хугацаа тогтоосон боловч зээлийн гэрээний үүргийн зөрчил арилаагүй байна. /хх 24, 161/ Иймд анхан шатны шүүх хариуцагч нарын гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой нэхэмжлэгч зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах эрхтэй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт нийцсэн байх тул энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

4.2 Хариуцагч нар нь гэрээ цуцлагдсан 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 47,467,485 төгрөг, хүүгийн төлбөрт 21,910,706 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 8,125.26 төгрөг, нийт 69,386,318 төгрөг төлөөгүй болох нь хүү тооцооллын хүснэгт гэх нотлох баримтаар тогтоогдсон. Хариуцагч нар үүнийг нотлох баримтаар үгүйсгэж чадаагүй байх тул анхан шатны шүүх зээлийн гэрээний үүрэгт нийт 69,386,318 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт нийцсэн байна.

Зээлийн эргэн төлөлтийг зээлдэгч нар нь *** дугаар дансанд төлөхөөр зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан /хх 111, 116/ байх тул хариуцагчаас 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр, 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр тус бүр 750,000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банк дахь 452689553 дугаар дансанд тус тус төлснийг зээлийн гэрээний үүргийг биелүүлсэн гэж үзэхгүй.

5. Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7 дахь хэсэгт заасан үндэслэлд талуудын хооронд байгуулсан зээлий гэрээ хамаарахгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна. Түүнчлэн, хариуцагч нар зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон нь өөрсдөөс нь хамаараагүй гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй байна. Иймд энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

6. Талуудын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсгийн зохицуулалтад нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байхаас гадна зохигчид энэ талаар маргаагүй, давж заалдах гомдол гаргаагүй тул зээлийн гэрээний үүргийн биелэлтийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээнэ.

7. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь хариуцагчийн татгалзлын үндэслэл болж байхад анхан шатны шүүх хянан шийдвэрлэсэн нь оновчгүй болсон. Гэвч энэ нь шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах хэмжээнд нөлөөлөхгүй байх тул хэвээр үлдээнэ.

8. Анхан шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн нотлох баримтыг судлах үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах болон нотлох баримт гаргуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсгийг зөрчөөгүй байна. Иймд энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

9. Харин анхан шатны шүүх зээлийн гэрээний үүрэг шаардах хэсэгт Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болсон байхаас гадна нэхэмжлэгчийн оноосон нэрийг буруу бичсэн байх тул зөвтгөж, өөрчлөлт оруулна.

Дээрх үндэслэлээр хариуцагч Г.Э ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2023/01209 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын 453 дугаар зүйлийн 453.1 гэснийг 452 дугаар зүйлийн 452.2 гэж, Худалдаа, хөгжлийн банкинд гэснийг Х ХХК-д гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч Г.Э ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 504,881 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

М.БАЯСГАЛАН