Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2023/01373

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2023/01373

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: *** талбайд байрлах *** ХХК /рд:***/,

 

Хариуцагч: ***, өөрийн байранд байрлах, *** /рд:***/,

 

Нэхэмжлэлийн шаардлага: *** өдөр байгуулсан *** тоот Түрээсийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалсныг хууль бус болохыг тогтоолгох, Түрээсийн гэрээний дагуу *** ХХК-ийг үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн хэвийн явуулах бололцоогоор хангахыг *** т даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р***,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б***, Х.Э***,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Урансайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хариуцагч *** д холбогдуулан *** өдөр байгуулсан *** тоот Түрээсийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалсныг хууль бус болохыг тогтоолгох, Түрээсийн гэрээний дагуу *** ХХК-ийг үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн хэвийн явуулах бололцоогоор хангахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгч дараах байдлаар тайлбарлав. Үүнд:

*** ХХК нь *** нурмаг ачааны хэсэг болох 10, 15-р өндөрлөсөн салаа зам байршилд *** тэй *** тоот терминал түрээсийн гэрээг 2018 оны 6-р сарын 15-ны өдөр байгуулан хамтран ажиллаж байсан. Анх ***-ийн удирдлагын зүгээс та бүхэн өөрийн хөрөнгөөр нурмаг ачаа автотээврээр шилжүүлэн ачих терминал байгуулан бидэнтэй хамтран ажиллаач бид 10 жилийн хугацаанд тогтвортой ажиллах боломжийг олгоё гэсэн саналыг тавьсны үндсэн дээр бид энэ төрлийн үйл ажиллагааг эрхлэхээр шийдэж нийт 2,148,954,950 төгрөгийн хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлсэн бөгөөд бетонон талбай, салхины хамгаалалт бүхий 6 метрийн өндөртэй хашаа бүхий Монголын анхны нурмаг ачааны төмөр замын терминалыг барьж байгуулсан. *** ийн удирдлагууд 10 жилийн хугацаанд тогтвортой ажиллуулахаар санал тавьж *** ХХК энэ саналыг хүлээн зөвшөөрч тохиролцсон боловч ***-ийн удирдлагын зүгээс гэрээг баталгаажуулах дарга ямар ч төрлийн гэрээг 3 жилээр байгуулах боломжтой байдаг, цаашид гэрээг сунгах нөхцөлтэйгөөр эхний ээлжинд 3 жилээр хийе гэсний дагуу талууд *** өдөр *** тоот Түрээсийн гэрээг байгуулсан. Түүнчлэн нурмаг ачаа нь овор хэмжээ их, энэ хэмжээгээр ачааг шилжүүлэн ачих талбай нь том байх шаардлагатай, энэ төрлийн үйл ажиллагааг явуулахад талбайн түрээсээс гадна вагоны түрээс, татан авалт буулгалт ачилтын төлбөр, ажилчдын оффисын төлбөр өндөр байдаг зэргийг харгалзан *** нь терминалын түрээсийн үнийг сар бүр 5,721,600 төгрөгөөр тогтоож баталгаажуулсан. Гэрээг байгуулсны дараа терминалыг гаалийн баталгаат бүс болгох шаардлага тавигдаж энэ зөвшөөрлийг гаалийн байгууллагаас авахад бүтэн нэг жил илүүтэй хугацаа зарцуулагдсан бөгөөд энэ хугацаанд ямар нэгэн үйл ажиллагаа явуулж чадаагүй. Үүний дараа үйл ажиллагаа дөнгөж жигдрэх шатандаа орж байтал дэлхий нийтийг хамарсан цар тахал гарч БНХАУ хил, гаалиа хааж ачаа, тээвэр зогсонги байдалд орсон. Гэрээг дахин сунгах болоход *** эрх мэдлийнхээ хүрээнд дахин нэг жилээр сунгах эрхтэй гэсний дагуу *** дугаартай нэмэлт гэрээ байгуулсан. Нэмэлт гэрээ байгуулсны дараа *** ХХК үйлчлүүлэгчдийн ачаа барааг терминалдаа төвлөрүүлж эхэлж байх үед буюу 2021 оны 12-р сарын 26-ны өдөр *** ээс бидэнд талбайн түрээсийн нэг сарын үнэ 5,721,600 төгрөг байсныг 717,900,000 төгрөг болгон нийт 14,000 хувиар нэмэгдүүлж байгааг мэдэгдэн хэрэв зөвшөөрөхгүй бол талбайгаа хүлээлгэн өгөхийг шаардсан шаардлагыг ирүүлсэн. Бид ийм үнээр түрээслэх боломжгүй тул шийдвэрээ эргэн харахыг *** ээс хүссэн боловч хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж 2022 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 10/809 тоот мэдэгдлээр Түрээсийн гэрээг цуцалж байгааг мэдэгдэн, түрээсийн хөрөнгийг хүлээлгэж өгөхийг шаардсан. Цар тахлын улмаас хил хаагдсанаас шалтгаалан бид нийт 1,755,653,836 төгрөгийн алдагдалд ороод байгаа юм. *** ХХК-ийн хувьд хөрөнгө оруулалт дуусаагүй, талуудын анхны тохиролцооны дагуу цаашид үе шаттайгаар терминалын хөрөнгө оруулалтыг хийхээр төлөвлөсөн байгаа. Талуудын хооронд байгуулагдсан *** өдрийн *** тоот Түрээсийн гэрээний 7.2-д зааснаар гэрээг анх байгуулсан хугацаагаар сунгасанд тооцно гэсэн. Талууд дээрх нөхцөлийг бүрэн хангаж гэрээний хугацаа сунгагдсан боловч *** -ийн зүгээс *** ХХК-ийг хэвийн үйл ажиллагаа явуулах боломжоор хангахгүй байна гэжээ.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа *** ХХК болон *** ийн хооронд *** өдрийн *** тоот түрээсийн гэрээгээр У*** шилжүүлэн ачих ангийн 3 дугаар талбайн 114,432 м2 бүхий нурмаг ачааны талбайг түрээслүүлэхээр тохиролцож талбайг хүлээлгэн өгсөн. Гэрээгээр түрээсийн төлбөрийг сараар хийх, гэрээг 3 жилийн хугацаатай, гэрээний хугацаа дууссаны дараа үргэлжлүүлэн сунгах хүсэлтэй бол хугацааг нэмэлт гэрээгээр сунгахаар харилцан тохиролцсон ба Иргэний хуулийн 196, 318, 320 дугаар зүйлд заасны дагуу гэрээ хуулийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр хэлцэл бөгөөд гэрээний дагуу *** ХХК нь үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. *** -ийн даргын 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн *** дугаартай Тариф шинэчлэн батлах тухай тушаалаар тус нийгэмлэгийн нийт үл хөдлөх хөрөнгийг түрээслүүлэх төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоож 2022 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Замын хэмжээнд мөрдөж эхэлсэн. Тус тарифын шинэчлэлийн дагуу нэхэмжлэгч *** ХХК-ийн түрээсэлж байсан талбайн төлбөрийн хэмжээнд мөн өөрчлөлт орсон. Улмаар Түрээсийн гэрээ-ний 4.2, 4.3 дугаар заалтад түрээсийн тариф өөрчлөгдсөн тохиолдолд түрээслэгч талд 15 хоногийн өмнө урьдчилан мэдэгдэх зохицуулалтын дагуу *** ХХК-д энэ талаар 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн *** дугаартай бичгээр албан ёсоор мэдэгдэж гэрээнд заасан үүргээ биелүүлсэн. *** ХХК-д шинэчлэгдсэн төлбөрийн хэмжээгээр санал хүргүүлж, цаашид түрээслэн ажиллахаа зөвшөөрсөн тохиолдолд түрээсийн гэрээнд нэмэлт өөрчлөлт хийх саналыг тус нийгэмлэгээс удаа дараа мэдэгдсэн боловч шинэчлэгдсэн тарифыг зөвшөөрсөн эсэх талаар хариуг ирүүлээгүй тул Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2.3 дахь хэсэгт заасан Хөлслүүлэгчийн санал болгосон зах зээлийн үнэд тохирсон нэмэгдэл хөлс төлөхөөс хөлслөгч татгалзсан гэсэн зохицуулалтын дагуу гэрээний саналаас татгалзсан гэж үзсэн. Иймээс *** -ийн даргын 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 10/809 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр гэрээ цуцлах болсныг мэдэгдэж түрээсийн хөрөнгийг түрээслүүлэгч талд хүлээлгэн өгөхийг мэдэгдсэн. Гэвч *** ХХК-иас түрээсийн хөрөнгийг хүлээлгэн өгөөгүй 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүртэл үргэлжлүүлэн ашиглаж байсан ба дээрх хугацаанд түрээсийн төлбөрийг төлөөгүй. *** ХХК болон *** -ийн хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн тул хэн аль нь нөгөө талаасаа гэрээний үүргийг шаардах, зөрчвөл гэрээнээс татгалзах эрхтэй. Нэхэмжлэгч талаас *** -ийн удирдлагууд тус ХХК-тай талбай түрээслэх харилцааг 10 жилээр үргэлжлүүлэхээр тохиролцсон гэж шаардлагаа тодорхойлжээ. Иргэний хуулийн 320 дугаар зүйлийн 320.1-т түрээсийн гэрээний хугацааг талууд тохиролцож тогтооно гэж заасны дагуу *** тоот Түрээсийн гэрээний 7.1 дэх заалтаар талууд гэрээг 3 жилийн хугацаатай байгуулахаар харилцан тохиролцсон гэрээний хугацаа дууссан билээ. *** -ийн дүрмийн 22 дугаар зүйлийн б-д зааснаар Замын хэмжээнд өдөр тутмын үйл ажиллагаатай холбогдсон асуудлын талаар гэрээ хийх эрх нь *** ын эрхэд хамаарах ба нийгэмлэгийн дүрмийн 19-д зааснаар *** -ийн даргын албан тушаалд 3 жилийн хугацаагаар томилогддог. Энэ хүрээнд *** өдрийн *** тоот Түрээсийн гэрээний хугацаа 2021.06.15-ны өдөр дуусч талууд хугацаа сунгах нэмэлт гэрээг Замын даргаас Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан орлогч даргад олгосон итгэмжлэлийн хугацаагаар буюу 1 жилийн хугацаагаар гэрээг сунгасан. Иймд *** -ээс түрээсийн гэрээг цуцалсан шийдвэр нь хуульд заасны дагуу явагдсан тул хууль бус гэж үзэхгүй байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх 1-3/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 6/, итгэмжлэл /хх 7, 137/, Түрээсийн гэрээ, хавсралт /хх 8-12/, *** тоот Түрээсийн гэрээний нэмэлт /хх 13/, Түрээсийн гэрээг сунгах тухай /хх 14/, ***ны 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн *** тоот Гэрээний түрээсийн төлбөрийн талаар албан бичиг /хх 15/, *** ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн *** тоот Мэдээлэл хүргүүлж, хүсэлт гаргах тухай албан бичиг /хх 16-17/, *** ын 2022 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн *** тоот Хариу хүргүүлэх тухай албан бичиг /хх 18/, *** ХХК-ийн 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 4 тоот Хүсэлт гаргах тухай албан бичиг /хх 19/, *** ын 2022 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн *** тоот Хариу хүргүүлэх тухай албан бичиг /хх 20/, *** ын 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн *** тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг /хх 21/, Хүлэгт Хүннү аудит ХХК-ийн Хараат бус аудиторын тайлан /хх 22-48/, Ашид билгүүн ХХК-ийн Үнэлгээний тайлан /хх 49-92/, Нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх тухай /хх 144-145/,

4. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: итгэмжлэл /хх 97, 167/, хариу тайлбар /хх 102-104/, *** ын даргын 2003 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн *** дугаар Байрны түрээсийн тариф батлах тухай тушаал, хавсралт /хх 111-113/, *** ын даргын 2012 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн *** дугаар Түрээсийн тариф батлах тухай тушаал /хх 114/, *** ын даргын 2014 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн *** дугаар Түрээсийн тариф шинэчлэн батлах тухай тушаал /хх 115/, *** ын даргын 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн *** дугаар Тариф шинэчлэн батлах тухай тушаал, хавсралт /хх 116-120/, *** ын даргын 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн *** дугаар Нийтийн хэрэгцээний ачилт, буулгалтын зам, талбайгаар зарлах тухай тушаал /хх 121/, Гаалийн Ерөнхий газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн *** дугаар *** гаалийн хяналтын бүс тогтоосон шийдвэрийг хүчингүй болгох тухай тушаал /хх 127/, *** дугаартай гэрээний дагуу *** ХХК-ийн түрээсэлж буй талбайд байрлах хөрөнгийг хүлээлцсэн акт /хх 151-154/,

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Гэрээний хугацааг нэг жилээр сунгаж нэмэлт гэрээ байгуулсны дараа *** ээс талбайн түрээсийн төлбөрийг 717,900,000 төгрөг болгон нийт 14,000 хувиар нэмэгдүүлсэн. Түрээсийн төлбөрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй нөхцөл байдал үүсгэж нэг талын санаачилгаар түрээсийн гэрээг цуцалсныг хууль бус болохыг тогтоолгох гэж, мөн талуудын хооронд байгуулагдсан *** өдрийн *** тоот Түрээсийн гэрээний 7.2-д зааснаар гэрээг 3 жилийн хугацаагаар сунгасанд тооцох тул гэрээний дагуу *** ХХК-ийг үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн хэвийн явуулах бололцоогоор хангахыг *** т даалгах гэж тодорхойлсон.

 

3.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: *** -ийн даргын 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн *** дугаартай Тариф шинэчлэн батлах тухай тушаалаар тус нийгэмлэгийн нийт үл хөдлөх хөрөнгийг түрээслүүлэх төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоож 2022 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Замын хэмжээнд мөрдөж эхэлсэн. Түрээсийн гэрээ-ний 4.2, 4.3 дугаар заалтын дагуу түрээсийн тариф өөрчлөгдсөн талаар 15 хоногийн өмнө урьдчилан мэдэгдсэн. Шинэчлэгдсэн тарифыг зөвшөөрсөн эсэх талаар хариуг ирүүлээгүй тул Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2.3 дахь хэсэгт хөлслүүлэгчийн санал болгосон зах зээлийн үнэд тохирсон нэмэгдэл хөлс төлөхөөс хөлслөгч татгалзсан гэсэн зохицуулалтаар түрээслэгчийг гэрээний саналаас татгалзсан гэж үзэж гэрээг цуцалсан гэж тайлбарласан.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Түрээсийн гэрээ, түрээсийн гэрээний нэмэлт, түрээсийн гэрээг сунгах тухай, гэрээ дүгнэсэн акт, түрээслүүлэгчийн гэрээний түрээсийн төлбөрийн талаар болон түрээсийн гэрээг цуцлах тухай мэдэгдэл бүхий албан бичгүүд, түрээслэгчийн мэдээлэл хүргүүлэх болон түрээсийн төлбөрийн талаар хүсэлт бүхий албан бичгүүд, *** ын даргын Түрээсийн тариф шинэчлэн батлах тухай, Тариф шинэчлэн батлах тухай тушаалууд, Нийтийн хэрэгцээний ачилт, буулгалтын зам, талбайгаар зарлах тухай тушаал, Гаалийн Ерөнхий газрын даргын *** гаалийн хяналтын бүс тогтоосон шийдвэрийг хүчингүй болгох тухай тушаал, *** дугаартай гэрээний дагуу *** ХХК-ийн түрээсэлж буй талбайд байрлах хөрөнгийг хүлээлцсэн акт зэрэг нотлох баримт болон зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1.Талуудын хооронд *** өдөр *** тоот Түрээсийн гэрээ бичгээр байгуулагдсан байна. Гэрээний түрээслүүлэгч тал Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг, түрээслэгч тал *** ХХК бөгөөд гэрээний хүчинтэй хугацаа *** өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 3 жилийн хугацаатай байна. Гэрээгээр түрээсийн хөрөнгө нь нурмаг ачаа ачиж буулгах зориулалттай, нийт 102500 м2 талбайтай,*** шилжүүлэн ачих ангийн 3 дугаар талбайн нурмаг ачааны хэсэг болох 10, 15 дугаар өндөрлөсөн зам болно. Түрээсийн хөрөнгийг нурмаг ачаа ачих буулгах зориулалтын нь дагуу ашиглахдаа талбайн тохижилт, зам, пүү, байр, гэрэлтүүлгийг өөрсдийн хөрөнгөөр тавьж тохижуулсан байх ба харуул хамгаалалтыг өөрсдөө хариуцна. Түрээслэгч нь нурмаг ачаа ачиж буулгах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлөө тухайн орон нутгаас авах бөгөөд өөрсдийн хөрөнгөөр ачиж буулгах тавцан хийх эсвэл ачиж буулгах тоног төхөөрөмжөө бэлтгэсэн байхаар харилцан тохиролцсон байна. Гэрээний төлбөр нь 1 нэгжийн 50 төгрөг нийт сарын 5,125,000 төгрөг байна. Түрээсийн батлагдсан тариф өөрчлөгдсөн тохиолдолд 15 хоногийн өмнө урьдчилан мэдэгдэнэ гэж гэрээнд тусгажээ.

 

4.2.Улмаар талууд 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаагаар Түрээсийн гэрээг сунгах тухай гэрээг бичгээр үйлдэж түрээсийн гэрээний хугацааг сунгасан байна.

 

4.3.Түрээслүүлэгч буюу *** нь 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн *** тушаалаар үл хөдлөх хөрөнгийг түрээслүүлэх төлбөрийн үнэ тарифыг шинэчлэн баталж, 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөх тухай 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн *** тоот албан бичгээр нэхэмжлэгчид мэдэгдсэн. Мөн 2022 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 10/210 тоот, 2 дугаар сарын 18-ны өдрийн *** тоот албан бичгүүдээр шинэчилсэн тарифыг зөвшөөрөхгүй тохиолдолд гэрээг цуцлах талаар тус тус анхааруулсан байна. Улмаар хөлслүүлэгчийн санал болгосон зах зээлийн үнэд тохирсон нэмэгдэл хөлс төлөхөөс хөлслөгч татгалзсан гэсэн үндэслэлээр 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн *** тоот мэдэгдлээр түрээсийн гэрээг цуцалж байгааг мэдэгдсэнийг түрээслэгч буюу *** ХХК хүлээн авсан ба тийнхүү хүлээн авсан мэдэгдлээ нэхэмжлэлд нотлох баримтаар хавсаргасан байна.

4.4. 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр *** дугаартай гэрээний дагуу *** ХХК-ийн түрээсэлж буй талбайд байрлах хөрөнгийг хүлээлцсэн акт үйлдэж түрээсийн зүйлийг хүлээлцсэн байна.

5.Зохигчид түрээсийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар, түрээсийн зүйлийн өмчлөлийн талаар болон гэрээний хугацаанд төлөгдсөн төлбөрийн талаар, мөн түрээслүүлэгчээс түрээслэгчид удаа дараа мэдэгдэл, анхааруулга бүхий албан бичиг хүргүүлж байсан талаар маргаагүй. Харин гэрээ цуцлагдсан эсэх талаар өөр өөрийн үндэслэл зааж маргасан.

6.Нэхэмжлэгч *** ХХК, хариуцагч *** нарын байгуулсан түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.3 дахь хэсгүүдэд заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.

7.Хариуцагч *** нь нэхэмжлэгч *** ХХК-д 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр *** тоот албан бичгээр гэрээний түрээсийн төлбөрийн талаар мэдэгдэл хүргүүлж, уг мэдэгдэлд ...2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн *** тушаалаар үл хөдлөх хөрөнгийг түрээслүүлэх төлбөрийн үнэ тарифыг шинэчлэн баталж, 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөх тул түрээсийн эд хөрөнгийн үнэлгээний үнэ тарифыг тооцон хүргүүлж байна. Шинэчилсэн тарифаар хашаажуулсан талбайн сарын түрээсийн төлбөр 1 мкв нь 7000 төгрөг болсон тул *** тоот түрээсийн гэрээний 4.1.2-т заасны дагуу 3.1-т заасан хөрөнгийг 4.1.1 заалтад сарын түрээсийн үнэ нь 717,900,000 төгрөг байгааг мэдэгдэж, 2022 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр *** тоот албан бичгээр, мөн 2022 оны 2 дугаар сарын 18-ны *** тоот албан бичгээр ...тарифыг танай компанийн зүгээс зөвшөөрөхгүй тохиолдолд Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2.3 дахь хэсэгт заасны дагуу гэрээг цуцлах нөхцөл байдалд хүрэх талаар анхааруулж, 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдөр *** тоот албан бичгээр мэдэгдэл хүргүүлж, уг мэдэгдэлд ...2022 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн танай компанитай байгуулсан түрээсийн гэрээг цуцлах болсныг мэдэгдэж, хөлслүүлэгчийн санал болгосон зах зээлийн үнэд тохирсон нэмэгдэл хөлс төлөхөөс хөлслөгч татгалзсан гэсэн үндэслэлээр гэрээг дангаар цуцалж байгааг мэдэгдсэн байна.

8.Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2 Хүндэтгэн үзэх дараах шалтгаанаар талууд гэрээг цуцалж болно: 294.2.3 дахь хэсэгт хөлслүүлэгчийн санал болгосон зах зээлийн үнэд тохирсон нэмэгдэл хөлс төлөхөөс хөлслөгч татгалзсан гэж заасны дагуу *** -ээс *** ХХК-д түрээсийн гэрээний түрээсийн зүйлийн төлбөр нэмэгдсэн талаар мэдэгдэж байсан, төлбөрийг зөвшөөрөөгүй тохиолдолд гэрээ цуцлах талаар мөн мэдэгдэж, улмаар 2022 оны 4 дүгээр сарын 10-нд гэрээг дангаар цуцалсан болохыг түрээслэгч талд мэдэгдэж, уг мэдэгдлийг нь түрээслэгч *** ХХК хүлээн авсан байна.

9.Иймд талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ нь 2022 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр цуцлагдсан байх тул нэхэмжлэгч нь хариуцагчийг *** өдөр байгуулсан *** тоот Түрээсийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалсныг хууль бус болохыг тогтоолгох, Түрээсийн гэрээний дагуу *** ХХК-ийг үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн хэвийн явуулах бололцоогоор хангахыг *** т даалгах тухай шаардах эрхгүй байна гэж дүгнэн, *** ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2.3 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул *** өдөр байгуулсан *** тоот Түрээсийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалсныг хууль бус болохыг тогтоолгох, Түрээсийн гэрээний дагуу *** ХХК-ийг үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн хэвийн явуулах бололцоогоор хангахыг *** т даалгах тухай *** ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН