Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2023/01115

 

 

 

 

 

 

 

2023 06 05 210/МА2023/01115

 

С г- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 сарын 10-ны өдрийн 102/ШШ2023/01373 дугаар шийдвэртэй,

С г- ХХК-ийн нэхэмжлэлтэй

УБТЗ-д холбогдох

Зохигчийн 2018 оны 06 сарын 15-ны өдөр байгуулсан ТГ/00/000- тоот түрээсийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалсан нь хууль бус болохыг тогтоолгох, түрээсийн гэрээний дагуу С г- ХХК-ийг үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн хэвийн явуулах бололцоогоор хангахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Рэгзэндорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалан, Х.Энхсүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: С г- ХХК нь Дорноговь аймгийн Замын-Үүд дэх шилжүүлэн ачих ангийн 3 дугаар талбайн нурмаг ачааны хэсэг болох 10, 15-р өндөрлөсөн салаа зам байршилд УБТЗ-тай ТГ/00/000- тоот терминал түрээсийн гэрээг 2018 оны 06 сарын 15-ны өдөр байгуулсан. Түүнчлэн нурмаг ачаа нь овор хэмжээ их, энэ хэмжээгээр ачааг шилжүүлэн ачих талбай нь том байх шаардлагатай, энэ төрлийн үйл ажиллагааг явуулахад талбайн түрээсээс гадна вагоны түрээс, татан авалт буулгалт ачилтын төлбөр, ажилчдын оффисын төлбөр өндөр байдаг зэргийг харгалзан хариуцагч нь терминалын түрээсийн үнийг сар бүр 5,721,600 төгрөгөөр тогтоож баталгаажуулсан. Гэрээ байгуулсны дараа терминалыг гаалийн баталгаат бүс болгох шаардлага тавигдаж энэ зөвшөөрлийг гаалийн байгууллагаас авахад бүтэн нэг жил гаруй хугацаа зарцуулагдаж, үйл ажиллагаа явуулж чадаагүй.

Гэрээг дахин сунгах болоход УБТЗ-ын дэд дарга нь эрх мэдлийн хүрээнд нэг жилээр сунгах эрхтэй гэсний дагуу ТГ/00/001- дугаартай нэмэлт байгуулсны дараа буюу 2021 оны 12 сарын 26-ны өдөр хариуцагчийн зүгээс бидэнд талбайн түрээсийн нэг сарын үнэ 5,721,600 төгрөгийг 717,900,000 төгрөг болгон 14,000 хувиар нэмэгдүүлж байгааг мэдэгдэж, хэрэв зөвшөөрөхгүй бол талбайг хүлээлгэн өгөхийг шаардаж шаардлага ирүүлсэн. Бид ийм үнээр түрээслэх боломжгүй тул шийдвэрээ эргэн харахыг УБТЗ-аас хүссэн ч хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж 2022 оны 03 сарын 07-ны өдрийн 10/809 тоот мэдэгдлээр түрээсийн гэрээг цуцалж байгааг мэдэгдэн, түрээсийн хөрөнгийг хүлээлгэж өгөхийг шаардсан.

Цар тахлын улмаас хил хаагдсанаас бид 1,755,653,836 төгрөгийн алдагдалд ороод байгаа. С г- ХХК-ийн хувьд хөрөнгө оруулалт дуусаагүй, талууд анх тохиролцсоны дагуу цаашид үе шаттайгаар терминалын хөрөнгө оруулалтыг хийхээр төлөвлөсөн байгаа. Талуудын хооронд байгуулсан 2018 оны 06 сарын 15-ны өдрийн ТГ/00/000- тоот Түрээсийн гэрээний 7.2-д зааснаар гэрээг анх байгуулсан хугацаагаар сунгасанд тооцно гэсэн. Талууд дээрх нөхцөлийг бүрэн хангаж гэрээний хугацаа сунгагдсан боловч УБТЗ- ХНН-ийн зүгээс С г- ХХК-ийг хэвийн үйл ажиллагаа явуулах боломжоор хангахгүй байна гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга: Дээр дурдсан түрээсийн гэрээгээр УБТЗ-ын харьяа Замын-Үүд шилжүүлэн ачих ангийн 3 дугаар талбайн 114,432 м.кв бүхий нурмаг ачааны талбайг түрээслүүлэхээр тохиролцож талбайг хүлээлгэн өгсөн. Гэрээгээр түрээсийн төлбөрийг сараар хийх, гэрээг 3 жилийн хугацаатай, гэрээний хугацаа дууссаны дараа үргэлжлүүлэн сунгах хүсэлтэй бол хугацааг нэмэлт гэрээгээр сунгахаар харилцан тохиролцсон. Уг гэрээний дагуу С г- ХХК нь үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

УБТЗ- ХНН-ийн даргын 2021 оны 12 сарын 02-ны өдрийн А-000- дугаартай тариф шинэчлэн батлах тухай тушаалаар тус нийгэмлэгийн нийт үл хөдлөх хөрөнгийг түрээслүүлэх төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоож 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн Замын хэмжээнд мөрдөж эхэлсэн. Тус тарифын шинэчлэлийн дагуу нэхэмжлэгч С г- ХХК-ийн түрээсэлж байсан талбайн төлбөрийн хэмжээнд мөн өөрчлөлт орсон. Түрээсийн гэрээний 4.2, 4.3-д зааснаар С г- ХХК-д албан ёсоор мэдэгдэж гэрээнд заасан үүргээ биелүүлсэн. С г- ХХК нь шинэчлэгдсэн төлбөрийг зөвшөөрсөн тохиолдолд түрээсийн гэрээнд нэмэлт өөрчлөлт хийх саналыг удаа дараа мэдэгдсэн боловч шинэ үнийг зөвшөөрсөн эсэх талаар хариу ирүүлээгүй тул Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2.3-д зааснаар гэрээний саналаас татгалзсан гэж үзсэн.

С г- ХХК түрээсийн хөрөнгийг хүлээлгэн өгөөгүй 2022 оны 10 сарын 12-ны өдөр хүртэл үргэлжлүүлэн ашигласан. Уг хугацаанд түрээсийн төлбөрийг төлөөгүй. Талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн тул хэн аль нь нөгөө талаасаа гэрээний үүргийг шаардах, зөрчвөл гэрээнээс татгалзах эрхтэй. ТГ/00/000- тоот түрээсийн гэрээний 7.1-д заасан гэрээний 3 жилийн хугацаа дууссан. УБТЗ-ын ХНН-ийн дүрмийн 22.б-д зааснаар Замын хэмжээнд өдөр тутмын үйл ажиллагаатай холбогдсон асуудлын талаар гэрээ хийх эрх нь УБТЗ-ын даргын эрхэд хамаарах ба нийгэмлэгийн дүрмийн 19-д зааснаар УБТЗ- ХНН-ийн даргын албан тушаалд 3 жилийн хугацаагаар томилогддог. Энэ хүрээнд 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн ТГ/00/000- тоот түрээсийн гэрээний хугацаа 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр дуусаж талууд хугацаа сунгах нэмэлт гэрээг Замын даргаас Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан орлогч даргад олгосон итгэмжлэлийн хугацаагаар буюу 1 жилийн хугацаагаар гэрээг сунгасан. Иймд УБТЗ- ХНН-ээс түрээсийн гэрээг цуцалсан шийдвэр нь хуульд заасны дагуу явагдсан тул хууль бус гэж үзэхгүй байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2.3-т заасан үндэслэлгүй тул 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан ТГ/00/000- тоот түрээсийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалсныг хууль бус болохыг тогтоолгох, түрээсийн гэрээний дагуу С г- ХХК-ийг үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн хэвийн явуулах бололцоогоор хангахыг УБТЗ-д даалгах тухай С г- ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гаргасан гомдлын агуулга: Шүүх талуудын хооронд байгуулсан гэрээг үндэслэн маргааныг шийдвэрлэхдээ гэрээ хуульд нийцсэн талаар зохигч маргаагүй гэсэн ч хариуцагчийн тайлбарт үндэслэн хэргийг шийдвэрлэсэн. Шийдвэрт "Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2 Хүндэтгэн үзэх дараах шалтгаанаар талууд гэрээг цуцалж болно 294.2.3-т хөлслүүлэгчийн санал болгосон зах зээлийг үнэд тохирсон нэмэгдэл хөлс төлөхөөс хөлслөгч татгалзсан" гэж заажээ. Иргэний хуулийн 294 дугаар зүйлийн 294.2.3-т заасан үндэслэлээр гэрээг цуцлахын тулд талууд анхны эд хөрөнгө хөлслөх гэрээнд хөлсийг тухай бурд нь зах зээлийн ханшид нийцүүлэн өөрчилж болно гэж тохиролцсон. Талуудын хооронд 2018 оны 06 сарын 15-ны өдөр ТГ/00/000- тоот түрээсийн гэрээний 4.2-т Түрээсийн батлагдсан тариф өөрчлөгдсөн тохиолдолд Түрээслүүлэгч нь Түрээслэгчид 15 хоногийн өмнө урьдчилан мэдэгдэнэ гэж заасан. УБТЗ- ХНН-ээс С г- ХХК-д Түрээсийн зүйлийн төлбөр нэмэгдсэн талаар мэдэгдэж байсан, төлбөрийг зөвшөөрөөгүй тохиолдолд гэрээ цуцлах талаар мөн мэдэгдэж, улмаар 2022 оны 04 сарын 10-ны өдөр гэрээг дангаар цуцалсан болохыг түрээслэгч талд мэдэгдэж, уг мэдэгдлийг нь түрээслэгч С г- ХХК хүлээн авсан байна. Тиймээс нэмэгдсэн хөлсний нэхэмжлэгч тал буюу түрээслэгч төлөхөөс татгалзсан тохиолдолд хариуцагч тал буюу түрээслүүлэгч энгийн бусаар гэрээг цуцлах эрхтэй болно

Гэтэл шүүхийн тодорхойлсон "энгийн бусаар" гэрээг цуцлах боломжгүйг талууд мөн адил гэрээгээр тохиролцсоныг шүүх зориуд анхааралгүй орхигдуулсан. Тухайлбал гэрээний 4.2-д Түрээсийн батлагдсан тариф өөрчлөгдсөн тохиолдолд Түрээслүүлэгч нь Түрээслэгчид 15 хоногийн өмнө урьдчилан мэдэгдэнэ, гэрээний 4.3-д "Түрээслэгч нь өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөн бол мэдэгдсэн өдрөөс хойш 15 хоногийн дараагаас шинэ үнийг мөрдөж ажиллана" гэж заасан. Дээрх тохиролцоогоор УБТЗ- ХНН-ийн зүгээс С г- ХХК-д тарифын өөрчлөлтийг мэдэгдээд, үүний дараа түрээслэгчийн зөвшөөрлийг үндэслэн гэрээнд өөрчлөлт оруулах боломжтой болох юм.

Түүнчлэн шүүгч Иргэний хулийн 294 дүгээр зүйлийн 294.2.3-т зааснаар гэрээг цуцлах шалгуур буюу зах зээлийн үнэд тохирсон" гэдгийг хэрхэн тодорхойлсныг шийдвэрт дүгнээгүй. Гэрээний анхны үнэ 14,000 хувь өссөнийг зах зээлийн үнэ гэж үзээд хариуцагчийн тайлбарыг зөвтгөж байгаа, эсхүл гэрээний нэг тал, төрийн өмчийн оролцоотой учраас дангаар давуу эрх эдлэх боломжтой гэж ойлгоод ийм шийдвэр гаргаад байгаа аль болох нь тодорхойгүй, ойлгомжгүй. 5,721,600 төгрөг байсан түрээсийн үнэ 717,900,000 төгрөг болгон нэмэгдүүлснээ зах зээлийн үнэ гэдгийг үндэслэлтэй тайлбарласан, нотолсон нотолгоог хариуцагчийн зүгээс шүүхэд гаргаж өгөөгүй.

Мөн шийдвэрт "2022 оны 10 сарын 10-ны өдөр ТГ/00/000- дугаартай гэрээний дагуу С г- ХХК-ийн түрээсэлж буй талбайд байрлах хөрөнгийг хүлээлцсэн акт үйлдэж түрээсийн зүйлийг хүлээлцсэн байна" гэжээ. Шүүх талууд гэрээг цуцалсныг баталгаажуулсан акт үйлдсэн гэж нотлох баримтаар үнэлэгдэх боломжгүй баримтыг үндэслэн мөн л нэг талын байр суурийг хамгаалсан дүгнэлт хийсэн. Энэ акт нь шүүгчийн тодорхойлсноор хөрөнгө хүлээлцээгүй, акт нь зөвхөн гэрээний нэг тал буюу УБТЗ- ХНН- ийн төлөөлөгчид хөрөнгийн бүртгэл явуулсан гэрээний нөгөө оролцогч С г- ХХК-ийн баталгаажуулаагүй баримт юм. Актлагдсан гэх хөрөнгүүд бүгд С г- ХХК-ийн өмчлөлийнх бөгөөд энэ талаар шүүх хуралдаанд хангалттай тайлбарласан ч шүүх хүлээж аваагүй. Ийм үйлдлийг шүүх зөвтгөж шийдвэрийн үндэслэл болгосон нь хэн нэгний өмчийг дураар дээрэмдэх бололцоотой, ингэхийн тулд бүртгэл хийхэд л хангалттай гэж ойлгогдож байна.

Шүүхийн шийдвэр гаргах гол үндэслэл болсон түрээсийн гэрээний 10-д гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлийг тодорхой тусгасан. Энэ хэсгийн 10.5-д "Талууд гэрээний 101, 103, 104-д зааснаас бусад үндэслэлээр гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах эрхгүй" гэсэн бөгөөд гэрээ цуцлах энэ нөхцөл бүрдээгүй, энэ талаар хариуцагчийн зүгээс ямар нэг тайлбар байдаггүй.

Ийнхүү шүүх гэрээг зөвхөн нэг талд ашигтай байдлаар үнэлж, дүгнэсэн мөн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул хэргийг бүхэлд нь хянан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрт С г- ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга: УБТЗ- ХНН нь 2021 оны 12 сарын 02-ны өдөр нийт түрээслүүлж буй талбайг 9,000 төгрөгөөр тооцох мэдэгдлийг өгч, 2021 оны 12 сарын 16, 2022 оны 01 сарын 19, 02 сарын 18, 03 сарын 07-ны өдрүүдэд тухайн тарифыг мөрдөнө гэх мэдэгдлийг хүргүүлсэн. Гэтэл С г- ХХК-аас ямар нэгэн хариу ирүүлээгүй бөгөөд зөвшөөрсөн үйл баримт байхгүй. Талуудын хооронд байгуулсан гэрээний 4.2-т зааснаар тариф өөрчлөгдсөнийг манай зүгээс 15 хоногийн өмнө мэдэгдсэн. Талуудын тариф өөрчлөгдсөнтэй холбоотой мэдэгдлийг гэрээний 4.2-т заасны дагуу өгсөн. Тухайн мэдэгдлийг өгч, зах зээлийн үнийг дагаж мөрдөхийг шаардаж байхад биелүүлээгүй учраас УБТЗ- ХНН-ийн зүгээс түрээсийн гэрээг цуцалсан. 2018 онд байгуулсан гэрээг 2022 онд 1 жилийн хугацаагаар сунгасан бөгөөд тухайн гэрээг үргэлжлэх ёстой гэх тайлбарууд нь үндэслэлгүй. Тухайн талбайг иргэдэд зориулж ачааг буулгаж, экспортод гаргуулах зорилгоор ашиглах ёстой. Гэтэл тухайн талбайд УБТЗ- ХНН-ээс сонгон шалгаруулалт зарлаж, бусдад түрээслүүлсэн байна. С г- ХХК нь үндэслэлгүй хөрөнгөжиж байсан бөгөөд Монгол Улсын тээврийн үйл ажиллагааг саатуулж байсан асуудал яригддаг. Мөн анхан шатны шүүхийн шийдвэр нь иргэний хуулийг зөв тайлбарлаж, хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэлтэй дүгнэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянан үзээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч С г- ХХК нь хариуцагч УБТЗ-д холбогдуулан 2018 оны 06 сарын 15-ны өдөр байгуулсан ТГ/00/000- тоот Түрээсийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалсныг хууль бус болохыг тогтоолгох, гэрээний дагуу С г- ХХК-ийг үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн хэвийн явуулах бололцоогоор хангахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ гэрээний хугацааг нэг жилээр сунгаж нэмэлт гэрээ байгуулсны дараа УБТЗ-аас талбайн түрээсийн төлбөрийг 717,900,000 төгрөг болгон нэмэгдүүлсэн. Мөн 2018 оны 06 сарын 15-ны өдрийн ТГ/00/000- тоот түрээсийн гэрээний 7.2-д зааснаар гэрээг 3 жилийн хугацаагаар сунгасанд тооцно гэж, хариуцагчаас татгалзлын үндэслэлээ УБТЗ- ХНН-ийн даргын 2021 оны 12 сарын 02-ны өдрийн А-000- дугаартай тариф шинэчлэн батлах тухай тушаалаар тус нийгэмлэгийн нийт үл хөдлөх хөрөнгийг түрээслүүлэх төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоож 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн Замын хэмжээнд мөрдөж эхэлсэн. Түрээсийн гэрээний 4.2, 4.3 дахь заалтын дагуу түрээсийн тариф өөрчлөгдсөн талаар 15 хоногийн өмнө урьдчилан мэдэгдсэн. Шинэчлэгдсэн тарифыг зөвшөөрсөн эсэх хариу ирүүлээгүй тул Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2.3-т зааснаар түрээслэгчийг гэрээний саналаас татгалзсан гэж үзэж гэрээг цуцалсан гэж тус тус тайлбарлажээ.

 

4. Талуудын хооронд 2018 оны 06 сарын 15-ны өдөр ТГ/00/000- тоот түрээсийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр түрээслүүлэгч нь нурмаг ачаа ачиж буулгах зориулалттай, 102,500 м.кв талбайтай, Замын-Үүд шилжүүлэн ачих ангийн 3 дугаар талбайн нурмаг ачааны хэсэг болох 10, 15 дугаар өндөрлөсөн замыг түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлж, түрээслэгч нь нэг сарын 5,125,000 төгрөг төлөхөөр тохиролцжээ. Түрээслэгч нь уг түрээсийн зүйлийн тохижилт болон үйл ажиллагаа явуулахад шаардлагатай бусад зүйлийг өөрийн хөрөнгөөр барьж тохижуулахаар заажээ.

Талууд 2017 онд гэрээнд нэмэлт оруулж түрээсийн талбайн хэмжээг 114,432 м.кв болгон нэмэгдүүлж, төлбөрийг нэг сарын 5,721,600 төгрөг байхаар тохиролцсон, мөн 2021 оны 04 сарын 09-ний өдрийн Түрээсийн гэрээг сунгах гэрээгээр гэрээг 2021 оны 06 сарын 15-ны өдрөөс 2022 оны 06 сарын 15-ны өдрийг хүртэл нэг жилээр сунгасан байна.

 

5. Түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт нийцсэн бөгөөд хүчин төгөлдөр гэрээ гэж анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэж, зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлжээ.

 

6. Хариуцагч УБТЗ-ын даргын 2021 оны 12 сарын 02-ны өдрийн А-000- дугаартай Тариф шинэчлэн батлах тухай тушаалаар тус нийгэмлэгийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийг түрээслүүлэх журам, төлбөрийн хэмжээг тус тус баталж, 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заажээ.

Хариуцагч тус тушаалын дагуу түрээсийн гэрээний 4.2-т зааснаар түрээсийн төлбөрт өөрчлөлт орсон тухай 2021 оны 12 сарын 16-ны өдрийн 00/0000- тоот албан бичгээр нэхэмжлэгчид мэдэгдсэн, харин нэхэмжлэгч тал тус үнийн тарифыг хүлээн зөвшөөрөх боломжгүй талаар 2021 оны 12 сарын 24-ний өдөр хариуцагчид 125 дугаартай албан бичгээр мэдэгдсэн байна. Иймд түрээсийн гэрээний 4.3-т зааснаар хариуцагч талаас түрээсийн гэрээг цуцалсан нь Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2.3-т заасан зохицуулалтад нийцсэн, энэ талаарх үйл баримтыг анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэсэн байна.

Түрээсийн гэрээний 4.3-т зааснаар шинэчлэгдсэн үнийг түрээслэгч зөвшөөрсөн бол шинэ үнийн тарифыг дагаж мөрдөхөөр заасан ба нэхэмжлэгч татгалзсан, шинэчлэгдсэн үнээр тооцон түрээсийн төлбөрийг төлөөгүй нь түрээсийн гэрээний 10.1.5-д зааснаар хариуцагч гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан гэж үзэх үндэслэлтэй. Иймд энэ талаар буюу гэрээнд заасан нөхцөл бүрдээгүй, гэрээний 10.5-д заасныг зөрчиж гэрээг цуцалсан гэх нэхэмжлэгчийн давж заалд гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

 

7. УБТЗ--ын даргын 2009 оны 03 сарын 28-ны өдрийн А-00- дугаар тушаалын хавсралт Гадны байгууллага, иргэдэд байр, талбай түрээслэх тариф-т зааснаар Улаанбаатар болон Замын-Үүдэд 1 м.кв талбайг 8,000 төгрөгөөр тогтоосон, мөн даргын 2012 оны 05 сарын 04-ний өдрийн А-01- дугаартай Түрээсийн тариф батлах тухай тушаалаар 1 м.кв ашигтай талбайн түрээсийн тарифын доод хэмжээг Замын-Үүдэд 1,000 төгрөгөөр нэмэгдүүлэн баталжээ. Түүнчлэн мөн даргын 2014 оны А-002- дугаартай Түрээсийн тариф шинэчлэн батлах тухай тушаалаар 1 м.кв ашигтай талбайн сарын түрээсийн доод хэмжээг Улаанбаатар ба Замын-Үүдэд 12,500 төгрөгөөр тогтоож байжээ.

Хариуцагч нь дээрх хугацаанаас хойш өөрийн эзэмшлийн үл хөдлөх эд хөрөнгийг бусдад түрээслүүлэх үнийн тарифыг 2021 онд шинэчлэн баталж, газар зүйн байршил, хүн амын амьжиргааны түвшинг харгалзан төлбөрийн хэмжээг бүсчлэн тогтооход Замын-Үүд 1-р бүсэд хамаарсан нь дээрх 2021 оны А-000- дугаартай тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Үл хөдлөх хөрөнгийг түрээслүүлэх журам-ын 2.8-д, мөн тушаалын хоёрдугаар хавсралтын 1-д зааснаар 1-р бүс дэх 1 м.кв үл хөдлөх хөрөнгийн нэг сарын түрээсийн төлбөрийг 7,000 төгрөгөөр тогтоосон байна.

Хариуцагч түрээсийн төлбөрийн хэмжээг үндэслэлгүй буюу 14,000 хувиар нэмэгдүүлсэн гэж үзэхээргүй, өмнө дурдсан 2009, 2012, 2014 онд баталсан үнэ тарифтай уялдуулан тооцсон байна. Энэ дагуу хариуцагч 2022 оны 03 сарын 07-ны өдрийн 10/809 дугаартай мэдэгдлийг нэхэмжлэгчид хүргүүлж гэрээг цуцалсныг буруутгахгүй, анхан шатны шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2.3-т хөлслүүлэгчийн санал болгосон зах зээлийн үнэд тохирсон нэмэгдэл хөлс төлөхөөс хөлслөгч татгалзсан гэж заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Зохигч нь УБТЗ--ын даргын 2014 оны 05 сарын 08-ны өдрийн А-002- дугаартай Түрээсийн тариф шинэчлэн батлах тухай тушаал мөрдөгдөж байх үед буюу түрээслүүлэх 1 м.кв ашигтай талбайн нэг сарын түрээс Замын-Үүдэд 12,500 төгрөг байхад ТГ/00/000- тоот түрээсийн гэрээгээр 2018 онд 1 м.кв-ыг 50 төгрөгөөр тооцон түрээслүүлэхээр тохиролцсон нь дээрх жишиг үнээс 250 дахин бага байна. Иймд дээрх А-002- дугаартай тушаалаар батлагдсан 12,500 төгрөгийн түрээсийн үнэтэй харьцуулан үзэхэд хариуцагч 2022 оны 01 сараас эхлэн түрээсийн 1 м.кв талбайн үнийг 7,000 төгрөгөөр тооцох санал нь хуульд заасан зах зээлийн үнэд тохирсон хөлс гэж үзнэ. Нэхэмжлэгч уг үнийн саналыг зах зээлийн үнэд тохироогүй болохыг баримтаар үгүйсгээгүй байх тул энэ тухай гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.

 

8. Талууд 2022 оны 10 сарын 10-ны өдөр түрээсийн талбайд байх хөрөнгийг хүлээлцэх акт үйлдсэн нь зохигчийн маргааныг шүүхээр хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй байна. Уг актаар түрээсийн талбайд байх хөрөнгийн бүртгэлийг хийж, УБТЗ-ын болон С г- ХХК-ийн эзэмшлийн хөрөнгө, мөн нэхэмжлэгчийн хөрөнгө оруулалтаар бий болсон барилга байгууламж, талбайд байршиж буй тээврийн хэрэгсэл, нурмаг ачааны хэмжээг тодорхойлжээ. Шүүх уг актыг түрээсийн зүйлийг хүлээлцсэн гэж дүгнэснийг буруутгахгүй, учир нь хариуцагч гэрээг нэг талын санаачилгаар цуцалсантай холбоотой уг ажиллагааг явуулсан нь гэрээ цуцалсны үр дагавартай холбоотой байна.

 

9. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 сарын 10-ны өдрийн 102/ШШ2023/01373 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

Э.ЭНЭБИШ