Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2023/00444

 

 

 

 

 

2023 оны 01 сарын 26 өдөр                        Дугаар 102/ШШ2023/00444                         Улаанбаатар хот

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны 3 дугаар танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: О... аймгийн Б... сум, Б.. баг, Э....ТӨХК,

Хариуцагч: О. аймгийн Б. сум,. Г. баг, өөр.ийн байр хаягт бүртгэлтэй, одоо Баянгол дүүргийн ..дугаар хороо, ...0-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, ...-р байрны ...тоот, регистр ..., Ч. ХХК,

Нэхэм..жлэлийн шаардлага: Цахилгаан эрчим хүчний төлбөр 3 282 468.07 төгрөг гаргуулахыг  хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э.., хариуцагчийг төлөөлж захирал Ж.У.., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Э... нар оролцов.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

1.Э. ТӨХК нь Ч. ХХК-д холбогдуулан 3 282 468.07 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлага, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

Манай компанийн Ч... ХХК-тай 2010 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулж, цахилгаан эрчим хүчээр хангагдсан. Ч... ХХК нь чулуу буталж, карьерын олборлолтын үйл ажиллагаа явуулдаг. Цахилгаан эрчим хүч хэрэглэх гэрээ байгуулснаас хойш үйл ажиллагаа явуулж байгаад 2017 оноос үйл ажиллагаа нь зогссон байдаг. Ч.. ХХК тусдаа том хэрэглээ авдаг учраас өөрсдөө хувийн дэд станцтай, станц дээрээ 400 квт-ын трансформатортай хэрэглэгч юм. Ч... ХХК нь 2020 оны 2 дугаар сард 40 874.94 төгрөг төлсөн, үүнээс өөр төлөлт хийгээгүй. Үндсэн төлбөр 2 298 521 төгрөг, гэрээний 4.1-д зааснаар алданги  938 946 төгрөг нийт 3 282 468.07 төгрөгийг Ч... ХХК-аас гаргуулахаар нэхэмжилж байгаа. Нэхэмжлэл гаргах үед хариуцсан нягтлан амарсан байсан. Ч... ХХК-ийг хариуцсан борлуулалтын нягтлан төлбөрийн задаргааг гаргахад 277 525 төгрөгийг трансформаторын алдагдал бичиж илүү ногдуулсан учраас нэхэмжлэлийн үнийн дүнгээс 277 525 төгрөг, алданги 138 762 төгрөг нийт 416 287 төгрөгийг хасж нэхэмжлэлийн үнийн дүнгээ бууруулж байна. Ж.У... нь Орхон аймагт өөр нэг объект түрээслэдэг. Ч... ХХК нь 2010 оноос хойш гэрээгээ сунгаагүй, гэрээгээ шинээр байгуулах хүсэлт гаргахад 11 дүгээр сард өөрөө ирж, манай хэрэглэгчид үйлчлэх төв дээр түрээсийн үйл ажиллагаа явуулж байгаа объектийнхоо гэрээг байгуулж, карьерын үйлдвэр дээр гэрээгээ байгуулаагүй. Иймд Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3, гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2-т зааснаар нэхэмжлэл гаргасан гэв.

2.Хариуцагч тайлбартаа: Ч... ХХК 1997 оноос хойш барилгын материалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж чулууны орд газрыг 1997 оноос хойш ашиглалтын тусгай зөвшөөрлийн дагуу ашиглаж байгаа. 1974 оноос хойш ашигласан тул нөөц багассан. 2017 оны дундаас нөөц илэрхий багасаж, тэсэлгээ хийхэд асуудалтай болсон.  Аймгийн Мэргэжлийн хяналтын албанаас зохих шаардлагуудыг тавьж, үлдэгдэл нөөцөө тодотгож байж үйл ажиллагаа явуулна гэсэн. Бид үлдэгдэл нөөцийг тодотгуулах ажлыг тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүдээр хийлгэж байгаа. Гол нөөцөд айлууд шахаж буусан тул өрөмдөг тэсэлгээ хийхэд асуудалтай болсон. 2018 оноос хойш зогсонги байдалд орсон. 2021 онд Монгол улсын Засгийн газраас нийт иргэд, аж ахуйн нэгжийг цахилгаан эрчим хүчний төлбөрөөс чөлөөлсөн. Нэхэмжлэгч тал манай компанийг чулуу буталж, хайрга олборлодог учраас уул уурхайн компани гэж үздэг. 2014 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр Улсын их хурлаас Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль баталсан. Хуучин барилгын материал, элс хайрганы олборлолт Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулагдаж, үйл ажиллагаа эрхлэх олборлолт явуулах тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газраас олгодог журамтай байсан. Гэтэл 2014 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль батлагдсан гол зорилго бол барилгын материалын олборлолтыг сайжруулж, үнийг нь тогтвортой барих, цаашлаад орон сууцны метр квадратын үнийг бууруулах байсан. Эрх зүйн зохицуулалтыг хийсэн учраас цахилгаан түгээх байгууллагууд элс хайрганы үйлдвэрлэлд хэрэглэгдсэн цахилгаан эрчим хүчний үнэ жирийн аж нэгжийн тарифаар тооцогдоход хууль зөрчсөн үйлдэл болохгүй. Элс хайрга олборлолтын үйл ажиллагаа явуулдаг компанийг уул уурхайн компани гэж үзэж жирийн аж ахуй нэгжээс өндөр тарифаар тооцдог. Жирийн аж ахуйн нэгжийн тарифаар тооцох ёстой гэв. 

3.Нэхэмжлэгчээс: Улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 3/, мэдэгдэл /хх 8хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан /хх 10-12/,

Хариуцагчаас: улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 14/ зэрэг баримтыг гаргажээ.

                                           ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

2.Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдлоо. Үүнд:

Хэрэглэгч Ч... ХХК нь Э... ТӨХК-тай 2010 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулжээ.

Эрчим хүчний тухай хуулийн 30-р зүйлийн 30.1.2 дахь хэсэгт зааснаар  хэрэглэгч нь “эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх” үүрэгтэй” бөгөөд хэрэглэгч Ч... ХХК нь  2020 оны 2 дугаар сард 40 874.94 төгрөг төлж, үүнээс төлөлт хийгээгүй байна.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас трансформаторын алдагдал 277 525 төгрөг, түүнд ногдох алданги 138 762 төгрөг нийт 416 287 төгрөгийг хасч тооцон 2 866 181 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

Ч... ХХК нь барилгын чулуу бутлан ангилж, хайрга үйлдвэрлэх, үнэт болон түгээмэл ашигт малтмал, эрдэс баялгийн эрэл хайгуул, олборлох үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ 2021 онд Монгол улсын Засгийн газраас нийт иргэд, аж ахуйн нэгжийг цахилгаан эрчим хүчний төлбөрөөс чөлөөлсөн, бусад аж ахуйн нэгжийн адил чөлөөлөгдөх байсан гэж тайлбарласан байна.

Монгол улсын Засгийн газрын 2020 оны 12-р сарын 13-ны өдрийн 211 дүгээр “Корона вируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын үед айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагад дэмжлэг үзүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолоор айл өрхийн болон дор дурьдсанаас бусад /1.3.Уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэр/ аж ахуйн нэгж, байгууллагын цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уур хэрэглэсний төлбөр, цэвэр, бохир усны үйлчилгээний төлбөр болон энгийн хог хаягдлын хураамжийг 2020 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд төрөөс хариуцан төлөх арга хэмжээ авчээ.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн  4.1.1-д "түгээмэл тархацтай ашигт малтмал" гэж зам, барилгын материалын зориулалтаар ашиглах боломжтой, элбэг тархалт бүхий элс, хайрга, тоосгоны шавар, хүрмэн, боржин, дайрганы зориулалттай барилгын чулууны хуримтлалыг ойлгох ба энэ хуулийн 14.7-д зааснаар Өргөдөл гаргасан этгээд эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 24.1-д заасан хугацаанд төлсөн бол аймаг, нийслэлийн Засаг дарга ажлын таван өдөрт багтаан түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг гурван жилийн хугацаагаар олгохоор зохицуулжээ.

Өөрөөр хэлбэл, Ч... ХХК нь түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох үйл ажиллагаа эрхэлж байгаа тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж тул цахилгаан эрчим хүчний төлбөрийг төрөөс хариуцан төлөх ангилалд хамаарахгүй. 

Иймд Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3, гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2-т зааснаар 2 866 181 төгрөгийн төлбөрийг хариуцан төлөх үүрэгтэй.

3.Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд 67 469 төгрөг төлсөн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67 467 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ч... ХХК-иас 60 808 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                              

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243-р зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ч... ХХК-иас 2 866 181 /хоёр сая найман зуун жаран зургаа мянга нэг зуун наян нэг/ төгрөг гаргуулж Э... ТӨХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 416 282 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.   

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67 469 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ч... ХХК-иас 60 808 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Р.АЛТАНТУЯА