Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2023/00704

 

 

 

 

 

2023 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2023/00704

 

 

***************-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч, Н.Батзориг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШШ2023/00444 дугаар шийдвэртэй,

***************-ийн нэхэмжлэлтэй, ************-д холбогдох,

Цахилгаан эрчим хүчний төлбөр 3,282,468.07 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: ************-тай 2010 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулж, цахилгаан эрчим хүчээр хангагдсан. ************ нь чулуу буталж, карьерын олборлолтын үйл ажиллагааг гэрээ байгуулснаас хойш явуулж байгаад 2017 оноос үйл ажиллагаа нь зогссон.

************ тусдаа том хэрэглээ авдаг учраас өөрсдөө хувийн дэд станцтай, станц дээрээ 400 квт-ын трансформатортай хэрэглэгч бөгөөд 2020 оны 02 дугаар сард 40,874,94 төгрөгөөс өөр төлөлт хийгээгүй.

Үндсэн төлбөр 2,298,521 төгрөг, гэрээний 4.1-д зааснаар алданги 938,946 төгрөг нийт 3,282,468.07 төгрөгийг нэхэмжилж байна.

Задаргааг гаргахад 277,525 төгрөгийг трансформаторын алдагдал бичиж илүү ногдуулсан учраас нэхэмжлэлийн үнийн дүнгээс 277,525 төгрөг, алданги 138,762 төгрөг, нийт 416,287 төгрөгийг хасаж, нэхэмжлэлийн үнийн дүнгээ бууруулж байна.

******* нь 2010 оноос хойш гэрээгээ сунгаагүй, гэрээгээ шинээр байгуулах хүсэлт гаргахад 11 дүгээр сард өөрөө ирж,объектынхоо гэрээг байгуулж, карьерын үйлдвэр дээр гэрээгээ байгуулаагүй. Иймд Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3, гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2-т зааснаар нэхэмжлэл гаргасан гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: 2021 онд Засгийн газраас нийт иргэд, аж ахуйн нэгжийг цахилгаан эрчим хүчний төлбөрөөс чөлөөлсөн. Нэхэмжлэгч тал манай компанийг чулуу буталж, хайрга олборлодог учраас уул уурхайн компани гэж үздэг. Гэтэл 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль батлагдсан гол зорилго бол барилгын материалын олборлолтыг сайжруулж, үнийг нь тогтвортой барих, цаашлаад орон сууцны метр квадратын үнийг бууруулах байсан. Эрх зүйн зохицуулалтыг хийсэн учраас цахилгаан түгээх байгууллагууд элс хайрганы үйлдвэрлэлд хэрэглэгдсэн цахилгаан эрчим хүчний үнэ жирийн аж ахуйн нэгжийн тарифаар тооцогдоход хууль зөрчсөн үйлдэл болохгүй. Жирийн аж ахуйн нэгжийн тарифаар тооцох ёстой гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243-р зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан ************-аас 2,866,181 /хоёр сая найман зуун жаран зургаа мянга нэг зуун наян нэг/ төгрөг гаргуулж ***************-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 416,282 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67,469 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ************-аас 60,808 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Манай үйлдвэр 2017 онд үйл ажиллагаа нь зогссон байгаа тул энгийн тарифаар тооцож өгнө үү. 2020 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 300,000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 11-ний 230,300 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 158,708 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 191,300 төгрөг, нийт 880,308 төгрөгийг тус тус төлсөн нь нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн хэрэглэгчийн тайлан кассын орлогын баримтад тусгагдсан. Хэрвээ 2020 оны 02 дугаар сард 40,800 төгрөг төлснөөс хойш 3,282,768 төгрөг гарсан бол уг төлбөрөөс 880,308 төгрөгийг алдангитай хамт хасаж тооцох ёстой гэж үзэж байна гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Гэрээгээ сунгаагүй. 2020 онд 880,308 төгрөг төлсөн гэж хэлдэг боловч манайхаас хариуцагч талын бүх төлсөн төлбөрийг хасаж тооцоод гаргасан. Анхан шатны шүүхийн 270,525 төгрөгийг трансформаторын төлбөрийг илүү тооцсон байна гэж үзэж, тус төлбөрийг хасаж, үүний дүнгийн 50 хувь буюу 138,762 төгрөг, алданги нийт 416,287 төгрөгийг анхны нэхэмжлэлээс хасаж тооцсон гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

1. Нэхэмжлэгч *************** нь хариуцагч ************-д холбогдуулан

1.а. Үндсэн төлбөр 2,298,521 төгрөг

1.б. Алданги 938,946 төгрөг нийт 3,282,468.07 төгрөгийг гаргуулахаар шаардсан боловч трансформаторын алдагдал 277,525 төгрөг, түүнд ногдох алданги 138,762 төгрөг, нийт 416,287 төгрөгийг хасаж тооцон 2,866,181 төгрөгийг гаргуулахаар шаарджээ. Хариуцагч жирийн аж ахуйн нэгжийн тарифаар тооцох ёстой гэж маргажээ.

 

2. Хэргийн үйл баримт, шүүхийн шийдвэрийн үндэслэлийн талаар.

2.а. Хэрэглэгч ************ нь Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-тай 2010 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулжээ.

2.б. Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2 зааснаар хэрэглэгч нь эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх үүрэгтэй.

Хэрэглэгч ************ нь 2020 оны 02 дугаар сард 40,874.94 төгрөг төлж, үүнээс хойш төлөлт хийгээгүй. Үүнийг үгүйсгэх баримтыг хариуцагч гаргаагүй байна.

 

3. ************ нь 2021 онд Засгийн газраас нийт иргэд, аж ахуйн нэгжийг цахилгаан эрчим хүчний төлбөрөөс чөлөөлсөн, бусад аж ахуйн нэгжийн адил чөлөөлөгдөх байсан гэж маргажээ.

Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 211 дүгээр Корона вируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын үед айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагад дэмжлэг үзүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолоор айл өрхийн болон дор дурьдсанаас бусад /1.3.Уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэр/ аж ахуйн нэгж, байгууллагын цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уур хэрэглэсний төлбөр, цэвэр, бохир усны үйлчилгээний төлбөр болон энгийн хог хаягдлын хураамжийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд төрөөс хариуцан төлөх арга хэмжээ авчээ.

************ нь түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох үйл ажиллагаа эрхэлж байгаа тул цахилгаан эрчим хүчний төлбөрийг төрөөс хариуцан төлөх ангилалд хамаарахгүй талаар анхан шатны шүүхээс дүгнэснийг буруутгахгүй.

 

4. Хариуцагч нь төлбөрөөс 880,308 төгрөгийг алдангитай хамт хасаж тооцох ёстой гэсэн агуулгаар давж заалдах журмаар гомдол гаргасан.

 

5. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж заасан.

Талууд гэрээг шинэчлэн байгуулаагүй, тухайн аж ахуйн нэгж сүүлийн жилүүдэд ажиллаагүй, зогсонги байдалд орсон зэрэг тайлбарыг үндэслэн алданги болох 845,185 төгрөгийг 50 хувиар бууруулж /845,185*50%=422,592/ 422,592 төгрөг, үндсэн төлбөр 2,020,996 төгрөг, нийт /422,592+2,020,996=2,443,588/ 2,443,588 төгрөгийг хариуцагч ************-аас гаргуулж, нэхэмжлэгч ***************-д олгох нь зүйтэй.

 

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШШ2023/00444 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 2,866,181 гэснийг 2,443,588 гэж, 416,282 гэснийг 838,880 гэж,

2 дахь заалтын 60,808 гэснийг 54,050 гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60,809 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

 

Ш.ОЮУНХАНД