Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2023/01518

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2023/01518

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: ***, өөрийн байранд байрлах, *** ХХК /рд: ***/,

Хариуцагч: Б*** тоотод оршин суух, *** овогт ***-н *** /рд:*** /,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 6,481,770 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н***

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Анударь,

/Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хариуцагч С.*** аас 6,481,770 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ *** ХХК-ийн зүгээс дараах байдлаар тайлбарлав. Үүнд: Нэхэмжлэгч *** ХХК болон С.*** нарын хооронд 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн *** тоот Тийз захиалгын гэрээ байгуулагдсан. Тус гэрээний дагуу нэхэмжлэгч *** ХХК нь 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Улаанбаатар-Чэжү, 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Чэжү-Улаанбаатар чиглэлийн 2 талын шууд нислэгт хариуцагч С.*** ын тийз захиалгыг хийж гүйцэтгэх үүргийг хүлээсэн. Энэхүү үүргийн дагуу 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хариуцагчийг Чэжү арлын нислэгт хамруулан очсон боловч Аяллын зорилго тодорхойгүй гэх үндэслэлээр Бүгд Найрамдах Солонгос улс руу нэвтрүүлэхээс татгалзаж, хил дээр саатуулагдан 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн нислэгээр буцаж Монголд ирсэн. Талуудын гэрээний 3.7-д Тийз захиалагч нь БНСУ-ын хилээр нэвтрэхэд дараах шаардлагуудыг хангасан байх ёстой гээд БНСУ-д визний хугацаа хэтрүүлэн, хууль бусаар ажиллаж, амьдарч байгаагүй байх ёстой гэж заасны дагуу хэрэв 3.7-д заасан үндэслэл байгаа тохиолдолд компанид мэдэгдэх ёстой, энэхүү шаардлагыг хангаагүй тохиолдолд нислэгээр зорчих боломжгүй юм. Гэтэл хариуцагч С.*** нь нислэг үйлдэх өдрийн өмнөх шөнө буюу 8 дугаар сарын 10-ны 23 цагт нислэг үйлдэхээс 10 цагийн өмнө харлаж байсан талаар мэдээлэл өгсөн. Нэгэнт тийз бичигдсэн, маргааш өглөө нь нисэх гэж байсан тул тийзийг буцаах боломжгүй нөхцөл байдал үүссэн бөгөөд аялалын менежерийн зүгээс хилээр нэвтрүүлэхгүй байх магадлал маш өндөр талаар сануулан нислэгээр явсан боловч өмнө нь харлаж байсан, аялалын зорилго тодорхойгүй гэх үндэслэлээр хилээр нэвтэрч чадалгүй Түр саатуулах байр-нд саатуулагдсан. Түүнчлэн гэрээний 3.4, Харилцан ойлголцлын санамж бичиг-ийн 3 дугаар зүйлийн 4-ийг үндэслэн барьцаа төлбөр буцаагдахгүй байсан боловч хариуцсан аялалын менежер тухайн аялалаас эргэн ирээд аялалын дараах өдрийн амралттай байх хугацаанд компани дээр ирж Би аялалдаа яваад ирлээ. Сайхан яваад ирсэн, одоо барьцаагаа авъя гэж барьцаа төлбөрийг буцаан авсан. Хариуцагчийн 5 хоногийн туршид БНСУ-ын Гадаадын иргэн, харьяатын газарт саатуулагдахдаа гаргасан нийт зардал нь БНСУ-ын Freezone компаниас ор хоног, хоол, нэг удаагийн хэрэгслийн төлбөрт нийт 2,734,924 вон буюу 6,481,770 төгрөгийн зардал гарсныг нэхэмжилжээ. Энэхүү нэхэмжлэх нь МИАТ болон Айр Маркет Холидэй компаниар дамжуулагдан нэхэмжлэгчид 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ирсэн. Харин ойлголцлын санамж бичиг-ийн 3 дугаар зүйлийн 1-т заасныг үндэслэн БНСУ-аас ирсэн нэхэмжлэх нь тухайн хүн дээр бус явуулсан аялалын компани дээр ирдэг тул нэхэмжлэгч 6,481,770 төгрөгийн төлбөрийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төлж барагдуулсан бөгөөд гэрээний 3.4-т заасныг үндэслэн *** өөрөө хариуцах үндэслэлтэй байх тул компанид нийт 6,481,770 төгрөгийн хохирол учирсан гэж үзэх үндэслэлтэй. Нэхэмжлэгчийн зүгээс талуудын дунд байгуулагдсан Харилцан ойлголцлын санамж бичиг-ийн Хоёрдугаар зүйлийн 3, 4-т БНСУ-ын хилээр нэвтрэх асуудлыг *** хариуцах талаар, хилээр нэвтэрч чадаагүй бол хамгийн ойрын нислэг хүртэл Түр саатуулагдах байр-нд саатуулагдах талаар тусгаж, *** д танилцуулсан бөгөөд барьцаа мөнгийг авсан байх тул нэхэмжлэхийг бүрэн хэмжээгээр хариуцагчаас нэхэмжилж холбогдсон. Гэвч хариуцагчаас төлөхөөс эрс татгалзсан хариу өгсөн учир ийнхүү шүүхэд хандаж байна. Иймд Иргэний хуулийн 225.1, 225.2, 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн *** тоот Тийз захиалгын гэрээ-ний 2.8, 3.4, 3.7 дугаар зүйл, талуудын дунд байгуулагдсан Харилцан ойлголцлын санамж бичиг-ийн 2.3, 2.4, 3.2 дахь заалтыг үндэслэн 6,481,770 төгрөгийг хариуцагч С.*** аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдөр *** ХХК-ийн аялал хариуцсан менежер ***тай уулзаж БНСУ-ын Чэжү-гийн аялалд явах хүсэлт тавьсан. Надад 8 дугаар сарын 11-нд ниснэ гээд *** ХХК-ийн дансанд тийз болон барьцааны 7,925,000 төгрөг байршуулах ёстой гэж зөвлөсөн. Гэрээгээ танилцуулсан бөгөөд гэрээтэй 5-6 минут танилцаад гарын үсэг зурж 7,925,000 төгрөгөө байршуулсан. Чэжү аялах тухайгаа найз хүүхэндээ хэлтэл Солонгост визний хугацаа хэтрүүлж байсан хүнийг гаргадаггүй гэж ярьж байна. Би сандраад аялалын менежерийнхээ утас руу залгаад хүн ийм зүйл ярьлаа, би яах вэ болих уу гэж асуусан чинь тийз нэгэнт захиалагдаад бичигдсэн та гэрээгээ уншиж ойлгоогүй юм уу мөнгийг чинь буцааж олгох боломж байхгүй, та явсан яваагүй мөнгө нь олдохгүй учир та явсан нь зөв гэсэн. Ингээд 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр нисч очоод аяллын зорилго тодорхойгүй гээд Солонгос руу нэвтрэх боломжгүй хил дээр нь саатуулагдаж 4 хоноод 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Чэжү-Улаанбаатараар ирсэн. Миний аялал ямар ч үр дүнгүй очих ирэх зардал 3 сая гаруй төгрөгөөр хохирсон. 8 дугаар сарын 16-ны өдөр *** компанийн санхүүтэй уулзахад миний бичиг баримтыг үзээд 5,000,000 төгрөгийг маань олгосон. Би хөдөө гэр рүүгээ явсан бөгөөд аялалын менежер над руу утасдаад та авах ёсгүй мөнгөө авсан, та Чэжүгийн онгоцны буудлын саатуулах газарт орж зардал гаргасан түүнийгээ төл гэсэн. Би тэнд ямар ч зардал гаргаагүй, төлөхгүй гэдгээ хэлсэн. 8 дугаар сарыг дуустал 9, 10, 11, 12 дугаар сар дуустал над руу утсаар ярьж МИАТ, Айр маркет холидэй ХХК, Солонгосын Freezone компаниас төлбөр нэхээд байна гэдэг бөгөөд би энэ компаниудад ямар ч төлбөр тооцоогүй гэдгээ хэлсэн. Чамайг Чэжүгийн саатуулах байранд байхад чинь 1 цаг тутамд чинь 18,000 вон торгууль тооцогдсон гэдэг. Би тийм торгуулийн хуудас өгөөгүй гээд маргаан явсаар шүүхэд дуудагдсан. Аялалын менежерээс болон бусад компани байгууллагаас ирүүлсэн нэхэмжлэл хүсэлт нь *** ХХК-иас бусад нь миний нэртэй нэхэмжлэл хүсэлт байхгүй. Солонгосын Freezone компаниас Монголын МИАТ-д гэсэн хаягтай бичиг байна. Бичигт 2021 оны гэсэн бөгөөд би 2021 онд яваагүй, хэн байсан нь тодорхойгүй, 8 дугаар сарын 1-нээс 8 дугаар сарын 17-ны өдөр хүртэл гэсэн би 15-ны өдөр хүртэл 4 хоног байсан, мөн 8 дугаар сарын 1-нээс 11 хүртэл би байгаагүй учир надад хамааралгүй. Иймд би энэ Freezone компанийн бичгийг албан ёсны нэхэмжлэл биш хуурамч аргаар бүтээгдсэн завших, залилах аргаар хийгдсэн зохиомол хүсэлт гэж үзэж байна. Солонгосын хил дээр 4 өдөр саатуулагдахад 6,481,770 төгрөгийн хохирол Солонгос улсын нэг компанид учруулаад ирнэ гэж байхгүй. БНСУ-ын Freezone компанийн хүсэлтээр бус худлаа хуурамч, он сар өдөр зөрсөн алдаатай бичиг үндэслэн *** ХХК-иас надаас уг зардлыг нэхэмжилж байгааг тус компанийн аяллын менежер Тайванжаргалын шуналын сэдэлтэй үйл ажиллагаа гэж үзэж байна. Би энэ мөнгийг төлөх үндэслэлгүй гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: *** ХХК-ийн гэрчилгээний хуулбар /хх6, 91/, *** ХХК-ийн дүрэм /хх7-9/, итгэмжлэл /хх10/, Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл /хх11/, МИАТ компанийн нислэгийн тийз /хх12-13/, Freezone (Фрийзон) компанийн 8 дугаар сарын үйлчилгээний төлбөрийн хүсэлт, нэхэмжлэл, нутаг буцаах тушаал /хх14-16/, МИАТ компанийн нэхэмжлэх*** /хх17/, Аэр Маркет Холидэй ХХК-ийн нэхэмжлэх /хх18/, Тийз захиалгын гэрээ /хх 19-21/, Харилцан ойлголцлын санамж бичиг /хх 22/, С.*** ын гадаад паспортын хуулбар /хх 23/, *** ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаал /хх 24/, Freezone (Фрийзон) компанийн 8 дугаар сарын үйлчилгээний төлбөрийн хүсэлт, нэхэмжлэх, нутаг буцаах тушаал /хх 25-29, 59-61/, Шингхан банкны баримт /хх 62/, Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл /хх 63/, Тээвэрлэлт чиглэлийн мэдээ 2022 оны 8 дугаар сар /хх 64/, Голомт банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх56/, МИАТ компанийн нэхэмжлэх ***, *** /хх57-58/, Аэр Маркет Холидэй ХХК-ийн нэхэмжлэх /хх18/, /хх57/, Аэр Маркет Холидэй ХХК-ийн нэхэмжлэх /хх18/,

 

4. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Бичгээр гаргасан хариу тайлбар /хх35-38/,

 

5. Шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл /хх 51-55/, А.Т*** гэрчийн мэдүүлэг /хх72-73/,Б.Б*** гэрчийн мэдүүлэг /хх74-76/, 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл /хх79-85/,

 

Талуудын тайлбар болон хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэг талаас *** ХХК, нөгөө талаас С.*** нар 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдөр *** тоот Тийз захиалгын гэрээ байгуулжээ.

Дээрх гэрээний дагуу *** ХХК нь Улаанбаатар-Чэжү-Улаанбаатар чиглэлд үндэсний авиа компанийн онгоцны тийзийг захиалах, борлуулах, С.*** нь үйлчилгээг хүлээн авч, 1 хүний тийзийн төлбөр болох 2,900,000 төгрөг төлөх, 5,000,000 төгрөгийг барьцаа хэлбэрээр тус компанийн дансанд байршуулах, аялагч БНСУ-ын Чэжү аралд аялах явцдаа хувийн шалтгаанаар хөтөлбөрийг зөрчих, аяллын хугацаандаа буцаж ирээгүй, Солонгос улсад үлдсэн тохиолдолд барьцаа 5,000,000 төгрөгийг буцаан олгохгүй, компани нь барьцаа 5,000,000 төгрөгийг аялал дуусаад ажлын 3 өдөрт багтаан захиалагчид буцаан олгохоор харилцан тохиролцсон байна.

 

Нэг талаас аялал зохион байгуулагч холбогдох үйлчилгээ үзүүлэх, нөгөө талаас *** тохирсон хөлсийг төлөх үүрэг хүлээж буй хоёр талын гэрээг Иргэний хуулийн 370 дугаар зүйлийн 370.1-д тодорхойлсон бөгөөд шүүхээс нэхэмжлэгч болон хариуцагч талуудын хооронд 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн тохиролцооны дагуу Аялал жуулчлалын гэрээний харилцаа үүссэн гэж үзлээ.

 

2. 2023 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэгч *** ХХК нь хариуцагч С.*** т холбогдуулж 6,481,770 төгрөг гаргуулах шаардлагыг гарган шүүхэд хандсан.

 

3. Нэхэмжлэгч дээрх шаардлагын үндэслэлээ ...Талуудын гэрээний 3.7-д Тийз захиалагч нь БНСУ-ын хилээр нэвтрэхэд дараах шаардлагуудыг хангасан байх ёстой гээд БНСУ-д визний хугацаа хэтрүүлэн, хууль бусаар ажиллаж, амьдарч байгаагүй байх ёстой. Гэтэл хариуцагч С.*** нь нислэг үйлдэх өдрийн өмнөх шөнө буюу 8 дугаар сарын 10-ны 23 цагт нислэг үйлдэхээс 10 цагийн өмнө харлаж байсан талаар мэдээлэл өгсөн. ...өмнө нь харлаж байсан, аяллын зорилго тодорхойгүй гэх үндэслэлээр хилээр нэвтэрч чадалгүй Түр саатуулах байр-нд саатуулагдсан. Иргэний хуулийн 225.1, 225.2, 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн *** тоот Тийз захиалгын гэрээ-ний 2.8, 3.4, 3.7 дугаар зүйл, талуудын дунд байгуулагдсан Харилцан ойлголцлын санамж бичиг-ийн 2.3, 2.4, 3.2 дахь заалтыг үндэслэн 6,481,770 төгрөгийг хариуцагч С.*** аас гаргуулна гэж тайлбарласан.

 

4. Хариуцагчийн зүгээс 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдөр *** ХХК-тай Тийз захиалгын гэрээ-г байгуулж Бүгд Найрамдах Солонгос улсын Чэжү арал руу аялахаар Улаанбаатар-Чэжү-Улаанбаатар чиглэлийн МИАТ ТӨХК-ийн тийзийг захиалан хүлээн авч зорчсон болон тус улсын хил дээр Түр саатуулах байранд 4 хоног саатуулагдсан, гэрээний дагуу тийзийн төлбөрийг төлсөн талаар маргаагүй.

 

Харин өөрийн татгалзлаа ...Солонгосын хил дээр 4 өдөр саатуулагдахад 6,481,770 төгрөгийн хохирол Солонгос улсын нэг компанид учруулаад ирнэ гэж байхгүй. БНСУ-ын Freezone компанийн хүсэлтээр бус худлаа хуурамч, он сар өдөр зөрсөн алдаатай бичиг үндэслэн *** ХХК-иас надаас уг зардлыг нэхэмжилж байгаа ...Би энэ мөнгийг төлөх үндэслэлгүй гэж тайлбарлаж байна.

 

5. Дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв. Үүнд:

 

Нэхэмжлэгч нь хариуцагч С.*** ыг Бүгд Найрамдах Солонгос Улсад визний хугацаа хэтрүүлэн, хууль бусаар ажиллаж, амьдарч байгаагүй байх гэсэн гэрээний үүргээ зөрчсөний улмаас БНСУ-ын хилээр нэвтэрч чадаагүй тус улсын Түр саатуулах байранд саатуулагдсан бөгөөд энэхүү Түр саатуулах байрны зардал болох 6,481,770 төгрөгийг нэхэмжлэгчээс төлсөн учир хариуцагчаас 6,481,770 төгрөгийг гаргуулна гэж тайлбарласан.

 

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан бөгөөд энэхүү хуулийн зохицуулалтаар үүрэг гүйцэтгэгч буюу хариуцагч нь тухайн үүргийн харилцааны хүрээнд хүлээсэн үүргээ зөрчсөн байх ёстой. Тодруулбал үүргийн гүйцэтгэлд саад болох бүхий л нөхцөл байдлын хохирлыг нөхөн төлүүлэх хуулийн зохицуулалт юм.

 

Талуудын хооронд 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан *** тоот Тийз захиалгын гэрээ-ний 3.7-д Тийз захиалагч нь БНСУ-ын хилээр нэвтрэхэд дараах шаардлагуудыг хангасан байх ёстой. -БНСУ-д визний хугацаа хэтрүүлэн, хууль бусаар ажиллаж, амьдарч байгаагүй байх, -Пасспортын хугацаа 6 ба түүнээс дээш сар хүчинтэй байх, -Эрүүл мэндийн хуудас бөглөж, Q кодыг хэвлэн авч явах гэж заажээ.

 

Хариуцагч С.*** нь БНСУ-д визний хугацаа хэтрүүлэн, хууль бусаар ажиллаж, амьдарч байсан талаар маргаагүй байхаас гадна хариуцагч нь талуудын хооронд байгуулагдсан Тийз захиалгын гэрээ-ний 3.7-д БНСУ-д визний хугацаа хэтрүүлэн, хууль бусаар ажиллаж, амьдарч байгаагүй байх гэх шаардлага бүхий үүргийг зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч буюу нэхэмжлэгч нь хариуцагчаас үүрэг зөрчсөнтэй холбоотой өөрт учирсан хохирлыг шаардах эрхтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгүүдэд зааснаар хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй ба энэхүү үүргийнхээ хүрээнд гэрч асуулгах, шинжээч томилуулах, үзлэг, туршилт хийлгэх зэрэг өргөн хэмжээний эрхийг эдэлдэг.

 

Хариуцагчаас Солонгос улсын хил дээр 4 өдөр саатуулагдахад 6,481,770 төгрөгийн хохирол Солонгос улсын нэг компанид учруулах үндэслэлгүй гэсэн татгалзлаа баримтаар нотлоогүй, энэ талаар ямар нэг хүсэлтийг шүүхэд гаргаагүй болно.

 

Иймд хариуцагч С.*** нь талуудын хооронд үүссэн үүргийн харилцааны хүрээнд хүлээсэн үүргээ зөрчсөн болох нь баримтаар тогтоогдож байх тул 6,481,770 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 119,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.*** аас 118,658 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *** ХХК олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 370 дугаар зүйлийн 370.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч С.*** аас 6,481,770 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *** ХХК олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 119,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.*** аас 118,658 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *** ХХК олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасныг баримтлан шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь  гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд  шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ч.БАЯРСҮРЭН