Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2023/01340

 

 

 

"УЧ ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч М.Баясгалан, шүүгч Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2023/01518 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “УЧ ” ХХК-ийн хариуцагч Б.А-т холбогдуулан гаргасан 6,481,770 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзориг илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Намуундарь, хариуцагч Б.А-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

“УЧ ” ХХК болон Б.А-тай 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн ГАА2022/Ч-023 дугаар Тийз захиалгын гэрээг байгуулсан. Тус гэрээний дагуу “УЧ ” ХХК нь 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Улаанбаатар-Чэжү, 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Чэжү-Улаанбаатар чиглэлийн 2 талын шууд нислэгт  Б.А-ын тийз захиалгыг хийж гүйцэтгэх үүргийг хүлээсэн. Энэхүү үүргийн дагуу 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хариуцагчийг Чэжү арлын нислэгт хамруулан очсон боловч “аяллын зорилго тодорхойгүй” гэх үндэслэлээр Солонгос улс руу нэвтрүүлэхээс татгалзаж, хил дээр саатуулагдан 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн нислэгээр буцаж Монголд ирсэн. Гэрээний 3.7-д “Тийз захиалагч нь БНСУ-ын хилээр нэвтрэхэд дараах шаардлагуудыг хангасан байх ёстой гээд БНСУ-д визний хугацаа хэтрүүлэн, хууль бусаар ажиллаж, амьдарч байгаагүй байх ёстой” гэж заасан.  Хэрэв 3.7-д заасан үндэслэл байгаа тохиолдолд компанид мэдэгдэх ёстой, энэхүү шаардлагыг хангаагүй тохиолдолд нислэгээр зорчих боломжгүй юм. Гэтэл Б.А- нислэг үйлдэх өдрийн өмнөх шөнө буюу 08 дугаар сарын 10-ны 23 цагт нислэг үйлдэхээс 10 цагийн өмнө харлаж байсан талаар мэдээлэл өгсөн. Нэгэнт тийз бичигдсэн, маргааш өглөө нь нисэх гэж байсан тул тийзийг буцаах боломжгүй нөхцөл байдал үүссэн бөгөөд аялалын менежерийн зүгээс хилээр нэвтрүүлэхгүй байх магадлал маш өндөр талаар сануулан нислэгээр явсан боловч өмнө нь харлаж байсан, аялалын зорилго тодорхойгүй гэх үндэслэлээр хилээр нэвтэрч чадалгүй саатуулагдсан. Гэрээний 3.4, Харилцан ойлголцлын санамж бичгийн 3 дугаар зүйлийн 4-ийг үндэслэн барьцаа төлбөр буцаагдахгүй байсан боловч хариуцсан аялалын менежер тухайн аялалаас эргэн ирээд аялалын дараах өдрийн амралттай байх хугацаанд компанид ирж “Би аялалдаа яваад ирлээ. Сайхан яваад ирсэн, одоо барьцаагаа авъя” гэж барьцаа төлбөрийг буцаан авсан. Хариуцагчийн 5 хоногийн туршид БНСУ-ын Гадаадын иргэн, харьяатын газарт саатуулагдахдаа гаргасан нийт зардал нь БНСУ-ын Freezone компаниас ор хоног, хоол, нэг удаагийн хэрэгслийн төлбөрт нийт 2,734,924 вон буюу 6,481,770 төгрөгийн зардал гарсныг нэхэмжилсэн тул “УЧ ” ХХК төлбөрийг төлсөн. Иймд Б.А-аас 6,481,770 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Б.А- “УЧ ” ХХК-ийн аялал хариуцсан менежертэй 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр уулзаж БНСУ-ын Чэжүгийн аялалд явах хүсэлт тавьсан. 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн нислэгийн тийз болон барьцаа төлбөрт нийт 7,925,000 төгрөг төлсөн. Гэрээг 5-6 минут танилцаад гарын үсэг зуруулсан. Чэжү аялах талаар найздаа хэлэхэд “Солонгост визний хугацаа хэтрүүлж байсан хүнийг гаргадаггүй” гэж хэлэхэд аялалын менежерийнхээ утас руу залгаж энэ талаар мэдэгдэхэд “тийз нэгэнт захиалагдаад бичигдсэн та гэрээгээ уншиж ойлгоогүй юм уу мөнгийг чинь буцааж олгох боломж байхгүй, та явсан яваагүй мөнгө нь олдохгүй учир та явсан нь зөв” гэж хэлсэн. 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр “аяллын зорилго тодорхойгүй” гэж Солонгос руу нэвтрүүлээгүй саатуулагдаж 4 хоноод 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Чэжү-Улаанбаатараар ирсэн. Үр дүнгүй очих ирэх зардал 3,000,000 гаруй төгрөгөөр хохирсон. “УЧ ” ХХК-ийн санхүүгийн ажилтантай 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр уулзаж 5,000,000 төгрөгөө авсан. “МИАТ” ХК, “Айр маркет холидэй” ХХК, Солонгосын Freezone компаниас төлбөр нэхэмжилсэн талаар “УЧ ” ХХК-аас мэдэгдэхэд эдгээр компанид төлбөр тооцоогүй талаар хэлсэн. Саатуулах байранд байхад 1 цаг тутамд  18,000 вон торгууль тооцогдсон гэх боловч торгуулийн хуудас өгөөгүй. Freezone компанийн бичгийг албан ёсны нэхэмжлэл биш хуурамч гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

   3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

   3.1. Иргэний хуулийн 370 дугаар зүйлийн 370.1, 219 дүгээр зүйлийн 319.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Б.А-аас 6,481,770 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “УЧ ” ХХК-д олгож,

   3.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 119,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.А-аас 118,658 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “УЧ ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

   4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Б.А- Солонгос улсын саатуулах байранд 4 хоносон байхад 5 хоносон гэж бичсэн. Гадаад харилцааны яам тодорхой гаргаж өгч чадаагүй. Солонгос улсын саатуулах газар руу холбогдож  асуухад гадаадын иргэдээс ийм их хэмжээний мөнгө нэхдэггүй гэх хариу өгсөн. Мөн “Freezone” ХХК одоогоор байхгүй, өөр компани байна гэж хэлсэн. Саатуулах газрын ажилтаны дуу бичлэг болгон орчуулж өгөх байсан боловч өгч чадаагүй. Гадаад улсад байгаа баримтыг бүрдүүлж өгөхөд Гадаад харилцааны яам тодорхой бичиг гаргаж өгч чадаагүй байхад хувь хүн гаргаж өгч чадахгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлгүй, их хэмжээний мөнгө нэхэмжилж байгаад гомдолтой байна гэжээ.

 

   5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Хариуцагч нь 2022 оны 08 дугаар сарын 11-16-ны  өдрүүдэд саатуулагдах хугацааны зочид буудал, хоолны төлбөрийн баримт хэрэгт авагдсан. Мөн “МИАТ” ХХК-ийн гадаад тооцооны нягтлан бодогчийн мэдүүлэгт “... саатуулагдсан хүмүүсийн нэрийг дурдалгүйгээр цахим шуудан илгээсэн” талаар дурдсан. Гэхдээ тухайн цахим шууданд “Нутаг буцаах” тушаалыг хавсаргасан бөгөөд 2022 оны 08 дугаар сард 1 хүн саатуулагдсан байсан талаарх мэдүүлэг авагдсан. Мөн үзлэгээр Б.А-ыг нутаг буцаах талаар шийдвэр гаргасан тогтоогдсон. Б.А- саатуулагдахдаа 2,734,924 вон буюу 6,481,770 төгрөгийн зардлыг гаргасан. Б.А- нь саатуулагдсан атлаа 5,000,000 төгрөгөө буцаан авсан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

  1. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

  1. Нэхэмжлэгч “УЧ ” ХХК нь хариуцагч Б.А-т холбогдуулан 6,481,770 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. 

 

  1.  Хариуцагч Б.А- нь нэхэмжлэгч компанитай 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр тийз захиалгын гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь Улаанбаатар-Жэжү-Улаанбаатар чиглэлийн нислэгийн тийз захиалах, хариуцагч нь тийзний төлбөрт 2,900,000 төгрөг төлөх үүргийг хүлээж, барьцаанд 5,000,000 төгрөгийг байршуулахаар харилцан тохиролцсон байна. /хх-ийн 19-20/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 370 дугаар зүйлийн 370.1 дэх хэсэгт заасан аялал жуулчлалын гэрээний харилцаа үүссэн болохыг зөв дүгнэжээ.

 

    1. Хариуцагч нь БНСУ-ын хилээр нэвтрэн орох үед тулгарч болох анхаарах асуудлыг анхааруулах зорилгоор нэхэмжлэгч 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг хариуцагчид танилцуулж гарын үсэг зуруулж баталгаажуулсан байна. /хх-ийн 21/

 

Уг санамж бичигт “... өмнө нь хараар оршин сууж байсан зөрчилтэй тохиолдолд аялагч иргэнийг хилээр нэвтрүүлэхээс татгалзаж, хил нэвтэрт чадаагүй саатуулагдсан тохиолдолд 5,000,000-6,000,000 төгрөгийн торгууль төлөх, уг торгуулийн дүнг барьцаанд үлдээх” агуулга бүхий заалтууд тусгагдсан байна.

 

4. Хариуцагч нь 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар-Жэжү чиглэлд зорчсон боловч БНСУ-ын хилээр нэвтэрч чадалгүй, Түр саатуулах байранд 4 хоног саатуулагдаж, 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Жэжү-Улаанбаатар чиглэлийн нислэгээр буцаж ирж, нэхэмжлэгч нь хариуцагчийн барьцаанд байршуулсан 5,000,000 төгрөгийг 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Б.А-т буцаан шилжүүлсэн. /хх-ийн 11/

    

5. Нэхэмжлэгч компани хариуцагчийн өмнөөс БНСУ-ын хилээр түүний нэвтэрч чадалгүй Түр саатуулах байранд 4 хоног саатуулагдахад гарсан зардалд 6,481,770 төгрөгийг төлсөн болох нь баримтаар тогтоогдсон бөгөөд хариуцагч гэрээнд болон санамж бичигт заасан үүргээ зөрчсөний улмаас нэхэмжлэгч компанид 6,481,770 төгрөгийн хохирол учруулсан талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасанд нийцжээ.

 

  1. Хариуцагч нь нэхэмжлэгчид 6,481,770 төгрөгийн хохирол учруулаагүй гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасны дагуу баримтаар нотолж чадаагүй.

 

  1. Нөгөө талаар, нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүхээс цахим захидалд үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан баримтууд болон Фрийзон хувьцаат компанийн ирүүлсэн төлбөрийн хүсэлт, нэхэмжлэх, Чэжүгийн цагаачлалын албаны Нутаг буцаах тушаал зэрэг хуульд заасан шаардлага хангасан нотлох баримтууд хэрэгт авагдсан ба эдгээр нотлох баримтуудыг хариуцагч няцааж чадаагүй тул Солонгос улсын саатуулах газар гадаадын иргэдээс ийм их хэмжээний зардал шаардахгүй гэх агуулгатай хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.

 

  1. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2023/01518 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн зааснаар 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Б.А-ын урьдчилан төлсөн 119,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.ЭНХБАЯР

 

                                                ШҮҮГЧИД                                 М.БАЯСГАЛАН

 

                                                                                                  Н.БАТЗОРИГ