Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2023/01568

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2023/01568

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ***, өөрийн байранд оршин байх, *** ХХК /РД:***/

 

Хариуцагч: *** тоотод оршин суух *** овогт ***ын *** /рд:***/

 

Хариуцагч: *** тоотод оршин суух *** овогт ***ийн *** /рд:***/

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 13,625,456.59 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан *** тоот Барьцаат зээлийн гэрээ-ний 2.1.7 дахь заалтыг Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварыг арилгах буюу нэхэмжлэгчээс 184,500 төгрөгийг, бэлтгэн нийлүүлэгчийн 2% гэж суутгасан 369,000 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э***,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа нар оролцов.

/Хариуцагч нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй учир нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагч нарын эзгүйд хэргийг шийдвэрлэв/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хариуцагч М.*** , Х.*** нараас 13,625,456.59 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ нэхэмжлэгч дараах байдлаар тайлбарлав.

Үүнд: *** ХХК нь *** , З.*** нартай 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр №*** дугаартай зээлийн гэрээг байгуулан 18,450,000 төгрөгийг жилийн 26,40 хувийн хүүтэй, 50 сарын хугацаатай, автомашин худалдан авах зориулалтаар зээлдүүлж, зээлийг зээлдэгчийн *** тоот дансанд олгосон. Тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр №*** тоот Барьцааны гэрээг байгуулж, уг автомашиныг фидуци гэрээг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн. Зээлийн гэрээний хэрэгжилтийн явцад зээлдэгч нь зээлийн төлбөрийг хугацаандаа төлөхгүй байх зөрчлийг удаа дараа гаргаж, зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Тухайлбал: Зээлийн гэрээнд заасан Зээлийн эргэн төлөлтийн хуваарь-ийн дагуу хэсэгчилсэн хугацаанд нь төлөлгүй 340 хоног хугацаа хэтэрч зээлийн эргэн төлөлтийг зөрчсөн. Банкны зүгээс зээлдэгчтэй тухай бүр утсаар ярих, биечлэн уулзах, мэдэгдэл хүргүүлэх зэргээр зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж байгаа тухай сануулж, зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор урьдчилан мэдэгдсэн. Өнгөрсөн хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 7,224,611.20 төгрөг, үндсэн хүүнд 13,071,829.65 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 29,894.41 төгрөг, нийт 20,326,335.26 төгрөгийг тус тус төлсөн. Зээлийн гэрээ болон хуульд зааснаар гэрээг нэг талын санаачилгаар цуцлах үндэслэл бүрдсэн тул *** ХХК нь зээлдэгч М.*** , Х.*** нартай байгуулсан Зээлийн гэрээг цуцалж М.*** , Х.*** нараас үндсэн зээл 11,225,388.80 төгрөг, үндсэн хүү 2,285,224.82 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 114,842.97 төгрөг, нийт 13,625,456.59 төгрөг гаргуулах, *** 0, улсын дугаар *** , арал *** , үйлдвэрлэсэн он-2008, бор шаргал өнгийн автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

 

2. Хариуцагч нар шүүхэд тайлбар ирүүлээгүй.

 

3.Хариуцагч талаас шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Бид 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн №*** дугаартай Барьцаат зээлийн гэрээг байгуулан *** наас эд хөрөнгө худалдан авах зориулалтаар 18,450,000 төгрөгийн зээлийг сарын 2,2 хувийн хүүтэйгээр 50 сарын хугацаатайгаар авсан. Гэрээ байгуулах үед банкны зүгээс зээлийн судалгаа хийх зардалд олгосон зээлийн 1 хувийг суутгана, мөн 2 хувийн хураамж гэж авдаг гээд нийт 553,500 төгрөгийг суутгасан. Бидний хувьд банкны санал болгосон гэрээнд гарын үсэг зурж, зээл авсан учраас банкныхаа дүрэм журмын дагуу эдгээр суутгалыг хийдэг гэж ойлгосон юм. Талуудын хооронд байгуулсан Барьцаат зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт заасан стандарт нөхцөл бүхий гэрээ бөгөөд зээлийн үйлчилгээ үзүүлэх уг гэрээний төлбөрт хүү тогтоосон атлаа гэрээний 2.1.7 дахь заалтаар Шимтгэл: Зээлийн судалгаа, шинжилгээ, хяналтын зардалд зориулан нэг удаа зээлийн дүнгийн 1 хувиар тооцож шимтгэл авна гэж нэмж үйлчилгээний хураамж, шимтгэл авахаар тогтоосон нь иргэдэд хохиролтой нөхцөл гэж үзэж байна. Банкны тухай хуулиар тогтоосон тусгай шаардлага хангасан мэргэшсэн үйл ажиллагаа явуулж буй банк нь өөрийн үндсэн үйл ажиллагаа болох зээлийн судалгаа хийх, шинжилгээ хийх зэрэг зардлаа гэрээний нөгөө талаар суутган авах эрх хуулиар олгогдоогүй тул уг зардлыг зээлээс суутган авах эрхийг өөртөө олгосон Барьцаат зээлийн гэрээний 2.1.7 дахь заалт нь харилцан итгэлцэл, хууль ёсны зарчимд харшилсан буюу иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус байх заалт болно. Иймээс хүчин төгөлдөр бус заалтын үр дагаврыг арилгуулж, уг заалтын дагуу *** ны суутган авсан 184,500 төгрөгийг *** наас гаргуулж өгнө үү. *** нь мөн Барьцаат зээлийн гэрээ байгуулсан өдөр олгосон 18,450,000 төгрөгийн зээлээс бэлтгэн нийлүүлэгчийн 2% гэх утгаар 369,000 төгрөгийг шууд суутгасан. Энэ суутгалыг хийх талаар бидний хооронд байгуулсан гэрээнд ямар ч заалт байхгүй буюу ийнхүү олгосон зээлээс 2 хувийг суутгуулах үүрэг үүсээгүй гэж үзэж байна. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан бэлтгэн нийлүүлэгчийн 2% гэж суутгасан 369,000 төгрөгийг *** наас гаргуулж өгнө үү гэжээ.

 

4.Нэхэмжлэгчээс сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: *** ХХК нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйл, 200 дугаар зүйл, Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19.3, 20.2.12 дахь заалт, Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам болон харилцагчтай байгуулсан гэрээг үндэслэн зээлийн шимтгэлийг тогтоож, харилцагчаар төлүүлдэг. Өөрөөр хэлбэл хууль тогтоомжид үндэслэн харилцагчид урьдчилан танилцуулж, харилцан тохиролцсоны үндсэн дээр зээл олголт хийгдэх үед 1 удаа зээлийн үнийн дүнгийн 1 хувь хүртэл буюу дээд хэмжээ нь 3 сая төгрөг хүртэл дүнгээр шимтгэл тооцдог. М.*** нь 20,500,000 төгрөгийн автомашин худалдан авсан ба урьдчилгаа 10% буюу 2,050,000 төгрөгийг төлөөд үлдэгдэл 18,450,000 төгрөгийг *** зээлээр олгосон. Уг зээл олголтын 1 хувийн шимтгэл буюу 184,500 төгрөгийг хасаад 20,500,000 төгрөгийг автомашин худалдсан Дөлгөөний данс руу шилжүүлэх байтал хамтран ажиллах гэрээний дагуу Бэлтгэн нийлүүлэгчийн 2% буюу 369,000 төгрөгийг суутгаж 20,131,000 төгрөгийг шилжүүлсэн. Дөлгөөн нь *** тай автомашин худалдах гэрээтэй байсан. Иймд М.*** өөс бэлтгэн нийлүүлэгчийн 2 хувийн шимтгэл аваагүй болно. *** нь дээр дурдсан хууль тогтоомж, харилцагчтай байгуулсан гэрээг үндэслэн зээл олгосны шимтгэлийг харилцагчаар төлүүлсэн бөгөөд сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй юм гэжээ.

 

5. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Нэхэмжлэл /хх1/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх2/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх3/, итгэмжлэл /хх4, 5, 81/, нотариатын зардал төлсөн баримт /хх6/, барьцаат зээлийн гэрээ, хавсралт /хх7-10/, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, хавсралт /11-12/, Зээлийн дансны харилцагчийн хуулга /хх13-17/, зээлийн тооцоолол /хх18-19/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх20/, зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл /хх21/, М.*** , Х.*** нарын иргэний үнэмлэхийн хуулбар /хх22/, сөрөг нэхэмжлэлийн тайлбар /хх72/, *** тай ахуйн хэрэглээний зээлээр хамтран ажиллах гэрээ байгуулсан байгууллагуудын жагсаалт /хх73/, Харилцах дансны харилцагчийн хуулга /хх 74/,

 

6. Хариуцагч нараас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: итгэмжлэл /хх27, 83, 108/, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх40/, сөрөг нэхэмжлэл /хх59-60/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх61/, харилцах дансны харилцагчийн хуулга /хх62-65/,

 

7. Шүүхээс хариуцагчийн хүсэлтээр *** тоот харилцах дансны харилцагчийн хуулга /хх 74/, *** ны 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн *** тоот албан бичиг, хавсралт /хх119-126/, *** ны 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн *** тоот албан бичиг, хавсралт /хх135-153/,

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэг талаас *** ХХК, нөгөө талаас М.*** , Х.*** нар 2018 оны 4 дүгээр сарын 19ий өдөр №*** тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулжээ. Уг гэрээгээр хариуцагч нар нь нэхэмжлэгчээс 20,500,000 төгрөгийн эд хөрөнгө худалдан авах зориулалтаар 18,450,000 төгрөгийг 50 сарын хугацаатай, сарын 2.20 хувь, жилийн 26.40 хувийн хүүтэй зээлжээ. Мөн зээлдэгч нь үндсэн зээл, зээлийн хүүг зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацаандаа төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаандаа төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс үндсэн хүүгийн хувийг 20 хувиар нэмэгдүүлсэн хүүг тооцохоор харилцан тохирсон байна.

 

Дээрх Барьцаат зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга болгож гэрээний хавсралтаар *** 0 /*** / маркийн автомашиныг барьцаалсан байна.

 

Шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заагдсан гэрээний үүргийн харилцаа үүссэн бөгөөд зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т ...зээлийн гэрээг бичгээр хийнэ гэсэн хуулийн шаардлагад нийцсэн, хүчин төгөлдөр байна гэж дүгнэлээ.

2022 оны 8 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэгч *** ХХК нь хариуцагч М.*** , Х.*** нарт холбогдуулж 2018 оны 4 дүгээр сарын 19ий өдөр №*** тоот Барьцаат зээлийн гэрээ-ний үүрэгт үндсэн зээл 11,225,388.80 төгрөг, зээлийн хүү 2,285,224.82 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 114,842.97 төгрөг, нийт 13,625,456.59 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг гарган шүүхэд хандсан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн зүгээс талуудын хооронд 2018 оны 4 дүгээр сарын 19ий өдөр байгуулагдсан *** тоот Барьцаат зээлийн гэрээ-ний 2.1.7 дахь заалтыг Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварыг арилгах буюу нэхэмжлэгчээс 184,500 төгрөгийг, бэлтгэн нийлүүлэгчийн 2% гэж суутгасан 369,000 төгрөгийг тус тус гаргуулах сөрөг нэхэмжлэлийг гаргасан байна.

 

Шүүхээс хэрэгт цугларсан баримтуудыг зохигчийн тайлбартай харьцуулан судлаад үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгчийн зүгээс өөрийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагч нар зээлийн гэрээнд заасан Зээлийн эргэн төлөлтийн хуваарь-ийн дагуу хэсэгчилсэн хугацаанд нь төлөлгүй 340 хоног хугацаа хэтэрч зээлийн эргэн төлөлтийг зөрчсөн. Зээлийн гэрээ болон хуульд зааснаар гэрээг нэг талын санаачилгаар цуцлах үндэслэл бүрдсэн гэж тайлбарласан.

 

Гэрээг тогтвортой, талуудын итгэл, найдварыг баталгаатай байлгах зорилгоор үндэслэлгүйгээр, дуртай үедээ гэрээнээс татгалзах, гэрээг цуцлахыг хуулиар хязгаарласан байдаг.

 

Харин гэрээний талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэйг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр байх учир нэг тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд нөгөө тал гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах эрхтэй.

 

Хэргийн оролцогч шүүхэд үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй ба нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй бол хүлээн зөвшөөрсөнд тооцохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсгүүдэд заасан.

 

Нэхэмжлэгчийн ...Зээлийн гэрээнд заасан Зээлийн эргэн төлөлтийн хуваарь-ийн дагуу хэсэгчилсэн хугацаанд нь төлөлгүй 340 хоног хугацаа хэтэрч зээлийн эргэн төлөлтийг зөрчсөн. Банкны зүгээс зээлдэгчтэй тухай бүр утсаар ярих, биечлэн уулзах, мэдэгдэл хүргүүлэх зэргээр зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж байгаа тухай сануулж, зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор урьдчилан мэдэгдсэн гэх тайлбарыг хариуцагч нарын үгүйсгээгүйгээс гадна тэдний зүгээс сөрөг нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

 

Энэ нь 2018 оны 4 дүгээр сарын 19ий өдрийн *** тоот Барьцаат зээлийн гэрээний 3.2.1Үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаанд нь бүрэн төлөх үүрэгтэй, 6.2-т Дараах нөхцөл байдал үүссэн, үүсч болзошгүй болсон нь нотлогдсон тохиолдолд Банк энэхүү гэрээг хугацаанаас өмнө нэг талын санаачилгаар цуцалж болно. 6.2.1-т Зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж байгаа талаар Зээлдэгчид удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй бол гэсэн заалтуудыг зөрчсөн буюу гэрээг нэг талын санаачилгаар цуцлах нөхцөл байдлыг үүсгэсэн гэж үзэхээр байна.

 

Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, зээлийн гэрээний 5.1, 5.1.1-т зааснаар зээлдүүлэгч гэрээнээс татгалзаж, гэрээг хугацаанаас өмнө цуцлах эрхтэй ба шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд төлөх ёстой үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагчаас шаардсан нь хууль зөрчөөгүй.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч нараас 2018 оны 4 дүгээр сарын 19ий өдрийн *** тоот Барьцаат зээлийн гэрээ-ний үүрэгт үндсэн зээл 11,225,388.80 төгрөг, зээлийн хүү 2,285,224.82 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 114,842.97 төгрөг, нийт 13,625,456.59 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэх нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд нийцнэ.

 

Талуудын хооронд байгуулсан Барьцаат зээлийн гэрээнд хариуцагч нар үүрэг хуваарилах талаар тохиролцоогүй, нэхэмжлэгчийн зүгээс гэрээний үүргийг хариуцагч бүрээр тодорхойлж, нэхэмжлээгүй байх тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт зааснаар хариуцагч нарын хүлээх үүрэг нь тэнцүү байна гэж үзсэн болно.

 

Түүнчлэн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-д заасантай нийцэж байх тул барьцааны зүйлсийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс нь үүргийг гүйцэтгүүлэх үндэслэлтэй.

 

Дээр дурдсанчлан хариуцагчийн зүгээс талуудын хооронд 2018 оны 4 дүгээр сарын 19ий өдөр байгуулагдсан *** тоот Барьцаат зээлийн гэрээ-ний 2.1.7 дахь заалтыг Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварыг арилгах буюу нэхэмжлэгчээс 184,500 төгрөгийг, бэлтгэн нийлүүлэгчийн 2% гэж суутгасан 369,000 төгрөгийг тус тус гаргуулах сөрөг нэхэмжлэлийг гаргасан байна.

 

2018 оны 4 дүгээр сарын 19ий өдөр байгуулагдсан *** тоот Барьцаат зээлийн гэрээ-ний 2.1.7-д Шимтгэл: Зээлийн судалгаа, шинжилгээ, хяналтын зардалд зориулан нэг удаа зээлийн дүнгийн 1 хувиар тооцож шимтгэл авна гэжээ.

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1-д Зээлдүүлэгч нь зээлийн зориулалт, хүүгийн хэмжээ, хугацаа болон бусад нөхцөлийг тогтоон нийтэд мэдээлнэ, 2-т Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно гэж тус тус заасан.

 

Зээлдэгчээс авах шимтгэлийг зээлдүүлэгч гэрээнд нээлттэй тусгасан, хураамжийн хэмжээг талууд харилцан тохирч, шимтгэлийн хэмжээг гэрээнд тусгасан нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасныг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж шүүхээс үзлээ.

 

Иймд Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1-д заасан үндэслэлгүй буюу хариуцагчийн 2018 оны 4 дүгээр сарын 19ий өдөр байгуулагдсан *** тоот Барьцаат зээлийн гэрээ-ний 2.1.7 дахь заалтыг Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварыг арилгах буюу нэхэмжлэгчээс 184,500 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

Түүнчлэн хариуцагчаас нэхэмжлэгч нь Барьцаат зээлийн гэрээ байгуулсан өдөр олгосон 18,450,000 төгрөгийн зээлээс бэлтгэн нийлүүлэгчийн 2% гэж 369,000 төгрөгийг суутган авсан. Энэ суутгалын талаар гэрээгээр тохиролцоогүй тул зээлээс 2 хувийг суутгуулах үүрэг үүсээгүй учир Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр нэхэмжлэгчээс 369,000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

 

Хэрэгт авагдсан 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 15/770 дугаартай Хамтран ажиллах гэрээ, *** ны *** тоот дансны хуулга болон нэхэмжлэгчийн тайлбараас үзэхэд хариуцагч нь 20,500,000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг худалдан авсан байх бөгөөд нэхэмжлэгч нь бэлтгэн нийлүүлэгчийн 2% гэж 369,000 төгрөгийг хариуцагчид олгож буй зээлийн мөнгөн дүнгээс хасаагүй, харин хариуцагчийн худалдан авсан автомашиныг борлуулсан худалдагчаас суутган авсан байна. Иймд хариуцагчийн бэлтгэн нийлүүлэгчийн 2% гэж суутгасан 369,000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч М.*** , Х.*** нараас 13,625,456.59 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *** ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох *** улсын дугаартай, *** арлын дугаартай, *** /*** / маркийн, бор шаргал өнгөтэй, суудлын автомашинаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагчийн 2018 оны 4 дүгээр сарын 19ий өдөр байгуулагдсан *** тоот Барьцаат зээлийн гэрээ-ний 2.1.7 дахь заалтыг хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгах буюу нэхэмжлэгчээс 184,500 төгрөг гаргуулах, мөн Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагчийн бэлтгэн нийлүүлэгчийн 2% гэж суутгасан 369,000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 296,277 төгрөг, хариуцагч М.*** , Х.*** нараас төлсөн 19,005 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 296,277 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН