Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2023/01213

 

 

2023  06  19  210/МА2023/01213

 

 

Төрийн банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2023/01568 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Төрийн банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч М.*******, Х.******* нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 13,625,456.59 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл, гэрээний 2.1.7 дахь хүчин төгөлдөр бус заалтын үр дагаврыг арилгаж 184,500 төгрөг, бэлтгэн нийлүүлэгчийн 2 хувийн төлбөрт суутгасан 369,000 төгрөгийг тус тус гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэвнар оролцов.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрдэнэчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Төрийн банк ХХК нь М.*******, Х.******* нартай 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 18,450,000 төгрөгийг жилийн 26,4 хувийн хүүтэй, 50 сарын хугацаатай, автомашин худалдан авах зориулалтаар зээлдүүлсэн. Мөн барьцааны гэрээ байгуулж автомашиныг барьцаалсан. Зээлдэгч нар нь зээлд 7,224,611.20 төгрөг, үндсэн хүүнд 13,071,829.65 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 29,894.41 төгрөг, нийт 20,326,335.26 төгрөг төлсөн. Гэвч зээлийн төлбөрийг хугацаандаа төлөлгүй 340 хоног хугацаа хэтрүүлсэн учир хууль болон гэрээнд зааснаар гэрээг нэг талын санаачилгаар цуцлах үндэслэл бүрдсэн.

1.2. Төрийн банк ХХК нь зээлийн гэрээг цуцалж, М.*******, Х.******* нараас үндсэн зээл 11,225,388.80 төгрөг, үндсэн хүү 2,285,224.82 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 114,842.97 төгрөг, нийт 13,625,456.59 төгрөг гаргуулах, 0927 УНЦ улсын дугаартай, KJ10202228 арлын дугаартай, Ниссан Дуалис маркийн автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

 

2. Нэхэмжлэлд хариуцагч нар тайлбар гаргаагүй болно.

 

3. Хариуцагч нарын сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:

3.1. Зээлийн гэрээ байгуулах үед Төрийн банк ХХК-ийн зүгээс зээлийн судалгаа хийх зардалд зээлийн 1 хувь, мөн 2 хувийн хураамж гэж нийт 553,500 төгрөгийг суутгасан. Бид банкны санал болгосон гэрээнд гарын үсэг зурж зээл авсан ба банкны дүрэм журмын дагуу суутгал хийдэг гэж ойлгосон. Талуудын байгуулсан барьцаат зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт заасан стандарт нөхцөл бүхий гэрээ бөгөөд гэрээний төлбөрт хүү тогтоосон атлаа гэрээний 2.1.7 дахь заалтад Шимтгэл: Зээлийн судалгаа, шинжилгээ, хяналтын зардалд зориулан нэг удаа зээлийн дүнгийн 1 хувиар тооцож шимтгэл авна гэж нэмж үйлчилгээний хураамж, шимтгэл авахаар тогтоосон нь иргэдэд хохиролтой нөхцөл гэж үзэж байна.

3.2. Банкны тухай хуулиар тогтоосон тусгай шаардлага хангасан мэргэшсэн үйл ажиллагаа явуулж буй банк нь өөрийн үндсэн үйл ажиллагаа болох зээлийн судалгаа хийх, шинжилгээ хийх зэрэг зардлаа гэрээний нөгөө талаас суутган авах эрх хуулиар олгогдоогүй тул гэрээний 2.1.7 дахь заалт нь харилцан итгэлцэл, хууль ёсны зарчимд харшилсан буюу Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус байх заалт болно.

3.3. Иймээс хүчин төгөлдөр бус заалтын үр дагаврыг арилгуулж, уг заалтын дагуу суутган авсан 184,500 төгрөгийг Төрийн банк ХХК-аас гаргуулж өгнө үү. Мөн гэрээ байгуулсан өдөр зээл 18,450,000 төгрөгөөс бэлтгэн нийлүүлэгчийн 2% гэх утгаар 369,000 төгрөгийг шууд суутгасан. Энэ суутгалыг хийх талаар гэрээнд ямар ч заалт байхгүй тул зээлээс 2 хувийг суутгуулах үүрэг үүсээгүй гэж үзэж байна.

Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан бэлтгэн нийлүүлэгчийн 2% гэж суутгасан 369,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

4. Сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгчийн гаргасан татгалзал, тайлбарын агуулга:

4.1. Төрийн банк ХХК нь Иргэний хуулийн 189, 200 дугаар зүйл, Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3, 20 дугаар зүйлийн 20.2.12 дахь заалт, Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам болон харилцагчтай байгуулсан гэрээг үндэслэн зээлийн шимтгэлийг тогтоож, харилцагчаар төлүүлдэг.

М.******* нь 20,500,000 төгрөгийн автомашин худалдан авсан ба урьдчилгаа 10% буюу 2,050,000 төгрөгийг төлөөд үлдэгдэл 18,450,000 төгрөгийн зээл авсан. Ингэхдээ зээл олголтын 1 хувийн шимтгэл буюу 184,500 төгрөгийг төлсөн.

4.2. Автомашин худалдсан Э.Дөлгөөн нь банктай хамтран ажиллах гэрээтэй бөгөөд бэлтгэн нийлүүлэгчийн 2% буюу 369,000 төгрөгийг хасч 20,131,000 төгрөгийг түүний дансанд шилжүүлсэн. М.*******өөс бэлтгэн нийлүүлэгчийн 2 хувийн шимтгэл аваагүй болно.

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч М.*******, Х.******* нараас 13,625,456.59 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Төрийн банк ХХК-д олгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох 0927 УНЦ улсын дугаартай, KJ10202228 арлын дугаартай, Ниссан Дуалис /Nissan Dualis/ маркийн, бор шаргал өнгөтэй, суудлын автомашинаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагчийн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр байгуулагдсан 104400505548 тоот Барьцаат зээлийн гэрээ-ний 2.1.7 дахь заалтыг хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгах буюу нэхэмжлэгчээс 184,500 төгрөг гаргуулах, мөн Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагчийн бэлтгэн нийлүүлэгчийн 2% гэж суутгасан 369,000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 296,277 төгрөг, хариуцагч М.*******, Х.******* нараас төлсөн 19,005 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 296,277 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.

 

6. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

6.1. Гэрээний 2.1.7 дахь заалт нь иргэдэд хохиролтой, мөн харилцан итгэлцэл, хууль ёсны зарчимд харшилсан буюу Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус нөхцөл гэж үзэж байна. Банкны тухай хуулиар тогтоосон тусгай шаардлага хангасан мэргэшсэн үйл ажиллагаа явуулж буй банк нь өөрийн үндсэн үйл ажиллагаа болох зээлийн судалгаа хийх, шинжилгээ хийх зэрэг зардлаа гэрээний нөгөө талаас суутган авах эрх хуулиар олгогдоогүй тул суутган авсан 184,500 төгрөгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүх талууд хураамжийн хувь хэмжээг харилцан тохирч гэрээнд тусгасан гэж үзэж сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Банк нь бидэнтэй хураамж шимтгэлийн хувь хэмжээг харилцан тохиролцсон зүйл байхгүй, бид банкны стандарт нөхцөл бүхий гэрээнд гарын үсэг зурсан нөхцөл байдлыг шүүх огт дүгнэсэнгүй.

6.2. Мөн Төрийн банк ХХК нь 18,450,000 төгрөгийн зээлээс бэлтгэн нийлүүлэгчийн 2% гэх утгаар 369,000 төгрөгийг шууд суутгасан. Энэ суутгалыг хийх талаар бидний хооронд байгуулсан гэрээнд ямар ч заалт байхгүй буюу ийнхүү олгосон зээлээс 2%-ийг суутгуулах үүрэг үүсээгүй бөгөөд банк хууль, гэрээний дагуу хийсэн болохоо зохих баримтаар нотолж чадаагүй.

Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан бэлтгэн нийлүүлэгчийн 2% гэж суутгасан 369,000 төгрөгийг Төрийн банк ХХК-аас гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байсан боловч анхан шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүйд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

7.1. Зээл олголтын 1 хувийн шимтгэлийг үйлчилгээний хүү, шимтгэлийн ерөнхий нөхцөлд заасны дагуу зээл хүсэгчид урьдчилан танилцуулж, харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээ байгуулан авсан.

7.2. Бараа худалдан борлуулагч Э.Дөлгөөнтэй хийсэн хамтран ажиллах гэрээний дагуух 2 хувийн шимтгэл нь зээлдэгчид хамааралгүй, зээлдэгч төлөөгүй учир гомдол үндэслэлгүй гэжээ. 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянаад, гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Төрийн банк ХХК нь хариуцагч М.*******, Х.******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 13,625,456.59 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар тайлбар гаргаж мэтгэлцээгүй боловч гэрээний 2.1.7 дахь хүчин төгөлдөр бус заалтын үр дагаврыг арилгаж 184,500 төгрөг, бэлтгэн нийлүүлэгчийн 2 хувийн төлбөрт суутгасан 369,000 төгрөгийг тус тус гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

3.1. Зохигчдын хооронд 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулагдаж, зээлдүүлэгч Төрийн банк ХХК нь 18,450,000 төгрөгийг жилийн 26.4 хувийн хүүтэй, 50 сарын хугацаатай, автомашин худалдан авах зориулалтаар зээлдүүлэх, зээлдэгч М.*******, Х.******* нар хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсоныг анхан шатны шүүх зөв тогтоож, талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ байгуулагдсан талаар зөв дүгнэсэн байна.

Мөн хүүний талаарх тохиролцоо Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт нийцжээ.

3.2. Гэрээний 2.1.5-д зээл, хүүг хуваарьт хугацаандаа төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн зээлийн хүүгийн 20 хувиар тооцсон нэмэгдүүлсэн хүүг тооцохоор тохирсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт нийцсэн байна.

3.3. Хариуцагч нар нь гэрээний 2.1.7 дахь Шимтгэл: Зээлийн судалгаа, шинжилгээ, хяналтын зардалд зориулан нэг удаа зээлийн дүнгийн 1 хувиар тооцож шимтгэл авна гэсэн заалтыг Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт зааснаар харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, зээлдэгчид хохиролтой хүчин төгөлдөр бус нөхцөл гэж маргасан.

Зохигчийн зээлийн гэрээ байгуулагдах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 1995 оны Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгч нь зээлийн зориулалт, хүүгийн хэмжээ, хугацаа болон бусад нөхцөлийг тогтоон нийтэд мэдээлэх ба Монголбанкны ерөнхийлөгчийн 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/236 дугаар тушаалаар батлагдсан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн ил тод байдлын журамд банкны үйл ажиллагааны зардалд хамаарах шимтгэлийн талаар заасан байна.

Иймээс зээлийн шимтгэл тогтоохыг хуулиар хориглоогүй, талууд гэрээндээ шимтгэл тооцохоор тохирсон нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсгийг зөрчөөгүй тул уг нөхцөлийг хүчин төгөлдөр гэж дүгнэх үндэстэй.

Зохигчдын байгуулсан зээлийн гэрээ бүхэлдээ хүчин төгөлдөр байна.

 

4. Нэхэмжлэгчээс 18,450,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн, хариуцагч нараас зээлд 7,224,611.20 төгрөг, үндсэн хүүнд 13,071,829.65 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 29,894.41 төгрөг, нийт 20,326,335.26 төгрөг төлсөн, мөн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш зээлийн төлбөр төлөөгүй талаарх зээлийн дансны хуулга, тооцооллыг зохигч маргаагүй.

Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн мэдэгдэлд зээлийн гэрээний хугацаа 249 хоногоор хэтэрсэн, хуримтлагдсан өр төлбөр 5,378,000 төгрөгийг 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулахыг хариуцагч нарт мэдэгдсэн байх ба нэхэмжлэгч зээлийн гэрээг цуцлах эрхтэй талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт нийцжээ.

 

5. Анхан шатны шүүх хариуцагч нараас зээлийн үлдэгдэл 11,225,388.80 төгрөг, хуримтлагдсан хүү 2,285,224.82 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 114,842.97 төгрөг, нийт 13,625,456.59 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасантай нийцсэн ба ийнхүү шийдвэрлэсэнд хариуцагч тал гомдол гаргаагүй.

 

6. Дээрх гэрээгээр талууд 0927 УНЦ улсын дугаартай, KJ10202228 арлын дугаартай, Ниссан Дуалис маркийн автомашинаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт нийцсэн, барьцааны гэрээ хүчин төгөлдөр байна.

Шаардах эрх үүссэн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангах журамтай тул анхан шатны шүүх барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь зөв байна.

Харин барьцааны зүйл нь хөдлөх эд хөрөнгөд хамаарч байхад шүүх Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримталсан нь алдаатай болсныг давж заалдах шатны шүүхээс залруулах нь зүйтэй.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1 дэх хэсэгт зааснаар барьцааны зүйлийг худалдахыг шаардах эрхтэй.

 

7. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд дурдсан гэрээний 2.1.7 дахь заалтыг хүчин төгөлдөр гэж дүгнэсэн тул уг заалтыг үндэслэн шимтгэлд төлсөн 184,500 төгрөгийг хариуцагч буцаан шаардах эрхгүй. Иймээс шүүх сөрөг нэхэмжлэлийн энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, холбогдох гомдлыг хангах боломжгүй.

Харин нэхэмжлэгч нь бэлтгэн нийлүүлэгчийн 2 хувийн төлбөрт 369,000 төгрөг хариуцагчаас суутгасан эсэх талаарх нотлох баримтыг шүүх зөв дүгнээгүй байна.

7.1. Хариуцагч М.*******ийн 104400505315 тоот дансанд 2018 оны 04 дүгээр сарын 18-20-ны өдөр М.*******өөс 2,050,000 төгрөг, 186,000 төгрөг болон зээл 18,450,000 төгрөгийн орлого хийгдсэнээс зээл олголтын шимтгэл 1% 184,500 төгрөг, бэлтгэн нийлүүлэгчийн 2% 369,000 төгрөг, машины үнэ 20,131,000 төгрөгийн зарлага тус тус хийгджээ.

Дээрх орлого, зарлагын гүйлгээг харьцуулан дүгнэхэд, дансан дахь мөнгөн хөрөнгөөс бэлтгэн нийлүүлэгчийн 2% гэх утгаар 369,000 төгрөгийг шилжүүлсэн байна.

7.2. Нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан Э.Дөлгөөнтэй байгуулсан 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хамтран ажиллах гэрээг шүүхэд нотлох баримтаар гаргасан ба уг гэрээний 2.7.1 дэх хэсэгт банк худалдагчаас ирсэн нэхэмжлэхийг үндэслэн олгосон зээлийн дүнгээс худалдагчийн дансанд 2.8-т заасан шимтгэлийг суутган үлдсэн дүнг шилжүүлэх, 2.8 дахь хэсэгт банк худалдагчаас борлуулсан бараа тус бүрийн олгосон зээлийн дүнгээс 2 хувийн шимтгэл нэг удаа авах нөхцөлийг тусгажээ.

7.3. Нэхэмжлэгч банк нь гуравдагч этгээдтэй хийсэн тохиролцоогоор зээлдэгчид олгож буй зээлээсээ 2 хувийг (18,450,000*2%=369,000) суутган авсан байх ба тухайн хамтран ажиллах гэрээнд зээлдэгч оролцоогүй, зээлийн гэрээнд ийм агуулга бүхий тохиролцоо тусгагдаагүй тул уг дүнгээр зээлдэгчид зээл бодитой олгогдсон гэж дүгнэх боломжгүй.

Иймд хариуцагч нар нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар бэлтгэн нийлүүлэгчийн 2% гэх үндэслэлээр суутгасан 369,000 төгрөгийг нэхэмжлэгчээс буцаан шаардах эрхтэй. Энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.

 

8. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлээс 369,000 төгрөгт холбогдох хэсгийг хангасан, мөн үүнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилсан өөрчлөлт тус тус оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2023/01568 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

2 дахь заалтын Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 ... гэснийг Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1 гэж,

3 дахь заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Төрийн банк ХХК-аас 369,000 төгрөг гаргуулан хариуцагч М.*******, Х.******* нарт олгож, сөрөг нэхэмжлэлээс 184,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

4 дэх заалтын ...хариуцагчаас 296,277 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай гэснийг хариуцагч М.*******, Х.******* нараас 296,277 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Төрийн банк ХХК-д, нэхэмжлэгч Төрийн банк ХХК-аас 11,720 төгрөг гаргуулан хариуцагч М.*******, Х.******* нарт тус тус олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч М.*******өөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,005 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 

Д.ЗОЛЗАЯА