Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2023/01599

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: *** тоотод оршин суух, *** овогт ***ийн *** /рд:***/

Хариуцагч: **** тоотод оршин суух, ***овогт *** гийн *** /рд:***/

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээнд зохих бүртгэл хийхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогч:

нэхэмжлэгч М.*** ,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б***,

Хариуцагч Б.*** ,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Анударь нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хариуцагч Б.*** т холбогдуулан хувийн сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээнд зохих бүртгэл хийхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгч М.*** гийн зүгээс дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

Миний бие нөхөр Б.*** тэй 2015 онд танилцаж улмаар бид 2015 оны 11 дүгээр сараас эхлэн хамт амьдарч эхэлсэн. Бид хамтын амьдралын хугацаандаа хадам ээж болох Б.*** ийн хашаанд гэр барьж амьдарч байсан. 2018 оны 8 дугаар сард нөхөр Б.*** болон хадам ээж Б.*** нартай хадам ээжийн өмчлөлийн газар дээр байшин барихаар ярилцаж, хадам ээж Б.*** нь тухайн үед өөрийн газар дээр байшин барихыг зөвшөөрч тус хашаанд байшин барихаар болсон. Нэхэмжлэгч би өөрийн төрсөн эцэг болох Молдоогийн тэтгэврийн зээл, *** ББСБ-д хашааны газар барьцаалсан зээл, тухайн үед ажил эрхэлж байсан цалингийн орлого болон төрсөн ээж Б-с мөнгө зээлсэн зэргээр барилгын материал худалдан авч 1 давхар амины орон сууц барьсан байдаг. Тухайн амины орон сууцыг 2018 оны 9 дүгээр сараас 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд барьж ашиглалтад оруулсан бөгөөд өмчлөх эрхийн гэрчилгээ авах болоход хадам ээж болох Б.*** нь хүндээр өвдсөн учир тухайн үед миний бие байшингийн өмчлөгчөөр бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээг улсын бүртгэлийн байгууллагаас авч чадаагүй. Нөхөр Б.*** нь гэр бүлээс гадуурх харилцаатай болсны улмаас бид 2021 оны 12 дугаар сараас эхлэн тус тусдаа амьдарч эхэлсэн. Тухайн цаг хугацаанаас хойш хадам ээж болох Б.*** нь надтай утсаар холбогдож байшингийн чинь өмчлөх эрхийн гэрчилгээг би өөрийн нэр дээр гаргуулж авна гэхээр би чадахгүй гэсэн чинь тэгвэл байшингаа нураагаад миний газрыг чөлөөлж өг гэсэн шаардлага тавих болсон. Дээрх маргаан бүхий байшингийн өмчлөлийн асуудлаа хадам ээж Б.*** тэй эвийн журмаар шийдвэрлэх боломжгүй гэж үзэн 2022 оны 10 дугаар сард тус шүүхэд хандаж байшингийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргахад шаардагдах бичиг баримтыг нэхэмжлэгч М.*** д гаргаж өгөхийг хариуцагч Б.*** д даалгаж өгнө үү гэж нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч Б.*** нь маргаан бүхий хувийн сууцны өмчлөх эрхийн бүртгэлийн гэрчилгээг өөрийн нэр дээр шинээр гаргуулсан байна. Иймд үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй *** тоот хаягт байршилтай 48 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр нэхэмжлэгч М.*** г тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээнд зохих өөрчлөлт оруулсан бүртгэлийг хийхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэгч М.*** нь миний хүү Б.*** тэй 2015 оны 11 дүгээр сараас хамтран амьдарч байсан, дундаасаа нэг хүүтэй. Үүнээс хойш хүү *** нь 2018 оны 8 дугаар сард байшин барих шийдвэр гаргаж би эх хүний хувьд хүүдээ зөвшөөрсөн нь үнэн. Нэхэмжлэгч талын ярьж байгаа газар барьцаалсан гэдэг нь ор үндэсгүй. Байшин барихад миний хүүгийн хүч хөдөлмөр, мөн миний газар өмчлөлийн гэрчилгээг *** ББСБ-д барьцаалан зээл авч, уг зээлийг хүү *** төлж байсан. Тухайн үед миний хүү *** нь карт эзэмшиж, данс ашигладаггүй байсан бөгөөд өөрийн бүх цалин болон нэмэлт орлогоо нэхэмжлэгчийн данс руу шилжүүлж байсан. Хүүгээ бодож Приус 30 машин, гэрийн бүх тавилгаа өгч явуулсан. Миний эгчийн нийгмийн даатгалаар авч өгсөн буйдан сервантийг хүртэл авч явсан. Миний хүүтэй эд хөрөнгийн маргаан үүсгээд 16 сая төгрөг нэхэж шүүхэд өгсөн ч шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож хүүхдийн тэтгэлэг тогтоосон. Тухайн үед миний эгч ... нь нэхэмжлэгчид хавар чамд ах дүүгийн тусламж аваад 10 сая төгрөг өгье гэхэд хэнд ч хэрэггүй болгож буулгана гэж буулгуулсан. Ингээд 4 ханыг нь үлдээгээд гарахдаа ханын обой хүртэл хуулаад ханан пийшин хүртэл аваад явсан. Ах дүү нараасаа тусламж авч дулаалга муутай байшингаа босгож авсан. Миний хүү *** нь салсан хугацаандаа нэхэмжлэгчийн данс руу 2021 оны 8 дугаар сараас 2022 оны 6 дугаар сар хүртэл нийт 13,600,000 төгрөг шилжүүлж өгсөн. Харин одоо буулгуулж үлдсэн байшингаа арай хийж буцааж босгочихоод яасан гэж огт хамаагүй хүнтэй хамтран эзэмших гэж. Иймд нэхэмжлэгч талын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн Үүнд: нэхэмжлэл /хх 1-2/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 4/, Баянгол дүүргийн *** хорооны Засаг даргын тодорхойлолт /хх 5/, Хаан банкны *** тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 7-15, 25-39/, фото зураг /хх 16-20/, итгэмжлэл /хх 57/, нэхэмжлэлийн шаардлага өөрчлөх тухай /хх 106-107/, Төрийн банкны *** тоот зээлийн дансны харилцагчийн хуулга /хх 108/, Голомт банкны ... тоот зээлийн дансны хуулга /хх 109/, *** ББСБ-ын зээлийн дансны хуулга /хх 110/, Голомт банкны *** тоот дансны хуулга /хх 112-113, 122-123/, Инвескор ББСБ ХК-ийн Зээлийн гэрээ, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Барьцааны гэрээ, хавсралт /хх 114-121/,

 

4. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: хариу тайлбар /хх 45-48/, итгэмжлэл /хх 49/, фото зураг /хх 50-56/,

 

5. Дараах баримтуудыг шүүхийн журмаар бүрдүүлсэн. Үүнд: нэхэмжлэгчийн хүсэлтээр 2023 оны 2 дугаар сарын 14-ний өдөр *** тоот хаягт байрлах хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөнд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 70-83/, 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгчээс хэрэгт хавсарган өгсөн СиДи бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 84-85/, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 5/2373 тоот албан бичиг, хавсралт /хх 96-104/,

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч М.*** хариуцагч Б.*** т холбогдуулж,*** тоот хаягт байршилтай 48 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргахад шаардагдах бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус хувийн сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох, зохих бүртгэл хийхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн.

Тэрбээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2018 оны 8 дугаар сард нөхөр Б.*** болон хадам ээж Б.*** нартай хадам ээжийн өмчлөлийн газар дээр байшин барихаар ярилцаж, хадам ээж Б.*** нь тухайн үед өөрийн газар дээр байшин барихыг зөвшөөрч тус хашаанд байшин барихаар болсон. Нэхэмжлэгч би өөрийн төрсөн эцэг болох ***-ийн тэтгэврийн зээл, *** ББСБ-д хашааны газар барьцаалсан зээл, тухайн үед ажил эрхэлж байсан цалингийн орлого болон төрсөн ээж ***-гаас мөнгө зээлсэн зэргээр барилгын материал худалдан авч 1 давхар амины орон сууц барьсан гэж тайлбарласан.

3. Хариуцагч нэхэмжлэлийг ...Байшин барихад миний хүүгийн хүч хөдөлмөр, мөн миний газар өмчлөлийн гэрчилгээг *** ББСБ-д барьцаалан зээл авч, уг зээлийг хүү *** төлж байсан. Тухайн үед миний хүү *** нь карт эзэмшиж, данс ашигладаггүй байсан бөгөөд өөрийн бүх цалин болон нэмэлт орлогоо нэхэмжлэгчийн данс руу шилжүүлж байсан гэсэн агуулгаар үгүйсгэсэн.

4. Зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 Нэхэмжлэгч М.*** болон хариуцагч Б.*** ийн хүү болох Б.*** нар 2015 оны 11 дүгээр сараас хамтран амьдарч дундаасаа нэг хүүтэй болсон, улмаар 2021 оны 12 дугаар сараас тусдаа амьдарсан болох нь зохигчийн тайлбараар тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй.

Харин нэхэмжлэгч ...дээр дурдсан хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчийн хүүтэй хамтран амьдрах хугацаанд бий болсон тул хамтран өмчлөх эрхтэй гэж, хариуцагч ...М.*** гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө авчихсан, маргаан бүхий хувийн сууцыг буулгаж орхисон бөгөөд дахин өөрсдөө босгосон гэсэн агуулгаар маргажээ.

Хэдийгээр гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн болохыг Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэг заасан боловч М.*** , Б.*** нар гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагадаа дурдсан хувийн сууц бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид хамаарахгүй байна.

Хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болохыг Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт зохицуулжээ.

 Хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн Ерөнхий газраас ирүүлсэн 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн ***  тоот албан бичгийн хавсралтаас үзэхэд хариуцагч Б.*** нь маргаан бүхий хувийн сууцны өмчлөгчөөр бүртгүүлэхээр 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүсэлт гаргаж, улмаар 2023 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр эрхийн улсын *** дугаарт бүртгэж, *** тоот хаягт байршилтай 48 м.кв талбайтай, хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчийн гэрчилгээг Б.*** т олгосон болох нь Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай гэрчилгээ, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, Б.*** ийн хүсэлт, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай гэрчилгээ, газрын кадастрын зураг, гэр хорооллын газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2 дахь хэсэгт зааснаар маргаан бүхий хувийн сууц нь байнгын зориулалттай баригдсан байшин учир газрын бүрдэл хэсэг болно. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.5 дахь хэсэгт зааснаар газар өмчлөх эрх нь газрын бүрдэл хэсэг болох байшинд бас хамаарна. Маргаан бүхий хувийн сууц баригдсан газар нь хариуцагч Б.*** ийн хууль ёсны өмчлөлийн газар байх бөгөөд 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр эрхийн улсын *** дугаарт бүртгэж, ***оот хаягт байршилтай, нэгж талбарын *** дугаартай, 311 м2 талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөгчийн гэрчилгээг Б.*** т олгожээ. Иймээс Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.5, 119 дүгээр зүйлийн 119.1 дэх хэсэгт зааснаар маргаан бүхий хувийн сууц нь газраа дагаж газар өмчлөгч Б.*** ийн өмчлөлд бүртгэгдсэн байна.

 Гэвч нэхэмжлэлд дурдагдсан маргаан бүхий хувийн сууц болох үл хөдлөх эд хөрөнгийг М.*** хуулийн үндсэн дээр хамтран өмчлөх эрхтэй гэж үзэх, мөн хөрөнгийг бий болгоход хөрөнгө оруулсан нөхцөл байдал хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдож байна.

 Тодруулбал, нэхэмжлэгч болон хариуцагчийн төрсөн хүү Б.*** нар хамтын амьдралтай байх үед *** тоот хаягт байршилтай 48 м.кв талбайтай, хувийн сууц нь хариуцагч Б.*** ийн өмчлөлийн газар дээр шинээр баригдсан байна. Энэ нь нэхэмжлэгчийн ...2018 оны 9 сараас 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд барьж ашиглалтад оруулсан гэх, хариуцагчийн ...2018 оны 8 дугаар сард байшин барих шийдвэр гаргаж гэх тайлбаруудаар нотлогдож байна.

Нэхэмжлэгчээс маргаан бүхий хувийн сууцыг барихад өөрийн мөнгөн хөрөнгөө оруулсан болохоо нотлох үүднээс өөрийн Хаан банкны *** тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, мөн өөрийн эцэг ***-н Төрийн банкны *** тоот зээлийн дансны харилцагчийн хуулгыг шүүхэд гарган өгчээ. Дээрх нэхэмжлэгчийн дансны хуулгаас үзэхэд нэхэмжлэгч нь 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдөр 2,970,000 төгрөг, 10 дугаар сарын 17-ны өдөр 1,980,000 төгрөгийг *** зээл гэсэн гүйлгээний утгатайгаар *** ББСБ-аас хүлээн авсан байна. Мөн нэхэмжлэгчийн эцэг М-н Төрийн банкны *** тоот зээлийн дансны харилцагчийн хуулгаас үзэхэд уг зээлийн дансны үлдэгдэл 2019 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар 7,253,222.09 төгрөг байна. Хариуцагчаас маргаан бүхий хувийн сууцыг барихад *** ББСБ-аас зээл авсан, мөн нэхэмжлэгчийн эцэг ***-гоор тэтгэврийн зээл авхуулсан талаар маргаагүй.

Хариуцагчаас ...*** ББСБ-д барьцаалан зээл авч, уг зээлийг хүү *** төлж байсан. ...өөрийн бүх цалин болон нэмэлт орлогоо нэхэмжлэгчийн данс руу шилжүүлж байсан гэх татгалзлаа нотлох үүднээс хариуцагчийн хүү болох Б.*** ий Хаан банкны *** тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг баримтаар гарган өгсөн боловч дээрх дансны хуулгаас үзэхэд 2021 оны 8 дугаар сарын 20-ноос 2022 оны 1 дүгээр сарын 31-ний хугацааны орлого, зарлагын гүйлгээ байх бөгөөд уг хуулгаар *** ББСБ-ын зээл болон нэхэмжлэгчийн эцгийн авсан тэтгэврийн зээлийн эргэн төлөлтийг хийж байсан болох нь тогтоогдохгүй байна. Харин маргаан бүхий хувийн сууц баригдах үед хариуцагч Б.*** нь өөрийн Хаан банкны *** тоот данснаас 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 360,000 төгрөгийг нэхэмжлэгчийн Хаан банкны *** тоот дансанд шилжүүлэн өгсөн болох нь нэхэмжлэгчийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдож байна.

 

Иймд нэхэмжлэгч болон хариуцагч нарыг маргааны зүйл болсон уг хувийн сууцны хамтран өмчлөгч гэж үзэх нь Иргэний хуулийн 119, 108 дугаар зүйлүүдийг зөрчихгүй юм.

Маргаан зүйл болсон хувийн сууцыг анх баригдах үед нэхэмжлэгчийн хөрөнгө оруулсан оролцоог үндэслэж Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.*** г *** тоот хаягт байршилтай 48 м.кв талбайтай, хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт заасныг баримтлан *** тоот хаягт байршилтай 48 м.кв талбайтай, хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр нэхэмжлэгч М.*** г тогтоож, зохих бүртгэл хийхийг Улсын бүртгэлийн Ерөнхий газарт даалгасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.*** д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН