Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2023/01236

 

 

 

М.Ц-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Д.Нямбазар, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2023/01599 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М.Ц-гийн хариуцагч Б.Б-д холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээнд зохих бүртгэл хийхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч Б.Б-, хариуцагчийн өмгөөлөгч Ш.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: 2015 оны 11 дүгээр сараас эхлэн нөхөр Б.Б- бид хоёр хадам эх болох Б.Б-ийн хашаанд гэр барьж амьдарч байсан. 2018 оны 08 дугаар сард уг газар дээр байшин барихаар ярилцаж, хадам эх Б.Б-ийн зөвшөөрснөөр байшин барихаар болсон. Тухайн үед эцэг н.Молдоогийн тэтгэврийн зээл, “Т- ББСБ” ХХК-д хашааны газар барьцаалсан зээл болон цалин орлого, эх н.Бүзмаагаас мөнгө зээлсэн зэргээр барилгын материал худалдан авч 1 давхар амины орон сууцыг 2018 оны 09 дүгээр сараас 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд барьж ашиглалтад оруулсан. Дээрх үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ авахад хадам эх болох Б.Б- нь хүндээр өвдсөн учир тухайн үед миний бие байшингийн өмчлөгчөөр бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээг улсын бүртгэлийн байгууллагаас авч чадаагүй. Харин нөхөр Б.Б- нь гэр бүлээс гадуурх харилцаатай болсны улмаас бид 2021 оны 12 дугаар сараас эхлэн тус тусдаа амьдарч эхэлсэн. Тухайн цаг хугацаанаас хойш хадам эх болох Б.Б- нь надтай утсаар холбогдож “...байшингийн өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулж авна гэхээр би чадахгүй гэсэн чинь тэгвэл байшингаа нураагаад миний газрыг чөлөөлж өг” гэсэн. Иймээс эвлэрэх боломжгүй байх тул байшингийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргахад шаардагдах бичиг баримтыг нэхэмжлэгч М.Ц-д гаргаж өгөхийг хариуцагч Б.Б-д даалгаж өгнө үү гэж нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч Б.Б- нь маргаан бүхий хувийн сууцны өмчлөх эрхийн бүртгэлийн гэрчилгээг өөрийн нэр дээр шинээр гаргуулсан байна. Иймд үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-2205083064 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Хувьсгалчдын Д-3 гудамж, 99 тоот хаягт байршилтай 48 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр нэхэмжлэгч М.Ц-г тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээнд зохих өөрчлөлт оруулсан бүртгэлийг хийхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгаж өгнө үү гэжээ.

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгч М.Ц- нь миний хүү Б.Б-тэй 2015 оны 11 дүгээр сараас хамтран амьдарч байсан. Б.Б- нь 2018 оны 08 дугаар сард байшин барих шийдвэр гаргаж би эх хүний хувьд хүүдээ зөвшөөрсөн нь үнэн. Нэхэмжлэгч талын газар барьцаалсан гэсэн нь үндэслэлгүй. Байшин барихад миний хүүгийн хүч хөдөлмөр, мөн миний газар өмчлөлийн гэрчилгээг “Т- ББСБ” ХХК-д барьцаалан зээл авч, уг зээлийг хүү Б.Б- төлж байсан. Тухайн үед миний хүү Б.Б- нь карт эзэмшиж, данс ашигладаггүй байсан бөгөөд өөрийн бүх цалин болон нэмэлт орлогоо нэхэмжлэгчийн данс руу шилжүүлж байсан. Хүүгээ бодож приус 30 машин, гэрийн бүх тавилгаа өгч явуулсан. Мөн хүүтэй эд хөрөнгийн маргаан үүсгээд 16,000,000 төгрөг нэхэмжилсэн боловч шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож хүүхдийн тэтгэлэг тогтоосон. 10,000,000 төгрөг өгье гэсэн боловч зөвшөөрөөгүй буулгуулсан. Ингээд 4 ханыг нь үлдээгээд гарахдаа ханын обой хүртэл хуулаад ханан пийшин хүртэл аваад явсан. Ах, дүү нараасаа тусламж авч дулаалга муутай байшингаа босгож авсан. Миний хүү Б.Б- нь салсан хугацаандаа нэхэмжлэгчийн данс руу 2021 оны 08 дугаар сараас 2022 оны 06 дугаар сар хүртэл нийт 13,600,000 төгрөг шилжүүлж өгсөн. Харин одоо буулгуулж үлдсэн байшингаа арай хийж буцааж босгочихоод яасан гэж огт хамаагүй хүнтэй хамтран эзэмших гэж байгааг зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэгч талын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, Хувьсгалчдын д-3 гудамж 99 тоот хаягт байршилтай 48 м.кв талбайтай, хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр нэхэмжлэгч М.Ц-г тогтоож, зохих бүртгэл хийхийг Улсын бүртгэлийн Ерөнхий газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Ц-д олгож шийдвэрлэжээ.

4.Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шүүхийн өмнө эрх тэгш байх зарчим алдагдсан шүүх хурал болоход хариуцагч намайг үг хэлүүлэхгүй тасдаад нэхэмжлэгчийг ярих бололцоогоор хангадаг. Шүүх дүгнэхдээ эцэг н.Молдойнгоор тэтгэврийн зээл авхуулсан талаар маргадаггүй гэж дүгнэсэн боловч эх н.Бүзмаагаас мөнгө зээлж барилгын материал авсан гэх боловч энэ талаар шүүх ямар нэгэн дүгнэлт хийгээгүй. Хүү Б.Б- банкны данс эзэмшдэггүй байсан учир бэр М.Ц-гийн 5017225545 тоот данс руу Б.Б- цалингаасаа гадуур олсон мөнгөө шилжүүлдэг байсныг гаргуулж, хэрэгт хавсаргахгүй хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан гэж үзэж байна. Б.Б-, М.Ц- нар гэр бүлийн баталгаагүй учир миний хүүгийн байшин барих зорилгоор ажлаас гадуур хөдөлмөрлөж олсон мөнгийг шүүх гаргуулж нэг мөр шийдээгүйд гомдолтой байна. М.Ц- миний хүү Б.Б- хамтран амьдрахаа болсон тул одоо бидэнд хамааралгүй хүн буулгаж авна гэж нурааж хаясан байшингийн өмчлөгч болчихоор магадгүй бидний хооронд том маргааны цаашлаад гэмт хэрэг гарах ч болзошгүй нөхцөл байдлыг шүүх бий болгоод өгсөнд харамсаж байна. Үүнээс урьдчилан сэргийлэх арга бол М.Ц-гийн гаргасан гэх мөнгийг биднээс гаргуулж шийдвэрлэх арга зам байна. Хүү, бидний оруулсан мөнгө хөлс хөдөлмөр огт үнэлэгдээгүйд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

5.Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

2.Нэхэмжлэгч М.Ц- нь хариуцагч Б.Б-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох, зохих бүртгэл хийхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв тогтоож, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.  

3.а.Нэхэмжлэгч М.Ц- нь хариуцагч Б.Б-ийн хүү Б.Б-тэй 2015 оны 11 дүгээр сараас хамтран амьдарч байгаад хувийн таарамжгүй харилцааны улмаас 2021 оны 12 дугаар сараас эхлэн тусдаа амьдарсан үйл баримтын талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ. Тэрээр нэхэмжлэгч М.Ц- нь “Б.Б-тэй хамтран амьдрах хугацаандаа хадам ээж буюу хариуцагч Б.Б-ийн өмчлөлийн газар дээр хувийн сууц барихад хөрөнгө оруулсан” гэх үндэслэлээр маргаан бүхий 99 тоот хувийн сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасан.

 

3.б.Баянгол дүүрэг, 11-р хороо, хувьсгалчдын д-3 гудамж, 99 тоот хаягт байршилтай, 48 м.кв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205083064 дугаарт бүртгэлтэй хувийн сууцны өмчлөгчөөр хариуцагч Б.Б- 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр бүртгэгдсэн болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогджээ. /хх-ийн 134-р тал/

 

3.в.Талууд дээрх хувийн сууцанд хамтран хөрөнгө оруулсан эсэх талаар маргасан. Анхан шатны шүүх нэхэмжлэгч М.Ц-г 99 тоот хувийн сууцны хамтран өмчлөгч мөн гэж дүгнэхдээ талуудын тайлбар, хэрэгт авагдсан нэхэмжлэгч М.Ц-гийн “Хаан банк”-ны дансны хуулга, түүний аав Б.Молдойн “Төрийн банк”-ны дансны хуулга, банк бус санхүүгийн байгууллагатай байгуулсан зээлийн гэрээ, цахим баримт түүнд үзлэг хийсэн тэмдэглэл зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлсэн байна.

 

3.г.Өөрөөр хэлбэл, дээрх нотлох баримтууд 99 тоот хувийн сууц баригдсан цаг хугацаатай шалтгаант холбоотой байхаас гадна хариуцагч Б.Б-ийн хүү Б.Б-, нэхэмжлэгч М.Ц- нарын хооронд бичсэн цахим зурвасаас үзвэл нэхэмжлэгч М.Ц- нь дээрх орон сууц бий болоход тодорхой хэмжээний хөрөнгө оруулсан гэж үзэх үндэслэлтэй. /хх-ийн 84-85-р тал/

 

3.д.Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт “Хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно” гэж заасан. Иймд нэхэмжлэгч М.Ц-г маргаан бүхий 99 тоот хувийн сууцны хамтран өмчлөгчөөр тогтоож, зохих бүртгэл хийхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр дээрх хуульд нийцсэн байна.

 

3.е.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргадаг, хариуцагч Б.Б- нь нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэлээ анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэгдэх явцад эргэлзээгүй баримтаар нотлоогүй.

Өөрөөр хэлбэл, маргаан бүхий орон сууц зөвхөн хариуцагч Б.Б-ийн хөрөнгөөр бий болсон гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй буюу хариуцагч өөрийн татгалзлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй, мөн нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн баримтуудыг няцааж чадаагүй байна.

4.Иймд шүүх хэт нэг талыг баримтлан хэргийг шийдвэрлэсэн, нотлох баримтыг бүрэн үнэлээгүй гэх агуулгаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

Маргаан бүхий 99 тоот хувийн сууцнаас хариуцагч Б.Б-д ногдох хэсэг нь хэвээр үлдсэн байгааг дурдах нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2023/01599 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.ЗОЛЗАЯА

                                 ШҮҮГЧИД                               Д.НЯМБАЗАР

          Г.ДАВААДОРЖ