Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2023/01156

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2023/01156

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                      

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д.Б

Хариуцагч: ЭХЭМҮТ

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 10,924,116 төгрөг гаргуулж, эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах нэхэмжлэлийг 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Б, өмгөөлөгч Т.Билгүүн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, өмгөөлөгч М.Бадрал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч ЭХЭМҮТд холбогдох ажилгүй байсан хугацааны олговорт 10,924,116 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

1. Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өмгөөлөгч Т.Билгүүн тайлбарлахдаа: Хариуцагч байгууллага нь 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр №А/33 тоот тушаал гарган урьдчилан мэдэгдэж танилцуулалгүй Д.Бг Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4-т заасан албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулж, 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр дахин үндэслэлгүйгээр хууль зөрчиж №А/73 тоот тушаал гарган ажил тасалсан ноцтой зөрчил гаргасан гэж үзэн Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5-д заасны дагуу ажлаас халсан. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр гаргасан шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Улмаар хариуцагч тал шийдвэрт давж заалдах гомдол гаргаж Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн магадлалаар 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн №А/33 тоот Албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хууль ёсны үндэслэлтэй гэж үзэн үүнтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн №А/73 тоот Ажлаас халах тухай тушаалыг хууль бус, үндэслэлгүй болохыг тогтоох, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, олговор олгох зэрэг анхан шатны шүүхийн бусад шийдвэрийг хэвээр үлдээсэн магадлал гаргасан. Нэхэмжлэгчийн зүгээс магадлалыг эс зөвшөөрч Улсын дээд шүүхэд гомдол гаргасан боловч хэлэлцэхээс татгалзсан. Энэ хугацаанд байгууллагаас ажилд авах ямар нэг шаардлага тавиагүй тул 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр байгууллагадаа ажилд орох хүсэлтээ гаргасанг хэлэлцээд 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ажилд эгүүлэн томилох тушаал гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэрээр дундаж цалин хөлсний тооцоог гаргасан байгаа. Иймд өмнө ажиллаж байсан Эд хөрөнгийн ахлах нягтлан бодогчийн албан тушаалын цалингаар тооцож ажилгүй байсан 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх олговорт 10,924,116 төгрөгийг ЭХЭМҮТөөс гаргуулж, мөн хугацаанд хамаарах эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэв.

2. Хариуцагч Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн магадлалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2-т заасныг баримтлан Д.Бг ЭХЭМҮТийн Үндсэн хөрөнгийн бараа материал хариуцсан нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх тус төвийн захирлын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/33 дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулсан. Нэхэмжлэгч Д.Б магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй маргасан боловч 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Дээд Шүүхийн тогтоолоор хэлэлцэхээс татгалзсан. Д.Б тус тогтоолын дагуу ажилдаа орж Үндсэн хөрөнгийн цалингийн нягтлан бодогчийн ажилдаа орох бүрэн боломжтой байсан боловч 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр өргөдөл өгч 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/157 тушаалаар ТҮ-8-4 сүлжээгээр цалинжуулж, Үндсэн хөрөнгийн нягтлан бодогчийн ажилд томилогдон, 2023 оны 01 дүгээр сард нийт 2,071,265 төгрөгийн цалин авсан. Иймд Д.Бд 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Үндсэн хөрөнгийн нягтлан бодогчийн цалингаар тооцоолж 4,099,782 төгрөгийг төлж, үлдэх 6,824,334 төгрөгийг зөвшөөрөхгүй гэв.

3. Нэхэмжлэгчээс Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Дугаар 102/ШШ2022/02122 шийдвэр,

4. Хариуцагчаас Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Дугаар 102/ШШ2022/02122 шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн магадлал, Улсын Дээд Шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Дугаар 001/ШХ2022/01120 Хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзах тухай тогтоол, Д.Бгийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, ЭХЭМҮТийн захирлын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Дугаар Б/1-57 Ажилд авах тухай тушаал, 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Д.Бгийн ажилд орох өргөдөл, ЭХЭМҮТийн захирлын 2023 оны 01 дүгээр сарын 05-ны Дугаар А/01 Төвийн төсөвт ор, орон тоо, цалин, нэмэгдлийг батлах тухай тушаал, Д.Бд 2022 оны 12 дугаар сар, 2023 оны 01 дүгээр сар 02 дугаар сард олгосон цалингийн тооцоо, 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн ЭХЭМҮТийн захирлын А/16 Үндсэн цалин, хөлсийг нэмэгдүүлэх тухай тушаал, Д.Бтай 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ гэсэн баримтыг тус тус гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.Бгийн нэхэмжлэлээс 9,598,763 төгрөгний шаардлагыг хангаж, үлдэх 1,325,353 төгрөгийг хэрэгсэхгүй болгон, эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах үндэслэлтэй

2. Нэхэмжлэгч шүүхийн шийдвэрээр тогтоосон ЭХЭМҮТийн ахлах нягтлан бодогчийн цалингаар тооцож ажилгүй байсан хугацааны олговорт 10,924,116 төгрөг гаргуулна гэж шаардах эрхээ тодорхойлсон.

3. Хариуцагч анхан шатны шүүхийн шийдвэрт Давж заалдах шатны шүүх өөрчлөлт оруулж Д.Бг ЭХЭМҮТийн үндсэн хөрөнгийн бараа материал хариуцсан нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх тус төвийн захирлын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/33 тушаалыг хүчингүй болгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Магадлалыг эс зөвшөөрч Улсын дээд шүүхэд нэхэмжлэгч хандахад 10 дугаар сарын 26-ны өдөр хэлэлцэхээс татгалзсан. Ажилдаа орох бүрэн боломжтой байсан боловч 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр өргөдөл өгсөн. Иймд 2022 оны 06 дугаар сарын 07-ноос 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл олговорт 4,099,782 төгрөг төлнө хэмээн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг үгүйсгэсэн.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Дугаар 102/ШШ2022/02122 шийдвэрээр ЭХЭМҮТийн захирлын 2022 оны 02 дугаар сарын 17-ны А/33, 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/73 тоот тушаалуудыг тус тус хүчингүй болгож, Д.Бг ЭХЭМҮТийн ахлах нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, олговорт 1,790,839 төгрөг гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн.

Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн магадлалаар Д.Бг ЭХЭМҮТийн Үндсэн хөрөнгийн бараа материал хариуцсан нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх тус төвийн захирлын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/33 дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож өөрчлөн найруулсан.

Нэхэмжлэгч Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргасан боловч Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Дугаар 001/ШХТ2022/01120 тогтоолоор хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан.

Тус шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

4.1. Шүүх хуралдаанд хариуцагч тал нэхэмжлэгч шүүхийн магадлалыг эс зөвшөөрч Улсын Дээд шүүхэд гомдол гаргаж, 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн тогтоолоор хэргийг хэлэлцэхээс татгалзсан, өөрөө 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ажилд эргэн орох өргөдлөө гаргасан гэсэн үндэслэлийг тайлбарладаг боловч анхан шатны шүүхийн шийдвэр 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр, Нийслэлийн Давж заалдах шатны шүүхийн магадлал 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр тус тус танилцуулан сонсгосноор хуулийн хүчин төгөлдөр болсон байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй, Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2 дахь хэсэгт шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч ажилтанг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй гэж хуульчилсан ба хөдөлмөрийн гэрээг сэргээхэд ажилтны хүсэлт, өргөдөл шаардлагагүй тул хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.

Мөн Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Дугаар 210/МА2022/01563 магадлалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Бг ЭХЭМҮТийн Үндсэн хөрөнгийн бараа материал хариуцсан нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг сэргээх, ажилтанг ажилд эгүүлэн тогтоох үүргийг ажил олгогч хуулиар хүлээсэн болно.

4.2. Нэхэмжлэгч нь 2022 оны 06 дугаар сарын 07-ноос 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны олговорт 10,924,116 төгрөгийг ЭХЭМҮТийн ахлах нягтлан бодогчийн цалингийн дунжаар тооцон нэхэмжилсэн боловч түүнийг ЭХЭМҮТийн Үндсэн хөрөнгийн бараа материал хариуцсан нягтлан бодогчийн албан тушаалд томилсон тушаалыг үндэслэлтэй гэж үзэн уг албан тушаалд шүүхийн шийдвэрээр тогтоосон тул хариуцагч талаас ирүүлсэн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтод заагдсан цалингийн хэмжээгээр тооцож нэг сарын дундаж цалин 1,612,016 төгрөг, нэг өдрийн цалин 73,273 төгрөгийг 2022 оны 06 дугаар сарын 07-ноос 2022 оны 12 дугаар сарын 15-ныг хүртэл ажлын 131 хоног /131 х 73,273/ нийт 9,598,763 төгрөгийг хариуцагч Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс гаргуулж нэхэмжлэгч Д.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,325,353 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

5. Хариуцагч нь нэхэмжлэгчийн эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах шаардлагад маргаагүй тул энэ шаардлагыг хангах нь зүйтэй.

6. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжийг хангасан үнийн дүнд тооцон гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т зааснаар хариуцагч ЭХЭМҮТөөс 9,598,763 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Бд олгож, үлдэх 1,325,353 төгрөгний шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар нэхэмжлэгч Д.Бгийн ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 189,736 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ЭХЭМҮТөөс 168,530 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Бд олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

  

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА