Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2023/01048

 

 

Д.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 сарын 27-ны өдрийн 102/ШШ2023/01156 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Б-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч ЭХЭМҮТ-д холбогдох, ажилгүй байсан хугацааны олговор 10,924,116 төгрөг гаргуулах, холбогдох эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Б-, түүний өмгөөлөгч Т.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, түүний өмгөөлөгч М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч тал нэхэмжлэл, тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2022 оны 06 сарын 07-ны өдөр миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 1,790,839 төгрөгийг хариуцагчаас гаргуулан шийдвэрлэсэн. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх ЭХЭМҮТ-ийн Үндсэн хөрөнгийн бараа материал хариуцсан нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоосон өөрчлөлтийг оруулсан. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу миний бие 2022 оны 12 сарын 15-ны өдөр ЭХЭМҮТ-д Үндсэн хөрөнгө хариуцсан нягтлан бодогчоор томилогдон ажиллаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2022 оны 06 сарын 07-ны өдрөөс ажилд томилогдсон 2022 оны 12 сарын 15-ны өдөр хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 10,924,116 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн холбогдох эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагч тал хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч Д.Б- нь шүүхийн шийдвэрийн дагуу ажилдаа эргэн орж Үндсэн хөрөнгийн цалингийн нягтлангийн ажилдаа орох бүрэн боломжтой байсан боловч 2022 оны 12 сарын 05-ны өдөр өргөдөл өгч, 2022 оны 12 сарын 20-ны өдрийн Б/157 тоот тушаалаар ТҮ-8-4 сүлжээгээр цалинжуулж, Үндсэн хөрөнгийн нягтлан бодогчийн ажилд томилогдон, 2023 оны 01 сард нийт 2,071,265 төгрөгийн цалин авсан. Д.Б- нь 2022 оны 06 сарын 07-ны өдрөөс 2022 оны 10 сарын 26-ны өдөр хүртэл Үндсэн хөрөнгийн нягтлан бодогчийн цалингаар тооцоолоход 4,099,782 төгрөг болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 4,099,782 төгрөгийг зөвшөөрч, үлдэх 6,821,334 төгрөгийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3.   Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ЭХЭМҮТ-өөс 9,598,763 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Б-д олгож, үлдэх 1,325,353 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар нэхэмжлэгч Д.Б-гийн ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч ЭХЭМҮТ-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 189,736 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ЭХЭМҮТ-өөс 168,530 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Б-д олгож шийдвэрлэжээ.

 

4.   Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

4.а. Д.Б- нь ЭХЭМҮТ-д 2022 оны 12 сарын 05-ны өдөр ажилдаа эргэж орох тухай өргөдлөө өгсний дагуу 2022 оны 12 сарын 15-ны өдрөөс түүнийг Үндсэн хөрөнгийн бараа материал хариуцсан нягтлан бодогчоор томилсон. Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны олговор нэхэмжлэхдээ Үндсэн хөрөнгийн бараа материал хариуцсан нягтлан бодогчийн цалин хөлсөөр биш, Ахлах нягтлан бодогчийн цалин хөлсөөр бодож нэхэмжилснийг анхан шатны шүүх буруу гэж үзэн, Үндсэн хөрөнгийн бараа материал хариуцсан нягтлан бодогчийн 2022 оны 12 сарын 15-ны өдрөөс хойш авсан цалин хөлсний дунджаар тооцоолсон нь зөв болсон боловч зарим нотлох баримтыг буруу үнэлж, тооцооллын алдаа гаргасан.

4.б. Шүүхийн шийдвэрийн дагуу 1,790,839 төгрөгийг нэхэмжлэгчид олгохдоо Д.Б- нь 12 сард бүтэн буюу ажлын 21 хоног ажиллаж 1,790,839 төгрөгийн цалин хөлс авсан мэтээр тайлан гаргасан нь хариуцагчийн санхүүгийн ажилтнуудын алдаа юм. Үүнээс болж анхан шатны шүүх Д.Б-гийн 2022 оны 12 сарын 15-ны өдрөөс хойш ажиллаж авсан цалин хөлсний дунджийг тооцоолохдоо уг 1,790,839 төгрөгийн дүнг түүний ажиллаж авсан цалин хөлсний нийт дүнд оруулж алдаа гаргасан байна.

4.в. 2023 оны 01 сарын цалин гэсэн баримтад үндсэн цалин 908,593 төгрөг, сарын ажлын хоног 22, ажилласан хоног 33 (22 хоног + 12 сарын 11 хоног), бодогдсон цалин 1,362,890 төгрөг гэж бичигдсэн. Мөн төрийн албанд ажилласан жилийн нэмэгдэл 19 хувиар тооцож 258,949 төгрөг, хоол, унааны мөнгө 165,000 төгрөг, олговол зохих цалин 1,786,839 төгрөг гэж бичигдсэн байна. Үүнээс хоол, унааны мөнгө 165,000 төгрөгийг хасч тооцвол ажлын 33 хоногийн олговол зохих цалин 1,621,839 төгрөг байна.

4.г. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 1.5-д унаа, хоолны хөнгөлөлтийг ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулахгүй гэж заасан тул дундаж цалин хөлс тодорхойлоход цалин хөлсний бүрэлдэхүүнд хоол, унааны мөнгийг оруулан тооцохгүй, хасч тооцох ёстой. Иймд нэхэмжлэгч нь 2022 оны 12 сарын 15-ны өдрөөс хойш 2023 оны 02 сарыг дуустал нийт ажлын 50 хоног ажиллаж, 2,795,210 төгрөгийн (1,621,839 + 1,173,371) цалин хөлс авсан тул нэг өдрийн дундаж цалин хөлсний хэмжээ 55,904 төгрөг байна.

4.д. Шүүх 2022 оны 06 сарын 07-ны өдрөөс 2022 оны 12 сарын 15-ны өдөр хүртэл ажлын 131 хоног гэж тооцоолохдоо хуулийн дагуу амрах ёстой Бурхан багшийн Их дүйчин өдөр буюу 06 сарын 14-ний Мягмар гараг, Их эзэн Чингис хааны өдөр 11 сарын 24-ний Пүрэв гараг гэсэн 2 өдрийг хасаагүй байх тул ажлын 129 хоног гэж тооцох ёстой байсан. Ажлын 129 хоногийг нэг өдрийн дундаж цалин хөлс болох 55,904 төгрөгөөр үржүүлэхэд 7,211,641 төгрөг болж байгаа боловч Улсын дээд шүүхээс хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан 10 сарын 26-ны өдрийн тогтоол гарсан өдөр эсхүл хүлээн авсан өдрөө ажилдаа эргэж орох өргөдлөө өгөх боломжтой байхад 12 сарын 05-ны өдөр хүртэл хугацаа алдаж өргөдөл гаргасанд хариуцагч буруугүй юм.

4.е. Иймд хариуцагч нь 2022 оны 06 сарын 07-ны өдрөөс хойш 2022 оны 10 сарын 26-ны өдрийг дуустал ажлын 95 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговор болох 5,310,899 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрт 9,598,763 төгрөг гэснийг 5,310,899 төгрөг гэж өөрчлөн 4,287,864 төгрөгөөр багасгаж өгнө үү гэжээ.

5.   Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Хариуцагч талын давж заалдах гомдол үндэслэлгүй. Хариуцагч талаас Д.Б-д 2022 оны 12 дугаар сараас шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд олгосон цалин хөлсний задаргаа баримтыг гаргасан. Тус баримтад ажилгүй байсан хугацааны цалин хөлс олгосон талаар бичилт байгаагүй. Иймд анхан шатны шүүх нотлох баримт буруу үнэлж, тооцооллын алдаа гаргаагүй. Нэхэмжлэгч Д.Б- Улсын Дээд шүүхийн хэргийг хэлэлцүүлэхээс татгалзсан тогтоолыг 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авсан. 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хариуцагч Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд очиход захирал байгаагүй тул буцсан, 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр дахин очиж өргөдөл өгсөн. Нэхэмжлэгч Д.Б-г урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоох үүргийг хариуцагч хүлээсэн бөгөөд нэхэмжлэгч талд үүрэг болгоогүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2.   Нэхэмжлэгч Д.Б- нь хариуцагч ЭХЭМҮТ-д холбогдуулан 2022 оны 06 сарын 07-ны өдрөөс 2022 оны 12 сарын 15-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны олговор 10,924,116 төгрөг гаргуулах, холбогдох эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч нь дээрх шаардлагаас 4,099,782 төгрөгийг зөвшөөрсөн тайлбарыг анхан шатны шүүхэд гаргасан бол 5,310,899 төгрөгийг зөвшөөрсөн тайлбарыг давж заалдах шатны шүүхэд гаргасан.

 

3.   Хэргийн баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

3.1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 сарын 07-ны өдрийн 102/ШШ2022/02122 дугаар шийдвэрээр Д.Б-г ЭХЭМҮТ-ийн ахлах нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор 1,790,839 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн; /хх 28-35/

3.2. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 сарын 22-ны өдрийн 210/МА2022/01563 дугаар магадлалаар Д.Б-г ЭХЭМҮТ-ийн Үндсэн хөрөнгийн бараа материал хариуцсан нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоосон өөрчлөлтийг дээрх шийдвэрт оруулсан; /хх 36-41/

3.3. Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны 10 сарын 26-ны өдрийн 001/ХТ2022/1120 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан; /хх 42/

3.4. Улмаар ЭХЭМҮТ-ийн захирлын 2022 оны 12 сарын 20-ны өдрийн Б/157 дугаар тушаалаар Д.Б-г 2022 оны 12 сарын 15-ны өдрөөс Санхүү нягтлан бодох бүртгэлийн албаны Үндсэн хөрөнгийн нягтлан бодогчоор томилсон; /хх 59/

 

4.   Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заасны дагуу нэхэмжлэгч Д.Б- нь анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2022 оны 06 сарын 07-ны өдрөөс ажилд томилсон тушаал гарсан 2022 оны 12 сарын 15-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны олговрыг хариуцагч ЭХЭМҮТ-өөс шаардах эрхтэй.

 

5.   Шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч Д.Б-г урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоох үүргийг хариуцагч ЭХЭМҮТ-д хүлээлгэсэн тул ...нэхэмжлэгч нь ажилд орох өргөдлөө өмнө нь гаргах боломжтой байтал 2022 оны 12 сарын 05-ны өдөр хугацаа алдаж гаргасан тул 2022 оны 10 сарын 26-ны өдөр хүртэлх хугацааны олговрыг олгоно... гэсэн агуулгаар гаргасан хариуцагч талын татгалзал, давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

6.   Өмнө дурдсанчлан, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 сарын 22-ны өдрийн 210/МА2022/01563 дугаар магадлалаар Д.Б-г ЭХЭМҮТ-ийн Үндсэн хөрөнгийн бараа материал хариуцсан нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоосон тул нэхэмжлэгч нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 сарын 07-ны өдрийн 102/ШШ2022/02122 дугаар шийдвэрт тусгагдсан Ахлах нягтлан бодогчийн цалин хөлсөөр тооцон нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлсон нь буруу. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт, хариуцагч талын татгалзал хууль зүйн үндэслэлтэй.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 1.5-д ажилтанд олгож байгаа унаа, хоолны хөнгөлөлтийг ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулахгүй гэж журамлажээ. Анхан шатны шүүх унаа, хоолны хөнгөлөлтийг оруулан тооцсон алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой. Энэ талаарх хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангана.

 

7.   Иймд хэрэгт авагдсан 2023 оны 01 сарын цалин гэсэн баримтад дурдсан Үндсэн хөрөнгийн нягтлан бодогчийн цалин хөлснөөс олговрыг тооцох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсгийн зохицуулалтад нийцнэ.

Ийнхүү тооцоход үндсэн цалин 908,593 төгрөг + төрийн албанд ажилласан хугацааны нэмэгдэл 258,949 төгрөг = 1,167,542 төгрөгийг х 6 сар 6 хоног = 7,323,673 төгрөг гарч байх тул уг дүнг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй.

 

8.   Шүүх маргааныг анхан шатны журмаар шийдвэрлэх үед эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэр цахимжсан, улмаар түүнд нөхөн бичилт хийх боломжгүй болсон тул анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг өөрчлөн найруулна.

Түүнчлэн, анхан шатны шүүх маргаанд хамааралтай хуулийн зохицуулалтыг баримтлаагүй алдаа гаргасныг залруулах нь зүйтэй.

 

9.   Дээрх үндэслэлээр хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 сарын 27-ны өдрийн 102/ШШ2023/01156 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...101 дүгээр зүйлийн 101.1-т... гэснийг ...158 дугаар зүйлийн 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт... гэж, ...9,598,763... гэснийг ...7,323,673... гэж, ...1,325,353... гэснийг ...3,600,443... гэж тус тус өөрчилж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар нэхэмжлэгч Д.Б-гийн ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагч ЭХЭМҮТ-д даалгасугай гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтад ...168,530... гэснийг ...132,129... гэж өөрчилж,

шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч ЭХЭМҮТ-өөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 05 сарын 01-ний өдөр урьдчилан төлсөн 83,560 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

 

Д.НЯМБАЗАР