Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2023/01430

 

 

 

 

 

 

0000 оны 00 сарын 00 өдөр   Дугаар 000/ШШ000/00000 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Зүмбэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ... нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ...холбогдох, 

Зээлийн гэрээний үүрэгт 14,494,675.77 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Тухайлбал: Д 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр манай банктай ЗГ1605108626 дугаартай зээлийн гэрээ байгуулан 7,000,000 төгрөгийг жилийн 19.20 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар цалин барьцаалж зээл авсан. Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн зөрчин зээлээ төлөхгүй байгаа тул үндсэн зээл 5,862,830.77 төгрөг, хүү 7,404,333.02 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,227,511.98 төгрөг, нийт 14,494,675.77 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Г зүгээс Д-д 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 7,000,000 төгрөгийг 19,20 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн харилцаа үүссэн байна. Түүнчлэн талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр дуусгавар болсон бөгөөд нэхэмжлэгч 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1.2-т заасан шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

3. Нэхэмжлэгчээс 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн зээл болон барьцааны гэрээ /хх 8/, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШШ2022/02135 дугаартай шийдвэр /хх 21/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

4. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

5. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрт үндсэн зээл 5,862,830.77 төгрөг, хүү 7,404,333.02 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,227,511.98 төгрөг, нийт 14,494,675.77 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул үүрэг гүйцэтгэхээс татгалзаж байна.

  6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Зохигчид харилцан тохиролцож, нэхэмжлэгч Голомт банк ХХК нь 7,000,000 төгрөгийг жилийн 19.20 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж, хариуцагч Д.Г нь зээлийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцсон болох нь 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн ЗГ165108626 дугаартай зээл болон барьцааны гэрээ, 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн зээл эргэн төлөлтийн хуваарь, 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн хүү тооцооллын хүснэгт зэргээр тогтоогдож байна.

Энэхүү тогтоогдсон үйл баримт болон гэрээний хүчин төгөлдөр байдалтай холбоотой асуудлаар зохигчид маргаагүй бөгөөд шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн эсэх талаар маргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх зааснаар хэргийн оролцогч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр буюу зээлийн гэрээний үүрэгт 100,000 төгрөг төлөгдсөн үеэс 2021 оны 12 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд гэрээний үүргийг шаардаж байсан, утсаар ярихад Д.Г хүлээн зөвшөөрдөг байсан гэсэн тайлбараа баримтаар нотлоогүй байна.

7. Нэхэмжлэгч 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 7,000,000 төгрөгийг жилийн 19.20 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар хариуцагчид шилжүүлж, хариуцагч тогтоосон хугацаанд хүүгийн хамт буцаан төлөхөөр тохирсон тул талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан байна.

8. Энэхүү гэрээгээр нэхэмжлэгч нь гэрээний үүргээ биелүүлсэн, хариу үүргийг шаардах эрхтэй боловч шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болжээ.

Өөрөөр хэлбэл шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөх явдал нь эрх зүйн харилцааг зогсоож байгаа биш, харин энэ харилцаанаас үүсэх шаардлагыг албадан хангуулах эрхийг хязгаарлаж байгаа юм.

Зохигчид 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 24 сарын хугацаатай зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан бөгөөд 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр эрхээ албадан хэрэгжүүлэхээр шүүхэд хандах боломжтой болсон байна.

Гэхдээ хариуцагч 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр зээлийн хүүгийн төлбөрт 100,000 төгрөг шилжүүлсэн тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох хүү төлөх хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана. Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тоолохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолох учир 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн гэрээний үүргийг шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байх ба энэ нь гэрээний бүх төрөлд хамаардаг болохоор нэхэмжлэгч гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн дотор гаргах байжээ.

Гэтэл 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасныг 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШЗ2022/00876 дугаар шүүгчийн захирамжаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, татгалзсан гэж үзэх үндэслэл болохгүй юм.

9. Иймд хариуцагч Д.Г-с зээлийн гэрээний үүрэгт 14,494,675.77 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлого болгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар Г-ийн нэхэмжилсэн 14,494,675.77 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.    

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 230,423.38 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд

 

 

 

мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ЗҮМБЭРЭЛ