Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2023/01049

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 05 22 210/МА2023/01049

 

 

Г ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2023/01430 дугаар шийдвэртэй,

Г ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д.Г-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 14,494,675.77 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.1. Д.Г 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр манай банктай ЗГ1605108626 дугаартай зээлийн гэрээ байгуулан 7,000,000 төгрөгийг жилийн 19.20 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар цалин барьцаалж зээл авсан.

1.2. Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин зээлээ төлөхгүй байгаа тул үндсэн зээл 5,862,830.77 төгрөг, хүү 7,404,333.02 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,227,511.98 төгрөг, нийт 14,494,675.77 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Нэхэмжлэгч Г банк ХХК-ийн зүгээс Д.Г-д 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 7,000,000 төгрөгийг 19.20 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн харилцаа үүссэн.

2.2. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр дуусгавар болсон.

2.3. Нэхэмжлэгч 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1.2-т заасан шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар Г банк ХХК-ийн нэхэмжилсэн 14,494,675.77 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 230,423.38 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Зээлийн гэрээний үүрэгт 14,494,675 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосны үндсэн зээлийн төлбөрт 5,862,830 төгрөгт гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч талаас хариуцагчийг зээлийн гэрээгээ зөрчсөн тул та зээлээ төлнө үү гэх талаарх шаардлагыг удаа дараа тавьсан ба хариуцагч талаас зээлийг удахгүй төлнө гэх хариуг өгч байсан.

4.2. Анхан шатны шүүхээс хөөн хэлэлцэх хугацааг дууссан гэж үзсэн. Хариуцагч талаас тухайн шаардлагыг хүлээн авч, Голомт банк ХХК-д байнга төлбөрийг төлнө гэх хариултыг өгсөн. Мөн хариуцагч нь зээл авсан тохиолдолд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн гэрээний үүргийг удаа дараа шаардаж байсан гэх тайлбарыг гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй. Д.Г-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж эсхүл гэрээний үүргийг шаардах, мэдэгдэх хуудсыг хүргүүлэх, утсаар ярьсан тэмдэглэл үйлдэх зэрэг баримтууд хэрэгт авагдаагүй. Иргэний хуульд итгэл найдвар төрүүлсний улмаас шаардлага гаргах эрхээ алдсан гэх зохицуулалт байхгүй. Зээлдэгч нь үүргээ биелүүлээгүй тохиолдолд хуульд заасны дагуу Г банк ХХК-ийн зүгээс шаардлага гаргах эрхээ хэрэгжүүлэх үүрэгтэй. Анхан шатны шүүхээс уг асуудалд үндэслэл бүхий дүгнэлт гаргасан гэж үзэж байна. Энэ нь хэрэгт авагдсан зээл, зээлийн хүүгийн тооцоололд хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан нөхцөлийг дурдсан байдаг. 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл хөөн хэлэлцэх хугацаа бодогдсон.

Гэтэл хөөн хэлэлцэх хугацаа буюу шаардлага гаргах 3 жил байсан боловч нэхэмжлэгчийн зүгээс уг хугацаанд шаардлага гаргаагүй. Мөн зээлдэгчтэй холбогдоогүй бөгөөд зээлийн гэрээний үүргийг шаардсан мэдэгдэх хуудас хүргүүлж байгаагүй. Банкны тусгай активын үйл ажиллагааны журмаар тусгай активын хэлтэс чанаргүй болсон зээл буюу ангилал нь муудсан зээлийг төлүүлэх зорилгоор зээлдэгчтэй уулзах, утсаар холбогдож тэмдэглэл үйлдэх, мэдэгдэх хуудас хүргүүлэх зэрэг ажиллагааг хийх ёстой байсан. Хөөн хэлэлцэх хугацааг алдсаны дараа нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасны дагуу шийдвэрт найруулгын өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Г банк ХХК нь хариуцагч Д.Г-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 14,494,675 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, талуудын хооронд үүссэн маргаанд хамаарах Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

4. Талууд 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч нь 7,000,000 төгрөгийг жилийн 19.20 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч нь зээл, түүний хүүг хавсралтаар баталсан хуваарийн дагуу төлөх нөхцлийг харилцан тохиролцжээ. /хх5/

 

4.а. Нэхэмжлэгч Г банк ХХК нь мөнгөн хөрөнгийг хариуцагч Д.Г-д шилжүүлж, гэрээний үүргээ биелүүлсэн талаар хариуцагч маргаагүй. Харин хариуцагч нь үндсэн зээлд 1,137,169.23 төгрөг, зээлийн хүүнд 948,717.43 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 517.67 төгрөг, нийт 2,086,404.33 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан зээлийн дансны хуулга, хүү тооцооллын хүснэгт зэрэг баримтаар тус тус тогтоогдож байна. /хх7-8/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгосон зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж хуулийн үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

 

5. Нэхэмжлэгч анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

5.а. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна. Хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байдаг бол хөөн хэлэлцэх тусгай хугацаа нь гэрээний үүрэгтэй, эсхүл үл хөдлөх эд хөрөнгөтэй, эсхүл тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй, эсхүл бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүрэгтэй холбоотой эсэхээс хамаарч өөр өөр байдаг байна.

5.б. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил бөгөөд талуудын хооронд 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 24 сарын хугацаатай байгуулагдсан зээлийн гэрээний үүрэг шаардсан тул уг гэрээний хөөн хэлэлцэх хугацаа 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр дуусахаар байх боловч хариуцагч Д.Г нь 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр зээлийн хүүнд 100,000 төгрөг төлсөн тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзнэ.

 

5.в. Хариуцагчийн зээлийн хүү төлсөн 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс хойш хөөн хэлэлцэх дахин шинээр тоолбол нэхэмжлэгчид гэрээний шаардах эрх дахин үүссэн байх ба 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн дотор шаардах эрхээ хэрэгжүүлэхээр байхад нэхэмжлэгч Г банк ХХК-аас хариуцагч Д.Г-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 14,494,675 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна.

 

5.г. Нөгөөтэйгүүр хариуцагч нь гэрээний хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, шаардах эрхээ хэрэгжүүлээгүй гэж маргасан тохиолдолд Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар ...үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй байна. Иймд анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгахгүй. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

6. Шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт хариуцагчийн нэрийг тусгаагүй байх тул шүүхийн шийдвэрт найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2023/01430 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар Д.Г-д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 14,494,675 төгрөг гаргуулах тухай Г банк ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж, шүүхийн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г банк ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр урьдчилан төлсөн 108,755 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ