Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2023/01436

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2023/01436

Улаанбаатар хот

 

 

 

                     

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: К ХХК

Хариуцагч: Т ХХК

Гэрээний үүргийн биелэлтэд 463.942.450 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Б, хариуцагчийн төлөөлөгч Х.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч К ХХК нь хариуцагч Т ХХК-нд холбогдуулан гэрээний үүргийн биелэлтэд 463,942,450 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан боловч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн үнийн дүнг багасгаж 444,042,548 төгрөг шаардсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. К ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Батхуяг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: К ХХК нь хариуцагч Т ХХК-тай 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр КЕМКГ22/13 дугаартай Тэсрэх материал нийлүүлэх гэрээг байгуулсан. Нэхэмжлэгч нь харилцан тохиролцсоны дагуу гэрээний хавсралт №01 дахь 120,000 кг 431,640,000 төгрөгний үнэтэй Сүвэрхэг шүүг нийлүүлж 2022 оны 04 дүгээр сарын 07, 2022 оны 05 дугаар сарын 12, 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрүүдийн зарлагын баримт үйлдсэн болно. Нэхэмжлэгч нь 41,444,500 төгрөгийн үнийн дүнд тэсрэх материалын хэрэгсэл авсан. Талууд тооцоо нийлсэн баталгааг 2022 оны 01 дүгээр сарын 01-нээс 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд өгч авалцсан зүйлээ хоёр байгууллага нэг бүрчлэн нийлж үзэхэд хариуцагч Т ХХК нь 390,195,500 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй болохыг баталгаажуулсан байна. Гэрээний 3.5-д зааснаар Захиалагч тал нь гэрээний 3.1 дэх нийт төлбөрийг Сүвэрхэг шүүг хүлээн авсан өдрөөс хойш 60 хоногийн дотор төлбөрийг бүрэн барагдуулна гэж заасан. Гэрээний 6.5-д Захиалагч тал нь гэрээний төлбөрийг бүрэн болон хэсэгчлэн төлөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол хугацаа хожимдсон хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувиар бодож алданги тооцно гэж заасан байна. Гэрээний хугацаанд буюу 2022 оны 04 дүгээр сарын 22-ноос 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл барааг нийлүүлж гэрээний хугацаа 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр дуусаж байгаа. Нэг өдрийн алданги 1,170,587 төгрөгийг хугацаа хэтрүүлсэн 45 хоногоор тооцож 2022 оны 07 дугаар сарын 01-нээс 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 45 хоногийн алданги нэхэмжилнэ. Бид алдангийн үнэд тооцооллын алдаа гаргасан тул алдангиас 19,890,942 төгрөг хасагдана. Нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнд өөрчлөлт орно. Иймд үлдэгдэл төлбөр 390,195,500 төгрөг, алданги 53,847,048 төгрөг, нийт 444,042,548 төгрөгийг хариуцагч Т ХХК-иас нэхэмжилнэ гэв.

2. Хариуцагч Т ХХК-ийн төлөөлөгч Х.Батбаатар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Гэрээ байгуулагдсанд маргахгүй. Тооцоо нийлсэн актыг хүлээн зөвшөөрнө. 390,195,500 төгрөгний бүтээгдэхүүн, барааг хүлээж авсан нь үнэн. Алдангийг өндөр гэж зөвшөөрөхгүй байгаагийн шалтгаан нь гэрээний 3.5-д сүвэрхэг шүү хүлээн авсан өдрөөс хойш цагалбарын 60 хоногийн дотор төлбөрийг бүрэн барагдуулна гэж заасан. 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хамгийн сүүлд бүтээгдэхүүнийг хүлээн авсан тул энэ өдрөөс хойш 60 хоногийг тоолж алдангийг тооцох ёстой гэж үзэж байгаа тул энэ 60 хоног 2022 оны 07 дугаар сарын 30-нд дуусч байна. Тиймээс 2022 оны 07 дугаар сарын 30-наас 08 дугаар сарын 15-ныг хүртэл 16 хоногийн алдангийг нэг өдрийн алданги 1,170,586 төгрөгийг 16 хоногоор үржүүлж 18.729.384 төгрөгийн алдангийг зөвшөөрнө. Нийтдээ 408.924.884 төгрөгийг төлнө. Нэхэмжлэгчээс олгосон итгэмжлэлд шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь байгаа боловч нэхэмжлэлд гарын үсэг зурах эрх олгогдоогүй юм шиг харагдаж байгааг шүүх харах байх гэв.

3. Нэхэмжлэгчээс 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Тэсрэх материал нийлүүлэх гэрээ, зарлагын баримт, Тооцоо нийлсэн акт, нэхэмжлэх, төлбөр төлүүлэх тухай мэдэгдэл,

4. Хариуцагчаас 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн огноотой К ХХК-нд гаргасан төлбөр 390,195,000 төгрөгийг 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулах тухай албан бичиг гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагаас 442,871,915 төгрөгийг хангаж, үлдэх 1,170,633 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ гэрээгээр тохиролцсон барааг нийлүүлж төлбөрийг тооцоо нийлсэн актаар баталгаажуулсан. Гэрээний үндсэн төлбөрийг 15 хоногийн алдангийн хамт нэхэмжилнэ гэсэн үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.

3. Хариуцагч нь гэрээний үндсэн үүргийг төлнө. Сүүлийн нийлүүлэлт 2022 оны 05 дугаар сарын 30-нд ирсэн тул энэ өдрөөс хойш 60 хоногийг тоолж 2022 оны 07 дугаар сарын 30-наас 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл алдангийг төлнө гэсэн үндэслэлээр алдангийн зарим хэсгийг няцаасан.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн талуудын тайлбар, дээрх нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон.

4.1.1. Зохигчийн хооронд 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Тэсрэх материал нийлүүлэх гэрээ байгуулагдсан. Гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-т заасан шаардалгыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл бөгөөд хэн аль нь гэрээний хүчин төгөлдөр байдал, үнийн дүнд маргаагүй.

4.2.2. Гэрээгээр захиалагч сүвэрхэг шүүг хүлээн авч талууд баримт үйлдсэнээр нийлүүлсэнд тооцож, гэрээний хүчинтэй хугацаа 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хүчинтэй.

Гэрээний үнэ, төлбөрийн нөхцөлөөр тэсрэх материалын нийт үнэ 431,640,000 төгрөг бөгөөд захиалагч нь гэрээний нийт төлбөрийг барааг хүлээн авсан өдрөөс хойш цагалбарын 60 хоногийн дотор төлбөрийг бүрэн барагдуулахаар тохиролцсон байна.

4.2.3. Шүүх хуралдаанд хариуцагч нь гэрээний 3.5-д зааснаар сүвэрхэг шүүг хүлээн авсан өдрөөс хойш цагалбарын 60 хоногийн дотор төлбөрийг барагдуулахаар тохиролцсон тул 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр нийлүүлсэн хугацаанаас хойш 60 хоног буюу 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс алдангийг тооцно гэж маргасан боловч гэрээний хугацаа 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр дуусгавар болж хоёр тал 2022 оны 01 дүгээр сарын 01-нээс 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд авалцсан бараа, үйлчилгээ нягтлан бодох бүртгэлийн баримтаар нэг бүрчлэн нийлж Т ХХК нь нийт 390,195,500 төгрөг төлөх үндэслэлтэйг харилцан баталж тооцоо нийлсэн, гэрээний 5.2.2-т зааснаар сүвэрхэг шүүг бүрэн хүлээн авч акт үйлдэн нийлүүлэгч талд төлбөрийг шилжүүлэх гэрээний үүргээ хариуцагч биелүүлээгүй байна.

Мөн гэрээ дуусгавар болсон хугацаанаас хойш гэрээний 6.5-д заасан гэрээний төлбөрийг бүрэн болон хэсэгчлэн төлөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол хугацаа хожимдсон хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувиар бодож алданги тооцон төлөхөөр тохирсон, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хууль болон гэрээгээр заасан хугацааг хариуцагч хэтрүүлсэн тул 2022 оны 07 дугаар сарын 01-нээс 08 дугаар сарын 15-ныг хүртэл 45 хоногийн алдангийг төлөх үндэслэлтэй.

5. Хариуцагч Т ХХК нь гэрээний 5.2.2, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д заасан төлбөрийг хугацаанд нь шилжүүлэх үүргээ биелүүлээгүй буруутай тул хариуцагчаас гэрээний үүргийн биелэлтэд бүтээгдэхүүний үнэ 390,195,500 төгрөг, 45 хоногийн алданги 52,676,415 төгрөг нийт 442,871,915 төгрөг гаргуулж нэхэмжлэгч К ХХК-нд олгож, үлдэх 1,170,633 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

6. Нэхэмжлэгч К ХХК-наас итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Батхуягт тус компаний нэрийн өмнөөс анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийн итгэмжлэлийг 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр олгосон байна.

7. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас хангасан үнийн дүнгийн хэмжээгээр төлбөр гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Т ХХК-наас 442,871,915 төгрөг гаргуулж нэхэмжлэгч К ХХК-нд олгож, үлдэх 1,170,633 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,477,663 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Т ХХК-наас 2,372,310 төгрөг гаргуулж нэхэмжлэгч К ХХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА