Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2023/01190

 

2023 06 14 210/МА2023/01190

К ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Золзаяа, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 сарын 13-ны өдрийн 102/ШШ2023/01436 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч К ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т ХХК-д холбогдох, 463,942,450 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, хариуцагчийн өмгөөлөгч Э.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Тус компани хариуцагч Т ХХК-тай 2022 оны 04 сарын 07-ны өдөр *** дугаартай Тэсрэх материал нийлүүлэх гэрээ-г байгуулсан. Нэхэмжлэгч нь харилцан тохиролцсоны дагуу 120,000 кг 431,640,000 төгрөгийн үнэтэй Сүвэрхэг шүүг нийлүүлж 2022 оны 04 сарын 07, 2022 оны 05 сарын 12, 2022 оны 05 сарын 18-ны өдрүүдийн зарлагын баримт үйлдсэн. Нэхэмжлэгч нь 41,444,500 төгрөгийн үнийн дүнд тэсрэх материалын хэрэгсэл авсан. Талууд тооцоо нийлсэн баталгааг 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс 2022 оны 06 сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд Т ХХК 390,195,500 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй болохыг баталгаажуулсан. Гэрээний 3.5-д Захиалагч тал нь гэрээний 3.1-д нийт төлбөрийг Сүвэрхэг шүүг хүлээн авсан өдрөөс хойш 60 хоногийн дотор төлбөрийг бүрэн барагдуулна гэж, 6.5-д Захиалагч тал нь гэрээний төлбөрийг бүрэн болон хэсэгчлэн төлөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол хугацаа хожимдсон хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувиар бодож алданги тооцно гэж тус тус заасан. Иймд барааны төлбөр 390,195,500 төгрөг, 2022 оны 07 сарын 01-ний өдрөөс 2022 оны 08 сарын 15-ны өдрийг хүртэл 45 хоногийн алданги 53,847,048 төгрөг, нийт 444,042,548 төгрөгийг хариуцагч Т ХХК-аас нэхэмжилж байна гэжээ.

 

2.   Хариуцагч хариу тайлбартаа: Гэрээ байгуулагдсанд маргахгүй, мөн тооцоо нийлсэн актыг хүлээн зөвшөөрнө. 390,195,500 төгрөгийн бүтээгдэхүүн, барааг хүлээж авсан нь үнэн. Алдангийг хэт өндөр гэж зөвшөөрөхгүй байгаа шалтгаан нь гэрээний 3.5-д сүвэрхэг шүү хүлээн авсан өдрөөс хойш цагалбарын 60 хоногийн дотор төлбөрийг бүрэн барагдуулна гэж заасан. 2022 оны 05 сарын 30-ны өдөр хамгийн сүүлд бүтээгдэхүүнийг хүлээн авсан тул энэ өдрөөс хойш 60 хоногийг тоолж алдангийг тооцох ёстой. Уг 60 хоног 2022 оны 07 сарын 30-ны өдөр дуусч байх тул 1,170,586 төгрөгийг хугацаа хэтрүүлсэн 16 хоногоор тооцож 18,729,384 төгрөгийн алданги, нийт 408,924,884 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

 

3.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Т ХХК-аас 442,871,915 төгрөг гаргуулж нэхэмжлэгч К ХХК-д олгож, үлдэх 1,170,633 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,477,663 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Т ХХК-аас 2,372,310 төгрөг гаргуулж нэхэмжлэгч К ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4.   Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

4.а.Талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 04 сарын 07-ны өдрийн *** тоот Тэсрэх материал нийлүүлэх гэрээ"-ний 3.5-д сүвэрхэг шүүг хүлээн авсан өдрөөс хойш цагалбарын 60 хоногийн дотор төлбөрийг бүрэн барагдуулахаар заасан. 2022 оны 05 сарын 30-ны өдөр сүүлийн сүвэрхэг шүүг актаар хүлээн авсан. Үүнд үндэслэн 2022 оны 07 сарын 30-ны өдрөөс хойш төлбөрийг төлөх үүргийг Т ХХК хүлээсэн. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу 2022 оны 07 сарын 30-ны өдрөөс эхлэн алданги тооцохоор гэрээгээр тохиролцсон байна.

4.б.Гэтэл шүүхээс 2022 оны 07 сарын 01-ний өдрөөс 2022 оны 07 сарын 30-ны өдөр буюу 30 хоногийн алданги 35,117,610 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн дээрх заалтыг зөрчжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт алдангид 35,117,610 төгрөгийг гаргуулсан хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.

 

5.   Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа: Талууд үндсэн төлбөр 390,195,500 төгрөгийн хувьд маргаагүй. Тэсрэх материал нийлүүлэх гэрээг 2022 оны 04 сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаатай байгуулсан бөгөөд 2022 оны 06 сарын 30-ны өдрийг хүртэл хүчинтэй байхаар заасан. Хариуцагчаас 390,195,500 төгрөг, 2022 оны 07 сарын 01-ний өдрөөс 2022 оны 08 сарын 15-ны өдрийг хүртэл 45 хоногийн алданги 52,676,415 төгрөг, нийт 442,871,915 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хариуцагч талын гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2.   Нэхэмжлэгч К ХХК нь хариуцагч Т ХХК-д холбогдуулан гэрээний төлбөр 390,195,500 төгрөг, 2022 оны 07 сарын 01-ний өдрөөс 2022 оны 08 сарын 15-ны өдрийг хүртэл 45 хоногийн алданги 53,847,048 төгрөг, нийт 444,042,548 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. /хх 1/

Дээрх шаардлагаас хариуцагч гэрээний төлбөр 390,195,500 төгрөгийг зөвшөөрч, алданги 53,847,048 төгрөгийг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ...нэхэмжлэгч гэрээнд заасны дагуу алданги тооцоолоогүй... гэсэн агуулгаар тайлбарлан маргажээ. /хх 88-90/

 

3.   Талууд 2022 оны 04 сарын 07-ны өдөр ***тоот Тэсрэх материал нийлүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр К ХХК нь сүвэрхэг шүү нийлүүлэх, Т ХХК нь сүвэрхэг шүүний үнэ 431,640,000 төгрөг төлөх, сүвэрхэг шүүг хүлээн авснаас хойш 60 хоногийн дотор төлбөрийг барагдуулаагүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувиар хоног тутам алданги тооцох нөхцөлийг харилцан тохиролцсон байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа гэж зөв тодорхойлжээ.

 

4.   К ХХК нь нийт 431,640,000 төгрөгийн сүвэрхэг шүүг нийлүүлсэн, үүнээс Т ХХК нь 41,444,500 төгрөгийг бараа, материалаар төлсөн, төлбөрийн үлдэгдэл 390,195,500 төгрөг байгаа талаар зохигчдын хэн аль нь маргаагүй.

Харин зохигчид алдангийг хэдний өдрөөс эхэлж тооцох талаар, алдангийн тооцоолол үндэслэлтэй эсэх талаар маргаж байна.

 

5.   Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.5-д Захиалагч тал нь гэрээний 3.1 дэх нийт төлбөр 431,640,000 төгрөгийг сүвэрхэг шүү хүлээн авсан өдрөөс хойш цагалбарын 60 хоногийн дотор төлбөрийг бүрэн барагдуулна гэж тусгажээ.

Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн тооцооллын баримтад К ХХК-аас хамгийн сүүлд 2022 оны 05 сарын 30-ны өдөр сүвэрхэг шүүг нийлүүлсэн тухай тусгагдсан, энэ талаар хариуцагч тал маргаагүй.

 

6.   Иймд сүвэрхэг шүүг хамгийн сүүлд нийлүүлсэн 2022 оны 05 сарын 30-ны өдрөөс гэрээнд заасан 60 хоногийн хугацааг тоолоход төлбөр төлөх үүрэг 2022 оны 07 сарын 29-ний өдрөөр дуусч байна.

Нэхэмжлэгч 2022 оны 08 сарын 15-ны өдрийг хүртэлх алданги шаардсан тул 2022 оны 07 сарын 30-ны өдрөөс гүйцэтгээгүй үүрэг 390,195,500 төгрөгөөс хоног тутам 0,3 хувийн алданги тооцоход (390,195,500 х 0,3%) х 17 хоног = 19,899,971 төгрөг болж байна.

 

7.   Иймд хариуцагчаас гэрээний үлдэх төлбөр 390,195,500 + алданги 19,899,971 = 410,095,471 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийн зохицуулалтад тус тус нийцнэ.

 

8.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 сарын 13-ны өдрийн 102/ШШ2023/01436 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...442,871,915... гэснийг ...410,095,471... гэж, ...1,170,633... гэснийг ...33,947,077... гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...2,372,310... гэснийг ...2,208,427... гэж тус тус өөрчилж,

шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 05 сарын 22-ны өдөр урьдчилан төлсөн 333,539 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

Д.НЯМБАЗАР