Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2023/00686

 

 

 

 

 

2023 оны 02 сарын 09 өдөр                      Дугаар 102/ШШ2023/00686                          Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Алтантуяа даргалж, шүүгч Ч.Батчимэг, Ш.Оюунтуул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн .... дугаар хороо, .... тоот, регистр ..,  “Я.. ХХК,

 

            Хариуцагч: Баянгол дүүргийн ... дүгээр хороо, Хувьсгалчдын зам-3, өөрийн байр, М.

 

Нэхэмжлэлийн шаардлага: Уучлал гуйлгаж 10 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э., Ц.Ш., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э., хариуцагчийн өмгөөлөгч Б.П., иргэдийн төлөөлөгч Х.Э., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Т.Э. нар оролцов.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Я.. ХХК нь М..д холбогдуулан уучлал гуйлгаж, 10 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлага, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

М.. нь “Ногоон шошго” нэвтрүүлэг явуулж байсан этгээдүүд М.Ж... гэдэг хүний захиалгаар “тусгай хамгаалалтай газарт дээрмийн асуудал үүссэн, бусдын өвөлжөөг дээрэмдсэн, төрийн хамгаалалттай газрыг Ж...ы газар гэсэн, газраа Ж... зарчих гэсэн гэж гүтгэсэн, бусдын жалганд тараасан хог, жорлон зэргийг Я... ХХК-д хамаатуулан үзүүлээд аймаг яамны хүмүүс томилогдсон хашааг нураасан” гэж гүтгэсэн болно. Энэ гүтгэлэгийн нэвтрүүлэг явсны дараа Я... ХХК-д мэдэгдэлгүйгээр лицензийг хүчингүй болгож их хэмжээний хохирол учирсан тул шүүхэд нэхэмжлэл гаргалаа. Бид бүх зүйлийг хуулийн дагуу хийсэн, хууль бус зүйл байхгүй тул нэр төрөө сэргээлгэх зайлшгүй шаардлага үүссэн тул нэхэмжлэлээ гаргалаа. Иймд 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 16.30, 21.10 цагт нэвтрүүлсэн М...-ийн Ногоон шошго нэвтрүүлгээр Хөвсгөл аймаг болон яамнаас томилогдсон ажлын хэсэгт “....чулуун хашааны өчүүхэн хэсгийг нурааж” гэж худал гүтгэлэг явуулсан тул уучлал гуйлгаж 10 000 000 төгрөгний хохирол гаргуулж өгнө үү гэжээ. 

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М. нь 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 16 цаг 30 минут, 21 цаг 10 минутад “Ногоон шошго” нэвтрүүлгээрээ “хашааны өчүүхэн хэсгийг нурааж” гэж өөрөөр хэлбэл, “Я...” ХХК-ийн хашааг төрийн байгууллага нураасан мэтээр худлаа гүтгэлгийн нэвтрүүлэг явуулсан учраас уучлалт гуйлгаж, 10 000 000 төгрөгийн хохирол гаргуулах нэхэмжлэл гаргасан. Чулуун хашааг нураасан асуудлаар Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгасан боловч хэрэгсэхгүй болгосон. “Я...” ХХК-ийн хашааг төрийн байгууллагаас нураагаагүй, Ногоон шошго нэвтрүүлгээр газар нутгийг дээрэмдэж байна гэж яригдаж байх үед ар талд нь “Я... ХХК эзэмшиж байгаа газрыг үзүүлж, төөрөгдөл үүсгэсэн, тухайн газарт хог хаясан юм шиг сэтгэгдэл төрүүлэхээр эвлүүлж нэвтрүүлэг бэлтгэсэн байдаг. “Я... ХХК тухайн газар ямар ч үйл ажиллагаа явуулаагүй, жуулчин хүлээж аваагүй, газар ухаж сэндийчээгүй. Манай компани эзэмшил газраас урагшаа чиглэлтэй нуур хүртэл нутгийн иргэдийн тарьсан хогийг жилд 1 удаа цэвэрлэдэг. Манай компаний хувьд үйл ажиллагаа явуулаагүй учраас хог тарих боломжгүй. Нэвтрүүлгээр “Я... ХХК-ийг хог тарьж, байгаль орчин бохирдуулж байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлэхээр харуулдаг. Ногоон шошго нэвтрүүлгийг бэлтгэхдээ “Я... ХХК-д мэдэгдээгүй, харин 2018 онд М.Ж... модон байшин авч тухайн газар ирсэн. 2016 оноос “Я... ХХК амралтын зориулалттай жижиг байшин барьж эхэлсэн. М.Ж... бол мөнгө авах сонирхолтой, гэхдээ Я... ХХК хуулийн дагуу үйл ажиллагаа явуулахаар зөвшөөрөл авсан учраас мөнгө төлөх шаардлагагүй. Төрийн тусгай хамгаалалттай газар иргэн хүн газар эзэмших эрхгүй гэж цуцалснаар цуцлагдсан, М.Ж... нь газраа өөрийн өмчлөлд авч худалдсан. Өөрөөр хэлбэл, М.Ж... тухайн нутагт газрын ченж буюу газар худалдаалдаг. Захиргааны хэргийн шүүхэд маргаан үүсгэсэн, одоо шийдэгдээгүй. Ногоон шошго нэвтрүүлгийг бэлтгэхдээ нэг талыг барьсан гүтгэлэг хийсэн учраас шүүхэд хандсан. Манай зүгээс нэхэмжлэлийн шаардлагад өөрчлөлт оруулж байна. Учир нь миний бие хэвлэлийн байгууллагуудтай байнгын холбоотой байдаг учраас М...ээс 10 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 100 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж, уучлалт гуйлгах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. “Я... ХХК-д мэдэгдэхгүй нэг талыг баримталсан гүтгэлгийн чанартай ойлголт төрүүлэхээр нэвтрүүлэг бэлтгэсэн учраас М...д хариуцлага хүлээлгэж 100 000 төгрөгийн хохирол гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э... шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М... нь Олон нийтийн радио, телевизийн тухай хуульд заасны дагуу олон нийтийн эрх ашигт үйлчилж, тэдний өмнө хариуцлага хүлээж, хяналтад үйл ажиллагаа явуулдаг ашгийн бус хуулийн этгээд юм. Хуульд зааснаар телевиз, радиогийн нэвтрүүлэг бэлтгэхдээ баримтлах хөтөлбөрийн бодлогын хүрээнд нэвтрүүлгүүдээ бэлтгэдэг. Ногоон шошго нэвтрүүлгийг олон жилийн хугацаанд экологи байгаль орчны асуудлыг хөндсөн сэдэвтэйгээр гаргаж байгаа. Ногоон шошго буюу “Хөвсгөлд мөнгө инээж байна” нэвтрүүлэг нь нийт 3 цуврал бөгөөд 2 нь нэвтрүүлэг хэлбэртэй, 1 нь хэлэлцүүлэг хэлбэртэй. Уг нэвтрүүлэг нь 30 минутын хугацаатай үргэлжилдэг. 2020-2022 онд ковидын нөхцөл байдал хүнд байсантай холбогдуулан манай телевиз нэвтрүүлгийнхээ 60 хувьд давталтаар явуулдаг байсан. Телевиз нийт 5 сувагтай, 1 дүгээр суваг нь үндсэн суваг, 2 дугаар суваг нь Монголын мэдээ суваг буюу зарим нэвтрүүлгүүдийг давталтаар гаргаж байгаа. Нэхэмжлэгч уг нэвтрүүлгийг олон дахин давтаж гарсны улмаас газар ашиглах гэрчилгээ хүчингүй болсон гэж үзсэн. Гэтэл Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайдын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/44 дүгээр тушаалын үндэслэх хэсэгт “Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-т Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана” гэж заасан. Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.1-т онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно гэж заасан. Ногоон шошго нэвтрүүлэгт үндэслэн газар ашиглах гэрчилгээг хүчингүй болгоогүй.  “Я... ХХК-д хууль зөрчиж газар олгосон тухай  мэдээллийг 2019 оноос хойш хүргүүлсэн байдаг, харин эрхийг хүчингүй болгосон цаг хугацаа, нөхцөл байдал зэрэг нь хоорондоо ямар нэгэн шалтгаант холбоогүй. “Я... ХХК 2007 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд газар ашиглах зөвшөөрөл авах үедээ аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах эрхгүй байсан. Аялал жуулчлалын эрхийг 2020 онд, газар эзэмших эрхийн гэрчилгээг 2021 оны 4 дүгээр сард авсан. Байгаль орчны яамнаас 2022 оны 2 дугаар сард газар ашиглах гэрчилгээг хүчингүй болгосон. Гэрчилгээний хугацаа дуусахаас 1 сарын өмнө холбогдох байгууллагуудад хүсэлтээ өгч сунгуулах байтал “Я... ХХК энэхүү ажиллагааг хийгээгүйгээс гадна 2018 онд газар ашиглах эрх олгосон нь хууль зөрчсөн байна гэж үзэж тусгай хамгаалалттай газрын захиргаа болон иргэдээс давхцуулан олгосон газрыг хүчингүй болгох хүсэлтийг удаа дараа гаргасан. Нэвтрүүлэгт 7 секундийн хэсэг дээр “Я... ХХК 4,5 га газрын зөвшөөрөл авсан байна” гэснээс өөрөөр газар ашиглах гэрчилгээг хууль бусаар авсан гэж үг өгүүлбэр хэрэглэгдээгүй, нэвтрүүлэгт 30 минутын хугацаанд 4-5 компанийн талаар 7-8 иргэний ярилцлагыг оруулсан. Тиймээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Я... ХХК учирсан хохирлоо өөрсдөө нотлох үүрэгтэй, ямар үндэслэлээр 100 000 төгрөгийн хохирол шаардсанаа нотлоогүй байна гэв.

 

4.Нэхэмжлэгчээс: Я... ХХК-ний улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 3/, компаний шинэлчилсэн дүрэм /хх 4-6/, “Мөнгө инээж байна” нэвтрүүлийн бичлэгийг буулгасан баримт /хх 7-9/, БОАЖС-ын тушаал, зураг /хх 10-15/, БОНХАЖ-ын яамнаас олгосон гэрчилгээ, гаргасан гомдол, хариу /хх 26-57/, түншлэлийн гэрээ, баримт /хх 103-108/, хх 175-189/, М...-д гаргасан гомдол /хх 208/, 

Хариуцагчаас: /хх 223-231 баримт/,

Шүүхээс:  Хэргийн 112-168 баримт, үзлэг хийсэн тэмдэглэл, баримт /хх 191-207/ зэрэг баримтыг бүрдүүлжээ.                                                

                                          ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ М... нь 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 16 цаг 30 минутаас 21 цаг 10 минут хүртэл хугацаанд “Ногоон шошго” нэвтрүүлгээрээ “Я...” ХХК-ийн “хашааны өчүүхэн хэсгийг нурааж” гэж төрийн байгууллага нураасан мэтээр гүтгэсэн гэж тодорхойлж, уучлалт гуйлгаж, 10 000 000 төгрөгийн хохирол гаргуулах нэхэмжлэл гаргасан.

3.Хариуцагч “...Нэвтрүүлгийн 7 секундийн хэсэг дээр “Я... ХХК 4,5 га газрын зөвшөөрөл авсан байна” гэснээс өөрөөр газар ашиглах гэрчилгээг хууль бусаар авсан гэж үг өгүүлбэр хэрэглэгдээгүй, нэвтрүүлгээс болж газар эзэмших гэрчилгээ цуцлагдаагүй” гэж маргажээ.

4.Хэрэгт  авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдлоо. Үүнд:

М... нь “Ногоон шошго” нэвтрүүлгийн хүрээнд “Хөвсгөлд мөнгө инээж байна” нэвтрүүлгийг 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 09.00 цагт гаргаж, үүнээс хойш хэд хэдэн удаагийн давталттайгаар 1 болон 2 дугаар сувгаар гаргажээ.

“Ногоон шошго” нэвтрүүлгийн “Хөвсгөлд мөнгө инээж байна” нэвтрүүлгээрээ Хөвсгөл аймгийн байгалийн цогцолборт тусгай хамгаалалттай газар нутгийн  байгаль орчин, экологийн асуудлыг хөндөж, нутгийн иргэдийн ярилцлага, аж ахуйн нэгжийн талаар яригдсан нь үзлэг хийсэн тэмдэглэлд тусгагдсан байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх заалтыг үндэслэн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг “Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газар” тусгай хамгаалалттай газар нутгийн Чулуутын ам нэртэй 4.5 га талбайг аялал жуулчлалын зорилгоор Я... ХХК-д ашиглуулахаар 5 жилийн хугацаатай олгож 2016/0137 дугаар гэрчилгээ олгосон /хх 26-33/ байжээ.

Харин Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/44 тоот “Хууль бус захиргааны актыг хүчингүй болгох тухай” тушаалаар  Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчин хамгаалалтын захиргааны саналгүйгээр Хөвсгөлийн байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд  Янгирт ХХК-д 4.5 га газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/114 дүгээр тушаалын “Я... ХХК”-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон, энэ талаар Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан талаар талууд маргаагүй байна. /хх 112-130/

М... нь Олон нийтийн радио, телевизийн тухай хуульд зааснаар гагцхүү олон нийтийн эрх ашигт үйлчилдэг, тэдний өмнө хариуцлага хүлээж, хяналт дор нь үйл ажиллагаагаа явуулдаг ашгийн төлөө бус хуулийн этгээд бөгөөд үйл ажиллагаандаа хараат бус байх, бодит мэдээлэл олж авах иргэний эрхийг хүндэтгэх, олон ургальч үзэл, ил тод байдлыг эрхэмлэх, аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хувь хүн, улс төрийн намын эрх ашгийг бус нийт үндэсний эрх ашгийг дээдлэх үндсэн зарчмыг баримтална.

 

М... нь “Ногоон шошго” хөтөлбөрийн хүрээнд “Хөвсгөлд мөнгө инээж байна” нэвтрүүлгийг бэлтгэхдээ үйл үйл ажиллагааны зорилго, зарчмаа зөрчөөгүй, өөрөөр хэлбэл, Хөвсгөлийн байгалийн цогцолборт газрын байгаль орчин, экологийн асуудлыг хөндсөн нь нийтийн эрх ашигт нийцсэн байна.

Нөгөө талаас, нэвтрүүлэгт Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын “Цэ...” ТББ-ын захирал Ө.А...,  гишүүн В.П., “Э...” ТББ-ын Хатгал дахь менежер Ч.М.. Хатгал тосгоны Жанхай хэсгийн ахлагч Э.Ү.., Хатгал тосгоны өндөр настан М.Ж.., “Хөвсгөл далай ээж” нийгэмлэгийн захирал, биологийн ухааны доктор Ж.О.., Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга  Г.М.., Х... тосгоны захирагч А.Б..., Алаг Эрдэнэ сумын Засаг дарга Э.Н..., Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн харъяа Хатгал тосгоны өртөөний дарга А.О... зэрэг хүмүүс оролцсон, тэдний санал хүсэлт зэргийг тусгасан нь иргэн Жаргалсайханы захиалгаар нэвтрүүлэг хийсэн, нэвтрүүлэг гарсны дараа лиценз цуцлагдсан гэсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлтэй нийцээгүй байна.

Нэвтрүүлэгт сэтгүүлч Ц.Ц... “Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалтын газрын нутгийн удирдлагын газар Янгирт компанид газар эзэмших эрхийг 4.5 га-гаар тогтоожээ. Энд Хөвсгөл далайд цутгадаг нэг чухал эх үүсвэр болох Чулуут голын адаг бүхэлдээ багтсаныг та харж байна” гэсэн хэсгээс үзвэл “Я... ХХК-д олгосон гэх газар зураг авалт хийж тухайн газар нутгийг харуулсан байна.

Тухайн газар нутагт нэвтрүүлэг бэлтгэж зураг авалт хийхдээ Хөвсгөлийн байгалийн цогцолборт газарт бүхэлдээ хог хаягдлын асуудал, бохирын асуудлыг шийдвэрлэсэн байдлыг хөндсөн байх ба зөвхөн Я... ХХК-тай холбоотой, түүнийг буруутгасан үйл баримт гэж үзэхгүй.

Түүнчлэн “Хөвсгөл аймаг болон яамнаас томилогдсон ажлын хэсэг сүрийг үзүүлэн давхилдсаны дүнд Хөвсгөл нуурын цутгалт Чулуут голын голдирлыг хааж босгосон чулуун хашааны өчүүхэн хэсгийг нурааж гийгүүлсэн байна. Авсан арга хэмжээ нь ердөө л энэ. Монголд төдийгүй дэлхийд данстай цэнгэг уст Хөвсгөл нуурыг хамгаалах үүрэгтэй, хамгаална гэж төрд тангараг өргөсөн холбогдох салбарын албан тушаалтнуудад ингэхэд ичих нүүр байна уу” гэсэн сэтгүүлчийн хэлсэн нь “эрх бүхий албан тушаалтан”-ны үйл ажиллагааг шүүмжилсэн байх ба Я... ХХК-ний барьсан чулуун хашааг төрийн байгууллага буулгасан гэж гүтгэсэн агуулгыг илэрхийлээгүй байна.   Эдгээр нөхцөл байдал нь гэрч Ц.Ц..., Д.Н... нарын мэдүүлгээр давхар нотлогдсон байна. Харин гэрч Д.Ч... мэдүүлэхдээ...Я... ХХК  талбай дээрээ байшин барихад оролцсон, дотроо био жорлон хийсэн, Ж..ы хашаа эдний талбайд байсан талаар мэдүүлсэн байх ба Ногоон шошго нэвтрүүлгээрээ Я... ХХК-ийг гүтгэсэн эсэх талаар мэдүүлээгүй байна.

Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 23-04-022/299 дугаар шаардлагаар Я... ХХК-д Чулуутын голын хамгаалалтын бүсийг оролцуулан барьсан хашаагаа буулган онцгой хамгаалалтын бүсийг чөлөөлөхийг мэдэгдэж /хх 108/ байжээ.

Нөгөө талаас,  тухайн  Я... ХХК-д олгосон 4,5 га газарт иргэн М.Ж...ы уламжлалт мал ахуй эрхэлж байсан газар орсон талаар маргаж байсан нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжаар /хх 158/ тогтоогджээ.

Өөрөөр хэлбэл, М.Ж... нь дээрх үндэслэлээр Я... ХХК-д газар олгосон сайдын А/114 тоот тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай гомдлыг гаргасан боловч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022.04.14-ний өдрийн А/44 дүгээр тушаалаар холбогдох хэсгийг хүчингүй болгосон үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдааны шатанд Монголын үндэсний олон нийтийн Радио, телевизээс 10 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 100 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж, уучлалт гуйлгах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан боловч “Я... ХХК-д мэдэгдээгүй, нэг талыг баримталсан гүтгэлгийн чанартай нэвтрүүлэг бэлтгэсэн үндэслэлээр 100 000 төгрөгийн хохирол гаргуулахаар шаардсан.

Хохирол гаргуулах шаардлагын үндэслэл нь “гүтгэлгийн шинжтэй нэвтрүүлэг бэлтгэсэн, улмаар Ногоон шошго нэвтрүүлгээс болж газар ашиглах эрхээ цуцлуулсан, захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргасан, Хөвсгөл аймаг явсан, гэрчийг авчрах, нотлох баримт бүрдүүлэхэд гаргасан зардал” гэж тайлбарласан, зардал гаргасан талаарх баримт хэрэгт авагдаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хэргийн 11-16 дахь талд авагдсан зураг, 36-37 баримт, 224-232 дахь талд авагдсан баримтууд тус тус  нотлох баримтын шаардлага хангаагүй,

Хөвсгөл аймгийн Засаг даргын 2009.05.12-ны 138 дугаар “Захирамж хүчингүй болгох тухай” захирамж, хавсралт /хх 34-35/ энэ хэрэгт хамааралгүй, хэргийн 38-46 дахь талд авагдсан баримтууд захиргааны хэрэгтэй холбоотой, хэргийн 47-57 дахь талд авагдсан хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзсан тогтоол, гомдол зэрэг нь иргэн Ж...д гаргасан гомдолтой холбоотой,  131-157, 160 дахь талд авагдсан Я... ХХК-ний “Гүрэн аялал жуулчлалын бааз” төслийн ажлын тайлан, экспертизийн талаар талууд маргаагүй байна.

 

5.Иргэдийн төлөөлөгч тус нэвтрүүлэг гарснаар Я... ХХК-ний лиценз цуцлах, газар эзэмших эрх сунгахыг хориглосон нь нөлөөлсөн, нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэжээ.

Харин “Ногоон шошго” нэвтрүүлэг гарснаар Я... ХХК-ний  лиценз цуцлах, газар эзэмших эрх сунгах асуудалд нөлөөлсөн гэх үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэлээ.     

6. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 245 150 төгрөг төлсөн байна. Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1  дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогот хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан М...ийн “Ногоон шошго” нэвтрүүлгээрээ гүтгэсэнд уучлал гуйлгах, 100 000 төгрөг гаргуулахыг хүссэн Я... ХХК-ний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245 100 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээсүгэй.

3.Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэй.

                        

 

    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Р.АЛТАНТУЯА

                                        ШҮҮГЧИД                                  Ч.БАТЧИМЭГ

                                                                                           Ш.ОЮУНТУУЛ