Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2023/00835

 

Я- ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Д.Золзаяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2023/00686 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Я- ХХК-ийн хариуцагч М-№д холбогдуулан гаргасан уучлалт гуйхыг даалгаж, 10,000,000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.    

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Шижир, А.Эрдэнэбилэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сумъяабазар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: М- О- Р- нь Н-нэвтрүүлэг явуулж, М.Ж- гэдэг хүний захиалгаар тусгай хамгаалалтай газарт дээрмийн асуудал үүссэн, бусдын өвөлжөөг дээрэмдсэн, төрийн хамгаалалттай газрыг М.Ж-ы газар гэж гүтгэсэн, бусдын жалганд тараасан хог, жорлон зэргийг Я- ХХК-д хамаатуулан үзүүлж, аймаг, яамны хүмүүс томилогдсон хашааг нураасан гэж гүтгэсэн. Нэвтрүүлэг явсны дараа Я- ХХК-д мэдэгдэлгүйгээр лицензийг хүчингүй болгож, их хэмжээний хохирол учирсан. Иймд 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 16:30, 21:10 цагт нэвтрүүлсэн М--ийн Н-нэвтрүүлгээр Хөвсгөл аймаг болон яамнаас томилогдсон ажлын хэсэгт ....чулуун хашааны өчүүхэн хэсгийг нурааж гэж худал гүтгэлэг явуулсан тул уучлал гуйхыг даалгаж, 10,000,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан. Одоо уучлалт гуйлгах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, 100,000 төгрөгийн хохирол гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: М- О- Р- нь Н-нэвтрүүлгийг олон жилийн хугацаанд экологи байгаль орчны асуудлыг хөндсөн сэдэвтэйгээр гаргаж байгаа. Н-нэвтрүүлэгт үндэслэн нэхэмжлэгчийн газар ашиглах гэрчилгээг хүчингүй болгоогүй. Я- ХХК-д хууль зөрчиж газар олгосон тухай  мэдээллийг 2019 оноос хойш хүргүүлсэн байдаг, харин эрхийг хүчингүй болгосон цаг хугацаа, нөхцөл байдал зэрэг нь хоорондоо ямар нэгэн шалтгаант холбоогүй. Я- ХХК 2007 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд газар ашиглах зөвшөөрөл авах үедээ аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах эрхгүй байсан. Аялал жуулчлалын эрхийг 2020 онд, газар эзэмших эрхийн гэрчилгээг 2021 оны 04 сард авсан. Байгаль орчны яамнаас 2022 оны 02 сард газар ашиглах гэрчилгээг хүчингүй болгосон. Гэрчилгээний хугацаа дуусахаас 1 сарын өмнө холбогдох байгууллагуудад хүсэлтээ өгч сунгуулах байтал Я- ХХК энэхүү ажиллагааг хийгээгүйгээс гадна 2018 онд газар ашиглах эрх олгосон нь хууль зөрчсөн байна гэж үзэж тусгай хамгаалалттай газрын захиргаа болон иргэдээс давхцуулан олгосон газрыг хүчингүй болгох хүсэлтийг удаа дараа гаргасан. Нэвтрүүлэгт 7 секундийн хэсэг дээр Я- ХХК 4,5 га газрын зөвшөөрөл авсан байна гэснээс өөрөөр газар ашиглах гэрчилгээг хууль бусаар авсан гэж үг өгүүлбэр хэрэглэгдээгүй, нэвтрүүлэгт 30 минутын хугацаанд 4-5 компанийн талаар 7-8 иргэний ярилцлагыг оруулсан. Тиймээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Я- ХХК учирсан хохирлоо өөрсдөө нотлох үүрэгтэй, ямар үндэслэлээр 100,000 төгрөгийн хохирол шаардсанаа нотлоогүй байна гэжээ.

 

3.Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулга: Тус нэвтрүүлэг гарснаар Я- ХХК-ийн лиценз болон газар эзэмших эрх цуцлагдахад нөлөөлсөн гэж үзээд нэхэмжлэлийг хүлээн авах нь зүйтэй гэжээ.

 

4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан М- О- Р-ийн Н-нэвтрүүлгээрээ гүтгэсэнд уучлал гуйлгах, 100,000 төгрөг гаргуулахыг хүссэн Я- ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245,100 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

5.Нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Шүүх үндэслэх хэсэгтээ Хөвсгөл аймаг болон яамнаас томилогдсон ажлын хэсэг сүрийг үзүүлэн давхилдсаны дүнд Хөвсгөл нуурын цутгалт Чулуут голын гольдролыг хааж босгосон чулуун хашааны өчүүхэн хэсгийг нурааж гийгүүлсэн байна, авсан арга хэмжээ нь ердөө л энэ. Монголд төдийгүй дэлхийд данстай цэнгэг уст Хөвсгөл нуурыг хамгаалах үүрэгтэй, хамгаална гэж төрд тангараг өргесен холбогдох салбарын албан тушаалтнуудад ичих нүүр байна уу гэж сэтгүүлчийн хэлсэн нь эрх бүхий албан тушаалтан-ы үйл ажиллагааг шүүмжилсэн байх ба Я- ХХК-ийн барьсан хашааг төрийн байгууллага буулгасан гэж гүтгэсэн агуулгыг илэрхийлээгүй байна, хэмээн дүгнээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, зардал гаргасан талаарх баримт мөн хэрэгт авагдаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ гэж шийдсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрэгт авагдсан, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас баталгаажуулж ирүүлсэн сансрын зургаар Хатгал тосгоны өндөр настан гэх Жаргалсайхан нь тухайн газарт буюу тусгай хамгаалалттай газарт Я- ХХКгазрын эрх олгосноос хойш тус компанийн ашиглалтад байгаа газрын тодорхой хэсэгт ирж буусан болох нь нотлогддог боловч уг нэвтрүүлгээр манай компанийг дээрмийн хэрэг хийсэн мэтээр дүрс зураг, тайлбар бүхий маш ойлгомжтой, тодорхой үзүүлсэн байдаг. Я- ХХКхолбогдуулан харуулсан жорлон, хог зэрэг нь Я- ХХКйнх биш гэдэг нь тогтоогдсон. Төрийн байгууллага хашааг буулгаагүй гэдэг нь тогтоогдсон буюу төр газар чөлөөлөх ажлыг хийж хашааг нураагаагүй гэдэг нь эрүүгийн хэргийн баримтууд болон бусад баримтаар нотлогдож байхад огт гүтгээгүй гэж шүүхээс дүгнэснийг хүлээн зевшеерөхгүй ба нэвтрүүлэг гарсны дараа зөвшөөрлийг хүчингүй болгосон нь хамааралгүй үйл явдал болгож Я- компанид хохирол учраагүй гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд гүтгэсэн буюу худал ташаа мэдээлэл тараасан нь илт тодорхой байхад тогтоогдохгүй гэсэн шийдвэрийг хүчингүй болгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

6.Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: М- О- Р- нь О- Р-ийн тухай хуульд заасны дагуу О- эрх ашигт үйлчилж, тэдний өмнө хариуцлага хүлээж, хяналтад үйл ажиллагаа явуулдаг ашгийн бус хуулийн этгээд юм. Хуульд зааснаар телевиз, радиогийн нэвтрүүлэг бэлтгэхдээ баримтлах хөтөлбөрийн бодлогын хүрээнд нэвтрүүлгүүдээ бэлтгэдэг. О- радио телевизийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт О- Р-ийн сурвалжлагч, редакци Yндсэн хууль болон энэ хуулийн үзэл санаанд нийцсэн нэвтрүүлэг бэлтгэх, нийтийн хүртээл болгоход нь аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хувь хүн, О- Р-ийн удирдлага хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглоно гэж заасны дагуу үйл ажиллагаагаа явуулдаг. О- радио телевиз нь хуульд захирагдаж, хуульд заасан шаардлага хангасан нэвтрүүлгийг бэлтгэж олон нийтэд хүргэдэг. Маргаан бүхий нэвтрүүлэг нь экологийн орчны асуудлаар нэвтрүүлгийг бэлтгэн хүргэдэг. Хөвсгөлд мөнгө инээж байна нэвтрүүлэг 3 цуврал байдаг. Нэхэмжлэгч тал Ногоон шошго, Хөвсгөлд мөнгө инээж байна 2 цувралт нэвтрүүлэгт гомдол гаргасан байдаг. Тухайн нэвтрүүлэгт Я- ХХК-д холбоотой буюу Я- гэдэг үг хоёрхон удаа үг гардаг. Энэ нь нэхэмжлэгчийн нэр хүндэд халдсан зүйл байхгүй. Хөвсгөл аймагт Төрийн тусгай хамгаалалттай газар олон компани үйл ажиллагаа явуулдаг юм байна. Тухайн газрын орчин бохир болон бие засах газрын талаар ярьсан. Гэтэл Я- ХХК-ийг байгаль орчин бохирдуулж байна гэж тус нэвтрүүлэгт гардаггүй. Тус нэвтрүүлэгт бүтэн 30 минутын нэвтрүүлэгт нэхэмжлэгчийн тайлбарлаад буй үйл баримт байхгүй. Тухайн нэвтрүүлэгт хашааны өчүүхэн хэсгийг нураасан гэдэг үг гардаг. Энэ үгийг нэхэмжлэгч компанийн буруу гэж хэлээгүй. Төрийн байгууллага ирж, ийм үйл ажиллагаа явуулсан гэх иргэний үзэл бодол болохоос М- О- Р- өөрсдөө зохиож, гүтгэлэг хийсэн зүйл байхгүй. Худал мэдээлэл тараах, гүтгэлэг хоёр тус тусдаа өөр ойлголт юм. Худал мэдээлэл тараасан гэвэл зохих хууль журмын дагуу шалгаж тогтоосон зүйл байхгүй. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Сэтгэл санааны хохиролтой холбоотой асуудлыг анхан шатны шүүх зөв дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, сэтгэл санааны хохирлоо мөнгөн дүнгээр нэхэмжилсэн боловч тэр нь баримтаар нотлогдоогүй. Мөн хэрэгт авагдсан нотлох баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй. Маргаан бүхий нэвтрүүлгээр Я- ХХК-ийн талаар яриагүй ба өөр бусад хууль бусаар газар эзэмших, эрх олж авсан компани болон иргэний тухай дурдсан болох нь гэрчийн мэдүүлэг болон үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна. Маргаан бүхий нэвтрүүлэг бэлтгэсэн хүмүүсийн өөрт олдсон эх сурвалж дээр үндэслэн явуулсан нь нэр төр ажил хэргийн нэр хүндэд нөлөөлөөгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

2.Нэхэмжлэгч Я- ХХК нь М-№д холбогдуулан уучлалт гуйхыг даалгаж, 10,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

3.а.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага түүнийг нотлох баримт нь нэхэмжлэлийн бүрдүүлбэрт хамаарахаар заасан бөгөөд мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-т энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж заасан. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэсэн тохиолдолд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулах ажиллагааг хийх ёстой.

3.б.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч М- О- Р- нь нэхэмжлэгч Я- ХХК-ийн ажил хэргийн нэр хүндэд халдсан мэдээ тараасан тул ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, уучлалт гуйхыг даалгаж, 10,000,000 төгрөг гаргуулах гэсэн агуулгаар тодорхойлсон ба хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэлийг багасган, хариуцагчаас 100,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ. /хх-ийн 1, 235-р тал/

3.в.Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.6 дахь хэсэгт Хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг хамгаалахад энэ хуулийн 21 дүгээр зүйлийн заалт нэгэн адил хамаарна гэж заасан. Нэр төр, алдар хүнд гэдэг нь иргэнд хамааралтай бөгөөд ажил хэргийн нэр хүнд гэдэг нь иргэн, хуулийн этгээдэд аль алинд нь хамааралтай ойлголт юм.

3.г.Нэхэмжлэгч Я- ХХК нь хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад уучлалт гуйхыг даалгах шаардлагаасаа татгалзаж, 100,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч энэхүү шаардлагын үндэслэл тодорхой бус байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь дээрх 100,000 төгрөгийг эдийн бус гэм хорын хохирол, эсхүл ажил хэргийн нэр хүндэд халдсан мэдээ тараасантай холбоотойгоор гарсан зардлын аль үндэслэлээр нэхэмжилж байгааг тодруулах шаардлагатай.

3.д.Мөн нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 21, 27 дугаар зүйлийн 27.6 дах хэсэгт зааснаар хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх шаардлага гаргасан эсэх, улмаар уг шаардлагаа дэмжиж байгаа эсэхийг тодруулах, энэ талаар талуудыг мэтгэлцүүлэх нь нэхэмжлэлийн шаардлагад дүгнэлт өгөхөд ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл, дээрх нөхцөл байдлыг тодруулснаар талуудын маргаанд хамаарах хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэх нөхцөл бүрдэх бөгөөд анхан шатны шүүх энэ талаарх ажиллагааг бүрэн хийсэн гэж үзэхэд учир дутагдалтай байна.

4.Давж заалдах шатны шүүхээс дээрх нөхцөл байдлыг тодруулах байдлаар хэргийн үйл баримтад дүгнэлт өгөх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

5.Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэнтэй холбоотойгоор иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн хууль зүйн үндэслэлийн талаар дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2023/00686 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Я- ХХК-аас төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

Г.ДАВААДОРЖ