Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2023/01678

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2023/01678

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: О.Э

Хариуцагч: ОМ ХХК

.. газар дээр баригдсан барилга байгууламжийг нураах, буулгаж чөлөөлүүлэх нэхэмжлэлийг 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч О.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцож, хариуцагч ОМ ХХК-ийн төлөөлөгч Х.Б хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 1. Нэхэмжлэгч О.Э нь хариуцагч ОМ ХХК-нд холбогдуулан .. газар дээр баригдсан барилга байгууламжийг нураах, буулгаж чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Нэхэмжлэгч О.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: О.Э миний бие Баянгол дүүрэг 11 дүгээр хороо ..тоот хаягт байршилтай .. нэгж талбарын дугаартай 212 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг .. дугаарт бүртгэлтэй гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгч бөгөөд тус газрыг 2021 оны 09 дүгээр сард бусдаас худалдан авсан. Ингээд тус газрын хууль ёсны өмчлөгч болсон тул 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг олгосон. Ийнхүү дээрх газрын хууль ёсны өмчлөгч болсныхоо дараа газраа шалгаж үзэхэд манай газар дээр хариуцагч ОМ ХХК-ийн байшин орсон байсан. Тус нөхцөл байдлыг газрын албанд мэдэгдэж өөрийн газраа чөлөөлүүлэхээр хандсан боловч хуульд заасны дагуу шүүхэд ханд гэж хариу ирүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга журмын дагуу Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн .. дугаар шийдвэрт гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсөн билээ. Гэтэл Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-д зааснаар гүйцэтгэх баримт бичигт барилга байгууламжийг нураах шийдвэрийг тусгайлан заагаагүй тул боломжгүй болохыг надад мэдэгдсэн. Хариуцагч ОМ ХХК нь миний газраа бүрэн хэмжээгээр өмчлөн эзэмшиж, ашиглах эрхийг зөрчиж байна. Иймд Баянгол дүүрэг 11 дүгээр хороо ..тоот хаягт байршилтай 212 мкв газар дээр баригдсан барилга байгууламжийг нураах буулгах арга хэмжээг авч чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна гэв.

2. Хариуцагч ОМ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: О.Э гэдэг нь худал хуурмаг заль зохион газар эзэмших гэрчилгээ 2021 оны 09 дүгээр сарын 28-нд хуурамчаар гаргуулж байсан тул үүнийг Нийслэлийн авлигатай тэмцэх газраар шалгуулж учир байдлыг тодорхойлуулж Улсын прокурорын газраар шалгуулж байсан. Миний энэ өргөдөл гомдлыг авч хэлэлцэн тус Баянгол дүүргийн Цагдаагийн ерөнхий газрын мөрдөн шалгах албанд шилжүүлж уг шүүхийн хурлын зохион байгуулалтыг шалгах ажиллагаа явагдсан. Шалгасны үндсэн дээр Нийслэлийн Прокурорын гомдлыг шилжүүлсний үндсэн дээр О.Эын Баянгол дүүрэг 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Улаанбаатар хотын Эрүүл мэндийн яамны харъяа Эх нялхасын зүүн талын тойрсон далан дээр Нийслэлийн захирагчийн албаар хандуулан 2014 онд нийтийн эзэмшлийн талбайг жижиг худалдаа эрхлэгчдэд эзэмшлээр олгосон юм. Би өөрөө шийдээгүй, улс орноо удирдан чиглүүлэгч зохион байгуулагч Засгийн газрын агентлагууд болон Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн 2014 оны хурлын 07 тоот тогтоолоор батлагдсан талбай. Энэ Эх нялхасын болницын зүүн хаалганы дэргэд талбайн хэмжээ 9 х 3 харьцаатай, эмнэлгийг ус үерээс хамгаалсан далан. Үүнийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас Загдсүмбэр, Нямдаваа нар хоёр өндөр настны амьдралыг харж үзэн зөвшөөрөл олгосон. 2015 оноос улс орныхоо татварын алба, газрын албаны газрын гэрээтэй, улирал болон жилдээ 180,000 төгрөгний татварыг тасралтгүй өгч явдаг улс орондоо үнэнч шударгаар хөдөлмөрлөж явсан. Хуурамч худал танил тал харж яваагүй ахмад буурлууд мэдээлж байна. Эх Нялхасын ус үерээс хамгаалсан далан дээр байгаа 2 ТҮЦ-ийг харсан байх. Монгол улсын мэдээлэл телев хуулийн зөвлөх байсан шүү дээ. Би өндөр настан бага зэргийн үндсэн хууль мэддэг байсан. Тийм болохоороо Монгол улсын Засгийн газрын хууль эрх зүйн эрхлэх газрын сайд болон Хууль зүйн дотоод хэргийн яаманд хандсан. Албан газрын эргэн тойрсон орчин ард иргэдэд нийтийн эзэмших талбайг хувьчлах хуульгүй гэдгийг Захиргааны хэргийн шүүх болон Улсын Нийслэлийн газар зохион байгуулалтын алба өмчлөх нь битгий хэл эзэмшлийн газар өмчлөх гэрчилгээ олгох болоогүй асуудлыг их хурлын шийдвэрүүд гарсан байгаа юм гэжээ.

3. Нэхэмжлэгчээс 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Дугаар .. шийдвэр, 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай дугаар 23-1/38 тогтоол, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын дугаар 1141 Прокурорын тогтоол гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч нь Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гүйцэтгэх баримт бичигт барилга байгууламжийг нураах шийдвэрийг тусгайлан заагаагүй тул шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх боломжгүй болохыг мэдэгдсэн. Иймд барилга байгууламжийг нураах буулгах арга хэмжээг авч, бусдын хууль бус эзэмшлээс газраа чөлөөлүүлнэ гэж шаардах эрхээ тодорхойлсон.

3. Хариуцагч нь О.Э газар эзэмших гэрчилгээг хуурамчаар гаргуулж авсан. 2014 онд нийтийн эзэмшлийн талбайг жижиг худалдаа эрхлэгчдэд эзэмшилээр олгосон. Албан газрыг тойрсон нийтийн эзэмших талбайг хувьчлах хуульгүй, эзэмших буюу өмчлөх гэрчилгээ олгох боломжгүй асуудлыг шийдвэрлэсэн их хурлын шийдвэрүүд байдаг гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн байна.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1.1. Баянгол дүүргийн ..тоот хаягт байршилтай .. нэгж талбарын дугаартай 212 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгч нь Э болох нь Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаар ... гэрчилгээгээр тогтоогдож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Дугаар .. шийдвэрээр тус газрыг хариуцагч ОМ ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

4.1.2. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Дугаар 23-1/38 тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5-д заасныг үндэслэн төлбөр төлөгч ОМ ХХК-нд холбогдох ... бүртгэлийн дугаартай гүйцэтгэх баримт бичигт явуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгон шийдвэрлэжээ.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар гүйцэтгэх баримт бичигт барилга байгууламжийг нураах, буулгах арга хэмжээг заагаагүй тул шүүхийн шийдвэрт зааснаар албадан чөлөөлсөн газрыг цаашид эзэмших, ашиглахыг хориглож хариуцагчид мэдэгдсэнээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон гэсэн үндэслэлээр өмчлөгчийн өмчлөлийн газар дээр баригдсан хариуцагчийн барилга байгууламжийг нурааж, буулгах шийдвэр гаргуулахаар шаардсан байгааг хангах үндэслэлтэй.

4.1.3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т Газрыг төлбөр төлөгч буюу албадан нүүж байгаа этгээдийн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөөс чөлөөлж, албадан чөлөөлсөн газрыг цаашид эзэмших, ашиглахыг хориглож, төлбөр авагчид хүлээлгэн өгснөөр газар чөлөөлөх тухай гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг гүйцэтгэсэнд тооцно. Тухайн газар дээрх төлбөр төлөгч буюу албадан нүүж байгаа этгээдийн барилга байгууламжийг нураах, буулгах арга хэмжээг гүйцэтгэх баримт бичигт энэ тухай тусгайлан заасан тохиолдолд гүйцэтгэнэ гэж заасан байна.

5. Иймд хариуцагч ОМ ХХК-нд холбогдох .. газар дээр баригдсан барилга байгууламжийг нураах, буулгаж чөлөөлүүлэх нэхэмжлэгч О.Эын нэхэмжлэлийг хангах нь зүйтэй.

6. Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэсэн тайлбар гаргасан боловч тайлбарыг нотолсон баримтыг ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар нотлох баримтаа бүрдүүлэх, цуглуулах үүргээ биелүүлээгүй болно.

6. Хэргийг шийдвэрлэхтэй холбогдуулж улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-д зааснаар .. газар дээр баригдсан хариуцагч ОМ ХХК-ийн барилга байгууламжийг буулгаж чөлөөлсүгэй.

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ОМ ХХК-иас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Эд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч ньь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА