Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2023/01335

 

 

Э.Н-ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч М.Баясгалан, шүүгч Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2023/01678 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Э.Н-ын хариуцагч НГ- ХХК-д холбогдуулан гаргасан Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, Баруун тасганы 2 дугаар гудамж, 000 тоот хаягт байрлах 211 м.кв талбай газар дээр баригдсан барилга байгууламжийг буулгаж чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзориг илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.Н-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бат-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Э.Н- нь Баянгол дүүрэг 11 дүгээр хороо Баруун тасган 2 дугаар гудамж 000 тоот хаягт байршилтай 212 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 2021 оны 09 дүгээр сард бусдаас худалдан авсан хууль ёсны өмчлөгч юм. 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авсан. Гэтэл НГ- ХХК-ийн байшин уг газарт орсон байсан. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 108/ШШ2022/00778 дугаар шийдвэрээр газрыг чөлөөлүүлэхээр шийдвэрлэсэн. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт зааснаар гүйцэтгэх баримт бичигт барилга байгууламжийг нураах шийдвэрийг тусгайлан заагаагүй тул боломжгүй гэж мэдэгдсэн. Иймд Баянгол дүүрэг 11 дүгээр хороо Баруун тасган 2 дугаар гудамж 000 тоот хаягт байршилтай 212 м.кв газар дээр баригдсан барилга байгууламжийг нурааж газрыг чөлөөлүүлж өгнө үү гэжээ.  

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Э.Н- газрын гэрчилгээг хууль бусаар авсан талаар Авлигатай тэмцэх газраар шалгуулсан. Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, Эх нялхасын эмнэлгийн зүүн талын нийтийн эзэмшлийн талбайг жижиг худалдаа эрхлэгчдэд эзэмшлээр олгосон. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн 2014 оны хурлын 07 тоот тогтоолоор батлагдсан. Эх нялхасын эмнэлгийн зүүн хаалганы дэргэд 9х3 харьцаатай үерийн далан дээр 2 түргэн үйлчилгээний цэг байдаг. 2015 оноос хойш уг газрыг эзэмшиж жил бүр 180,000 төгрөгийн татвар төлж байгаа. Нийтийн эзэмшлийн талбайг хувьчлах үндэслэлгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

3.1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-д зааснаар Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, Баруун тасганы 2 дугаар гудамж 000 тоот хаягт байрлах 212 м.кв газар дээр баригдсан хариуцагч НГ- ХХК-ийн барилга байгууламжийг буулгаж чөлөөлж,

3.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Н-д олгож шийдвэрлэжээ.  

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүх хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтаа бүрдүүлэх үүргээ биелүүлээгүй гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй байна. Э.Н- үерийн далан дээр газар авсан. Тус газрыг иргэн, аж ахуйн нэгжид эзэмших, өмчлөх эрх олдоггүй, зөвхөн тодорхой хугацаагаар ашиглуулдаг. Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас тухайн байршилд газар олгогдсон эсэх талаар лавлахад ..кадастрын нэгдсэн системд таны ашиглаж байгаа түргэн үйлчилгээний цэгийн газартай нэгж талбар давхцаагүй байна гэх хариу өгсөн.

Шүүх хариуцагчийг төлөөлөх эрхгүй этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан. НГ- ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мягмарбаатар 2015 оноос хойш Япон улсад амьдарч байгаа. Шүүгчийн туслах итгэмжлэлийн маягт өгөөд ...үүний дагуу бичээд гарын үсгээ зурж, тамга дараад ир гэсний дагуу Б.Мягмарбаатарын гарын үсгийг зураад тамга дарсан. Шүүгчийн туслахын зааварчилснаар өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:  

ХЯНАВАЛ: 

Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянахад шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. 

1. Нэхэмжлэгч Э.Н- хариуцагч НГ- ХХК-д холбогдуулан Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, Баруун тасганы 2 дугаар гудамж, 000 тоот хаягт байрлах 211 м.кв талбай бүхий газар дээр баригдсан барилга байгууламжийг буулгуулж газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.  

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2022/00778 дугаар шийдвэрээр Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Баруун тасган 2 гудамж 000 тоот хаягт байршилтай 1680810111 нэгж талбарын дугаартай 212 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг хариуцагч НГ- ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж шийдвэрлэсэн.  

Дээрх шийдвэрийг гарснаас хойш маргааны зүйл болох газрыг чөлөөлөх нөхцөл байдал өөрчлөгдөж уг шийдвэрийг биелүүлэх боломжгүй болсон ямар нөхцөл байдал байгааг тодруулах нь хэрэгт ач холбогдолтой байна. Өөрөөр хэлбэл, уг маргаан бүхий газар дээр хэний өмчлөлийн ямар барилга байгууламж байгаа нь баримтаар тогтоогдохгүй байгаа тохиолдолд хариуцагч НГ- ХХК-ийн барилга байгууламжийг буулгах гэж хийсвэрлэн дүгнэж шийдвэрлэх боломжгүй юм. 

Нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт зааснаар  төлбөр төлөгч буюу албадан нүүж байгаа этгээдийн барилга байгууламжийг нураах, буулгах арга хэмжээг гүйцэтгэх баримт бичигт энэ тухай тусгайлан заасан тохиолдолд гүйцэтгэх хуулийн зохицуулалтыг баримтлан нэхэмжлэлийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодорхойлсон байхад хууль бус эзэмшлээс чөлөөлөх барилга, байгууламжийн өмчлөгч, эзэмшигчийг тодруулахгүйгээр уг маргааныг шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

 

3. Анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг тодруулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх боломжгүй байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2023/01678 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч НГ- ХХК-ийн урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Н.БАТЗОРИГ