Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2023/01206

 

 

 

 

2023 оны 03 сарын 29 өдөр                       Дугаар 102/ШШ2023/01206                         Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны 3 дугаар танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн .... дугаар хороо, ... дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, ... байрны ... тоот хаягт байрлах, регистр ..., Ө... ХХК,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр хороолол, .. байрны ... тоот хаягт байрлах, регистр ..., Т.. ХХК,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 30 633 170 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Б.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Б...

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э..,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Э. нар ор.олцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ө.. ХХК нь Т... ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 30 633 170 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргаж, шаардлага, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

Ө.. ХХК нь 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Т... ХХК-тай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулан Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Т... ХХК-ийн барилгын гадна талын шилэн фасад, металл фасадын ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-т заасны дагуу шилэн фасадыг 1582 м.кв, 1 м.кв нь 55 000 төгрөгөөр, металл фасадыг 664 м.кв, 1 м.кв нь 45 000 төгрөгөөр бодож, нийт 116 890 000 төгрөгийн үнэтэй ажил хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Ө... ХХК гэрээгээр тохирсон шилэн фасадны ажлыг бүрэн хийж дуусгасан. Харин барилгын зурагт өөрчлөлт орж металл фасадны ажил нь гэрээнд заасан 664 м.кв хэмжээнээс илүү хийж гүйцэтгэсэн. Гэрээгээр 116 890 000 төгрөгийн ажил гүйцэтгэх байсан, үүнээс 2020 оны 9 дүгээр сард 125 000 000 төгрөгийг төлсөн. Илүү хийсэн ажлын хөлсөө төлөхгүй байсан тул цаашид хамтран ажиллах боломжгүй болж ажлаа орхисон. Ө... ХХК үлдэгдэл ажлын хөлсөө удаа дараа нэхэмжилж, Т... ХХК-ийн захирал БНХАУ-ын иргэн W...-тэй удаа дараа уулзаж байсан боловч биднийг хөөж, мөнгө өгөхгүй гэсэн. Гэтэл Т...  ХХК нь манай компанийг ажлаа хаяж явсан, гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохирол гэх үндэслэлээр огт үндэслэлгүйгээр 63 600 000 төгрөг нэхэмжилж, шүүхэд хандсан. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ө... ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг няцаасан нотлох баримтууд болон шинжээчийн дүгнэлт гаргуулан, улмаар ажлын хөлс 30 633 170 төгрөгийн сөрөг нэхэмжлэл гарган нэхэмжилсэн. Гэтэл Т... ХХК нь шүүхээс нэхэмжлэлээ татан авсан тул сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэхгүйгээр тус шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШЗ2023/13234 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон.  Сөрөг нэхэмжлэлээр өөрсдийн тооцоогоор 8 977 850 төгрөг нэхэмжилсэн боловч шинжээч Барилгын хөгжлийн төвийн гаргасан 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн дүгнэлтээр барилгын ажлын талбайд шилэн фасад 1382 м.кв, металл фасад 2020 м.кв хийж гүйцэтгэсэн болохыг тогтоосон. Т... ХХК нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа “Ө...  ХХК ажлаа хаяж явсан тул  Д... ХХК-тай гэрээ байгуулж, 251 м.кв төмөр фасадны ажлыг гүйцэтгүүлсэн гэсэн. Иймд нийт гүйцэтгэсэн 2020,13 м.кв метал фасаднаас Д. ХХК-ийн хийж гүйц..этгэсэн 251 м.кв ажлыг хасаж тооцвол Ө... ХХК нь 1769,13 м.кв төмөр фасадны ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Т... ХХК-тай байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-т заасан шилэн фасад 1382,22 м.кв-ыг 55 000 төгрөгөөр тооцвол 76 022 000 төгрөг, металл фасад 1769,13 м.кв-ыг 45 000 төгрөгөөр тооцож 79 610 850 төгрөг нийт 155 633 170 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Үүнээс 125 000 000 төгрөгийг төлсөн тул үлдэх 30 633 170 төгрөгийг Түшигт арга констракшн ХХК-аас гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

2.Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, татгалзалдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т ажил гүйцэтгэх гэрээний зүйл гүйцэтгэсэн ажлын үр дүн бөгөөд ажлаа захиалагчид хүлээлгэж өгөөгүй, ажлаа орхиж явсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Ажлын хэмжээ ихэссэн гэдгийг зөвшөөрч байгаа. Шинжээчийн дүгнэлт гарахад өөрсдийн хийгээгүй ажлыг хийсэн мэтээр нэмж нэхэмжилсэн боловч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй. 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн гэрээгээр шилэн фасадыг 1582 м.кв, 1 м.кв-г 55 000 төгрөгөөр тооцож 87 016 000 төгрөг, металл фасад 664 м.кв, 1 м.кв-г 45 000 төгрөгөөр тооцож 29 880 000 төгрөг, нийт 116 890 000 төгрөг төлөхөөр ажлын гэрээ хийсэн боловч металл фасад нэмэгдлээр хийсэн учраас нийт 125 000 000 төгрөгийг Т... ХХК  бүрэн төлсөн. Гэхдээ металл фасадны ажил нэмэгдсэн учраас дээрх ажлыг 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хүртэл сунгасан боловч Ө.. ХХК 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр ажлаа орхиж явсан. Ажлаа гүйцэд хийж, хүлээлгэж өгөөгүй, ажлыг хийсэн талаарх тайлан, бүртгэл, акт байхгүй. Тиймээс манай компанийн зүгээс гуравдагч компани болох Д... ХХК-тай гэрээ байгуулж, 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр металл фасадын 251 м.кв-ыг 25 000 000 төгрөгөөр хийлгэхээр тохиролцож гэрээ хийсэн. Ө... ХХК нь манай компанид хохирол учруулсан тул 2020 оны 10 дугаар сард Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад “Ө...” ХХК сөрөг нэхэмжлэл гаргасан байдаг. Энэ хэрэг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч компани нар ажлын хэдэн хувийг хийсэн болохыг тодруулахаар удаа дараа хэргийг буцаасан. Барилгын зурагт өөрчлөлт орсон, металл фасадны ажил нэмэгдсэн, гэрээ сунгасан талаар аль аль тал нь маргаагүй. Шинжээчийн дүгнэлт 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр гарсан, ажлаа хаяж явсан нь 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр болсон. Үүнээс хойш 1 жилийн дараа бусдын хийсэн ажлыг өөрөө хийсэн мэтээр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Ө... ХХК барилгын шилэн фасадны ажлыг анх гэрээгээр 1582 м.кв хийхээр тохирсон боловч 1382,224 м.кв шилэн фасад хийсэн гэж шинжээчийн дүгнэлтээр дүгнэсэн. Т... ХХК-аас 1582 м.кв талбайн хэмжээгээр илүү мөнгө 200 м.кв гэж тооцоход 11 000 000 төгрөгийг илүү авсан харагддаг. Металл фасадны ажлыг Ө... ХХК 1043,73 м.кв гүйцэтгэсэн нь хавтаст хэрэгт авагдсан сөрөг нэхэмжлэл болон гэрэл зургуудаар хангалттай нотлогдож байгаа. Цаг хугацааны асуудлыг шүүхээс анхаарч үзээгүй. Сөрөг нэхэмжлэл болон шинжээчийн дүгнэлтээр хийсэн ажлыг үнийн дүнгээр бодож үзэхэд шилэн фасад 1382,224 м.кв, 55 000 төгрөгөөр үржүүлэхэд 76 022 320 төгрөг, металл фасадын ажил 1043,73 м.кв, 45 000 төгрөгөөр үржүүлэхэд 46 967 085 төгрөгийг металл фасадны ажлын мөнгөнд өгч, нийт 122 990 017 төгрөг боловч 125 000 000  төгрөгийг төлсөн. Шинжээчийн дүгнэлт учир дутагдалтай. Барилгын хойд болон зүүн хойд талыг нэхэмжлэгч тал өөрсдөө нотолдог. Гэтэл барилгын урд болон баруун талыг хэн хийснийг шинжээч тодорхой гаргаж өгөөгүй. Хойд талын металл фасадны ажлыг Ө... ХХК хийсэн гэдгийг манайх хүлээн зөвшөөрч байгаа. Барилгын зүүн хойд талын хэсгийг хийсэн гэдгийг нэхэмжлэгч компани хүлээн зөвшөөрдөг. Д... ХХК урд, зүүн урд талын хэсэг болох 251 м.кв ажил хийсэн. Баруун тал буюу 726 м.кв металл фасадны ажлыг Т... ХХК өөрсдөө хийсэн учраас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэв.

3.Нэхэмжлэгчээс Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШЗ2021/14164 дугаар захирамж / 1-р хх 8,9/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШЗ2021/13234 дугаар захирамж /1-р хх 10,11/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШЗ2021/13234 дугаар захирамжтай, Т... ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ө... ХХК-д холбогдох иргэний хэргийн материалууд /1-р хх 125-224/,

Хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар  компанийн дүрэм /1-р хх 15, 20-23/, 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ /1-р хавтас хх 57-60/, сөрөг нэхэмжлэл /2-р хавтас 213-214/,

Шүүхээс Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШЗ2021/13234 дугаар захирамжтай, нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай хэргээс Ө... ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэл, түүний нотлох баримт, шинжээчийн дүгнэлт /1-р хх 30-41/, 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний хуулбар /1-р хх 57-60/, 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ /1-р хх 61-64/, 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн барилгын ажил гүйцэтгэх гэрээ /1-р хх 65-67/, Ө...ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэл /1-р хх 68, 69/, 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ /1-р хх 71-74/, 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний нэмэлт /1-р хх 74/ зэрэг баримтуудыг,

Шүүхээс нотлох баримтуудыг шаардлага хангаж 2-р хавтаст хэргийн 34-165, 186-195 талд бүрдүүлсэн, үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хавтас 197-209/  зэрэг нотлох баримт бүрдүүлсэн байна. 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

 

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...шинжээчийн дүгнэлтээр шилэн фасад 1382,2м.кв, металл фасад 2,020 м.кв гэж тогтоосон, ажил гүйцэтгэх гэрээний дагуу шилэн фасад 1,382 м.кв, металл фасад 1,769 м.кв хийж гүйцэтгэсэн, ажлын хөлс 165 633 170 төгрөг, үүнээс төлсөн 125 000 000 төгрөг төлсөн, үлдэх 30 633 170 төгрөгийг гаргуулна гэж тайлбарласан.

 

3.Хариуцагч нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэлээ ...гэрээгээр шилэн фасад 1584 м.кв, 87 010 000 төгрөг, металл фасад 664 м.кв 29 880 000 төгрөг нийт 116 890 000 төгрөгөөр гүйцэтгэхээр тохиролцсон боловч ажлын явц дунд метал фасад нэмж хийлгэхээр болж 125 000 000 төгрөгийг төлсөн. 2020 оны 09 сарын 10-нд ажлаа дуусгаагүй хаяж явсан учир Д... ХХК-тай гэрээ байгуулж фасадын ажил дуусгасан. Ажлаа дуусгаагүй, хүлээлгэж өгөөгүй явсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан. 

 

4.Хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд.

 

Т... ХХК нь Ө... ХХК-тай 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Т... ХК-ийн барилгын гадна талын 1 584 м.кв шилэн фасадыг 1 м.кв нь 55 000 төгрөгөөр, 664 м.кв метал фасадыг 1 м.кв нь 45 000 төгрөгөөр гүйцэтгүүлэх, ажлын хөлс 116 890 000 төгрөг төлөхөөр тус тус тохирчээ.

Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, хэлцэл хүчин төгөлдөр байна.

 

Ажил гүйцэтгэх явцад барилгын зурагт өөрчлөлт орсны улмаас ажлын хэмжээ нэмэгдсэн, талууд гэрээний хугацааг сунгаж нэмэлтээр хийхээр тохиролцсон нь талуудын тайлбараар тогтоогдсон, гагцхүү ажил гүйцэтгэгч ажлыг дутуу орхисон, төлбөр тооцооны хувьд талууд маргажээ.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШЗ2021/13234 дугаар  “Нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжаар Т... ХХК нь Ө. ХХК-д холбо..гдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзсанаас учирсан хохирол 63 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзсан, харин Ө... ХХК-ний нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан гэрээний үүрэгт 30 633 170 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж буцаасан байна.

Энэ хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд Барилгын хөгжлийн төвийн гаргасан шинжээчийн дүгнэлтээр барилгын талбайд нийт нийгдсэн шилэн болон металл фасадын нийт тоо хэмжээг гаргасан байх ба шинжээчийн дүгнэлтийн талаар тухайн үед нэхэмжлэгч Т... ХХК маргаагүй, улмаар нэхэмжлэлээсээ татгалзсан, харин Ө... ХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа үндсэн нэхэмжлэлийн хэмжээнд гаргажээ. 

 

Дүгнэлтээр барилгын гадна шилэн фасад 1382,224 м.кв, металл фасад 2020,13 м.кв талбай бүхий ажлыг гүйцэтгэсэн, үүнд лифтний доторх металл фасадын тоо хэмжээ ороогүй болохыг тогтоосон.

 

Нэхэмжлэгч нь гүйцэтгэсэн ажилд тохирсон хөлс төлөхөөс татгалзсан учир ажлаа бүрэн дуусгаагүй талаар, ажил гүйцэтгэгч Ө... ХХК нь дүгнэлтээр тогтоогдсон 1382.224 м.кв шилэн фасадыг хийж гүйцэтгэсэн талаар, түүнчлэн ажлын хөлс 125 000 000 төгрөг төлсөн талаар талууд маргаагүй.

 

Харин талуудын хооронд металл фасад 1 769 м.кв хийж гүйцэтгэсэн эсэх нь маргааны зүйл болсон байна.

 

Талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар ажил гүйцэтгэгч Ө.. ХХК нь хийсэн ажлын үр дүнгээ захиалагч тал болох Т... ХХК-д хүлээлгэн өгөөгүй, мөн нийт ажлыг хийж дуусгаагүй орхиж явсан буюу гэрээг ажил гүйцэтгэгч цуцалсан болох нь тогтоогдож байна.

 

Хэдийгээр гүйцэтгэгч нь захиалагчид ажлыг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй боловч гүйцэтгэлийг захиалагч хүлээн авсан бол гүйцэтгэсэн ажлын хөлсийг хийсэн хэмжээгээр төлөх үүрэгтэй.

 

Дээрх баримтаар тухайн барилгын гадна талын шилэн болон металл фасадны хэмжээг тодорхойлох боломжтой байна. Хариуцагч Т... ХХК нь Д... ХХК-тай 2020 оны 10 дугаар сарын 056-ны өдөр 20/06 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, 251м.кв металл фасадыг хийлгэсэн байна. Харин үлдэх хэсгийг өөрөө хийсэн гэх боловч хэрэгт энэ талаар нотлох баримтгүй байна.

 

Эдгээр нөхцөл байдлаас дүгнэвэл, Ө... ХХК нь 1382,224 м.кв фасадыг 1 м.кв нь 55 000 төгрөг буюу 76 010 000 төгрөгийн, металл фасад буюу 2020,13 м.кв-с Д... ХХК-ний гүйцэтгэсэн 251 м.кв ажлыг хэмжээг хасч үлдэх 1,769.13 м.кв метал фасадыг  1 м.кв нь 45 000 төгрөгөөр нийт 79 605 000 төгрөгийн  ажлыг тус тус гүйцэтгэсэн гэж дүгнэлээ.

Ажил гүйцэтгэгч нийт 155 633 170 төгрөгийн ажил гүйцэтгэснээс захиалагч 125 000 000 төгрөгийг төлсөн тул үлдэх 30 633 170 төгрөгийг гаргуулахаар шаарсан нь үндэслэлтэй байна.

 

5.Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 311 120 төгрөг төлсөн байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс  төлсөн 311 120 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 311 120 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан Т... ХХК-иас 30 633 170 /гучин сая зургаан зуун гучин гурван сая нэг зуун дал/ төгрөг гаргуулж Ө... ХХК-д олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Ө... ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 311 120 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т... ХХК-иас 311 120 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.  

 


 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                  Р.АЛТАНТУЯА