Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2023/01207

 

 

 

2023 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2023/01207

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны 3 дугаар танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: С... дүүргийн ... дүгээр хороо, ...байрны ...тоотод оршин суух, БНХАУ-ын иргэн, Монгол улсад байнга оршин суух, W.

        Хариуцагч: Б. дүүргийн ... дүгээр хороо, ...-р байрны ... тоотод оршин суух, БНХАУ-ын иргэн, Монгол улсад байнга оршин суух, C...,

Нэхэмжлэлийн шаардлага: Нэмэлт зардал 81 005 874 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б..,

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М..,

 Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Э.. нар оролцов.

                                                                                                        

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:          

 

1.Нэхэмжлэгч W... нь C...-д холбогдуулан нэмэлт зардал 81 005 000 төгрөг гаргуулах шаардлага гаргаж, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

W... нь C...-тэй 2001 онд танилцаж, 2003 оны 5 дугаар сард хуримаа хийсэн боловч гэрлэлтээ батлуулаагүй хамтран амьдарч 2004 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүү Ч.Ш... төрсөн. Хүү Ч.Ш... төрсний дараа C.. нь L.., Ч.Ш.. нарыг гэрээс нь хөөсөн. Учир нь C.. өмнө нь өөр амьдралтай байсан, цаашид хамтын амьдралаа үргэлжлүүлэх боломжгүй болсон. L... шүүхэд хандаж хүүхдийн тэтгэлэг болон тухайн үед байсан хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудлаар нэхэмжлэл гаргаж шийдвэр гаргуулсан. Үүнээс хойш холбоо барих боломжгүй нөхцөл байдалтай байсан. Энэ хугацаанд L... түрээсийн байр, хашаа байшин түрээслэн амьдарч байсан. Ажилд орсноос хойш орон сууцтай болох гэж хөөцөлдсөн боловч хураасан мөнгө байхгүй,   банкны зээл тусламжид хамрагдах боломж хомс байсан. Харин 2009 онд “Х..” ХХК-д ажилд орж, 2014 онд компанийнхаа захиралд нөхцөл байдлаа танилцуулж, тухайн компаниас зээл авч, “Б..” ХХК-ийн Х... хотхонд 94 500 000 төгрөгөөр байр захиалсан. Уг байр 2015 онд ашиглалтад орж, хүүхдийн хамт амьдарч байна. Энэ хугацаанд Ч.Ш.. Хобби болон Кингс Кидс сургуульд суралцаж эхэлсэн. Хүүхдэдээ чанартай боловсрол эзэмшүүлж, үндэсний хэл болон соёл заншилтай холбоотой сургуульд суралцуулах зайлшгүй шаардлагатай байсан. Монгол улс хүүхдэд 10 жилийн боловсролын сургалтыг үнэ төлбөргүй эзэмшүүлнэ гэж заасан боловч Монгол улсын сургуулийн нийгмийн нөхцөл байдалтай холбоотой янз бүрийн асуудлууд болон мэргэжлийн чиг баримжаа олгох зорилгоор уг сургуулиудыг сонгон суралцуулсан. Сургуулийн төлбөрт нийт 48 659 000 төгрөг төлсөн. 2020 онд Ч.Ш... хөлөө хугалж бэртсэн, эмчилгээний зардал 9 426 187 төгрөг зарцуулсан. Иймд  Chen Jun-нээс хүүхдийн сургалтын төлбөрийн тал 24 329 685 төгрөг, худалдан авсан байрны төлбөрийн 50 хувь болох 47 250 000 төгрөг, эмчилгээний зардал 9 426 187 төгрөг нийт  81 005 874 төгрөгийг тэжээн тэтгэх үүрэгтэй холбогдуулж нэмэлт зардалд тооцож гаргуулж өгнө үү гэв.

2.Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 373 тоот шийдвэрээр хамтын амьдралыг дуусгавар болгож, 2007 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн. C...-ий нэр дээр байсан гэр бүлийн гишүүдийн өмч болох байр, хашаа байшин, автомашиныг хамтран өмчлөх эд хөрөнгө гэж үзэж 50 хувь болох 2 750 000 төгрөгийг Ч.Ш...д олгосон. Байрны үнэ нэхэмжлэх үндэслэлгүй, тухайн байр нь L...-гийн хуваарьт хөрөнгө буюу өөрийн нэр дээр бүртгэлтэй  байна. L...-г тухайн үед орон сууцаар хангасан. L... өөрийн өмчлөлийн байрны 50 хувийг C...-ээр төлүүлэх үндэслэлгүй юм. 2002 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Боловсролын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Үндсэн хуульд заасны дагуу төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг үнэ төлбөргүй олгоно. Хариуцагч хүү Ч.Ш...эй уулзах гэхээр ээж нь цагдаа дууддаг, ийм хүндрэлтэй нөхцөл байдал байсан. Нэхэмжлэгчийн төлөөлөгч ч уулзаж байгаагүй талаар хэлж байна. C.. шүүхийн шийдвэрийг биелүүлж Ч.Ш... 18 нас хүртэл тэтгэлэг төлсөн. Монгол улсын Боловсролын тухай хууль болон Эрүүл мэндийн хуульд насанд хүрээгүй хүүхдийг үнэ төлбөргүй эмчилж, суралцуулдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3.Нэхэмжлэгчээс Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтсийн тодорхойлолт /хх 6/, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.07.08-ны өдрийн 1575 дугаар шийдвэр /хх 7-10/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.05.24-ний өдрийн 9346 дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамж, 2022.01.10-ны өдрийн 967 дугаар захирамж /хх 11-14/, L...-гийн Монгол улсад оршин суух үнэмлэх, БНХАУ-ын иргэний үнэмлэх /хх 15/, Ч.Ш...ийн төрсний гэрчилгээ, үнэмлэх  /хх 16-17/, Lianmiao нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх 18-19/, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ /хх 20/, ХААН банкны орлогын баримт /хх 21/, Захиалгын орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ /хх 22-25/,  Монгол-хятадын Найрамдал сургуулийн төлбөрийн баримт, батламж /хх 26-31/, Кинг кидс сургуулийн баримт /хх 32-42/, эмчилгээний баримт /хх 43-62, 148-167/, шүүхийн шийдвэр, гүйцэтгэх баримт /хх 63-75/, Гадаадын иргэн, харъяатын газраас өмгөөлөгч Б.Б...д өгсөн хариу, холбоотой баримтууд /хх 76-85/, Хобби сургуулийн баримт /хх 140-147/,

Хариуцагчаас шүүхийн гүйцэтгэх хуудас, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон баримт /хх 123-133/ зэрэг баримтуудыг тус тус бүрдүүлжээ.

                              ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

2.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон байна.         

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 373 тоот шийдвэрээр W C нарыг хамтын амьдралтай байсныг тогтоож, хүү Ч.Ш...г эхийн асрамжинд үлдээж, хуульд зааснаар тэтгэлэг гаргуулж эцэг C..-ээр тэжээн тэтгүүлсэн байна.

Тэдний дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн ...-р хороо, Баянцагааны ... тоот хашаа байшин, авто машины үнийн 50 хувь болох 2 750 000 төгрөгийг Ч.Ш...д, гэрийн бусад эд хөрөнгө тавилгыг гаргуулж  W...-д олгож шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж шийдвэр гүйцэтгэх ажиллагааны шатанд  эд хөрөнгө, мөнгийг шилжүүлэн өгсөн нь баримтаар тогтоогджээ.

Улмаар Ч.Ш... нь 2022 оны 2 дугаар сарын 19-ний өдөр 18 нас хүрч хүүхдийн тэтгэлэг бүрэн төлөгдсөнөөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 22/9-164 дүгээр тогтоолоор дуусгавар болгосон,  энэ талаар талууд маргаагүй байна.

Талууд тусдаа амьдарсан хугацаанд хүү Ч.Ш... нь эцэгтэйгээ, эцэг нь хүүхэдтэйгээ харилцаатай байгаагүй нь талуудын тайлбараар тогтоогдсон, энэ байдал нь эцэг, эхийн тааламжгүй харилцаатай холбоотой байжээ.   

    

Гэр бүлийн тухай хуулийн 48-р зүйлд заасан тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон, өөрөөр хэлбэл, сургуульд орсон, эмчлүүлсэн үед гарсан зардлыг хариуцагчаас гаргуулахаар шаардсан байна. 

   Монгол улсын Үндсэн хуулийн 16-р зүйлийн 7-д “Төрөөс  бүх нийтийн боловсролыг төлбөргүй олгоно”, Боловсролын тухай хуулийн 6-р зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар Үндсэн хуульд заасны дагуу төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно.   

Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлд заасан Монгол Улсын иргэний үндсэн эрх, эрх чөлөөг тус улсын нутаг дэвсгэрт байгаа гадаадын иргэн, харьяалалгүй хүнд эдлүүлэх, өөрөөр хэлбэл, бүх нийтийн боловсролыг үнэгүй олгоход хуулиар хязгаарлалт тогтоогоогүй тул Хобби болон Кингс Кидс сургуульд төлбөртэй сургасныг онцгой нөхцөл тохиолдсон гэж үзэхгүй. Сургалтын төлбөрийн 50 хувь болох 24 329 685 төгрөгийг хариуцуулах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Түүнчлэн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.5 дахь хэсэгт зааснаар 0-18 насны хүүхэд эрүүл мэндийн даатгалд хамрагдах ба энэ хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.3 дахь хэсэгт зааснаар эдгээр даатгуулагчийн шимтгэлийг улсын төсвөөс сар бүр төлдөг байна.

Өөрөөр хэлбэл, 0-18 насны хүүхдийн эрүүл мэндийн даатгалыг улсын төсвөөс санхүүжүүлдэг тул Ч.Ш...ийн эмчилгээг төлбөргүй хийлгэх боломжтой, эмчилгээний зардал 9 426 187 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

W... нь Б... ХХК-тай 2014 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Захиалгын орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, С... дүүргийн ...-р хороо, Х... хотхоны ... дугаар байрны ... тоот 59 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 94 500 000 төгрөгөөр бариулахаар тохирсон, төлбөрийг төлснөөр улсын бүртгэлийн Ү-220303... дугаарт бүртгэгдсэн сууцны өмчлөгч болж, өмчлөх эрхийн 000444... дугаар гэрчилгээ олгогдсон байна.  

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 373 тоот шийдвэрээр W.., C.., Ч.Ш.. нарын дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн ...-р хороо, Баянцагааны ... тоот хашаа байшин, авто машины үнийн 50 хувь болох 2 750 000 төгрөгийг Ч.Ш..д, гэрийн бусад эд хөрөнгө тавилгыг гаргуулж  W..-д олгож шийдвэрлэсэн.

Өөрөөр хэлбэл, эцэг C... нь өөрсдийн амьдарч байсан орон байрны ногдох хэсгээр хүүхдээ хангасан гэж үзнэ.

Нөгөө талаас, W... нь 124, 125 тоот сууцыг дангаар өмчилдөг бөгөөд түүний өмчлөлийн орон сууцны үнийн 50 хувь болох 47 250 000 төгрөгийг   хариуцагчаас гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй.

Түүнчлэн, Ч.Ш...нь насанд хүрсэн байх ба түүний өмнөөс W...д шаардах эрх үүсэхгүйг дурьдах нь зүйтэй.

3. Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтсийн тодорхойлолт /хх 6/, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.07.08-ны өдрийн 1575 дугаар шийдвэр /хх 7-10/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.05.24-ний өдрийн 9346 дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамж, 2022.01.10-ны өдрийн 967 дугаар захирамж /хх 11-14/ зэрэг баримтууд нь хариуцагчийн оршин суух хаягийг тогтоох ажиллагаатай холбоотой байна.

4. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 720 930 төгрөг төлжээ.

Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 720 930 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                           ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан C...-ээс 81 005 874 /наян нэгэн сая таван мянга найман зуун далан дөрөв/ төгрөг гаргуулахыг хүссэн W...-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 720 930 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээсүгэй.  

 

3.Шийдвэрийг зохигч,тэдгээрийн төлөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж эрхтэй.

 

                 

               ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                            Р.АЛТАНТУЯА