Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2023/01006

 

 

 

 

 

 

 

 

 

      2023         05          15                                         210/МА2023/01006

 

 

БНХАУ-ын иргэн Л-гийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2023/01207 дугаар шийдвэртэй,

БНХАУ-ын иргэн Л-гийн нэхэмжлэлтэй, БНХАУ-ын иргэн Ч-д холбогдох

Орон сууц худалдан авсан үнийн дүнгийн тал хувь болох 47,250,000 төгрөг, сургалтын төлбөрт 24,329,687 төгрөг, эмчилгээний зардалд 9,426,187 төгрөг, нийт 81,005,874 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.1. Миний бие Чэн овогт Ж-тэй 2001 онд танилцаж, 2003 оны 5 дугаар сард хуримаа хийсэн боловч гэрлэлтээ батлуулаагүй. Биднийг хамтран амьдрах хугацаанд 2004 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүү Ч.Ш төрсөн. Чэн овогт Ж нь хүүг төрсний дараа  бид хоёрыг гэрээс хөөсөн бөгөөд өмнө нь өөр амьдралтай байсан тул цаашид хамтын амьдралаа үргэлжлүүлэх боломжгүй болсон. 

1.2. Би шүүхэд хандаж хүүхдийн тэтгэлэг болон тухайн үед байсан хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудлаар нэхэмжлэл гаргаж шийдвэр гаргуулсан. Үүнээс хойш холбоо барих боломжгүй нөхцөл байдалтай байсан.

1.3. Энэ хугацаанд би түрээсийн байр, хашаа байшин түрээслэн амьдарч байгаад 2009 онд “Х” ХХК-д ажилд орж, 2014 онд компанийнхаа захиралд нөхцөл байдлаа танилцуулснаар компаниас зээл авч “Бэрэн мортгейж групп” ХХК-аас Хангай хотхонд 94,500,000 төгрөгөөр байр захиалсан. Би орон сууц худалдан авахад зориулж зээлсэн мөнгөө цалин хөлснөөсөө суутгуулж төлснөөр 2021 онд дууссан. Тиймээс орон сууц худалдан авсан үнийн дүнгийн тал хувь болох 47,250,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах хүсэлтэй байна.

1.4. Би хүүхэддээ чанартай боловсрол эзэмшүүлж, үндэсний хэл болон соёл заншилтай холбоотой сургуульд суралцуулах зайлшгүй шаардлагатай байсан тул Хобби болон Кингс Кидс сургуульд суралцуулсан. Миний бие өнөөдрийг хүртэл хүүгийнхээ сургалтын төлбөрт нийт 14,600,000 төгрөг төлсөн бөгөөд тал хувь болох 7,300,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна.

1.5. Миний хүү 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хөлнийхээ шагайг гэмтээж эмчилгээ хийлгэсэн бөгөөд эмчилгээний зардалд 6,118,917 төгрөг зарцуулсан. Иймд хариуцагчаас нийт 60,668,917 төгрөг гаргуулж өгнө үү. 

1.6. Миний хүү Хобби болон Кингс Кидс сургуульд суралцсан бөгөөд нийт сургалтын төлбөрт өнөөдрийн байдлаар 48,659,375 төгрөг төлснөөс тал хувь болох 24,329,687 төгрөг, мөн хүүгийн эмчилгээнд 3,307,270 төгрөгийн зардал нэмж гаргасан. Иймд хариуцагчаас орон сууц худалдан авсан үнийн дүнгийн тал хувь болох 47,250,000 төгрөг, сургалтын төлбөрийн тал хувь болох 24,329,687 төгрөг, эмчилгээний зардалд 9,426,187 төгрөг, нийт 81,005,874 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ. 

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 373 тоот шийдвэрээр хамтын амьдралыг дуусгавар болгож, 2007 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн. Ж-гийн нэр дээр байсан гэр бүлийн гишүүдийн өмч болох байр, хашаа байшин, автомашиныг хамтран өмчлөх эд хөрөнгө гэж үзэж 50 хувь болох 2,750,000 төгрөгийг Ч.Шд олгосон. 

Байрны үнэ нэхэмжлэх үндэслэлгүй, тухайн байр нь В-гийн хуваарьт хөрөнгө буюу өөрийн нэр дээр бүртгэлтэй байна.  Хариуцагч тухайн үед орон сууцаар хангасан. Лнь өөрийн өмчлөлийн байрны 50 хувийг хариуцагчаар төлүүлэх үндэслэлгүй. 2002 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Боловсролын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т үндсэн хуульд заасны дагуу төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг үнэ төлбөргүй олгодог. Хариуцагч хүүтэйгээ уулзахаар нэхэмжлэгч цагдаа дуудаад уулзуулдаггүй. Хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлж Ч.Ш-г 18 нас хүртэл тэтгэлэг төлсөн. Монгол улсын Боловсролын тухай хууль болон Эрүүл мэндийн хуульд насанд хүрээгүй хүүхдийг үнэ төлбөргүй эмчилж, суралцуулдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан Chen Jun-ээс 81,005,874 төгрөг гаргуулахыг хүссэн W-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 720,930 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 373 дугаартай шийдвэр нь хуульд заасны дагуу Ч.Шд тэтгэлэг тогтоож шийдвэрлэсэн шийдвэр бөгөөд Ч.Ш-гсургуульд суралцах, түүнтэй холбоотой гарах зардлыг хуваарилсан шийдвэр биш. Монгол Улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 7-д болон Боловсролын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалт Монгол Улсын иргэнд хамааралтай заалт юм. Ч.Ш нь БНХАУ-ын иргэн Монгол улсад төрсөн, өөрийн төрлөх хэлээр сурч боловсрох, улсынхаа түүх соёлыг танин мэдэх эрхтэй бөгөөд Монгол Улсад үнэ төлбөргүй хятад хэл дээр бага, дунд боловсрол олгодог сургууль байхгүй. Энэ талаар төрөөс хэрэгжүүлсэн бодлого байхгүй. Хүүхдийн онцлог болон нөхцөл байдлын харгалзан хуулийг зөв тайлбарлан хэрэглэх нь чухал юм.

4.2. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.5, мөн хуулийн 8 дугаар зүйлд хүүхдийн эрүүл мэндийн даатгалыг улсын төсвөөс сар бүр төлөх боловч энэ нь Монгол Улсын иргэнд хамаарах асуудал бөгөөд гадаад улсын иргэний асуудлын Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулах боловч өнөөдрийн байдлаар төлбөртэй үйлчилгээ үзүүлж байна. Монгол Улсад ажил хөдөлмөр эрхэлж, хуулийн дагуу эрүүл мэндийн даатгал төлж байгаа гадаад улсын иргэний эмчилгээний тодорхой хувийг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргаж байгаа бөгөөд үүссэн асуудлын онцлогийг харгалзалгүй нийтлэг байдлаар асуудлыг шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна. 

4.3. Ч.Ш нь 18 нас хүрсэн тул нэхэмжлэгчид шаардах эрх үүсээгүй талаар дурдсан байх бөгөөд нэхэмжлэгч уг нэхэмжлэлийг хүү Ч.Ш-г18 нас хүрэхээс өмнө шүүхэд гаргасан ба хариуцагч олдохгүй байснаас холбогдох ажиллагаа хийж байх хугацаанд Ч.Ш 18 нас хүрсэн. Нөгөө талаар нэхэмжлэгчийн зүгээс хүүгээ өсгөх хүмүүжүүлэхтэй холбоотой гарсан зардлыг тодорхой нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэл гаргах эрхтэй. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас 33,755,874 төгрөгт холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

5.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Ч.Ш нь өөрийн эцгээс тэтгэлэг авч, эхийн асрамжид байсан боловч насанд хүрснээр дуусгавар болсон. Хавтаст хэргийн 139-140 дүгээр талд төлбөрийн тодорхойлолт авагдсан. Харин Лянь Мяогийн төлбөр төлсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй тул төлбөр төлөөгүй гэж үзнэ. Учир нь Монгол улсын нутаг дэвсгэрт оршин сууж байгаа хүүхэд тухайн улсын хууль тогтоомжийн дагуу амьдарч, суралцах ёстой. Монгол Улсын Үндсэн хууль, Боловсролын тухай хуульд тус тус зааснаар ерөнхий болон дунд сургуулийн боловсролыг үнэ төлбөргүй олгоно гэх зохицуулалттай.

5.2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр дуусгавар болж, Ч.Ш өөрөө эрх зүйн чадамжтай болсон. Хавтаст хэргийн 148 дугаар талд авагдсан зүүн шагай, хоёр талын ясны хугарал бүрэн бороолсон гэх баримтаас харахад эдгэсэн гэж үзэхээр байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Лянь мяогоос хүүхдийг өсгөн хүмүүжүүлэхэд гарсан эдийн засгийн зардлын 50 хувийг хариуцагчаас гаргах үүрэгтэй гэж тайлбарласан. Гэтэл тухайн хүмүүсийн гэр бүлийн харилцаа дуусгавар болж тусдаа 22 жил амьдарсан. Талууд хүүхдийнхээ талаар ямар нэгэн гэрээ байгуулсан зүйл байхгүй. Гэр бүлийн тухай хуулийн 47 дугаар зүйлд зааснаар онцгой нөхцөл байдлыг зайлшгүй тодорхойлж, гэрээ байгуулах ёстой. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв. 

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулав.  

2. БНХАУ-ын иргэн В-гийн нэхэмжлэлтэй, БНХАУ-ын иргэн Ч-д холбогдох иргэний хэргийг Монгол улсын шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.2.6, 192.1 дэх хэсэгт тус тус зааснаар харьяалан шийдвэрлэнэ.

 

3. Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн В нь хариуцагч БНХАУ-ын иргэн Ч-д холбогдуулан орон сууц худалдан авсан дүнгийн тал хувь болох 47,250,000 төгрөг, сургалтын төлбөрийн тал хувь болох 24,329,687 төгрөг, эмчилгээний зардалд 9,426,187 төгрөг, нийт 81,005,874 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

4. БНХАУ-ын иргэн В болон БНХАУ-ын иргэн Ж нар 2001 онд танилцаж, хамтран амьдарсан ба тэдний дундаас хүү Ж овогт Шинэхүү 2004 оны 02 дугаар сарын 19ий өдөр төрсөн болох нь хүүхдийн төрсний бүртгэлийн №0003515 тоот гэрчилгээний хуулбараар нотлогдож байна. /хх-16/

 

4.а. Сонгинохайрхан дүүргийн шүүх /хуучнаар/-ийн 2007 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 373 дугаар шийдвэрээр В, Ч нарыг хамтын амьдралтай байсныг тоогтоож, 2004 оны 02 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү Ж овогт Шинэхүүг эх В-гийн асрамжид үлдээж, хүү Ж овогт Шинэхүүг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас суралцаж байгаа бол 18 нас сар бүр эцэг Чэн овогт Жүниэр тэжээн тэтгүүлж, нэхэмжлэгч В-гийн тоёота карина 63-11 УБР улсын дугаартай авто машины ногдох хувийг, өөрийн шинэ хуучин бүх хувцасаа гаргуулах, Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Баянцагааны 9-26 тоот хашаа, байшин, гаражид хүү Ж овогт Шинэхүүтэй орж амьдрах, Чэн овогт Жүний алтан бөгж /аз жаргал гэсэн бичээстэй/, өөрийн хувцсыг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Чэн овогт Жүниэс гэрийн бүх тавилга болох ком мебель, систем хөгжим, өнгөт телевизор, хөргөгч, угаалгын машин, хивс 3х4 хэмжээтэй 2 ширхэг, гал тогооны тавилга, өөр бусад хэрэгсэл болох сандал, ширээ гэх мэт ахуйн хэрэгслийг гаргуулж Ван овогт Лянь Мяод, 2,750,000 төгрөгийг гаргуулж Ж овогт Шинэхүүд тус тус олгож шийдвэрлэжээ. /хх69-75/

 

4.б. Дээрх шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тул нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргаснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2007 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 340 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан байна.

 

4.в. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 22/9-164 дүгээр тогтоолоор хариуцагчийн тэжээн тэтгэх үүрэг дуусгавар болсон үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

 

5. Лнь “Бэрэн мортгейж групп ХХК-тай 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр захиалгын гэрээ байгуулж, уг гэрээний дагуу Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Ногоон нуур гудамж, 508 дугаар байрны 124, 125 тоот 59 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 94,500,000 төгрөгөөр худалдан авч, улсын бүртгэлийн Ү-2203032183 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг гэрчилгээ В-гийн нэр дээр гарсан болох нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, захиалгын орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээгээр тус тус тогтоогдож байна. /хх20-25/

5.а. Нэхэмжлэгчид Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 373 дугаар шийдвэрээр зохигчдын дундын хөрөнгө болох хашаа, хувийн сууцны 50 хувийг болон гэрийн бусад эд хөрөнгө тавилгыг гаргуулж шийдвэрлэснийг шүүх орон байрны ногдох хэсгээр насанд хүрээгүй хүүхдийг хангасан гэж үзэж нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

 

6. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хариуцагчаас нэмэлт зардал гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх зөвтгөн шүүхийн шийдвэрт дараах өөрчлөлтийг оруулав.

 

Боловсролын тухай хуулийн 6.2 дахь хэсэгт Үндсэн хуульд заасны дагуу төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг үнэ төлбөргүй олгоно гэж зааснаас гадна  бүх шатны боловсролыг үнэ төлбөртэйгээр сурч эзэмшихийг хуулиар хязгаарлаагүй байна.

 

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт "эрүүл мэндийн даатгал" гэж төр, иргэн, хуулийн этгээдээс хуульд заасан журмын дагуу эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж, эрүүл мэндийн даатгалын санг урьдчилан бүрдүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт энэ хуулийн 4.3-т зааснаас бусад гадаадын иргэн, харьяалалгүй хүн өөрөө хүсвэл эрүүл мэндийн албан журмын даатгалд даатгуулж болно гэж зохицуулснаас үзвэл эрүүл мэндийн даатгалд даатгуулсан эсэхээс үл хамаарч төлбөртэй эмнэлгээс эмнэлгийн тусламж үйлчилгээ авсныг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

 

Түүнчлэн, Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 18 дугаар зүйлд “хүүхдийн хүмүүжил болон эцэг эх, нийтийн болон тэгш хариуцлага хүлээх зарчмыг хүлээн зөвшөөрч, боломжийнхоо хэрээр хүчин чармайлт тавина. Хүүхдийн хүмүүжил болон хөгжилд эцэг эх нь буюу тодорхой тохиолдолд хууль ёсны асран хамгаалагчид гол хариуцлагыг хүлээнэ. Хүүхдийн дээд ашиг сонирхол нь тэдний анхаарал чиглэх гол зүйл мөн гэжээ.

 

Ж овогт Шинэхүү 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр “хөлийнхөө шагайг, эмчлүүлсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон хэргийн баримтаар тогтоогдож байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар энэ хуулийн 47.2-т заасан этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэж заажээ.

 

6.а. Нэхэмжлэгч нь Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасан онцгой нөхцөл байдал тохиолдсон буюу хүү Ж овогт Шинэхүүгийн эмчилгээний зардалд өөрөөсөө 2021 онд 6,118,917 төгрөг, 2022 онд 3,307,270 төгрөг, нийт 9,426,187 төгрөгийг зарцуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ. Хүү Ч.Ш нь 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 18 насанд хүрснээр иргэний эрх зүйн бүрэн чадамжтай болсон тул давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчээс Ч.Шгийн эмчилгээнд 2022 онд төлсөн зардлыг хасч, харин 2021 онд зарцуулсан эмчилгээний зардал 6,184,914 төгрөгийн ногдох хэсгийг хариуцагчаас тооцон гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангав. /хх44-62, 150-159/

 

6.б. Мөн хүү Ж овогт Шинэхүү нь 1-5 дугаар ангид “Хобби” сургуульд, 6-12 дугаар ангид “Кингс Кидс” сургуульд тус тус суралцсан байх ба сургалтын төлбөрт “Хобби” сургуульд 20,859,375 төгрөг, “Кингс Кидс” сургуульд 27,800,000 төгрөг, нийт 48,659,375 төгрөгийг төлсөн нь хэрэгт авагдсан төлбөрийн тодорхойлолт, төлбөр төлсөн баримтуудаас тогтоогдож байна. Хүүхдэд зарцуулсан нэмэлт зардлаа хариуцагчаас нэхэмжлэх нэхэмжлэгчийн шаардах эрх нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасан 10 жилийн хугацаагаар хязгаарлагдах тул хүү Ч.Шгийн “Хобби” сургуульд суралцахад нь төлсөн 20,859,375 төгрөгөөс эхний 2 жил буюу 2010-2012 оны хичээлийн жилд төлсөн төлбөрийг нэхэмжлэгч шаардах эрхгүй. /хх 32-41, 139, 140/

 

Иймд нэхэмжлэгч нь мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д заасны дагуу хүү Ч.Шгийн сургалтын төлбөрийн зардлыг 2012-2013 оны хичээлийн жилээс эхлэн шаардах эрхтэй гэж үзнэ. Энэ үндэслэлээр хариуцагч Ж-с эмчилгээний зардал болон сургалтын төлбөрийн тал хувь 22,184,979 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ван овогт Лянь Мяод олгож шийдвэрлэнэ. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангав.

 

7. Түүнчлэн, анхан шатны шүүх нэхэмжлэгчийг эмчилгээний зардал, сургалтын төлбөрийг хариуцагчаас шаардах эрхгүй гэж дүгнэснийг зөвтгөнө. Учир нь нэхэмжлэгч Лнь өөрийн зүгээс сургалтын төлбөр болон эмчилгээний зардал гаргасан байх тул хариуцагч Чэн овогт Жүниас шаардах эрхтэй болохыг дурдав.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2023/01207 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж-иас22,184,979 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Лолгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 58,820,895 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтыг “...56.1” гэсний дараа “...56.2” гэж нэмж, “...үлдээсүгэй.” гэснийг “...үлдээж, хариуцагч Ж-иас268,875 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Лолгосугай.” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-гийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр урьдчилан төлсөн 326,730 төгрөгийг буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.           

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Э.ЭНЭБИШ

 

                   ШҮҮГЧИД                                 Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

                                                                       Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ