Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2023/01551

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2023/01551

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ХД ХХК

Нэхэмжлэгч: Ж. Г

Хариуцагч: НШШГГ

Үнэлгээ хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч ХД ХХК-ийн захирал Ж.Г, өмгөөлөгч Ч.Энхбаяр, хариуцагч НШШГГын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Түмэндэлгэр, шинжээч Ц.Түвшинцэнгэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ж.Г, ХД ХХК нь хариуцагч НШШГГт холбогдох үнэлгээ хүчингүй болгох нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Нэхэмжлэгч Ж.Г, ХД ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон Ж.Г шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч НШШГГ нь хөрөнгийн үнэлгээний ХЭ ХХК-иар ХД ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн .. дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг газрын хамт үнэлүүлэхдээ газрын өмчлөгч Төв аймгийн Сэргэлэн сумаас санал авахгүйгээр үнэлүүлсэн. Дээрх үл хөдлөх хөрөнгө, газрыг үнэлгээний компани үнэлэхдээ компаний өнөөгийн зах зээлийн үнэ, ханшнаас хэт доогуур үнэлсэн. Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК нь иргэн Ж.Гийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө, өмчлөх эрхтэй газрыг тус тус үнэлэхдээ уг үл хөдлөх хөрөнгө, газар нь тухайн орчны төвлөрсөн шугамтай хамгийн бага зардлаар холбогдох боломжтой байдал, тухайн орчин Улаанбаатар хотын бүсчлэлийн аль хэсэгт хамаардаг эсэхийг харгалзан үзэхгүйгээр гэр хороолол гэсэн ойлголтын үүднээс үнэлсэн зэргийг ХД ХХК-ийн цорын ганц хувьцаа эзэмшигч, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийн хувьд ч, иргэнийхээ хувьд ч Ж.Г миний бие хүлээн зөвшөөрөх боломжгүй. Мөн барилгыг үнэлэхдээ тоосго үйлдвэрлэдэг хүчин чадлыг нь тооцоогүй. Бусад тоосгоны үйлдвэрүүдтэй яаж жишиж үзсэн нь тодорхойгүй. Үйлдвэрт байгаа тоног төхөөрөмж нь 150,000,000 төгрөгний үнэлгээтэй, дээр нь үйлдвэрлэлийг явуулахад газрыг ашигт малталт шар сав гэж байгаа. Энэ бүгд хоорондоо салшгүй холбоотой тул эд хамрагдаж байж үнэлгээ бүхэлдээ гарна. .... хаягт байрлах хувийн сууц нь алсдаа барилга болж нийтийн халаалтад хамрагдах боломжтой тул дээрх нөхцөл байдлыг харгалзаж үнэлгээг гаргаагүй. Иймд ХД ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн .. дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн Г-....9 дугаарт бүртгэлтэй 40188 мкв талбайтай тоосгоны үйлдвэрийн зориулалттай эзэмших эрхтэй газрыг нийтэд нь 1,098,676,390 төгрөгөөр, Дамно ХХК-иар Ж.Гийн өмчлөлийн улсын Ү-... дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө, улсын Ү-... дугаарт бүртгэлтэй газрыг нийтэд нь 538,802,160 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг тус тус хүчингүй болгож өгнө үү гэв.

2. Хариуцагч НШШГГ шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Түмэндэлгэр шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 310 магадлалаар ХД ХХК-иас 1,620,443,985 төгрөг гаргуулж Үндэсний хөрөнгө оруулалтын банк ХХК-нд олгож шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн ... дугаар тогтоолоор үүсгэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөрийн барьцаа хөрөнгө болох төлбөр төлөгч ХД ХХК, захирал Ж.Г нарын өмчлөлийн эрхийн улсын .. дугаарт бүртгэлтэй ...гэдэг газар байрлах 880 мкв талбайтай тоосгоны үйлдвэрийн зориулалттай барилга байгууламж, мөн хаягт байрлах Г-... дугаартай нэгж талбарын .... дугаар бүхий 40188 мкв талбайтай тоосгоны үйлдвэрийн зориулалттай эзэмших эрхтэй газрыг 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн ...2 тоот тогтоолоор, Ж.Гийн өмчлөлийн эрхийн улсын Ү-.... дугаартай Баянгол дүүргийн 9 дүгээр хороо Горькийн 9 дүгээр гудамжны 128а тоот хаягт байрлах 624 мкв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах Ү-...9 дугаартай нэгж талбарын ... дугаар бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хамт 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн ... тогтоолоор битүүмжилж, 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 22250245/14 тоот тогтоолоор хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлд зааснаар өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөд үнийн саналаа өгөх эрхтэй танилцуулж энэ тухай шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл хөтөлсөн. Төлбөр төлөгч ХД ХХК болон 100 хувийн хувьцаа эзэмшигч Ж.Г нар нь үл хөдлөх эд хөрөнгөндөө үнийн санал өгөхөөс татгалзах болон шинжээч томилуулах хүсэлтийг ирүүлснийг үнэлснийг төлбөр авагч ....нк ХХК-нд танилцуулахад дээрх үнэлгээнд харилцах тохиролцох боломжгүй, шинжээч томилуулах хүсэлт ирүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 12/446, 12/447 тоот Шинжээч томилох тогтоолуудаар Б.Батзаяа, Ц.Түвшинцэнгэл нарыг шинжээчээр томилон эд хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоолгоход ХД ХХК, Ж.Г нарын өмчлөлийн тоосгоны үйлдвэрлэлийн зориулалттай барилга байгууламж газрын хамт 1,098,676,390 төгрөг орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, газрын хамт 538,802,160 төгрөгөөр тус тус үнэлэгдсэнг 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 4-148/23036 дугаартай албан бичгээр төлбөр төлөгч ХД ХХК, Ж.Г нарт мэдэгдэж тэмдэглэлээр баталгаажуулсан. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлаж чадахгүй байна. Шүүхэд өгсөн шаардлага нь үнэлгээ хүчингүй болгох, шүүх хуралдаанд өөр шинжээч томилуулж үнэлгээ гаргуулна гэж тайллбарлалаа. Нэхэмжлэлийн шаардлагаа тодорхой болгох хэрэгтэй байна. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул үнэлгээ хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Шүүх хуралдаанд ХЭ ХХК-ийн үнэлгээчин Б.Батзаяаг оролцуулах хүсэлтээс татгалзаж байна гэв.

3. Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн шинжээч Ц.Түвшинцэнгэл шүүх хуралдаанд тайлбарлахдаа: НШШГГаас ирүүлсэн тогтоолын дагуу төлбөр төлөгч ХД ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Ж.Гийн өмчлөлийн ....од байрлах 692,07 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, 624 мкв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг захиалагчийн гаргаж өгсөн мэдээлэл, өөрсдийн олж тогтоосон мэдээлэлд тулгуурлан хөрөнгийн үнэлгээний зардлын хандлага болон газрын дуудлага худалдааны анхны үнэ тооцох аргачлалыг ашиглан өнөөгийн зах зээлийн үнэлгээг тогтоосон. Шинжээчийн зүгээс өмчийн эзний зөвшөөрснөөр түүнээс тодруулга авч, тухайн хөрөнгөд нэвтэрч үзлэг хийж үнэлгээний ажлыг эхлүүлсэн. Тус амины сууц нь 2007 онд ашиглалтад орсон, цутгамал бетон суурьтай, тоосгоор барьсан 64х51 ханатай, нэг давхар угсармал хучилтын хавтангаар хучилт хийсэн, 2 давхар модон хучилт бүхий шувуун нуруун төмөр дээвэртэй, вакум цонх бүргэд хаалгатай, доод давхарт 6 автомашины хүйтэн гражтай, гадна талын засвар хуурч цууралт үүссэн, гадна хаалга зэвэрч муудсан, шатны өнгөлгөөнүүд салсан, нэг давхар бетон плита болон паркетан шалтай, хана таазанд эмульс замаскаар өнгөлгөө хийсэн, зарим өрөөнүүдийн хана таазны өнгөлгөөнүүд хуурч унасан байдалтай, өрөөнүүд модон хашлагатай, өрөөнүүдэд халаалтын радиатор суурьлуулсан, хоёр давхрын өрөөнүүд паркетан шалтай, хана таазанд эмульс замаскаар өнгөлгөө хийсэн, уналттай гипсэн хавтан болон энгийн гипсэн хавтан таазтай, модон шалтай, нам даралтын зуухан халаалттай, бохирын цооногтой, нөөцийн усан хангамжтай байсан. Үзлэг хийх үед тус хөрөнгө нь цахилгаан халаалтгүй, зориулалтын дагуу ашиглах боломжгүй, сайжруулалт хийгдсэний дараа ашиглагдах хэмжээнд хүрсэн байдалтай байсан. Өмчлөгчийн өгсөн мэдээллээр тус хөрөнгийг сүүлийн 3 жил орчим ашиглаагүй гэх мэдээллийг өгсөн. Газрын хувьд гэрчилгээтэй, нэг иргэний өмч байсан. Үнэлгээг 3 хандлагын аргаар хийж гүйцэтгэсэн. Салбарын сайдын тушаалд үндэслэж тухайн жил болгоны үнийн өсөлтийн индексүүдийг тооцож авч үзэж элэгдэл хорогдолыг тооцож хоёр ижил төрлийн хөрөнгөтэй харьцуулж Барилга нь үйл ажиллагаа явуулаагүй, ашиглаагүй, урьд нь ямар зориулалтаар ашиглагдаж байсан нь тодорхойгүй тул орлогын үндэслэлтэй таамаглал дэвшүүлэх боломжгүй байсан. Гурав дахь арга болох өртөгт суурилсан аргын хувьд элэгдэл хорогдлоор нь үзэхэд 493,000,000 төгрөгийн үнэлгээ гарсныг 100 хувиар барилгын үнэлгээг тооцсон. Холбогдох яамнаас гаргасан газрын дуудлага худалдааны анхны үнээс тооцож бодох аргачлалын дагуу Газрын албаны албан ёсны мэдээллийн хөтлөлтөнд үндэслэж холбогдох бүсчлэлтэй тохируулан авснаар газрын үнэлгээг гаргасан. Ингээд нийт үнийг 538,802,160 төгрөгөөр үнэлж дүгнэлтээ Шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлсэн гэв.

4. Нэхэмжлэгчээс НШШГГын 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн огноотой мэдэгдэл, ХЭ ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан,

5. Хариуцагчаас 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн огноотой гүйцэтгэх хуудас, Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн дугаар 102/ШШ2020/03360 шийдвэр, Нийслэлийн Давж заалдах шатны шүүхийн магадлал, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, ХД ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, эд хөрөнгө хураах тогтоол, Шинжээч томилох тухай тогтоол, шинжээчид хууль тайлбарласан тухай тэмдэглэл, Хөрөнгийн үнэлгээний тайлан гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч нь хөрөнгийг үнэлэхдээ үл хөдлөх хөрөнгийн газрын байршил, үйлдвэрийн багтаамж, хүчин чадал, тоног төхөөрөмжийг үнэлээгүй, хувийн сууцны барилга хойшдоо нийтийн халаалтад хамрагдах боломжтой тул энэ нөхцөл байдлыг харгалзаж үнэлээгүй

3. Хариуцагч нь талууд үнийн саналд тохиролцоогүй тул шинжээч томилж, дүгнэлтийг хуульд заасан хугацаанд төлбөр төлөгч талд мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан хэмээн шаардах эрх, үгүйсгэх үндэслэлээ тус тус тайлбарласан.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн дугаар 102/ШШ2020/03360 шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн дугаар 310 магадлалаар ХД ХХК-аас 1,612,224,910 төгрөг гаргуулж Үндэсний хөрөнгө оруулалтын банк ХХК-нд олгож, үүргийн гүйцэтгэлийг ХД ХХК-ийн өмчлөлийн бүртгэлийн .. дугаарт бүртгэлтэй тоосгоны үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө болох Төв аймаг Сэргэлэн сум 4 дүгээр баг өндөр дов 880 мкв үйлдвэрийн байр, талбайтай ажилчдын байр, мөн улсын бүртгэлийн НТД:18643288434665 бүртгэлтэй тоосгоны үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө болох Төв аймгийн Сэргэлэн сум өндөр дов 40188 мкв талбайтай газар, Ж.Гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-.... дугаарт бүртгэлтэй Баянгол дүүрэг 9 дүгээр хороо Горькийн 9 дүгээр гудамж 128а тоот 624 мкв талбайтай орон сууц, мөн хаягт байхлах 692,07 мкв талбайтай газраар үүргийн гүйцэтгэл хангахыг НШШГГт даалгаж, 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн дугаар 102/ШЗ2021/16904 шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамж, гүйцэтгэх хуудас бичигдэж, 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дугаар 22250245 тогтоолоор үүсгэсэн.

Хариуцагчаас үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгүүдийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлд зааснаар эд хөрөнгийг битүүмжилж, эд хөрөнгө хураах тогтоолоор хураах ажиллагааг явуулж талууд хөрөнгийн үнийн саналд тохиролцоогүй тул мөн хуулийн 42, 55 дугаар зүйлд зааснаар 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн шинжээч томилох тухай дугаар 12/446, 12/447 тогтоолоор Хөрөнгө Эйстимэйт ХХК, Дамно ХХК-ийг үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ тогтоох шинжээчээр томилж, шинжээч нарт Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар хүлээх хариуцлагыг тайлбарлан тэмдэглэл үйлдсэн байна.

Шинжээч ХЭ ХХК-ийн дүгнэлтээр ХД ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын .. дугаарт бүртгэлтэй Төв аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр баг Өндөр дов гэх газар байрлах 880 мкв талбайтай тоосгоны үйлдвэрийн зориулалттай барилга байгууламж, мөн хаягт байрлах Г-175939 дугаартай нэгж талбарын 18643288434665 дугаар бүхий 40188 мкв талбайтай тоосгоны үйлдвэрийн зориулалттай эзэмших эрхтэй газрын зах зээлийн үнэлгээг нийт 1,098,676,390 төгрөгөөр, Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн дүгнэлтээр Ж.Гийн өмчлөлийн Баянгол дүүрэг 9 дүгээр хороо Горькийн 9 дүгээр гудамж 128а тоотод байрлах 692,07 мкв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 624 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрын зах зээлийн үнэлгээг нийт 538,802,160 төгрөгөөр үнэлсэн дүгнэлтийн мэдэгдлийг 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр төлбөр төлөгч ХД ХХК, өмчлөгч Ж.Г нарт тус тус мэдэгдэл хүргүүлсэн болох үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож, баримтад талууд маргаагүй байна.

4.2. Хөрөнгийн үнэлгээний ХЭ ХХК, Дамно ХХК нь зээлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан ХД ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын .. дугаарт бүртгэлтэй .. газар байрлах 880 мкв талбайтай тоосгоны үйлдвэрийн зориулалттай барилга байгууламж, 227 мкв ажилчдын байр, мөн хаягт байрлах Г-175939 дугаартай нэгж талбарын ... дугаар бүхий 40188 мкв талбайтай тоосгоны үйлдвэрийн зориулалттай эзэмших эрхтэй газар, Ж.Гийн өмчлөлийн ... тоотод байрлах 692,07 мкв талбайтай орон сууцны зориулалттай хөрөнгө, гэр бүлийн хэрэгцээний 624 мкв талбайтай газар орон сууц, мөн хаягт байрлах 692,07 мкв талбайтай газрын зах зээлийн үнэлгээг тогтоохдоо Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж зааснаар тодорхойлон гаргасан болох нь шинжээчийн тайлан, шүүх хуралдаанд оролцсон шинжээч Ц.Түвшинцэнгэлийн тайлбараар тогтоогдож байна.

Тус Хөрөнгө үнэлгээний компаниуд нь Стандартчиллын төв байгууллагаас баталсан хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг зөрчсөн гэх баримтгүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар өөрийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй байна.

4.3. Тус хөрөнгийн үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасныг баримтлан бичигдэж тайланд үнэлгээний ажлын зорилго, үнэлгээний олон улсын стандартад нийцсэн байдал, арга зүйг мэдээлж, мэдээллийн эх үүсвэр, үнэ цэнийн суурь, зах зээлийн үнэ цэнэ, зах зээлийн хандлага, орлогын хандлага, өртгийн хандлага, ҮОУС105, үл хөдлөх хөрөнгө, үл хөдлөх өмч гэсэн зүйлсийг тодорхойлж тайлбарлан, үнэлж буй хөрөнгийн төлөв байдал, үнэлгээний ажлын товч мэдээлэл, үнэлгээний ажлын зарчмыг баримтлан өртөгийн хандлагын арга болон биет элэгдлийн хувийг тодорхойлж орлого хандлагын арга, зах зээлийн жишиг үнийн аргаар хөрөнгийг үнэлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

5. Шийдвэр гүйцэтгэлийн байгууллагаас шинжээч томилсон, шинжээч үнэлгээ тогтоосон ажиллагаа хууль зөрчөөгүй тул үнэлгээг хүчингүй болгох үндэслэлгүй.

6. Иймд хариуцагч НШШГГт холбогдох ХЭ ХХК-ийн дүгнэлтээр ХД ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын .. дугаарт бүртгэлтэй ...гэх газар байрлах 880 мкв талбайтай тоосгоны үйлдвэрийн зориулалттай барилга байгууламж, мөн хаягт байрлах ..талбайтай тоосгоны үйлдвэрийн зориулалттай эзэмших эрхтэй газрыг нийт 1,098,676,390 т өгрөгөөр, Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн дүгнэлтээр Ж.Гийн өмчлөлийн ...тоотод байрлах 692,07 мкв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 624 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг нийт 538,802,160 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч ХД ХХК, Ж.Г нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээх нь зүйтэй.

7. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул тус шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дугаар 102/ШЗ2023/03392 Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгох үндэслэлтэй.

8. Шүүх хуралдаанд хариуцагч тал ХЭ ХХК-ийн үнэлгээчин Б.Батзаяаг оролцуулах хүсэлтээс татгалзсан болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар хариуцагч НШШГГт холбогдох ХЭ ХХК-ийн дүгнэлтээр ХД ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын .. дугаарт бүртгэлтэй ...тоосгоны үйлдвэрийн зориулалттай барилга байгууламж, мөн хаягт байрлах ... үйлдвэрийн зориулалттай эзэмших эрхтэй газрыг нийт 1,098,676,390 төгрөгөөр, Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн дүгнэлтээр Ж.Гийн өмчлөлийн ... орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 624 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг нийт 538,802,160 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч ХД ХХК, Ж.Г нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Тус шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дугаар 102/ШЗ2023/03392 Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

4. Шүүх хуралдаанд хариуцагч нь ХЭ ХХК-ийн үнэлгээчин Б.Батзаяаг оролцуулах хүсэлтээс татгалзсанг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА