Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2023/01196

 

 

2023 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2023/01196

 

 

А ХХК, Б- нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Э.Энэбиш, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2023/01551 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А ХХК, Б-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн төлөөлөгч Б-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн төлөөлөгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь хөрөнгийн үнэлгээний Хөрөнгө Эстимэйт ХХК-аар А ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг газрын хамт үнэлүүлэхдээ газрын өмчлөгч Төв аймгийн Сэргэлэн сумаас санал авахгүйгээр үнэлүүлсэн. Дээрх үл хөдлөх хөрөнгө, газрыг үнэлгээний компани үнэлэхдээ компанийн өнөөгийн зах зээлийн үнэ, ханшнаас хэт доогуур үнэлсэн.

Барилгыг үнэлэхдээ тоосго үйлдвэрлэдэг хүчин чадлыг нь тооцоогүй. Бусад тоосгоны үйлдвэрүүдтэй яаж жишиж үзсэн нь тодорхойгүй. Үйлдвэрт байгаа тоног төхөөрөмж нь 150,000,000 төгрөгийн үнэлгээтэй. Энэ бүгд хоорондоо салшгүй холбоотой тул эд хамрагдаж байж үнэлгээ бүхэлдээ гарна.

Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК нь Б-ийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө, өмчлөх эрхтэй газрыг тус тус үнэлэхдээ уг үл хөдлөх хөрөнгө, газар нь тухайн орчны төвлөрсөн шугамтай хамгийн бага зардлаар холбогдох боломжтой байдал, тухайн орчин Улаанбаатар хотын бүсчлэлийн аль хэсэгт хамаардаг эсэхийг харгалзан үзэхгүйгээр үнэлснийг зөвшөөрөхгүй. Хувийн сууц нь нийтийн халаалтад хамрагдах боломжтой тул дээрх нөхцөл байдлыг харгалзаж үнэлгээг гаргаагүй.

Иймд А ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-141900*** дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн Г-1745**** дугаарт бүртгэлтэй 40,188 м.кв талбайтай тоосгоны үйлдвэрийн зориулалттай эзэмших эрхтэй газрыг нийтэд нь 1,098,676,390 төгрөгөөр үнэлсэн Хөрөнгө Эстимэйт ХХК-ийн үнэлгээг, Б-ийн өмчлөлийн улсын Ү-2205018**** дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө, улсын Ү-2205000*** дугаарт бүртгэлтэй газрыг нийтэд нь 538,802,160 төгрөгөөр үнэлсэн Дамно ХХК-ийн үнэлгээг тус тус хүчингүй болгож өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөрийн барьцаа хөрөнгө болох төлбөр төлөгч А ХХК-ийн өмчлөлийн, Төв аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр барьцааны гэрээ, Өндөр дов гэдэг газар байрлах 880 м.кв талбайтай тоосгоны үйлдвэрийн зориулалттай барилга байгууламж, мөн хаягт байрлах 40,188 м.кв талбайтай тоосгоны үйлдвэрийн зориулалттай эзэмших эрхтэй газрыг 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 22250245/12 тоот тогтоолоор, Б-ийн өмчлөлийн эрхийн улсын Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 9 дүгээр гудамжны *** тоот хаягт байрлах 624 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хамт 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 22250245 тогтоолоор битүүмжилж, 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 22250245/14 тоот тогтоолоор хураан авсан.

Талууд үнэлгээнд харилцах тохиролцох боломжгүй, шинжээч томилуулах хүсэлт ирүүлсэн тул шинжээч томилон эд хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоолгоход тоосгоны үйлдвэрлэлийн зориулалттай барилга байгууламж газрын хамт 1,098,676,390 төгрөг, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, газрын хамт 538,802,160 төгрөгөөр тус тус үнэлэгдсэн. Үүнийг 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 4-148/23036 дугаартай албан бичгээр төлбөр төлөгч А ХХК, Б- нарт мэдэгдсэн.

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Хөрөнгө Эстимэйт ХХК-ийн дүгнэлтээр А ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын Ү-141900*** дугаарт бүртгэлтэй Төв аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр барьцааны гэрээ, Өндөр дов гэх газар байрлах 880 м.кв талбайтай тоосгоны үйлдвэрийн зориулалттай барилга байгууламж, мөн хаягт байрлах Г-1759** дугаартай нэгж талбарын 1864328843**** дугаар бүхий 40,188 м.кв талбайтай тоосгоны үйлдвэрийн зориулалттай эзэмших эрхтэй газрыг нийт 1,098,676,390 төгрөгөөр, Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн дүгнэлтээр Б-ийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, Горькийн 9 дүгээр гудамж *** тоотод байрлах 692,07 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 624 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг нийт 538,802,160 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч А ХХК, Б- нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Барьцаалагдсан хөрөнгийн үнэлгээ хийлгэхдээ одоогийн зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлэгдсэн, газрын өмчлөгчийн саналыг аваагүй, тухайн хөрөнгийн харьяа байршлын бүсчлэл, үнэлгээг харгалзаагүй, түүнчлэн олон улсын хэмжээнд үүсээд байсан цар тахлын нөхцөл байдлын дараа бий болоод буй эдийн засгийн шинэ нөхцөлд байдлыг харгалзалгүй даруй 9-10 жилийн өмнөх хөрөнгийн үнэлгээний стандартыг баримтлан тогтоосныг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасан болно.

Нэхэмжлэлийн гол санаа нь, үндэслэл нь шүүхийн дурдаад байгаа зах зээлийн хандлагын арга-ыг цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулаагүй гэдэгт байсан болно. Дэлхий даяар цар тахлын хэмжээнд эдийн засгийн хямрал, үнийн өсөлт, инфляц зэргээс шалтгаалан үл хөдлөх хөрөнгийн үнэ ханш илтэд өөрчлөгдсөн байтал энгийн үед тогтоож байсан үнэ тогтоох аргачлалыг баримтлан тогтоож байгаа нь бодит байдалд нийцэхгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулж, холбогдох хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч талаас оролцоогүй, тайлбар ирүүлээгүй.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч А ХХК болон Б- нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

3.1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн дугаар 102/ШШ2020/03360 шийдвэрээр А ХХК-аас 1,612,224,910 төгрөг гаргуулж Үндэсний хөрөнгө оруулалтын банк ХХК-нд олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн /хх 80-92/,

3.2. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж,

А ХХК-ийн өмчлөлийн Төв аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр баг, Өндөр дов гэх газар байрлах 880 м.кв талбайтай тоосгоны үйлдвэрийн зориулалттай барилга байгууламж, мөн хаягт байрлах 40,188 м.кв талбайтай тоосгоны үйлдвэрийн зориулалттай эзэмших эрхтэй газар, Б-ийн өмчлөлийн Баянгол дүүрэг 9 дүгээр хороо Горькийн 9 дүгээр гудамж *** тоотод байрлах 692,07 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 624 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар зэргийг 2022 оны 05 дугаар сарын 27, 06 дугаар сарын 17-ны өдөр битүүмжилж, 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хураан авсан /хх 97-105/,

3.3. Шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн тогтоолоор Хөрөнгө эстимэйт ХХК-ийн үнэлгээчин Б.Батзаяаг шинжээчээр томилж, шинжээч нь 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр А ХХК-ийн өмчлөлийн Төв аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр баг, Өндөр дов гэх газар байрлах 880 м.кв талбайтай тоосгоны үйлдвэрийн зориулалттай барилга байгууламж, мөн хаягт байрлах 40,188 м.кв талбайтай тоосгоны үйлдвэрийн зориулалттай эзэмших эрхтэй газрыг 1,098,676,390 төгрөгөөр үнэлсэн /хх 109-129/,

3.4. Шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн тогтоолоор Дамно ХХК-ийн үнэлгээчин Ц.Түвшинцэнгэлийг шинжээчээр томилж, шинжээч нь 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Б-ийн өмчлөлийн Баянгол дүүрэг 9 дүгээр хороо Горькийн 9 дүгээр гудамж *** тоотод байрлах 692,07 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 624 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг 538,802,160 төгрөгөөр үнэлсэн /хх 130-148/.

 

4. Хариуцагч нь шүүхийн шийдвэрт заасан барьцаа хөрөнгийг битүүмжлэх, хураах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт зааснаар гүйцэтгэсэн байна.

Хураагдсан хөрөнгийн үнэлгээний талаар зохигч тохиролцоогүй тул хариуцагч нь үнэлгээ хийлгэхээр шинжээч томилсон нь Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.2, 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, 55 дугаар зүйлийн 55.2.2-т нийцжээ.

 

5.1. Хөрөнгө эстимэйт ХХК, Дамно ХХК-ийн үнэлгээчид нь нэхэмжлэгчдийн үл хөдлөх эд хөрөнгө, газрыг үнэлэхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хууль /2010 он/-ийн 8, 9 дүгээр зүйлд заасан хөрөнгийн үнэлгээний тайланд тавигдах шаардлагыг хангасан үнэлгээг хийсэн байна.

Нэхэмжлэгч нь үнэлгээг зөвшөөрөхгүй үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлоогүй тул үнэлгээг хүчингүй болгох үндэслэлгүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь зөв байна.

 

5.2. Нэхэмжлэгч талын гаргасан А ХХК-ийн газрыг үнэлэхдээ газрын өмчлөгчөөс үнийн санал аваагүй, үйлдвэрийн тоног төхөөрөмжийг үнэлээгүй, Б-ийн үл хөдлөх эд хөрөнгө, газрыг үнэлэхдээ цаашид үнэлгээ өсөх хүчин зүйлийг харгалзаагүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

Учир нь А ХХК-ийн эзэмших эрхтэй газар, үл хөдлөх эд хөрөнгө нь барьцааны зүйл тул үйлдвэрийн тоног төхөөрөмжийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үнэлэхгүй, эзэмших эрхтэй газрыг үнэлэхдээ эзэмшигчээс санал авсан тул өөр этгээдээс үнийн санал авах ёсгүй болно.

Мөн шинжээч нь Б-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө, газрын одоо буй бодит үнэлгээг гаргасан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хууль /2010 он/-ийн 8, 9 дүгээр зүйлд нийцсэн.

 

6. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч талын гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2023/01551 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 

Т.БАДРАХ