Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2023/01422

 

 

 

 

 

2023 оны 04 сарын 12 өдөр                          Дугаар 102/ШШ2023/01422                        Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Алтантуяа даргалж, шүүгч Б.Азбаяр, Х.Энхзаяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: С... дүүргийн ...-р хороо, .удамж.. т..оотод оршин суух, Б.. овогт  Д..ийн О..

            Хариуцагч: Б.. дүүргийн ...-р хороо, ..-р хороолол, ... байрны .. тоот хаягт бүртгэлтэй, одоо Б... дүүргийн ..-р хороо, М... байрны .. тоотод оршин суух, Д.. овогт Д..ийн Э.

            Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 22 444 100 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э., хариуцагч Д.Э., хариуцагчийн өмгөөлөгч Х.Д., иргэдийн төлөөлөгч Н.Ж., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1.Нэхэмжлэгч нь Д.Э.т холбогдуулан хохирол 22 444 100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ.

Нэхэмжлэгч Д.О.ийн  хүү Ж.Л. нь 2022 оны 12 дугаар сарын 02-ны шөнө 00 цагийн үед ... УБИ улсын дугаартай, Toyota landcruiser prado маркийн машинтай Төв аймгийн Бүрэн сумын нутагт гэрийнхээ ойролцоо шатахуун аваад явж байтал хатуу хучилттай зам хөндлөн хариулгагүй адуу гэнэт шөнийн харанхуйд орж ирсэн. Ингээд Д.Э..ын нэг адууг мөргөсний улмаас машинд 18 056 400 төгрөг, ачилтанд 420 000 төгрөг, үнэлгээ хийлгэхэд 915 000 төгрөг, засварын дүгнэлтэд 38 000 төгрөг, итгэмжлэгдсэн төлөөлөгч ажиллуулахад 3 000 000 төгрөг, нотариат 14 700 төгрөг нийт 22 444 100 төгрөгийн хохирол учруулсан. Д.Э... нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм болон Тээврийн аюулгүй байдлын тухай хуулийг зөрчиж малаа хариулгагүй байлгасан. Хэрэг бүртгэлийн хэргийг Г.М... нь Ж.Л...ын нэр дээр нээсэн байдаг. Тухайн үед малын эзэн тогтоогдоогүй байсан тул Л...ын нэр дээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн, хэргийг шалгах явцад Д.Э... малын эзнээр тогтоогдсон. Төв аймгийн анхан шатны шүүхээс Д.Э..ыг Зөрчлийн тухай хуулийг зөрчсөн гэж үзсэн. Хатуу хучилттай замаас 50 метрт мал хариулах, мал бэлчээхийг Замын хөдөлгөөний дүрмээр хориглосон. Нэгэнт хохирол учирсан тул шаардах эрхээ хэрэгжүүлж Д.Э...аас хохирол 22 444 10 төгрөг нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч, түүний өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Гэм буруугийн асуудалд Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар шийдвэрийг хүчингүй болгосон. Би шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр гэж үзэж байна. Шийдвэрийг давж заалдах шатны шүүх хүчингүй болгосон. Энэ нь зөрчлийн хэргийн хувьд эцсийн шийдвэр болно. Замын хөдөлгөөний дүрмийн 26 дугаар зүйлийн 26.6-т харанхуй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт, үзэгдэх орчин харагдахгүй үед малыг замын дагуу тууж явахыг хориглоно. Харин зам хөдлөн тууж гаргах зайлшгүй тохиолдолд замын дагуу 2 тийшээ тээврийн хэрэгсэл эргэх зүгт гэрэлт дэнлүүгээр ойлгон хашиж явна гэсэн заалтаар Д.Э...ыг буруутгаж, мөрдөгч магадалгаа гаргасан. Уг магадалгаатай Д.Э... танилцаж зөвшөөрөхгүй гэж тэмдэглэгээ хийсэн байдаг. Магадалгаа хууль ёсны бус, үндэслэл муутай гарсан гэж үзэж байна. Тухайн үед Ж.Л... мал хариулгагүй байсан гэж мэдүүлэгтээ дурдсан. Нэхэмжлэгч тал 18 056 400 төгрөгийн хохирол учирсан гэж үнэлгээ нь хуулийн шаардлага хангахгүй, үнэлгээчинд, шинжээчид хууль сануулах ёстой. Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  гэм хорын үнэлгээ гаргахад албан тушаалтан тогтоол үйлдэж, хууль сануулна, оролцогч нарт танилцуулж байж шинжээчийн дүгнэлт хуулийн шаардлага хангасан нотлох баримт болно. Ачилтанд 420 000 төгрөг зарцуулсан гэх баримт нь хэргийн  33 дугаар талд авагдсан. Энэ нь И-Баримт биш, тоо нь завсартай тул нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзэж байна. 915 000 төгрөгийн үнэлгээ нь И-баримт биш, мөнгө тушаасан хүний гарын үсэг байхгүй.  Ямар үндэслэлээр итгэмжлэгдсэн төлөөлөгч ажиллуулсан 3 000 000 төгрөг нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй. Нэхэмжлэлд нийт 23 хуудас баримт дээр нэмж 30 хуудас баримт өгч, нийт 33 хуудас нотлох баримт байх ёстой. Гэтэл 34 гэж тэмдэглэсэн байна. Нэхэмжлэлийг Д.О... гаргасан, харин улсын тэмдэгтийн хураамжийг Ж.Э... гэх хүн тушаасан нь ойлгомжгүй. Хэрэг бүртгэлийн хэрэг нээхдээ Ж.Л...ын нэр дээр нээсэн, прокурор хяналт тавиагүй. 29 дүгээр талд авагдсан гэрчийн мэдүүлгээр жолооч гэрлийн гялбаанд орсон, хариулгагүй мал байсан, 80 км цагийн хурдтай явж байсан талаар мэдүүлсэн. 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 12 цаг 35 минутад шийтгэврийн хуудас бичсэн, хэргийн 107 дугаар талд 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 12 цаг 39 минутад гэж 2 өөр хэвлэж гаргасан хугацаатай шийтгэврийн хуудас байсан. Эдгээр үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

3.Иргэдийн төлөөлөгч: Малчин Д.Э... нь засмал замаас 50 метрийн зайтай мал хариулах гэсэн заалтыг зөрчсөн. Д.Э.. би малаа хариулаагүй, өөрөө хохирсон гээд хүний амь насыг хохироох байсан юм уу, малчин малаа төв замаас 50 метрийн зайтай хариулах ёстой байсан гэж үзэж байна гэв.

 

4.Нэхэмжлэгчээс: Тусгай зөвшөөрлийн тодорхойлолт /хх 5/, орлогын баримт /хх 6/, үнэлгээний тайлан /хх 7-14/, Делта авто сервис дүгнэлт, ажлын хуудас /хх 15-16/, даатгалын мэдүүлэг /хх 18/, тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх 17/, гэрлэлтийн гэрчилгээ, төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх /хх 19-21/, зөрчлийн хэргийн баримт /хх 22-31/, мөнгөн шилжүүлгийн баримт /хх 32/, зарлагын баримт /хх 33/, шийтгэлийн хуудас /хх 34/, шүүгчийн захирамж /хх 35/, СХД дэх цагдаагийн 3 дугаар хэлтсийн албан бичиг /хх 36/,

Хариуцагчаас: Шийтгэлийн хуудас /хх 61/, Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэвэр /хх 69-71/, нэхэмжлэл, ЦЕГ-ын албан бичиг /хх 77-79/, шүүхэд гаргасан гомдол /хх 94-98/, Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал /хх 129-130/,

Шүүх хариуцагчийн хүсэлтээр: зөрчлийн баримт /хх 109-107/ зэрэг баримтыг бүрдүүлжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлагаас 19 009 400 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар хангаж, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2.Хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар дараах үйл баримт тогтоогдлоо. Үүнд:

Ж.Л... нь 2021 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 00.30 цагийн орчим  Төв аймгийн Аргалант сумын нутаг 54 дэх километрийн замд .. маркийн ... УБИ дугаартай машин жолоодон явахдаа адуу мөргөсөн осол гаргасан бөгөөд Төв аймаг дахь цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн магадлагаагаар түүнийг Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй /хх 22-31/ гэж үзжээ.

Харин Д.Э... нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 26.6-д заасан “Харанхуй үед замын гэрэлтүүлэггүй хэсэг болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд малыг замын дагуу тууж явахыг хориглоно. Харин зам тууж гаргах зайлшгүй тохиолдолд замын дагуу хоёр тийш тээврийн хэрэгсэл ирэх зүгт гэрэл /дэнлүү/ буюу гэрэл ойлгуур барьсан хүн хашин гаргана” гэснийг зөрчсөн буруутайг тогтоож, түүнийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 20 000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан /хх 34/ байна.

Талууд осол гарсан талаар, хариуцагч нь тухайн үед адуу хариулгагүй байсан талаар маргаагүй байна.

Гагцхүү нэхэмжлэгч буюу машины өмчлөгч Д.О... нь ослын улмаас машинд эвдрэл гэмтэл учирч хохирсон талаар маргаж 22 444 100 төгрөг гаргуулахаар шаардсан,

хариуцагч маргаж байгаа үндэслэлээ ...зөрчлийн хэргийг буруу шалгасан, шийтгэлийг зөвшөөрөхгүй гэж татгалзжээ.

 

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 220 дугаартай шийтгэврээр Д.Э...ыг оногдуулсан 20 000 төгрөгөөр торгох шийтгэлийг хэвээр үлдээж, өмгөөлөгч Х.Д...ийн гомдлыг хэрэгсэхгүй /хх 69-71/ болгожээ.

 

Харин  Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 2023/ДЗШМ/06 дугаар магадлалаар “шийтгэвэр, захирамж” гэсэн өөр өөр эрхийн акт гаргасан, хөөн хэлэлцэх хугацааг шийдвэрлэсэн гэж үзэхээр байна гэж дүгнэн, шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон /хх 129-130/  байна.

 

Үүнээс дүгнэвэл, Д.Э...т 20 000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан нь хүчинтэй байна.

Эрх бүхий албан тушаалтны 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн магадлагаагаар ...шинжээч томилж техникийн шинжилгээ хийлгэх шаардлагагүй гэж үзсэн байх ба нэхэмжлэгч нь эд хөрөнгөд учирсан хохирлын үнэлгээг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн /2010 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр батлагдсан/ 3 дугаар зүйлийн 3.1.2-т заасан” Монгол улсын иргэн” үйлчлүүлэгч болохын хувьд энэ хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1.-д зааснаар харилцан тохиролцож  үнэлгээ хийлгэсэн нь хууль зөрчөөгүй.

 

Д... ХХК-ний 59-00 УБИ дугаартай автомашины эвдрэл гэмтэлд оношлогоо хийж гаргасан дүгнэлт, хохирлын үнэлгээ хийсэн Мастер үнэлгээ ХХК-ний үнэлгээний талаар хариуцагч маргаагүй, өөрөөр хэлбэл, хариуцагч, түүний өмгөөлөгч нь машинд учирсан эвдрэл гэмтэл, үнэлгээний талаар татгалзсан тайлбар гаргаагүй байна.

 

Харин хариуцагч ...үнэлгээг шинжээчээр хийлгээгүй, хууль сануулаагүй, ачилтанд 420 000 төгрөг төлсөн, үнэлгээ хийлгэхэд 915 000 төгрөг төлсөн нь “И” баримт биш гэж маргасан нь нэхэмжлэгчид учирсан хохирлыг татгалзах үндэслэл болохгүй.

Нөгөө талаас, талууд нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын талаар маргаагүй байна. 

 

Нотлох баримтаар тогтоогдсон хохирлын үнэлгээ 18 056 400 төгрөг, үнэлгээний зардал 915 000 төгрөг, оношлогоо хийлгэсэн хөлс 38 000 төгрөг нийт 19 009 400 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй гэж дүгнэлээ.

 

Хэргийн 33 дахь талд авагдсан зарлагын баримтын дүн гаргацгүй, 59-00 дугаартай машиныг ачсан эсэх нь тодорхойгүй, нотлох баримтын шаардлага хангаагүй тул 420 000 төгрөгийн шаардлага, итгэмжлэгдсэн төлөөлөгчид 3 000 000 төгрөг,  нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа бүрдүүлбэрийн шаардлага хангаж бичгийн баримтыг нотариатаар гэрчлүүлж 14 700 төгрөг төлсөн нь хохиролд тооцогдохгүй тул тус тус хангахгүй орхилоо. 

 

Харин нэхэмжлэгч 33, эсхүл 34 хуудас баримт гаргасан нь, нэхэмжлэлийг Д.О... гаргасан боловч улсын тэмдэгтийн хураамжийг Ж.Э.. төлсөн нь, Д.Э..ыг торгосон шийтгэлийн хуудсыг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 12 цаг 36 минут, 12 цаг 39 минутад тус тус хэвлэж гаргасан /хх 34, 61, 107/ нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах үндэслэл болохгүй.

 

3.Иргэдийн төлөөлөгч нь малчин Д.Э... нь засмал замаас 50 метрийн зайтай мал хариулах ёстой гэсэн заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан нь хэргийн үйл баримт, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, тайлбар татгалзалтай  нийцсэн гэж дүгнэлээ.

 

4.Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270 170 төгрөг төлсөн, үүнээс нэхэмжлэлийг хангасан хэмжээгээр буюу 252 997 төгрөгийг хариуцагч Д.Э...аас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Э...аас 19 009 400 /арван есөн сая есөн мянга дөрвөн зуу/ төгрөг гаргуулж Д.О...т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 434 700 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар Д.О...ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270 170 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Э...аас 252 997 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Р.АЛТАНТУЯА

                                               ШҮҮГЧИД                           Б.АЗБАЯР

                                                                                           Х.ЭНХЗАЯА