Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2023/01465

 

 

 

 

 

2023 оны 04 сарын 14 өдөр

   Дугаар 102/ШШ2023/01465

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Буянгийн үйлдвэрийн урд байрлах Х/РД: нэхэмжлэлтэй,

           

Хариуцагч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, Амарсанаагийн гудамж, Сан Их сургуулийн 402 тоотод байрлах “С” ХХК /РДд холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 50,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.За

Хариуцагчийн төлөөлөгч Ж.Ба

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Жа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Урансайхан

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Хнь хариуцагч “С” ХХК-нд холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 50,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

   “Х” ХХК нь 37 м суналттай бетон зуурмаг шахагч автопомпоор бетон зуурмаг шахах ажлыг гэрээгээр хийж гүйцэтгэдэг бөгөөд 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр “С” ХХК-ийн Сэлэнгэ аймаг Мандал сумын 3 дугаар сургуулийн өргөтгөл хэсгийн бетон зуурмагийн ажлыг өөрсдийн суурин бетон шахагч төхөөрөмжийг ашиглан, гэрээний хугацаанд нийт 1900 м.кб бетон зуурмагийн ажлыг хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсон. Харин гүйцэтгэгч “Х” ХХК-ийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, захиалагч компани гэрээгээр харилцан тохиролцсон бетон зуурмагийн цутгалтын ажлыг 2020 оны 06 дугаар сард хийж хүлээлгэн өгсөн. Гэтэл захиалагч компани дээрх хугацаанд гүйцэтгэгч компанийн хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 75,000,000 төгрөгөөс 25,000,000 төгрөгийг төлж үлдэгдэл 50,000,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: “С” ХХК нь 2020 оны 4 дүгээр сард Сэлэнгэ аймгийн Мандал суманд баригдах сургуулийн барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэхээр ерөнхий захиалагч “Си Эйч Си” ХХК-тай туслан гүйцэтгэгчийн гэрээ байгуулж, уг гэрээний дагуу 300,000,000 орчим төгрөг гаргаж ажлаа эхлүүлсэн. Барилгын суурь болон 1 дүгээр давхрын угсралтын ажлыг хийж дуусгасан. Энэ үед “Х” ХХК-тай машин механизм түрээсээр авч ажиллуулах тухай гэрээ байгуулж гэрээний дагуу 25,000,000 төгрөгийн түрээсийн төлбөрт төлсөн. Улмаар барилгын ажлын явцад ерөнхий гүйцэтгэгч Си Эйч Си ХХК болон туслан гүйцэтгэгч “С” ХХК-ийн хооронд үйл ойлголцол маргаан гарсны улмаас Хнь “С” ХХК-тай байгуулсан гэрээ цуцлагдсан. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

 

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, Хнь “С” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 2020/091 дугаартай бетон шахагч төхөөрөмжөөр ажил гүйцэтгэх гэрээ, “С” ХХК-ийн 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 100 дугаартай санал хүргүүлэх тухай албан бичиг, “С” ХХК-ийн гүйцэтгэлийн төлбөрийн мэдээ,  “Х” ХХК-ийн дүрэм зэрэг баримтуудыг, хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, “С” ХХК-ийн дүрэм, “С” ХХК-ийн Хаан банк дахь 54 дугаартай дансны хуулга зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Хариуцагчийн хүсэлтээр дүрс бичлэгт үзлэг хийсэн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэрчээр Д.Балдорж, Т.Бат-Эрдэнэ, Б.Цолмон нарыг асуулгах хүсэлтээсээ татгалзсан.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэгч Хнь 2020 оны 5 дугаар сарын 7-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл гэрээнд заасан ажлыг гүйцэтгэсэн бөгөөд хариуцагч “С” ХХК нь хэлэлцэн тохиролцсон хөлс төлөх үүргээ гүйцэтгээгүй.

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Нэхэмжлэгч Хнь 2020 оны 5 дугаар сарын 7-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл ажиллаж 296 м3 бетон зуурмаг шахах ажил гүйцэтгэсэн. Хариуцагч “С” ХХК нь ажлын хөлс 25,000,000 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэг талаас “С” ХХК, нөгөө талаас “Х” нь 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр Хнь 1900 м3 автопомп машинаар бетон зуурмаг шахах ажил гүйцэтгэх, “С” ХХК нь 1 сарын ажлын хөлс 15,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон болох нь талуудын хооронд бичгээр байгуулсан гэрээ, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

  

5. Дээрх гэрээний дагуу Хнь 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн бетон зуурмаг шахах ажлыг гүйцэтгэж, хариуцагч “С” ХХК нь ажлын хөлс 25,000,000 төгрөг төлсөн болох нь тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй. Харин нэхэмжлэгч талаас 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийг хүртэл ажилласан гэж, хариуцагч талаас 2020 оны 5 дугаар сарын 7-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл ажилласан гэж харилцан адилгүй тайлбар гаргаж байна.

 

6. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.

 

7. Нэхэмжлэгч Хнь ажлын хөлс шаардаж байгаа нөхцөлд гэрээнд заасан ажлыг гүйцэтгэсэн болохоо нотлох үүрэгтэй. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч “Х” ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээ тодорхойгүй байх боловч талууд ажлын хөлс төлөх журмыг хугацаагаар тодорхойлсон.

Нэхэмжлэгч Хнь 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 3 сарын хугацаанд бетон зуурмаг шахах ажлыг гүйцэтгэсэн болох нь хариуцагч “С” ХХК-ийн 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 100 дугаартай “Манай компанийн гүйцэтгэл бүтэн 2 сараар хоцорч баталгаажин гарч ажилд хугацаа алдах шалтгаан болж байгаа хүндэтгэн хүлээн авч хамтран ажиллах гэрээгээ сунган ажиллахыг хүсье. Гэрээний үнийн дүн 3 сар 45,000,000 төгрөгийн 5,000,000 төгрөгийг олгосон ба 20,000,000 төгрөгийг 2020 оны 7 дугаар сарын 24-нд, 20,000,000 төгрөгийг 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр тус тус шилжүүлэх болно” гэсэн албан бичгээр тогтоогдож байна.    

Өөрөөр хэлбэл, хариуцагч талаас 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн дээрх албан бичгээр гэрээг сунгах санал тавьсан байх ба нэхэмжлэгч Хнь 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл ажилласан гэж үзэхээр байна. Харин талууд гэрээний хугацааг сунгасан эсэх нь баримтаар тогтоогдохгүй байхаас гадна хариуцагчийн 2020 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл ажилласан гэх татгалзал нь 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр гэрээний хугацааг сунгах, 3 сарын ажлын хөлс төлөх тухай албан бичгээр үгүйсгэгдэж байна.  

 

8. Талууд гэрээний 2.1-д ажлын хөлс хэмжээг 1 сарын 15,000,000 төгрөгөөр тодорхойлсон байх тул нэхэмжлэгч Хнь 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл ажилласан хугацааны хөлсийг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар шаардах эрхтэй байна.

 

9. Хариуцагч “С” ХХК-аас ажлын хөлсөнд төлсөн 25,000,000 төгрөгийг хасаж үлдэгдэл ажлын хөлс 20,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Х” ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 30,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

10. Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч “С” ХХК-аас 20,000,000 /хорин сая/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Х” ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 30,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “С” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 257,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Х” ХХК-нд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ч.БАТЧИМЭГ