Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2023/01209

 

 

 

 

 

 

 

 

2023 06 19 210/МА2023/01209

 

 

Х с-ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Т.Бадрах, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 сарын 14-ний өдрийн 102/ШШ2023/01465 дугаар шийдвэртэй

Х с-ХХК-ийн нэхэмжлэлтэй,

С ц- ХХК-д холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 50,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Захирахбаатар, хариуцагчийн төлөөлөгч Ж.Б-, түүний өмгөөлөгч Б.Жаргалсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Х с-ХХК нь 37 м суналттай бетон зуурмаг шахагч автопомпоор бетон зуурмаг шахах ажлыг гэрээгээр хийж гүйцэтгэдэг бөгөөд 2020 оны 04 сарын 29-ний өдөр С ц- ХХК-ийн Сэлэнгэ аймаг, Мандал сумын 1 сургуулийн өргөтгөл хэсгийн барилгын ажилд бетон зуурмагийн ажлыг өөрийн бетон шахагч төхөөрөмжийг ашиглан, гэрээний хугацаанд 1,900 м3 бетон зуурмагийн ажил гүйцэтгэхээр тохиролцсон. Х с-ХХК-аас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, захиалагчийн гэрээгээр тохиролцсон бетон зуурмагийн цутгалтын ажлыг 2020 оны 06 сард гүйцэтгэж хүлээлгэн өгсөн. Гэтэл захиалагч нь дээрх хугацаанд гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 75,000,000 төгрөгөөс 25,000,000 төгрөгийг төлж үлдэгдэл 50,000,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй тул гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга: С ц- ХХК нь 2020 оны 04 сард Сэлэнгэ аймгийн Мандал суманд баригдах сургуулийн барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэхээр ерөнхий захиалагч Си Эйч Си ХХК-тай туслан гүйцэтгэгчийн гэрээ байгуулж, уг гэрээний дагуу 300,000,000 төгрөг гаргаж ажлаа эхлүүлсэн. Энэ үед Х с-ХХК-тай машин механизм түрээсээр авч ажиллуулах гэрээ байгуулж гэрээний дагуу 25,000,000 төгрөгийн түрээсийн төлбөр төлсөн. Улмаар барилгын ажлын явцад ерөнхий гүйцэтгэгчтэй үл ойлголцол маргаан үүссэний улмаас Х с-ХХК нь С ц- ХХК-тай байгуулсан гэрээ цуцлагдсан. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 341 зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч С ц- ХХК-аас 20,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х с-ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 30,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч С ц- ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 257,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х с-ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүх нь Иргэний хуулийн 341 зүйлийн 343.1-д зааснаар шаардах эрхтэй гэж тодорхойлсон нь хууль зүйн үндэслэлгүй. Х с-ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлээ тодорхойлсноос өөрөөр тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч тал нь гэрээг ажил гүйцэтгэх гэрээ гэж нэрлэсэн ч талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодорхойлсныг шүүх санаачилгаараа ажлын хөлс шаардсан нөхцөлд гэрээнд заасан ажлыг гүйцэтгэснээ нотлох үүрэгтэй, хэргийн баримтаар нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын тоо, хэмжээ тодорхойгүй байх боловч талууд ажлын хөлс төлөх журмыг хугацаагаар тодорхойлсон гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэгчид ашигтайгаар шийдвэрлэсэн.

Хариуцагч С ц- ХХК-аас ажлыг цааш үргэлжлэх боломжгүй болсныг мэдэгдэж гэрээ цуцлагдсан тухай нэхэмжлэгч "Х с-ХХК-д мэдэгдсэн. Бетон шахагч төхөөрөмжөөр ажил гүйцэтгэх гэрээний 3.2-т бетоны хэмжээ 1900 м3 зуурмаг байна гэж хийх ажлыг тодорхойлсон, энэ ажил хийгдээгүй, 296 м.куб орчим бетон зуурмагийн ажил гүйцэтгэсэн. Одоо хүртэл энэ барилгын ажил хийгдээгүй. С ц- ХХК-ийн хэрэв ажил цаашид үргэлжлэхээр бол төлбөрийг хэрхэн төлөх тухай бичиж өгсөн албан бичгийг шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгож ажлын хөлс төлөх журмыг хугацаагаар тодорхойлсон, гэрээг сунгах санал тавьсан гэж маргааны үйл баримтыг буруу тодорхойлж, хуулийг буруу тайлбарлаж шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Нэхэмжлэгч нь энэ хугацаанд нэг ч удаа гомдлын шаардлага гаргаагүй, гэрээ ёсоор тохиролцсон 1,900 м3 бетон зуурмаг шахах ажлыг хийж гүйцэтгээгүй, хүлээлгэж өгөөгүй нь баримтаар нотлогдоогүй байхад шүүх гэрээ, тайлбараар нотлогдож байна гэж нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй тул шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

 

5. Хариуцагчийн давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн хууль хэрэглээтэй холбоотой маргаан үүсгээгүй. Өөрөөр хэлбэл, гэрээнээс үүдэлтэй шаардах эрхээ хэрэгжүүлсэн. Хариуцагч талын давж заалдах гомдолд бетон зуурмагийг хийж дуусаад хүлээлгэж өгөх байсан гэх тайлбар өгсөн ч талуудын хоорондын гэрээний 2.1-д гэрээг гүйцэтгэх хөлс, үнэ гэсэн хэсэгт нэг сарын төлбөр 15,000,000 төгрөг байхаар тохиролцсон. Хариуцагч талын тайлбарт дурдсан гэрээний 3.2-д 1900 м.куб гэдэг нь барилгын нийт хэмжээг заасан. Гэрээний 5.1, 5.2, 5.3, 5.4-т заасан хэсгүүдэд тодорхой тусгасан. Анх нэхэмжлэлийн шаардлага нь 50,000,000 төгрөгийн үнийн дүнтэй байсан 2020 оны 07 сарын 20-ны өдөр хариуцагчаас гаргаж өгсөн баримтаас үзэхэд гүйцэтгэсэн ажлаар бус сар бүрийн төлбөр төлж байгаа талаар тооцоо нийлсэн акт дээр тэмдэглэсэн бөгөөд хариуцагч өөрийн гаргасан тайлбараа үгүйсгэсэн. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянаад, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Х с-ХХК нь 2020 оны 05 сараас 09 сарыг дуустал хугацаанд хариуцагч С ц- ХХК-тай тохиролцсоны дагуу Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 сургуулийн өргөтгөлийн барилгын бетон зуурмаг шахах ажлыг автопомпоор гүйцэтгэсний үлдэгдэл хөлс 50,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, хөлс 25,000,000 төгрөг төлсөн, 1,900 м3 бетон зуурмаг шахах ажлыг бүрэн гүйцэтгээгүй, ажлаа хүлээлгэж өгөөгүй, нэхэмжлэгч нь 2020 оны 06 сарын 20 хүртэл ажилласан гэсэн тайлбарыг гаргажээ.

 

3. Зохигч 2020 оны 04 сарын 29-ний өдөр 2020/091 дугаартай Бетон шахагч төхөөрөмжөөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Х с-ХХК нь 37 метрийн суналттай бетон зуурмаг шахагч автопомпоор 1,900 м3 бетон зуурмаг шахах ажлыг Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 сургуулийн өргөтгөлийн барилгад гүйцэтгэх, С ц- ХХК нь барилгад шахах бетон зуурмагаар хангаж, гүйцэтгэсэн ажилд нэг сарын 15,000,000 төгрөгийн хөлс төлөхөөр харилцан тохиролцсон байна.

 

4. Талуудын дээрх тохиролцоо болон хэргийн баримт, тайлбараас үзвэл нэхэмжлэгч нь хариуцагчийн нийлүүлсэн бетоныг ашиглан өөрийн автопомпоор барилгад бетон зуурмаг шахах ажлыг гүйцэтгэхээр тохиролцсон нь зохигчийн хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна. Нэхэмжлэгч гэрээгээр тохиролцсон ажлыг зохих ёсоор гүйцэтгэх үүрэгтэй байх бөгөөд харин уг ажлын биежсэн үр дүнг хариуцагчид хүлээлгэн өгөх үүргийг гэрээгээр хүлээгээгүй байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд мөн хуулийн 341 зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь маргааны зүйлд хамаарах эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүй байх тул хууль хэрэглээний уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэх боломжтой.

 

5. Анхан шатны шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, талуудын хөлс төлөх хугацааны болон гүйцэтгэсэн ажлын хэмжээний талаар маргасан үйл баримтыг хуульд нийцүүлэн зөв тогтоож хариуцагч С ц- ХХК-аас 20,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х с-ХХК-д олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

5.1 Нэхэмжлэгч 2020 оны 05 сарын 07-ны өдрөөс гэрээгээр тохиролцсон ажлыг гүйцэтгэж эхэлсэн талаар зохигч маргаагүй боловч ажил гүйцэтгэж дууссан хугацааны талаар зохигч өөр өөр тайлбар гаргаж, хөлс төлөх хугацааны талаар маргажээ. Хэргийн 8 дахь талд авагдсан хариуцагч С ц- ХХК-ийн 2020 оны 07 сарын 20-ны өдрийн 100 дугаартай албан бичигт дурдсан хугацааг анхан шатны шүүх үндэслэн нэхэмжлэгчийн ажил гүйцэтгэж дууссан хугацааг 2020 оны 08 сарын 07-ны өдөр гэж тодорхойлж, уг хугацаагаар талууд гэрээг цуцалсан гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 365 дугаар зүйлийн 365.1.3-т нийцсэн.

 

5.2 Түүнчлэн хариуцагч тал давж заалдах шатны шүүх хуралдаанд, ерөнхий гүйцэтгэгч Си Эйч Си ХХК-тай байгуулсан гэрээний дагуу 2020 оны 09 сарын эхний 7 хоног хүртэлх хугацаанд уг барилгад ажиллаад ажлаа зогсоосон, энэ талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн гэж, нэхэмжлэгч тал нь 2020 оны 10 сард техникийг ажлын талбайгаас буцаан авсан гэснээс хариуцагчийг ажлаа зогсоох хүртэлх хугацаанд нэхэмжлэгч гэрээгээр тохиролцсон ажлыг гүйцэтгэж байсан гэж үзэх үндэслэлтэй.

 

5.3 Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.2-т зааснаар 1,900 м3 зуурмагийн ажил гүйцэтгэх үүргээ нэхэмжлэгч гүйцэтгээгүй, 296 м3 бетон зуурмагийн ажил гүйцэтгэсэн гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна. Гэрээний 3.2-т заасан 1,900 м3 бетон зуурмаг нь нэхэмжлэгчийн зайлшгүй гүйцэтгэх үүрэг бус талуудын гэрээг хэрэгжүүлэх хугацаанд хийгдэх ажлын хэмжээ, уг ажлын хэмжээгээр талууд гэрээний хугацааг тохиролцсон гэж үзэхээр байна. Гэрээ хэрэгжсэн 3 сарын хугацаанд дээрх хэмжээний ажил хийгдээгүй нь хөлсөөр ажиллах гэрээний хувьд ажлын биежсэн үр дүнг шаардахгүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хүлээн авах боломжгүй байна. Нэхэмжлэгч нь 3 сарын хугацаанд хариуцагчийн нийлүүлсэн бетоноор барилгад бетон зуурмаг шахах ажлыг ердийн шаардлагад нийцүүлэн зохих ёсоор гүйцэтгээгүй гэх үйл баримт тогтоогдоогүй учир хөлсөөр ажиллах гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй.

 

6. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар ажиллуулагч нь ажиллагчтай тохиролцсон ажил, үйлчилгээний хөлсийг төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгчийн ажилласан 3 сарын ажлын хөлс 45,000,000 төгрөгөөс төлөөгүй үлдсэн 20,000,000 төгрөгийн хөлсийг хариуцагч төлөх үүрэгтэй, нэхэмжлэгч гүйцэтгэсэн ажлын хөлсөө шаардсан нь хуульд нийцнэ.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

7. Анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлсонтой холбоотойгоор шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан хуулийн зохицуулалт нь алдаатай болсныг залруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 сарын 14-ний өдрийн 102/ШШ2023/01465 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 341 зүйлийн 343.1-д гэснийг 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

Э.ЭНЭБИШ