Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2023/00411

 

 

 

 

 

2023 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2023/00411

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: М БСБ 

 

Хариуцагч:  Э ХХК 

 

Нэхэмжлэлийн шаардлага: 13,056,678 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Д

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнгөнсаран

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ дараах байдлаар тайлбарлав. Үүнд: Э ХХК нь 2015 онд тус сургуулийн багш ажилчдын орон сууцны барилгад гадна фасадны ажил хийсэн. Ажил дуусаж байхад багахан замаск дутахад Д.Ө таньдаг хүнээсээ маш их замаск авчирсан. Бид ийм их замаск авахгүй гэхэд одоо мөнгийг нь өгчих хэдэн шуудай илүү гарах нь мэдэгдэхгүй байна, илүү гарсан замаскийн мөнгийг шуудаагаар нь тооцоод би буцааж авч өгнө гэсэн. 12 тонн буюу 420 уут хар замаск илүү гарч, түүнийг нь буцаан өгүүлэхээр Д.Ө утсаар ярьж бид буцаан тээвэрлэж аваачиж өгсөн. Тээвэр, ачилтийн хөлсөнд 80,000 төгрөг зарцуулсан. Д.Ө ажил дуусаад нягтлан бодогчоос мөнгө аваад бидний мөнгийг өгөөгүй явсан байсан. Би тэр үед ажил дээрээ байхгүй байсан. Энэ талаар лавлахад тэрээр би өртэй байна, мөнгийг чинь ирэх хавар барилгын ажил эхлэхээр өгье гэж хэлээд энэ тухай баталгааг өөрийн гараар 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Монгол дээд сургуулийг хохиролгүй болгож өгнө гэж бичсэн. Д.Ө нь мөнгө өгнө гэсээр удсаар байсан. 2016 оны хавар залгахад ажил олоогүй байна гэж байгаад утасны дугаар, гэрийн хаягаа өөрчлөөд алга болсон. Ингээд хоёр дүүргийн шүүхээр эрэн сурвалжлуулах ажиллагаа хийлгэж хариуцагчийг олж авсан учир хэргийн хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан хэвээр байгаа. 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдөр би утасдахад надад Би танд цувуулаад өгнө, ажлууд одоо л гайгүй эхэлж байна. Гүйцэтгэл орохоор явуулна гэсэн мессеж надад ирүүлсэн. Би хэзээ өгөхөө тамга гарын үсгээр баталгаажуулж өг гэхэд хариу өгөхгүй байгаа. Ийм учраас уг замаскийн мөнгө 4,620,000 төгрөг, хариуцагчийг хуулийн байгууллагаар эрэн сурвалжлуулахад төлсөн 70,200 төгрөгийн хамт 4,690,200 төгрөгийг гаргуулахаар анх шүүхэд хандсан. Гэхдээ бид 4,692,000 төгрөг гэж тооцооллын алдаа гаргасан учир 1,800 төгрөгийн хэмжээнд шаардлагаа багасгаж 4,690,200 төгрөгийг нэхэмжилнэ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бид өөрсдийн шаардлагаа 8,366,478 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Иргэний хуулийн 222.5-д мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй гэж заасан. Д.Өлзийсайхан биднээс буцааж авсан замаскны мөнгөн төлбөрийг 2016 онд барилгын ажил эхлэхээр төлнө гэж бичиж бидэнд өгсөн. Барилгын ажил 2016 оны 4 дүгээр сард эхэлсэн бөгөөд үеэс эхлэн төлбөрийн хугацааг хэтрүүлсэн гэж үзсэн. Монгол банкнаас бидний хүсэлтэд хариу ирүүлсэн зээлийн хүүгийн жилийн дундаж хэмжээг баримтлан дараах тооцоог хийсэн. Монгол банкнаас жил, сараар гаргадаг статистикийн мэдээлэлд арилжааны банкны зээлийн хүүгийн дундажийг гаргадаг. Энэ мэдээлэл Монгол банкны веб хуудсанд ил чөлөөтэй байдаг. Хүүг хэрхэн яаж тооцоолсон бэ гэхээр: 2016 оны хүүг бодсон нь 5-12 дугаар сарын буюу 7 сарын хүү сарын хүү 18,51% : 12=1.54% 7 сарын хүү 1,54 % x 7 cap = 10.78% 4,692,000 төгрөг х 10.78% = 505,797 төгрөг, 2016 оны үлдэгдэл дүнг бодсон нь 5,197,797 төгрөг, 2017 оны хүүг бодсон нь 941,321 төгрөг, 2017 оны үлдэгдэл дүнг бодсон нь 6,139,118 төгрөг, 2018 оны хүүг бодсон нь 1,049,789 төгрөг 2018 оны үлдэгдэл дүнг бодсон нь 7,188,907 төгрөг, 2019 оны хүүг бодсон нь 1,210,611 төгрөг, 2019 оны үлдэгдэл дүнг бодсон нь 8,399,518 төгрөг, 2020 оны хүүг бодсон нь 1,390,960 төгрөг, 2020 оны үлдэгдэл дүнг бодсон нь 9,790,478 төгрөг, 2021 оны хүүг бодсон нь 1,521,440 төгрөг, 2021 оны үлдэгдэл дүнг бодсон нь 11,311,918 төгрөг, 2022 оны /10 сарын дундаж/ хүүг бодсон нь 1,746,560 төгрөг, 2022 оны үлдэгдэл дүнг бодсон нь 13,058,478 төгрөг, анх нэхэмжилсэн одоогийн нэхэмжилсэн үнийн зөрүү 8,366,478 төгрөгийг нэхэмжилж байна. Ихэсгэсэн шаардлага нь гэрээнээс учирсан хохирол биш хуульд заасны дагуу хариуцагчийн төлөх ёстой хүү болно. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч байгууллагатай гадна фасад хийх ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээний дагуу тус байгууллагаас материалаар хангаж өгөх үүргийн дагуу замаск ирсэн. Тэрнээс манай зүгээс зориуд их хэмжээний замаск бусдаас авчирч хохироосон зүйл уг нь байхгүй. 420 уут 12 тонн гэж байгаа нь тооны хувьд их юм шиг боловч хэдхэн м2 талбайд орох бүтээгдэхүүн юм. Ажил гүйцэтгэх явцад хэрэглээний байдлаас хамаарч бага зэрэг материал илүү гарч болдог. Уг нь нэхэмжлэгч манай байгууллагыг зараад өг гэж өгсөн учир бид мөнгийг нь дараа өгье гэсэн. Хавар нь уг замаскийг бид эргэлтэд оруулж чадаагүй замаскаа буцаагаад ав гэхэд аваагүй. Бид ч ашиглаж чадаагүй бороонд норгож хохирсон. Гэвч уг нэхэмжилсэн мөнгийг нь төлөх болно. Харин ихэсгэсэн шаардлагыг зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 222.5-д мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй гэсэн заалт нь манай тохиолдолд хамаарахгүй, бид тохиролцоогүй учир хүү төлөх ёсгүй гэжээ.

 

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэгч М БСБ нь хариуцагч Э ХХК-д холбогдуулж 4,692,000 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан.

 

Нэхэмжлэгчийн зүгээс өөрийн шаардлагын үндэслэлээ ...2014 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу Э ХХК нь М сургуулийн 9 давхар барилгын заслын ажлыг хийж гүйцэтгэсэн. Ийнхүү гүйцэтгэхдээ тооцоо судалгаагүйгээр хэт их хэмжээний замаскийг илүү авсан. Уг илүү гарсан замаскаа буцаан авч биднийг хохиролгүй болгоно гэсэн ч амлалтдаа хүрэлгүй алга болсон. Ийм учраас уг замаскийн мөнгө 4,620,000 төгрөг, хариуцагчийг хуулийн байгууллагаар эрэн сурвалжлуулахад төлсөн 70,200 төгрөгийн хамт 4,690,200 төгрөгийг гаргуулахаар анх шүүхэд хандсан. Гэхдээ бид 4,692,000 төгрөг гэж тооцооллын алдаа гаргасан учир 1,800 төгрөгийн хэмжээнд шаардлагаа багасгаж 4,690,200 төгрөгийг нэхэмжилнэ гэж тайлбарласан.

 

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр М БСБ нь өөрийн шаардлагын хэмжээг 8,366,478 төгрөгөөр ихэсгэсэн.

 

Дээрх шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч ...хариуцагч 4,692,000 төгрөгийг тохирсон хугацаандаа өгөөгүй. Иймд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй гэж заасны дагуу 4,690,200 төгрөгийн хүү болох 8,366,478 төгрөгийг нэхэмжилнэ гэсэн агуулгаар тайлбарлав.

 

Нэг. 4,690,200 төгрөгийн шаардлага:

 

Хэрэгт 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Э ХХК-ийн М сургуульд хийж өгсөн ...Монгол дээд сургуулийн барилга дээр Э ХХК нь гадна фасад хийх үедээ 12 тонн буюу 420 уут хар замаск илүү гаргасан тул уг 420 уут /1 уут 11,000 төгрөг/ хар замаскны үнэ болох 4,620,000 төгрөгийг хавар барилгын ажил эхлэх үед төлж хохиролгүй болгож өгнө гэсэн бичгийн баримт авагджээ.

 

Хариуцагчийн зүгээс дээрх баримтыг үгүйсгээгүй, шүүх хуралдаанд ...4,620,000 төгрөгийг төлж барагдуулна гэсэн тайлбарыг гаргасан учир хариуцагч Э ХХК-иас 4,620,000 төгрөгийг гаргуулан М сургуульд олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгтэй харшлахгүй.

 

Дээр дурдсанчлан хариуцагч Э ХХК-иас 70,200 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч ...гэрээний үүргээ шаардан шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч оршин байх хаягаа өөрчилсөн, алга болсны улмаас эрэн сурвалжлуулж, улсын тэмдэгтийн хураамжинд 70,200 төгрөг төлсөн гэж тайлбарласан. Хэрэгт цугларсан баримтуудаар энэхүү нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэн энэ талаар гаргасан шаардлагыг хангаж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт нийцнэ.

 

Хоёр. 8,366,478 төгрөгийн шаардлага:

 

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй гэж гэрээгээр бус хуулиар тогтоосон хүү төлөх үүргийн талаар энэ зүйлд заагдсан байна.

 

Талууд мөнгөн төлбөрийг хүүтэй байхаар тохиролцоогүй байгаа учир энэ талаар гаргасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Э ХХК-иас 4,690,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М БСБ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8,366,478 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238,835 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 89,993 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ХАНГАЛ