Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 210/ма2023/00849

 

 

 

 

 

 

 

 

2023 04 21 210/МА2023/00849

 

 

М -ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2023/00411 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М -ын хариуцагч Э ХХК -д холбогдуулан гаргасан 13,056,678 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Э ХХК нь 2015 онд тус сургуулийн багш ажилчдын орон сууцны барилгад гадна фасадны ажил хийсэн. Ажил дуусаж байхад Д.Ө их замаск авчирсан. Гэтэл 12 тонн буюу 420 уут хар замаск илүү гарч, түүний тээвэр, ачилтын зардалд 80,000 төгрөг зарцуулсан. Д.Ө ажил дуусаад нягтлан бодогчоос мөнгө аваад бидний мөнгийг өгөөгүй явсан байсан. Энэ талаар лавлахад тэрээр өртэй байна, мөнгийг хавар барилгын ажил эхлэхээр өгье, Монгол дээд сургуулийг хохиролгүй болгоно гэж 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр бичгээр бичиж өгсөн. Гэвч мөнгө төлөхгүй алга болсон учраас шүүхэд хандаж эрэн сурвалжлуулсан. 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр утсаар ярихаар мөнгийг цувуулж өгнө гэж мессэж бичиж байсан. Иймээс замаскийн мөнгө 4,620,000 төгрөг, хариуцагчийг хуулийн байгууллагаар эрэн сурвалжлуулахад төлсөн 70,200 төгрөг, нийт 4,690,200 төгрөгийг гаргуулж авна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 8,366,478 төгрөг нэхэмжилсэн. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй гэж заасан. Д.Ө биднээс буцааж авсан замаскны мөнгөн төлбөрийг 2016 онд барилгын ажил эхлэхээр төлнө гэж бичиж өгсөн. Барилгын ажил 2016 оны 04 дүгээр сард эхэлсэн бөгөөд энэ үеэс эхлэн төлбөрийн хугацааг хэтрүүлсэн гэж үзсэн. Монгол банкнаас гаргасан зээлийн хүүгийн жилийн дундаж хэмжээгээр 2016 оны үлдэгдэл 5,197,797 төгрөг, хүү 505,797 төгрөг, 2017 оны үлдэгдэл 6,139,118 төгрөг, хүү 941,321 төгрөг, 2018 оны үлдэгдэл 7,188,907 төгрөг, хүү 1,049,789 төгрөг, 2019 оны үлдэгдэл 8,399,518 төгрөг, хүү 1,210,611 төгрөг, 2020 оны үлдэгдэл 9,790,478 төгрөг, хүү 1,390,960 төгрөг, 2021 оны үлдэгдэл 11,311,918 төгрөг, хүү 1,521,440 төгрөг, 2022 оны үлдэгдэл 13,058,478 төгрөг, /10 сарын дундаж/ хүү 1,746,560 төгрөг, нийт 13,058,478 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгч байгууллагатай гадна фасад хийх ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээний дагуу тус байгууллагаас материалаар хангаж өгөх үүргийн дагуу замаск ирсэн. Тэрнээс манай зүгээс зориуд их хэмжээний замаск бусдаас авчирч хохироосон зүйл байхгүй. 420 уут 12 тонн гэж байгаа нь тооны хувьд их боловч хэдхэн м.кв талбайд орох бүтээгдэхүүн юм. Ажил гүйцэтгэх явцад хэрэглээний байдлаас хамаарч бага зэрэг материал илүү гарч болдог. Уг нь нэхэмжлэгч манай байгууллагыг зараад өг гэж өгсөн учир бид мөнгийг нь дараа өгье гэсэн. Хавар нь уг замаскыг бид эргэлтэд оруулж чадаагүй замаскаа буцаагаад ав гэхэд аваагүй. Бид ч ашиглаж чадаагүй бороонд норгож хохирсон. Гэвч уг нэхэмжилсэн мөнгийг нь төлөх болно. Харин ихэсгэсэн шаардлагыг зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэг заалт нь манай тохиолдолд хамаарахгүй, бид тохиролцоогүй учир хүү төлөх ёсгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э ХХК -аас 4,690,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М -д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8,366,478 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238,835 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 89,993 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шүүх хуулийг буруу тайлбарлаж шийдвэр гаргасан. Мөнгөн төлбөрийн үүрэг гүйцэтгэх хэлцэлд хүү төлөх тохиолдол гарвал зээлийн гэрээ байгуулсан байх шаардлага хуульд тусгагдаагүй. Ихэнх төлбөрүүд хугацаандаа хийгддэг тул төлбөрийг зээл болгож, хүү тохиролцож давхар гэрээ хийх шаардлагагүй. Хуульд заагаагүй нөхцөл шаардаж, хуулийг буруу тайлбарласныг зөвшөөрөхгүй. Мөнгөн төлбөрөө зээлийн хүү тохиролцоогүй гээд хугацаандаа төлөхгүй байх жишиг тогтоож болохгүй. Хариуцагчид боломж олгож төлбөрийг 1 жилээр хойшлуулсан байхад төлбөр төлөхгүй алга болсон тул 8,366,478 төгрөгөөр хохирч байна. Иймд хуулийн дагуу дунджаар тооцсон зээлийн хүүд 8,366,478 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан зарчмын үүднээс авч үзвэл уг заалтыг үүрэг гүйцэтгэгч мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол шууд хүү шаардах эрхийг үүрэг гүйцэтгүүлэгчид олгож байгаа гэж тайлбарлах боломжгүй. Үүрэг гүйцэтгэгч мөнгөн төлбөрийн үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй бол хүү төлөхөөр талууд харилцан тохиролцсон бол энэ талаарх зохицуулалтыг хэрэглэхийг хуулиар хязгаарлаагүй. Талуудын хооронд гэрээ байгуулагдаагүй, хугацаандаа төлбөрөө төлөөгүй бол хүү төлөхөөр харилцан тохиролцоогүй. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээ байгуулаагүй атлаа хүү шаардахыг хязгаарлахаар мөнгөн төлбөрийн үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд талууд гэрээний чөлөөт байдлын хүрээнд хүү төлөхөөр тохиролцсон агуулга байвал хүү төлөх боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянасан бөгөөд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч М нь хариуцагч Э ХХК -д холбогдуулан 4,690,200 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр зээлийн хүүд 8,366,478 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн нийт 13,056,678 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ. /хх1-3, 34-35/

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг ...гадна фасадны ажлыг хийж гүйцэтгэхдээ тооцоо судалгаагүйгээр их хэмжээний замаск авсан, илүү гарсан замаскаа буцаан авч биднийг хохиролгүй болгож мөнгөө төлнө гэсэн боловч төлөөгүй тул замаскийн мөнгийг хүүгийн хамт гаргуулна гэж, хариуцагч нь ...ажил хийж дууссаны дараа замаск илүү гарсан, уг замаскны үнийг төлнө, харин хүү төлөхөөр тохиролцоогүй, гэрээ байгуулаагүй тул нэхэмжилсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус тайлбарлажээ. /хх1-2, 42/

4. М , Э ХХК нарын хооронд 2014 оны 07 дугаар сарын 19-ний өдөр барилгын заслын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр гүйцэтгэгч нь Монгол дээд сургуулийн барьж буй 9 давхар байрны 3,000 м.кв талбай бүхий гадна заслын ажлыг хийж гүйцэтгэх, захиалагч нь ажлын гүйцэтгэлд хяналт тавих, хүлээн авах, ажлын хөлсийг төлөхөөр харилцан тохиролцсон байна./хх6-8/

4.1. Дээрх ажлыг хийж гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлийн талаар зохигчид маргаагүй. Харин гэрээний 2.4, 2.5-д зааснаар барилгын гадна заслын ажилд хэрэглэх эмульс, будаг, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг захиалагч тал гүйцэтгэгч талд нийлүүлэх үүргээ биелүүлсэн боловч ажил дууссаны дараа үлдсэн замаскны үнийг төлөөгүй гэсэн үндэслэлээр уг замаскны мөнгөнд хүү төлөх эсэх талаар маргасан байна.

5. Э ХХК -ийн захирал Д.Ө ы үйлдсэн баримтад ...2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Монгол дээд сургуулийн барилга дээр Э ХХК гадна фасад хийх үедээ 12 тонн буюу 420 уут хар замаск илүү гаргасан тул уг 420 уут /1уут 11,000 төгрөг/ хар замаскны үнэ болох 4,620,000 төгрөгийг хавар барилгын ажил эхлэх үед төлж хохиролгүй болгож өгнө гэж, дурдсан төлбөрийг хариуцагч Э ХХК нь нэхэмжлэгчид төлөхийг зөвшөөрсөн байдал нь Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1-т заасантай нийцэж байх тул хариуцагч Э ХХК -аас 4,690,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М -д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

7. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт заасны дагуу шаардсан хүү болох 8,366,478 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

7.1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор Монголбанкны банкнуудын төгрөгийн зээлийн жигнэсэн дундаж хүүгийн мэдээлэл гэх албан бичгийг үндэслэсэн байх ба уг баримт нь хариуцагч талын 4,620,000 төгрөгийг буцаан төлөх тухай харилцаанд хүү төлөхийг нотолсон баримт биш гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, тухайн баримт нь арилжааны банкнуудын зээлийн дундаж хүүгийн талаарх баримт байх тул нэхэмжлэгчийн гаргасан шаардлагын хүүг нотлох хамаарал бүхий баримт гэж үзэх боломжгүй тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасантай нийцнэ.

7.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. Нэхэмжлэгч нь хар замаскны мөнгийг буцаан төлөлгүй, хугацаа их алдсан тул хүү гаргуулна гэх тайлбараа нотолсон өөр баримтыг шүүхэд ирүүлээгүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул шүүх хариуцагч Э ХХК -д холбогдуулан зээлийн хүү 8,366,478 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Энэ талаарх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

8. Нэхэмжлэгч талаас хариуцагчийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн зардлыг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хохиролд тооцож шаардах эрхтэй тул уг шаардлагыг хангаж хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

9. Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2023/00411 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 148,820 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

Д.ЦОГТСАЙХАН