Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 102/шш2023/01350

 

 

2000 оны 00 сарын 00 өдөр Дугаар 102/ШШ2000/000000 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ...

Хариуцагч: ...-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 20,000,000 /хорин сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б....,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.....,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Ш.... шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч Б.... шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Ш.... миний бие ...-ын харьяа ... дахь Татах хэсэгт 2003 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн 17 жил шахам хугацаанд ажиллаж, ...-ын даргын 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн тушаалаар хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан. Ажиллах хугацаандаа салбар яам, аймаг орон нутгийн шагнал, Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтангадас одон, Төмөр замчны алдар шагналаар шагнагдаж ...-ын хөдөлмөрийн уралдаанд удаа дараа шалгарч байлаа. Харин 2019 онд байгууллагын удирдлагын зүй бус шийдвэр, нөлөөлөл дарамтын улмаас ээлжийн амралт авъя, ажиллах боломжгүй тул хөдөлмөрийн гэрээ цуцалъя гэсэн хүсэлт өгөөд эмнэлгийн магадлагаатай буюу дээд шатны эмнэлэгт шинжилгээ өгөхөөр ажлаас хууль ёсоор чөлөөлөгдсөн байх хугацаанд ажил хүлээлцэх тушаал гаргах үедээ надад хуулийн дагуу тэтгэмж олгоогүй байсан. Миний бие хуулийн дагуу чөлөө авах хүсэлт гаргасан боловч хариу өгөөгүйгээр миний эрхийг зөрчсөн. Хуулийн хугацаанд үндэслэлгүй халагдсан гомдлоо шүүхэд гаргасан боловч өөрийн хүсэлтээр халагдсан байна хэмээн шийдвэрлэсэн. ...-ын захиргаанд олгогдоогүй нэг удаагийн тэтгэмжийг нөхөн олгож, Ахмадын хорооны бүртгэлд бүртгүүлэх хүсэлт гаргасан боловч 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн ... тоот хариу хүргүүлэх албан тоотоор журамд заасны дагуу шийдвэрлүүлэх, хамтын гэрээнд заасан тэтгэмж авах хүсэлт ирүүлээгүй тул одоо шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгсөн тул шүүхийн байгууллагад хандаж байна. ...ны хамтын гэрээнд зааснаар Улаанбаатар төмөр замд тасралтгүй 17 жил ажилласан ажилтанд 8 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тусламжийг ажилтанд олгох зохицуулалттай. Анх 2003 онд ажилд орсон үеэс 2019 он хүртэл нийт 17 жил Улаанбаатар төмөр замд ажилласан надад дээрх зохицуулалтын дагуу 20,000,000 төгрөг олгох ёстой юм. Иймд ...-ын хувь нийлүүлсэн нийгэмлэхээс 20,000,000 төгрөг гаргуулж иргэн Ш.... надад олгож өгнө үү.

Ш.... нь 2003 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүртэл 17 жил 2 сар ажилласан. Хамтын гэрээнд зааснаар байгууллагын өсөлт хөгжилд тасралтгүй хувь нэмэр оруулсан ажилтанд олгож буй тусламж бөгөөд энэхүү тэтгэмж нь шууд ажил олгогчтой хамааралтай асуудал юм. Хүсэлтийг ажилтан заавал ажил олгогчид өгсөн байхыг шаардахгүй. 2017 онд Ш.... нь өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ч хөдөлмөрийн харилцаа нь тасалдаагүй, үргэлжилсэн. 2019 оны ажил олгогчийн тушаалд тэтгэмжийн асуудал тусгагдаагүй. Шүүхэд хандсан хөдөлмөрийн маргаан дуусаад шууд тэтгэмжтэй холбоотой нэхэмжлэл гаргаагүй. Нэхэмжлэлийн шаардлагыг Хамтын гэрээний 3.11.2 дахь хэсэгт заасныг үндэслэн шаардаж байгаа. 2003 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацааг тооцоход нийт 17 жил 2 сарын хугацаа харагдаж байгаа. ... ХНН-ийн ...т хандахад Хууль зүйн хэлтсээс албан тоотоор хариу өгсөн...гэв.

2.Хариуцагч ... ХНН-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х..... шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч О.... нь анх 2003 оны 4 дүгээр сараас эхлэн ...-ын ... татах хэсэгт хүний нөөцийн тасгийн даргын ажил, албан тушаалд ажиллаж эхэлсэн ба ... ХНН-ийн даргын 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн Б-1-228 тоот тушаалаар өөрийнх нь хүсэлтийн дагуу ажлаас чөлөөлсөн. Нэхэмжлэгч нь ... ХНН-т нийт 17 жил ажилласан хугацаанд ногдох тэтгэмжид 20,000,000 төгрөгийг шаарджээ. ... ХНН-ээс өндөр насны тэтгэвэрт гарч буй ажилтнууддаа ... ХНН, ...той байгуулсан тухайн оны хамтын гэрээний дагуу ...-д ажилласан хугацаагаар нь тодорхой тэтгэмж нэг удаа олгодог болно. Ш.... нь ... ХНН-т 17 жил ажилласан гэж 8 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж авах ёстой гэх шаардлага нь үндэслэлгүй юм. Ш.... нь анх 2003 оны 4 дүгээр сард ажиллаж эхэлсэнээс хойш 2017 оны 3 дугаар сард өндөр насны тэтгэвэрт гарах хүртлээ нийт 13 жил 10 сар ажиллажээ. ... ХНН, ...ны 2016-2017 оны хамтын гэрээний 3.11-т ажилтнуудын ажилласан жилээс хамаарч тэтгэмж олгогдох сарын хэмжээг заасан ба 3.11.3 дахь хэсэгт 13 жил ажилласан ажилтанд 3 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгохоор заасан. Иймд Ш.... нь ...-аас өндөр насны тэтгэвэрт гарах үедээ 13 жил ажилласан хугацаанд ногдох 3 сарын дундаж цалинтай тэнцэх тэтгэмж авах боломжтой байсан. Нэхэмжлэгч нь өндөр насны тэтгэвэрт 2017 онд гарсан бөгөөд тухайн үед үйлчилж байсан 2016-2017 оны хамтын гэрээний дагуу тэтгэмж авах хүсэлтээ тухайн үедээ өгч шийдвэрлүүлэх боломжтой байсан. Хэрэв ...-аас хүсэлтийг хүлээн авалгүй олгогдох ёстой тэтгэмжийг нь олголгүй нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчиж байсан бол энэ талаар гомдлоо шүүхэд хандаж шийдвэрлүүлэх эрхтэй байсан. Дээрхээс үзэхэд тэрээр ...-д ажилласан хугацаанд ногдох тэтгэмжийг нь олгоогүй талаар мэдсэн буюу мэдэх ёстой өдрөөс хойш 5 жилийн дараа буюу өндөр насны тэтгэвэр тогтоолгосноос хойш 5 жил, ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш 3 жилийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай 1999 оны хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаын 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.2-т зааснаар нэхэмжлэгч нь уг тэтгэмжийн талаар маргааныг Хөдөлмөрийн ...оор шийдвэрлүүлэх урьдчилан шийдвэрлэх журмыг зөрчин шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлд зааснаар байгууллагын дэргэдэх хөдөлмөрийн ...т хандан асуудлаа шийдвэрлүүлэх шаардлагатай бөгөөд хэрэв комиссын шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 154.8-т зааснаар комиссын шийдвэрийг шүүхэд давж заалдах боломжтой. Иймд дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэлд дурдсан хугацаагаар ажилласан гэж тооцсон ч 16 жил 3 сар ажилласан гэж харагдаж байна. Гэвч Ш.... нь 2017 онд өндөр насны тэтгэвэр тогтоолгочихоод эргэн ажилдаа ороод 2019 онд өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. Нэхэмжлэгчийн авахаар шаардаж байгаа тэтгэлэг нь өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ажилтнуудад хамаарах учир 2017 онд ажил олгогчид хүсэлтээ гаргаад авах боломжтой байсан. Иймд нэхэмжлэгч 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргах 3 сарын хугацааг хэтрүүлсэн байна. Мөн хэрвээ 2019 оны 6 дугаар сарын тушаалд тусгаагүй, энэ хугацаанд тэтгэлэг олгогдоогүй гэж маргаж байгаа бол энэ үеэс хойш гомдол гаргах эрхээ мөн хэрэгжүүлээгүй байна. Түүнчлэн, нэхэмжилж буй 20,000,000 төгрөгийн тооцоолол тодорхой бус байна. Тэтгэмжийн хэмжээг тогтоохдоо Дундаж цалин хөлс тодорхойлох журамд заасны дагуу тооцоолно. Гэтэл нэхэмжлэгч яаж тооцсон нь тодорхойгүй 20,000,000 төгрөг шаардаж байгаа. Үүнийг нь нэхэмжлэлийн үндэслэлдээ тайлбарлаж байгаа хамтын гэрээнд заасны дагуу 8 сарын цалин хөлстэй тэнцэх тэтгэмж гэж үзвэл сарын дундаж цалин нь 2,500,000 төгрөг байхаар байна. Нэхэмжлэгч эрх зөрчигдсөн гэдгээ мэдсэнээс хойш хуульд заасан эрхээ хэрэгжүүлээгүй. Гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна...гэв.

3.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлага хангасан: ... ХНН-ийн даргын 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн ... дугаар Ш....тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалын хуулбар /хх-3/, Ш....ээс ... ХНН-т холбогдуулан 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хуулбар /хх-44-45/, мөн хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2020 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр гаргасан тайлбарын хуулбар /хх-46-48/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн .... дүгээр шийдвэрийн хуулбар /хх-49-51/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн ... тоот шүүх хуралдааны тэмдэглэлийн хуулбар /хх-52-56/, мөн шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 00354 дүгээр шүүх хуралдааны тэмдэглэлийн хуулбар /хх-57-61/, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд Ш....ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн давж заалдах гомдлын хуулбар /хх-62-64/, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн ... дүгээр магадлалын хуулбар /хх-65-71/, Монгол улсын Дээд шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн .... дүгээр тогтоолын эх хувь /хх-72-78/, Улаанбаатар төмөр замын ... татах хэсгийн даргын 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн ... дүгээр Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалын хуулбар /хх-79/, мөн хэсгийн даргын 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 106 тоот Ажилд авах тухай тушаалын хуулбар /хх-80/, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг, Улаанбаатар төмөр замын даргын 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн ....дугаар Ш....тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалын хуулбар /хх-81/, Ш....ээс 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр ...-ын Хүний нөөцийн албаны дарга Д....ид гаргасан өргөдлийн хуулбар /хх-82-84/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан байна.

4.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй тайлбар татгалзлаа нотлохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлага хангасан: Монгол-Оросын хувь нийлүүлсэн ... нийгэмлэг, МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны 2016-2017 оны хамтын гэрээний хуулбар /хх-23-38/ зэрэг баримтуудыг гаргасан.

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан хүсэлтийн дагуу шүүгчийн 2023 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн ... дугаар захирамжаар ...ноос нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэж /хх-88-89/, мөн шүүгчийн 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 04118 дугаар захирамжаар Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэж /хх-94-95/, захирамжуудын дагуу ...ноос ... ХНН-тэй байгуулсан 2018-2019 оны Хамтын гэрээний хуулбарыг 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд ирүүлсэн. /хх-102-119/ Харин Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Ш....ийн өндөр насны тэтгэвэр тогтоолгосонтой холбоотой баримтуудыг ирүүлсэн байна. /хх-120-138/

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Шүүх Ш....ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ: ... ХНН-т 2003-2019 оны хооронд нийт 17 жил 2 сарын хугацаанд тасралтгүй ажилласан учир ажлаас чөлөөлөгдсөн 2019 онд хамаарах буюу 2018-2019 оны ...той байгуулсан Хамтын гэрээний 3.11.2 дахь хэсэгт зааснаар 8 сарын дундаж цалинтай тэнцэх тэтгэмжийг хариуцагч олгоогүй учир тэтгэмж 20,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардана. 2019 онд ажлаас үндэслэлгүй халагдсан учир шүүхэд гомдол гаргаж, 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр эцсийн байдлаар шийдвэрлэгдсэн. Үүнээс хойш 2022 оны 11 дүгээр сарын 30-нд нэхэмжлэл гаргасан учир тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хугацаанд нэхэмжлэл гаргасан тул гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй. Өндөр насны тэтгэвэрт гарсны тэтгэмжийг ажил олгогч нь ажилтан хүсэлт гаргасан эсэхээс үл хамааран тооцож олгох үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүй гэж тодорхойлсон.

3. Хариуцагч тал нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ нэхэмжлэгч Ш.... 2019 онд өндөр насны тэтгэвэрт гараагүй, харин 2017 онд өндөр насны тэтгэвэр тогтоолгож, улмаар үргэлжлүүлэн ... ХНН-тэй хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилласан. Энэ үедээ Хамтын гэрээнд заасан тэтгэмжийг авах эрх нь үүссэн ба тэтгэмж авах хүсэлтээ ажил олгогчид гаргаагүй. Эрх зөрчигдсөн гэдгээ мэдэх боломжтой байсан, мэдсэнээс хойш хуульд заасан эрхээ хэрэгжүүлээгүй. Тиймээс гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, 2022 оны 11 дүгээр сард энэ талаар нэхэмжлэл гаргаж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2 дахь хэсэгт зааснаар ажил олгогчийн ...т хандах урьдчилсан нөхцөл заасныг зөрчсөн. Нэхэмжлэлийн шаардлага болох 20,000,000 төгрөгийн тооцоолол тодорхой бус, ойлгомжгүй байна гэж тайлбарлан маргаж байна.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон бичмэл нотлох баримтууд, гэрчүүдийн мэдүүлэг зэргээр дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

4.1. Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс ирүүлсэн нотлох баримтууд болох Ш....ийн хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, түүнийг ажилд томилсон тушаалуудаар нэхэмжлэгч Ш.... 1979 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Багшийн сургуульд элсэн суралцаж, 1981 оны 6 дугаар сарын 25-ны өдөр төгссөн байна. Улмаар 1981 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс Төмөр замын 8 жилийн дунд сургуульд бага ангийн багшаар томилогдож, 1994 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс ... 8 жилийн дунд сургуулийн багшийн үүрэгт ажилд шилжин ажиллаж, Нийгмийн даатгалын дэвтэр1995 оноос эхлэн хөтлөгдсөн ба 10 жилийн 3 дугаар сургуулийн нийгмийн ажилтнаар 200 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 2003 оны 3 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл ажилласан. 2003 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 2003 оны 8 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл ажилгүйдлийн тэтгэмжийн бичилт хийгдсэн байна. Улмаар 2004 онд ... депод боловсон хүчний туслахаар томилогдон, 2004 оны 12 дугаар сарыг дуустал нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байна. Дахин олгогдсон нийгмийн даатгалын дэвтрийн бичилтээр Ш.... нь 2005 оны 1 дүгээр сараас 2017 оны 3 дугаар сарыг дуусах хүртэл хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлж, ажил албан тушаалын өөрчлөлтийн тэмдэглэлд: 2005 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс ...-ын ... дахь татах хэсэгт боловсон хүчнээр, 2006 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс ...-ын БОС-ны 3 дугаар ангийн боловсон хүчнээр, 2008 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс ...-ын ... татах хэсэгт хүний нөөцийн тасгийн даргаар тус тус томилогдон ажиллаж, 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан байна. /хх-121-134/

4.2. ...-ын ... татах хэсгийн даргын 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 104 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2 дахь заалтыг үндэслэн, хүний нөөцийн тасгийн дарга Ш....ийн өргөдөл, хувийн хүсэлтийг харгалзан хөдөлмөрийн гэрээг 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдрөөр тасалбар болгон цуцалж, түүнтэй 2017 оны 3 дугаар сарын 06-ны дотор ажил хүлээлцүүлж, холбогдогдох тооцоо хийж дуусгахыг ерөнхий инженер, ерөнхий нягтлан бодогч нарт даалгаж шийдвэрлэжээ. /хх-137/

4.3. Улмаар Ш.... нь 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргаж, 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгон, шимтгэл төлсөн нийт хугацаа 28 жил 8 сар 5 өдөр болох, мөн сарын дундаж хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого 1,361,103 төгрөг, сард олгох бүрэн тэтгэвэр 789,439 төгрөг болохыг улсын байцаагч тогтоосон байна. /хх-120, 135/

4.4. Дээрх өндөр насны тэтгэвэр тогтоолтын хуудаст Ш....ийн шимтгэл төлсөн жилийн тодорхойлолтыг гаргахдаа 2001 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд 15 жил 5 сар 28 өдөр байхаар тооцсон байна. /хх-120/

4.5. Нэхэмжлэгч Ш.... өндөр насны тэтгэвэр тогтоолгосон цаг хугацаанд хамаарах буюу 2016 оны 2 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан Монгол-Оросын хувь нийлүүлсэн ... нийгэмлэг, МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны 2016-2017 оны Хамтын гэрээний 3.11 дэх хэсэгт: Төмөр замын байгууллага, салбар нэгжид ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэж хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар ажилласан бол төмөр замд тасралтгүй ажилласан доор дурдсан хугацааг харгалзан 18 хүртэл сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж нэг удаа олгоно гэж, 3.11.2 дахь хэсэгт: Эмэгтэйчүүд 15-19 жилд дөрвөн сар, 20-24 жилд найман сар, 25-29 жилд арван сар, 30-34 жилд арван дөрвөн сар, 35 ба түүнээс дээш жилд арван найман сар гэж тусгасан байна. /хх-28/

4.6. Өндөр насны тэтгэвэр тогтоолгосны дараа нэхэмжлэгч Ш....д дээрх Хамтын гэрээнд заасны дагуу тэтгэмж олгогдоогүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон ба нэхэмжлэгч өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 104 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээ цуцлагдсанаас хойш 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 106 дугаар ...-ын ... татах хэсгийн даргын тушаалаар Ш....ийг мөн өдрөөс эхлэн хүний нөөцийн тасгийн даргаар ажиллуулахаар шийдвэрлэж, тийнхүү ажиллаж байгаад 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн ... ХНН-ийн даргын Б-1-228 дугаар тушаалаар ..Ш....ийн хувийн өргөдөл, хүсэлтийг харгалзан, Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2, 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсгүүдэд тус тус заасныг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалжээ. /хх-80, 81/

4.7. Нэхэмжлэгч ажил олгогчийн уг шийдвэрийг эс зөвшөөрөн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргаж, түүний нэхэмжлэлийг 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн ... дүгээр шийдвэрээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэн /хх-49-51/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 799 дүгээр магадлалаар уг шийдвэрийг хэвээр үлдээж /хх-65-71/, улмаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 00465 дугаар тогтоолоор шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. Нэхэмжлэгч Ш....ийн гаргасан Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлтийг Улсын дээд шүүх хянаад 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 00144 дүгээр тогтоолоор хүсэлтийг хангахаас татгалзсан байна. /хх-72-78/

4.8. ... ХНН, МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан 2018-2019 оны Хамтын гэрээ-ний 3.11-т: Төмөр замын байгууллага, салбар нэгжид ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэж хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар болон ажилтны өөрийн хүсэлтээр цуцалсан бол төмөр замд тасралтгүй ажилласан доор дурдсан хугацааг харгалзан 18 хүртэл сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж нэг удаа олгоно гэж, мөн зүйлийн 3.11.2-т: Эмэгтэйчүүд 5-12 жилд гурван сар, 13-16 жилд дөрвөн сар, 17-21 жилд найман сар, 22-26 жилд арван сар, 27-30 жилд арван дөрвөн сар, 31-32 жилд арван зургаан сар, 33 ба түүнээс дээш жилд арван найман сар гэж заажээ. /хх-107/

5. Хөдөлмөрийн тухай 1999 оны хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар ажилтан нь ... хууль тогтоомжид заасны дагуу тэтгэвэр, тэтгэмж авах, хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хэлэлцээрт заасан бусад эрх, хөнгөлөлт эдлэх эрхтэй, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.1 дэх хэсгүүдэд Хамтын гэрээгээр Хөдөлмөрийн тухай хуулиар шууд зохицуулагдаагүй буюу ажилтанд нэмэгдэл тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлт олговрын хэмжээг тогтоох болон бусад харилцааг зохицуулж болохоор тус тус хуульчилсан байна.

6. Хуульд заасны дагуу ... ХНН, МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны 2016-2017 болон 2018-2019 онуудын Хамтын гэрээнд өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэж хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажилтанд төмөр замын байгууллага, салбар нэгжид ажилласан хугацаанаас харгалзан нэг удаагийн тэтгэвэр тэттгэмж хэрхэн тооцож олгох талаар тусгайлан зохицуулсан байх бөгөөд энэ хуулийн дагуу Ш....ийн тэтгэмж авах эрх нь өндөр насны тэтгэвэр тогтоолгосноор үүснэ.

7. Нэхэмжлэгч нь 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст өргөдөл гаргаж өндөр насны тэтгэвэр тогтоолгосон болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон ба энэ үед түүнд 2016-2017 оны Хамтын гэрээний 3.11.2 дахь хэсэгт заасны дагуу нэг удаа тэтгэмж авах эрх үүссэн байна.

8. Дээрх тэтгэмжийг ажил олгогчоос авахаар нэхэмжлэгч Ш.... тодорхой шаардлага гаргаагүй, ажил олгогчтойгоо үргэлжлүүлэн хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан байх бөгөөд уг харилцаа нь Хөдөлмөрийн тухай 1999 оны хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт Тэтгэвэр авагч ахмад настан хөдөлмөр эрхэлж болно гэж заасантай нийцсэн байна.

9. Хэдийгээр Ш.... өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрснээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, дахин гэрээ байгуулснаар үргэлжлүүлэн ажилласан ч түүний Хамтын гэрээний 3.11.2 дахь хэсэгт зааснаар нэг удаагийн тэтгэмж авах эрх 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн тушаалын дагуу үүсэх тул уг тэтгэмж олгогдоогүйг мэдсэн нэхэмжлэгч зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр буюу ажил олгогч ... ХНН-ээс Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар нэг удаагийн тэтгэмж гаргуулахаар мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасны дагуу эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй байжээ.

10. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс Ш....ийг 2019 онд ажлаас чөлөөлөгдөхөд Хамтын гэрээнд заасан уг тэтгэмжийг авах эрх үүссэн ба ажилд эгүүлэн тогтоолгохоор гомдол гаргасан нэхэмжлэлийг шүүх 2022 оны 6 дугаар сард эцэслэн шийдвэрлэсэн үеэс гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа тооцогдоно гэх агуулга бүхий тайлбар гаргасан.

11. Гэвч хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр эцэслэн шийдвэрлэгдсэн уг маргаан нь ... ХНН-ийн даргын 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн тушаалтай холбоотой ба тухайн тушаалаас өмнө 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгч Ш.... нь өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ба Хамтын гэрээний 3.11, 3.11.2 дахь заалтууд нь өндөр насны тэтгэвэр тогтоолгосноос бусад хэлбэрээр ажлаас чөлөөлөгдсөн ажилтнуудад хамаарахгүй тул нэхэмжлэгч талын энэхүү тайлбар үндэслэлгүй байна.

12. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Ш....ийг Хөдөлмөрийн тухай 1999 оны хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

13. Түүнчлэн, хариуцагч ... ХНН-ээс шаардсан 20,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, тооцоолол тодорхой бус байна. Тодруулбал: уг шаардлагыг Хамтын гэрээнд заасны дагуу нэхэмжлэгчийн 8 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж гаргуулахаар шаардсан тухай тайлбарлах бөгөөд нэхэмжлэлийн шаардлага 20,000,000 төгрөгийг 8 сарын хугацаагаар харьцуулан тооцвол Ш....ийн нэг сарын дундаж цалин 2,500,000 төгрөг байх бөгөөд нэхэмжлэгч тал уг шаардлага болон түүний үндэслэлээ баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй, түүний нийгмийн даатгалын дэвтэрт хийгдсэн шимтгэл төлөлтийн бичилт болон Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоос зөрүүтэй байна.

14. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 257,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай 1999 оны хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасныг баримтлан, ... ХНН-ээс 20,000,000 /хорин сая/ төгрөг гаргуулах тухай Ш....ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 257,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА