Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2023/01328

 

 

2023 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2023/01328

 

  Ш.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2023/01350 дугаар шийдвэртэй, Ш.О-ийн нэхэмжлэлтэй УБТЗ-д холбогдох тэтгэмж 20,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Бямбасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Миний бие УБТЗ-ын харьяа Сайншанд дахь татах хэсэгт 2003 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн 17 жил шахам хугацаанд ажиллаж, УБТЗ-ын даргын 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн тушаалаар хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан. Ажиллах хугацаандаа салбар яам, аймаг орон нутгийн шагнал, Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтангадас одон, Төмөр замчны алдар шагналаар шагнагдаж УБТЗ-ын хөдөлмөрийн уралдаанд удаа дараа шалгарч байлаа. Харин 2019 онд байгууллагын удирдлагын зүй бус шийдвэр, нөлөөлөл дарамтын улмаас ээлжийн амралт авъя, ажиллах боломжгүй тул хөдөлмөрийн гэрээ цуцлая гэсэн хүсэлт өгөөд эмнэлгийн магадлагаатай буюу дээд шатны эмнэлэгт шинжилгээ өгөхөөр ажлаас хууль ёсоор чөлөөлөгдсөн байх хугацаанд ажил хүлээлцэх тушаал гаргах үедээ надад хуулийн дагуу тэтгэмж олгоогүй. Миний бие хуулийн дагуу чөлөө авах хүсэлт гаргасан боловч хариу өгөөгүй миний эрхийг зөрчсөн. Хуулийн хугацаанд үндэслэлгүй халагдсан гомдлоо шүүхэд гаргасан боловч өөрийн хүсэлтээр халагдсан байна хэмээн шийдвэрлэсэн.

УБТЗ-ын захиргаанд олгогдоогүй нэг удаагийн тэтгэмжийг нөхөн олгож, Ахмадын хорооны бүртгэлд бүртгүүлэх хүсэлт гаргасан боловч 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 10/559 тоот хариу хүргүүлэх албан тоотоор журамд заасны дагуу шийдвэрлүүлэх, хамтын гэрээнд заасан тэтгэмж авах хүсэлт ирүүлээгүй тул шийдвэрлэх боломжгүй гэж хариу өгсөн. Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны хамтын гэрээнд зааснаар УБТЗ-д тасралтгүй 17 жил ажилласан ажилтанд 8 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тусламжийг ажилтанд олгох зохицуулалттай. Анх 2003-2019 он хүртэл 17 жил УБТЗ-д ажилласан тул надад 20,000,000 төгрөг олгох ёстой юм. Иймд УБТЗ-ын хувь нийлүүлсэн нийгэмлэгээс 20,000,000 төгрөг гаргуулж надад олгож өгнө үү.

Хамтын гэрээнд зааснаар байгууллагын өсөлт хөгжилд тасралтгүй хувь нэмэр оруулсан ажилтанд олгож буй тэтгэмж нь шууд ажил олгогчтой хамааралтай асуудал юм. Хүсэлтийг ажилтан заавал ажил олгогчид өгсөн байхыг шаардахгүй. 2017 онд Ш.О өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ч хөдөлмөрийн харилцаа тасалдаагүй, үргэлжилсэн. 2019 оны ажил олгогчийн тушаалд тэтгэмжийн асуудал тусгагдаагүй. Шүүхэд хандсан хөдөлмөрийн маргаан дуусаад шууд тэтгэмжтэй холбоотой нэхэмжлэл гаргаагүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хамтын гэрээний 3.11.2-т заасныг үндэслэн шаардсан гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэгч нь 2003 оны 04 дүгээр сараас эхлэн УБТЗ-ын Сайншанд татах хэсэгт хүний нөөцийн тасгийн даргын ажил, албан тушаалд ажиллаж эхэлсэн ба УБТЗ ХНН-ийн даргын 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Б-1-228 тоот тушаалаар өөрийнх нь хүсэлтийн дагуу ажлаас чөлөөлсөн. УБТЗ ХНН-ээс өндөр насны тэтгэвэрт гарч буй ажилтнууддаа УБТЗ ХНН, Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбоотой байгуулсан тухайн оны хамтын гэрээний дагуу УБТЗ-д ажилласан хугацаагаар нь тэтгэмж нэг удаа олгодог болно. Ш.О нь УБТЗ ХНН-т 17 жил ажилласан гэж 8 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж авах шаардлага нь үндэслэлгүй.Ш.О- нь анх 2003 оны 4 дүгээр сард ажилласнаас хойш 2017 оны 03 дугаар сард өндөр насны тэтгэвэрт гарах хүртлээ 13 жил 10 сар ажиллажээ. УБТЗ ХНН, Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны 2016-2017 оны хамтын гэрээний 3.11-т ажилтнуудын ажилласан жилээс хамаарч тэтгэмж олгогдох сарын хэмжээг заасан ба 3.11.3 дахь хэсэгт 13 жил ажилласан ажилтанд 3 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгохоор заасан. Иймд Ш.О- нь УБТЗ-аас өндөр насны тэтгэвэрт гарах үедээ 13 жил ажилласан хугацаанд ногдох 3 сарын дундаж цалинтай тэнцэх тэтгэмж авах боломжтой байсан. Нэхэмжлэгч нь өндөр насны тэтгэвэрт 2017 онд гарсан бөгөөд тухайн үед үйлчилж байсан 2016-2017 оны хамтын гэрээний дагуу тэтгэмж авах хүсэлтээ тухайн үедээ өгч шийдвэрлүүлэх боломжтой байсан. Хэрэв УБТЗ-аас хүсэлтийг хүлээн авалгүй олгогдох ёстой тэтгэмжийг нь олголгүй нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчиж байсан бол энэ талаар гомдлоо шүүхэд хандаж шийдвэрлүүлэх эрхтэй байсан.

Дээрхээс үзэхэд тэрээр УБТЗ-д ажилласан хугацаанд ногдох тэтгэмжийг нь олгоогүй талаар мэдсэн буюу мэдэх ёстой өдрөөс хойш 5 жилийн дараа буюу өндөр насны тэтгэвэр тогтоолгосноос хойш 5 жил, ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш 3 жилийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай 1999 оны хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.2-т зааснаар нэхэмжлэгч нь уг тэтгэмжийн талаар маргааныг Хөдөлмөрийн маргаан таслах комиссоор шийдвэрлүүлэх урьдчилан шийдвэрлэх журмыг зөрчин шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлд зааснаар байгууллагын дэргэдэх хөдөлмөрийн маргаан таслах комисст хандан асуудлаа шийдвэрлүүлэх шаардлагатай бөгөөд хэрэв комиссын шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 154.8 дэх хэсэгт зааснаар комиссын шийдвэрийг шүүхэд давж заалдах боломжтой.

Иймд дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай 1999 оны хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасныг баримтлан, УБТЗ ХНН-ээс 20,000,000 /хорин сая/ төгрөг гаргуулах тухай Ш.О-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 257,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүх Ш.О нь 2017 оны 05 дугаар сард өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч хөдөлмөрийн гэрээгээ цуцалснаар тэтгэмж авах эрх үүссэн байна гэж дүгнэж энэ үеэс шаардах эрх түүнтэй холбоотой хуулийн зохицуулалтад дүгнэлт хийсэн. Ш.О- нь 2017 оны сард өндөр насны тэтгэврээ тогтоолгон авсан боловч тэрээр хариуцагч байгууллагаас ажлаас гараагүй ба хөдөлмөрлөх эрхийн харилцаа дуусгавар болоогүй. Учир нь, өндөр насны тэтгэвэр тогтоолгоход ажлаас чөлөөлөгдсөн шаардлага тавигдсан учир ажил олгогчоос учир байдлаа хэлж үүний дагуу ажил олгогч ажлаас чөлөөлсөн тушаал гаргаж буцааж ажилд авсан байдаг. 2017 оны 05 дугаар сарын ажлаас чөлөөлөх тушаал гарсан боловч хөдөлмөрийн эрх зүйн харилцаа хэвийн, тасралтгүй үргэлжилж тухайн сардаа хийж гүйцэтгэх, ажил бүх зүйлийг гүйцэтгэж цалин хөлсөө бүрэн авсан байдаг. Энэ үйл баримт бодит байдал дээр Ш.О нь 2017 оны 05 дугаар сард ажлаасаа гараагүй буюу 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн тушаал гарах хүртэл хөдөлмөрийн эрх зүйн харилцаа хэвийн үргэлжилсэн. Гэвч анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа үйл баримтад буруу дүгнэлт хийсэн.

Өөрөөр хэлбэл, Ш.О ажиллаж байсан нь үнэн тэтгэмж авах нь үнэн гэхдээ өөрөө 2017 онд өргөдөлөө гаргаагүй хугацаа хэтрүүлсэн хэмээг дүгнэсэн нь түүний Монгол Улсад тасралтгүй 20 орчим жил ажилласан олон жилийн хүч хөдөлмөрийг үгүйсгэж буй үйлдэл төдийгүй хууль бус шийдвэр гаргасан. Хөдөлмөрийн тухай 1999 оны хуулийн холбогдох заалт болон хамтын ажиллагааны гэрээний заалтуудыг буруу тайлбарлаж хариуцагчийн тайлбар үндэслэлийг зөвтгөх талаас нь дүгнэлт хийсэн.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүх маргааны зүйлийг зөв дүгнэн, үндэслэлтэй шийдвэрлэсэн. Ш.О 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон. Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны хамтын гэрээгээр ажилтны өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн үеэс тасралтгүй ажилласан жилийг тооцон тэтгэмж авах харилцааг зохицуулдаг. Нэхэмжлэгч тухайн үед тэтгэмж авах хүсэлт гаргаагүй атал 2022 оны 11 дүгээр сард хариуцагч байгууллагаас тэтгэмж гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Шүүх 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хэвээр үлдээв.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

 2. Нэхэмжлэгч Ш.О нь хариуцагч УБТЗ-д холбогдуулан тэтгэмж 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 3. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдсон байна.

3.1. Нэхэмжлэгч нь 2008 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс УБТЗ-ын Сайншанд татах хэсэгт хүний нөөцийн тасгийн даргаар томилогдсон ажиллаж байгаад УБТЗ-ын Сайншанд татах хэсгийн даргын 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 104 тоот тушаалаар түүний хүсэлтийг харгалзан хөдөлмөрийн гэрээг цуцалсан.

3.2. УБТЗ-ын Сайншанд татах хэсгийн даргын 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 106 тоот тушаалаар нэхэмжлэгчийг 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн хүний нөөцийн тасгийн даргаар ажиллуулж байгаад УБТЗ ХНН-ийн даргын 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Б-1-228 тоот тушаалаар түүний хүсэлтийг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалсан.

3.3. Уг тушаалыг эс зөвшөөрч нэхэмжлэгч нь ажилд эгүүлэн тогоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхээр нэхэмжлэл гаргасныг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2020/00354 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 799 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 00465 дугаар тогтоолоор тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

3.4 Уг шийдвэр, магадлал, тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах нэхэмжлэгчийн хүсэлтийг Монгол Улсын Дээд шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 00144 дугаар тогтоолоор хангахаас татгалзаж шийдвэрлэсэн.

3.5. Нэхэмжлэгч нь 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон үйл баримт тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй байна.

4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо 2019 онд ажлаас чөлөөлөгдсөн тул 2018-2019 оны Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбоотой байгуулсан хамтын гэрээний 3.11.2-т заасны дагуу 8 сарын дундаж цалинтай тэнцэх тэтгэмж 20,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэгч өндөр насны тэтгэвэр тогтоолгосноор тэтгэмж авах эрх үүсэх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан маргааны талаар гомдол гаргах хугацаа өнгөрсөн гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

4.1. УБТЗ ХНН, МТЗ-чдын ҮЭ-ын холбооны 2016-2017 оны хамтын гэрээний 3.11-д төмөр замын байгууллага, салбар нэгжид ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсч хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар болон ажилтны өөрийн хүсэлтээр цуцалсан бол төмөр замд тасралтгүй ажилласан хугацааг харгалзан 18 хүртэл сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж нэг удаа олгохоор заажээ.

4.2. Нэхэмжлэгч 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 104 тоот тушаалаар өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөн Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор хүсэлт гаргаж, мөн өдөр тэтгэвэр тогтоосон үйл баримт хэргийн баримтаар тогтоогдсон.

Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргах эрхтэй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч өндөр насны тэтгэвэр тогтоолгосон 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс хойш гурван сарын дотор маргааны талаар гомдол гаргах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч энэ хугацаа өнгөрснөөс хойш буюу 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

5.1. Нэхэмжлэгч нь өндөр насны тэтгэвэр тогтоолгосон хэдий ч үргэлжлүүлэн ажиллаж байгаад 2019 онд ажлаас чөлөөлөгдсөн нь хамтын гэрээний 3.11-д хамаарахгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн. Иймд шүүх Хөдөлмөрийн тухай хууль болон хамтын гэрээний заалтыг буруу тайлбарласан гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

5.2. Нэхэмжлэгчийн хамтын гэрээний дагуу нэг удаагийн тэтгэмж авах эрх 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосноор үүссэн ба 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан маргааны талаар гомдол гаргах гурван сарын хугацааг хэтрүүлсэн байх тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй гэх гомдол үндэслэлгүй.

6. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2023/01350 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 258,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 Д.БЯМБАСҮРЭН