Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 102/шш2023/01604

 

 

2000 оны 00 сарын 00 өдөр Дугаар 102/ШШ20000/00000 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ....,

Хариуцагч: ...

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 1,912,788 /нэг сая есөн зуун арван хоёр мянга долоон зуун наян найман/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я....,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ... ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, ... Түшиг салбарын захирал Б.... шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.... нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж гаргасан тайлбартаа:

Зээлдэгч А.... нь 2018 оны 7 дугаар сарын 06-нд худалдан авалтын гүйлгээний жилийн 21,6 хувийн хүүтэй, бэлэн мөнгөний гүйлгээнд жилийн 24 хувийн хүүтэй, 1,900,000 төгрөгийн зээлийн эрхийг ... данстай Кредит карт эзэмших гэрээ байгуулан авсан. Банк 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр гэрээний 2.2 дахь заалтыг үндэслэн зарцуулах эрхийг нээж гэрээний үүргээ биелүүлсэн. Гэтэл зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тогтмол зөрчиж байна. Банкны зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж хугацаа өгч, ... утсаар удаа дараа зээлийн төлбөрийг төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан боловч зээлийн төлбөрийг төлөөгүй, харилцагчийн гэрт очиж уулзаж зээл төлөхийг шаардахад үл тоомсорлосон. Зээлдэгч нь гэрээнд заасан үүргээ хэрэгжүүлээгүй, хэрэгжүүлэхээс санаатай зайлсхийж байгаа тул талуудын хооронд байгуулсан Кредит карт эзэмших гэрээний 6.4 дэх заалтыг үндэслэн зээлийн гэрээг цуцалж, 2023 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар төлөгдөөгүй үндсэн зээл, хүү болох нийт 1,912,787.77 төгрөгийг А....гээс гаргуулахаар шаардаж байна. Хариуцагч нь 2022 оны 2 дугаар сараас эхлэн огт төлөлт хийгээгүй. Төлбөр төлөөгүй тохиолдолд гэрээ цуцлах талаар зээлдэгчид мэдэгдсэн...гэв.

2.Хариуцагч А.... бичгээр гаргасан хариу тайлбартаа: ... ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагатай, надад нэхэмжилсэн 1,912,788 төгрөгийг ажилдаа ортлоо түр хугацаагаар хойшлуулах хүсэлтэй байна. Одоогоор гэртээ хоёр хүүхдээ хараад, ажилдаа орох хүртэл 6 сараар хойшлуулж болох уу. Нэгдүгээр анги болон ой 9 сартай хоёр хүүгийн хамт хүүхдийнхээ мөнгөөр амьдралаа болгож байна...гэжээ.

3. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор: төлөөлөгчид олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-9/, хариуцагч А....гийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-10/, харилцагчийн мэдээлэл шинэчилсэн баримт /хх-11/, Кредит карт эзэмших гэрээний хуулбар /хх-12-13/, Кредит карт эзэмших хүсэлт /хх-14/, А....гийн ... ХХК дахь кредит картын дансны хуулга /хх-15-20/, А....д хүргүүлсэн мэдэгдэл /хх-21/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан байна.

4. Хариуцагч тал тайлбар татгалзлаа нотлохоор шүүхэд аливаа нотлох баримт гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

5. Хариуцагч А.... шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй учир шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч талын эзгүйд, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэв.

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэгч ... ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

2. Нэхэмжлэгч нь хариуцагч А....гээс Кредит карт эзэмших гэрээний үүрэгт 1,912,788 /нэг сая есөн зуун арван хоёр мянга долоон зуун наян найман/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

3. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу шаардана гэж тодорхойлсон ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбараар уг нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргаагүй байна.

4. Хэрэгт нотлох баримтаар авагдсан Кредит карт эзэмших гэрээ, Кредит дансны хуулга, зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл зэргээр дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:

4.1. Нэхэмжлэгч ... ХХК нь 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Кредит карт эзэмших гэрээг хариуцагч А....тэй байгуулж, зээлдэгчийн хэрэглээнд зориулан 1,900,000 /нэг сая есөн зуун мянган/ төгрөгийн зээлийн лимит бүхий кредит картыг 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 5 жилийн хугацаатай олгох, зээлдэгч уг нөхцлийн дагуу кредит картын төлбөрийг банкинд буцаан төлөх, бэлэн мөнгөний гүйлгээний хүү жилийн 24 хувь, бэлэн бус гүйлгээний хүү жилийн 21,6 хувь, зээлийн хугацаа хэтэрсэн төлбөрийн шимтгэл 1 хувь байхаар болон бусад нөхцлийг харилцан тохиролцож, хүсэл зоригоо илэрхийлэн байгуулжээ.

4.2. Зээлдэгч А.... гэрээний дагуу ашигласан үндсэн зээл 1,873,464.61 төгрөг, хүү 187,346.46 төгрөг, нийт 2,060,811 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүйгээс зээлдүүлэгч ... ХХК-иас 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Мэдэгдэх хуудас хүргүүлж, уг төлбөрийг 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 15:00 цагаас өмнө төлөхийг мэдэгдэж, төлөөгүй тохиолдолд гэрээ цуцлагдах талаар мэдэгдсэн байна. Зээлдэгч уг мэдэгдэлд гарын үсэг зурахаас татгалзан, мэдэгдлийн дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй учир гэрээ хугацаанаас өмнө цуцлагдсан болох нь зохигчоос гаргасан тайлбар, 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Мэдэгдэх хуудас зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

5. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

6. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн ба зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд тус тус заасан шаардлага хангаж, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн талаар харилцан тохиролцож гэрээнд энэ талаар тусгасан, хүчин төгөлдөр зээлийн гэрээ байна.

7. Зээлдүүлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлдэгчид 1,900,000 төгрөгийг ашиглах эрх олгосон, улмаар зээлдэгч 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 2 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд кредит картыг ашиглаж, зээлийн болон хүүгийн төлбөрт нийт 1,912,788 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байх тул энэ хэмжээгээр зээлдүүлэгч ... ХХК нь зээлдэгч А....гээс шаардах эрхтэй.

8. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 45,600 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А....гээс 45,600 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ... ХХК-д олгоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А....гээс 1,912,788 /нэг сая есөн зуун арван хоёр мянга долоон зуун наян найман/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ... ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 45,600 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А....гээс 45,600 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ...ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ А.САРАНТУЯА