Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2023/01349

 

 

АБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Т.Бадрах, шүүгч Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2023/01604 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч АБ ХХК-ийн хариуцагч Д.У-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 1,912,788 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Нинжбадгар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

АБ ХХК нь Д.У-тэй 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр бэлэн бус гүйлгээнд жилийн 21,6 хувийн хүүтэй, бэлэн мөнгөний гүйлгээнд жилийн 24 хувийн хүүтэй, 1,900,000 төгрөгийн зээлийн эрхтэй кредит карт эзэмших гэрээ байгуулсан. Зээлдүүлэгч нь 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр кредит карт эзэмших эрхийг нээсэн. Гэтэл зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тогтмол зөрчсөн. Банкны зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж хугацаа өгсөн боловч зээлийн төлбөрийг төлөөгүй. Иймд кредит карт эзэмших гэрээний 6.4-т зааснаар зээлийн гэрээг цуцалж 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар үндсэн зээл, зээлийн хүүд нийт 1,912,787 төгрөгийг Д.У-гээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

АБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 1,912,788 төгрөгийг төлөх хугацааг ажилдаа орох хүртэл 6 сараар түр хойшлуулах хүсэлтэй. Одоогоор 2 хүүхдийн мөнгөнөөс өөр орлогогүй байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

3.1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.У-гээс 1,912,788 /нэг сая есөн зуун арван хоёр мянга долоон зуун наян найман/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч АБ ХХК-д олгож,

3.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 45,600 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.У-гээс 45,600 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хаан банк ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. АБ ХХК-тай 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр кредит карт эзэмших гэрээг байгуулж зээлдэгчийн хэрэглээнд зориулан 1,900,000 төгрөгийн зээлийн лимит бүхий кредит картыг 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 5 жилийн хугацаатай олгох, зээлдэгч уг нөхцөлийн дагуу кредит картын төлбөрийг банкинд буцаан төлөх бэлэн мөнгөний гүйлгээний хүү жилийн 24 хувь, бэлэн бус гүйлгээний хүү жилийн 21,6 хувь байхаар тохирсон.

Анхан шатны шүүх хурлын товыг мэдэгдсэн боловч Д.У- буруу ойлгосноос шүүх хуралдаанд оролцож чадаагүй. Шүүх хуралдаанд оролцох хүсэлттэй байсан. Гэтэл шүүх хэргийг хариуцагчийн эзгүйд шийдвэрлэсэнд гомдолтой гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

Анхан шатны шүүх хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Шүүх хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлоор хэргийг хянахад анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар үнэлсэн боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгчийн нэрийг буруу бичсэнийг зөвтгөн өөрчлөх нь зүйтэй байна.

 

1. Нэхэмжлэгч АБ ХХК нь хариуцагч Д.У-д холбогдуулан гэрээний үүрэгт 1,912,788 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч ... зээлийн төлбөрийг төлөх хугацааг хойшлуулж төлбөрийг төлөх боломжтой гэх тайлбар гаргажээ.

 

1.1. Талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Кредит карт эзэмших гэрээгээр зээлдүүлэгч АБ ХХК нь 1,900,000 төгрөгийн эрхийн бүхий кредит картыг зээлдэгч Д.У-д эзэмшүүлэх, зээлдэгч нь кредит картыг 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ашиглаж бэлэн бус гүйлгээнд жилийн 21,6 хувийн, бэлэн мөнгөний гүйлгээнд жилийн 24 хувийн хүүгийн хамт буцаан төлөхөөр тохиролцсон байна. Иймд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйлчилгээ эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Зээлдэгч Д.У- дээрх зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 1,873,464.61 төгрөг, зээлийн хүү 187,346.46 төгрөг, нийт 2,060,811 төгрөг төлөх үүргээ биелүүлээгээс зээлдүүлэгч АБ ХХК 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн мэдэгдлээр уг зээлийн төлбөрийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн дотор төлөхийг мэдэгдсэн байна. (хх-ийн 21)

Гэвч зээлдэгч Д.У- нь дээрх мэдэгдлийг хүлээн авснаас хойш зээлийн төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй тул зээлдүүлэгч АБ ХХК нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар кредит карт эзэмших гэрээг хугацаанаас нь цуцлах эрхтэй. Иймд хариуцагчийн зээлийн гэрээг 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаагаар байгуулсан гэх гомдол үндэслэлгүй.

 

1.2. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан хариуцагч Д.У- нь зээлийн гэрээний үүрэгт 1,912,788 төгрөг төлөх үүрэгтэй талаар анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

 

2. Анхан шатны шүүх 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагч Д.У-д мэдэгдсэн ба тэрээр шүүх хурлын товыг буруу ойлгосон нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэлд хамаарахгүй юм. Иймд нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Харин анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад нэхэмжлэгч АБ ХХК-ийн нэрийг Хаан банк ХХК гэж бичсэнийг зөвтгөн өөрчлөх нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2023/01604 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

2 дахь заалтын Хаан банк ХХК гэснийг АБ ХХК гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр урьдчилан төлсөн 45,555 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

Н.БАТЗОРИГ