Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2023/01593

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 04 сарын 24 өдөр Дугаар 102/ШШ2023/01593 Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж, шүүгч Б.Азбаяр, Р.Алтантуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хурадаанаар

Нэхэмжлэгч: П. Т.

Хариуцагч: Б.С

Гэм хорын хохиролд 2,331,500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч П.Т, өмгөөлөгч М.А, хариуцагчийн төлөөлөгч Ж.Болорчимэг, иргэдийн төлөөлөгч М.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч П.Т нь хариуцагч Б.Сд холбогдуулж гэм хорын хохиролд 2,331,500 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан боловч шүүх хуралдаанд үнийн дүнг багасгаж 2,133,916 төгрөг шаардсан байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд

1.1. Нэхэмжлэгч П.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие П.Т нь ... орон сууцны хууль ёсны өмчлөгч. 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр бүх нийтийн амралтын өдөр байсан. 15 цаг өнгөрөөгөөд лагерь явсан. Гэтэл 18 цагийн үед танайхаас ус алдаад байна гэсэн дуудлага ирсэн. Манайхаас ус алдах ёсгүй дээ гээд гарах гэтэл танайх биш танай дээд айлаас ус алдаад байна гэсэн. Гэртээ иртэл манайхаас биш дээд айл болох 80 тоотоос ус алдсан ба тасралтгүй ус асгарсаар байсан. Тухайн үед 80 тоотод хүн байгаагүй бөгөөд халуун ус 19 цаг хүртэл гоожсон ба доошоо 6 давхар хүртэл ус алдсан байсан. Дээд айл буюу 80 тоотын гал тогооны халуун усны ил шугам задарч доошоо даралттай халуун ус алдсан байсан. Тухайн үед усаа шавхсан боловч дийлдэхгүй байсан. Дээд айлд хүн ирэх үеэр байдлыг газар дээр нь үзүүлэхээр дуудаж ирж харуулсан. Тэр үед харчихаад хохиролыг чинь барагдуулна гээд зураг дараад гарсан. Манай гэрийн хаалга үүд норж хөндийрсөн. Том өрөөний хананы обой бүгд норж хууларсан. Гал тогооны тааз, хана, том өрөөний хана, тааз, коридорын хана тааз гээд бүгд хөндийрч, паркетан шал овойгоод ирсэн. Би шалны мөнгөө нэхэмжлээгүй. Хүнийхээ хувьд тухайн үед уучлал гуйгаад 300,000 төгрөг өгсөн бол шүүхэд хандахгүй байж болох байсан. Үнэлгээний байгууллагаар том өрөө, гал тогоо, коридор гурвыг үнэлүүлэхэд 1,751,000 төгрөгний хохирол учирсан гэсэн үнэлгээ гарсан. Үнэлгээ хийлгэх ажлын хөлс 300,000 төгрөг төлсөн. Ус алдсанаас болж хивс, дрожоо 280,000 төгрөгөөр угаалгасан. Хохиролд 2,331,500 төгрөг нэхэмжилсэн боловч Улаанбаатар хотын даатгал ХХК-наас 197,584 төгрөг авсан дүнг нэхэмжлэлээс хасаж хариуцагч Б.Сгаас 2,133,916 төгрөг нэхэмжилнэ гэв.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. 80 тоотоос ус алдсан гэдэгт маргахгүй. Тухайн үед нийт 39 мкв талбайд гал тогоо, коридор, баруун болон зүүн хана даган норсон обойн хохирол болох 197,584 төгрөгийг даатгалын газраас авч хохиролгүй болсон тул 2,133,916 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Ус алдсан үеийн нөхцөл байдлаас өөрөөр нийт 86 мкв талбайд засвар хийх 1,751,500 төгрөгний үнэлгээ, үнэлгээ хийлгэхэд төлсөн 300,000 төгрөг, хэзээ хаана хэдэн төгрөгөөр угаалгасан нь тодорхойгүй, гарын үсэг нөхөж зурагдсан, зарим баримт нь гарын үсэггүй, ус алдсанаас хойш 13 хоногийн дараа 3 хивс угаалгасан гэх хивс цэвэрлэгээний 280,000 төгрөгийг тус тус зөвшөөрөхгүй. Ус алдсан үед 3 хивс байгаагүй, ганц хивс л байсан. Бид даатгалын газраар төлүүлье гэхэд өөрсдөө даатгалын газарт эдгээр баримтаа гаргаж өгөөгүй. Даатгалын газар хохиролыг үнэлээд 197,584 төгрөг олгож, хохиролыг бүрэн төлсөн. Хэрэгт нотлох баримтаар авагдсан Орон сууцанд ус алдуулсны гэмтлийн шалтгааныг тодруулсан тэмдэглэлд зурагдсан Даваахүүгийн гарын үсэг хуурамч, тамга тэмдэг нь фото шопоор 2 удаа давтамжтай дарагдсан байдлаар үйлдэгдсэн. Тухайн үеийн нөхцөл байдлаас өөр, зах зээлд байхгүй үнэ нэхэмжилж, хэрэгт авагдсан баримтууд нь хуурамч тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Хананы замаск, эмульс, обой хэсэг газраараа хуурч унасан байхад байрыг бүрэн засварлах хэмжээний зардал нэхэмжилсэн байна гэв.

3. Иргэдийн төлөөлөгч Э.М хоёр тал мөнгөн дүн дээрээ зохицоод шийдвэрлэсэн нь дээр юм боловч уу гэсэн дүгнэлт гаргажээ.

4. Нэхэмжлэгчээс 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн Орон сууцанд ус алдуулсаны гэмтлийн шалтгааныг тодруулсан тэмдэглэл, орон сууцны ашиглалтын зардал төлсөн тайлан, Дельтамон ХХК-ийн үнэлсэн засварын зардлын үнэлгээний тайлан, үнэлгээний компанид ажлын хөлс төлсөн баримт, хивс цэвэрлэгээний орлогын баримт, орон сууцны өмчлөлийн гэрчилгээ, Хаан банкны дансны хуулга,

5. Хариуцагчаас орон сууцны даатгалын гэрээ,

6. Хариуцагчийн хүсэлтээр Эн би эн экспресс хивс ХХК-наас хивс цэвэрлэгээний үнийн тариф, Улаанбаатар хотын даатгал ХХК-наас нэхэмжлэгч П.Тт 197,584 төгрөгийг олгохдоо үндэслэсэн баримтыг шүүх бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагаас 2,132,916 төгрөгийг хангаж, үлдэх 1,000 төгрөгний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч нь дээд давхарын 80 тоот айлын гал тогооны халуун усны уян холбоо задарч халуун ус алдсанаас хохирол учирсан, тухайн үед хохиролыг төлнө гэсэн боловч төлбөрийг төлөөгүй гэж шаардах эрхээ тодорхойлсон,

3. Хариуцагч нь даатгалын газраас нөхөн төлбөр 197,584 төгрөгийг төлж хохиролгүй болгосон. Хэрэгт байгаа баримтууд нь гарын үсэг байхгүй нөхөж олгосон, зурагдсан гарын үсэг хуурамч, баримт нь фото шоподсон байдалтай тул зөвшөөрөхгүй гэсэн үндэслэлээр үгүйсгэсэн.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 18 цагийн үед ... орон сууцны гал тогооны халуун усны уян холбоо задарч доод айлууд руу ус алдаж П.Тийн гэрийн тааз, коридор, гал тогоо, том өрөөний таазны шохой эмульс, хананы будаг ховхорч унасан, том өрөө коридорын обой бүгд норж хууларсан, том өрөө, гал тогтооны хаалга норж эвдэрсэн, гал тогоо коридорын шал паркет хөндийрсөн болох нь шүүх хуралдаанд тайлбарласан нэхэмжлэгчийн тайлбар, Орон сууцанд ус алдуулсны гэмтлийн шалтгааныг тодруулсан тэмдэглэл, Хөрөнгө үнэлгээний Дельтамон ХХК-ийн хохиролын үнэлгээ гэсэн баримтуудаар тогтоогдож, хариуцагчаас ус алдсан үйл баримт болон зохигч Улаанбаатар хотын даатгал ХХК-наас нэхэмжлэгчид нөхөн төлбөрт 197,584 төгрөг олгосон байдалд маргаагүй.

5. Шүүх хуралдаанд хариуцагч нь учирсан хохиролыг даатгалын газраас төлсөн, хэрэгт авагдсан баримтууд нотлох баримтын шаардлага хангахгүй, хуурамч гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэсэн тайлбар гаргасан боловч Дельтамон ХХК-наас 72 тоотод учирсан хохиролын засварын ажлын өнөөгийн үндэслэлтэй өртгийн үнэлгээг 1,715,500 төгрөг гэсэн дүгнэлт гаргасан, нэхэмжлэгчээс үнэлгээний ажлын хөлс 300,000 төгрөгийг төлсөн болох нь кассын орлогын ордероор, шалны дрож 3,5х5,5х 8,000=154,000 төгрөг хүргэлт 5,000 төгрөг нийт 159,000 төгрөг, хивс 3х3=15 мкв х 8000 төгрөг бүтэн угаалга 120,000 төгрөг төлсөн болох нь бэлэн мөнгөний орлогын баримтаар тус тус тогтоогдож байна.

Хариуцагч нь өөрийн татгалзлын тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар нотлох, энэ байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй тул тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.

6. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хохирол 1,751,500 төгрөг, шинжээчийн ажлын хөлс 300,000 төгрөг, хивс, дрож угаалгаж, цэвэрлүүлсэн хөлс 279,000 төгрөг нийт 2,330,500 төгрөгийг хангах үндэслэлтэй бөгөөд үүнээс Улаанбаатар хотын даатгал ХХК-наас олгосон 197,584 төгрөгийг хасаж 2,132,916 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

7. Иргэдийн төлөөлөгч нь хоёр тал зохицоод шийдвэрлэсэн нь зөв гэсэн дүгнэлт гаргасан боловч талууд тохиролцоогүй тул шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.

8. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас хангасан үнийн дүнгээр улсын тэмдэгтийн хураамж гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Б.Сгаас 2,132,916 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.Тт олгож, үлдэх 1,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52,500 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Сгаас 49,077 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.Тт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, нэхэмжлэгч, хариуцагч, төлөөлөгч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА

 

 

ШҮҮГЧ Б.АЗБАЯР

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА