Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2023/01264

 

 

 

 

 

 

 

 

 

2023 06 26 210/МА2023/01264

 

 

*.* ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Нямбазар, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2023/01593 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *.*

Хариуцагч: *.**

Нэхэмжлэлийн шаардлага: гэм хорын хохиролд 2,331,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Алтанцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Болорчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 *.* нь **** дүүрэг,** дүгээр хороо, ** дүгээр байр, ** тоот хаягт байрлалтай, орон сууцны өмчлөгч. 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 80 тоот орон сууцны гал тогооны халуун усны ил шугам задарч, манай орон сууц руу халуун ус алдсан.

1.2 Үнэлгээгээр том өрөө, гал тогоо, үүдний өрөөний хохирлыг 1,751,000 төгрөгөөр үнэлсэн. Мөн үнэлгээний ажлын хөлсөнд 300,000 төгрөг төлсөн. Ус алдсанаас болж хивс, дрожыг 280,000 төгрөгөөр угаалгасан. Нийт хохирол 2,331,500 төгрөг болсон ба үүнээс ********* ХХК-иас авсан 197,584 төгрөгийг хасаад, үлдэх 2,133,916 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Ус алдсанд маргахгүй. Тухайн үед нийт 39 м.кв талбайд гал тогоо, үүдний өрөө, баруун болон зүүн хана даган норсон обойн хохирол болох 197,584 төгрөгийг даатгалын байгууллагаас авч хохиролгүй болгосон.

2.2 Үнэлгээнээс нийт 86 м.кв талбайд засвар хийх 1,751,500 төгрөгийн үнэлгээ, үнэлгээний хөлс 300,000 төгрөг, хивс болон дрожыг хэзээ, хаана, хэдэн төгрөгөөр угаалгасан нь тодорхойгүй, гарын үсэг нөхөж зурагдсан, зарим баримт нь гарын үсэггүй, ус алдсанаас хойш 13 хоногийн дараа 3 хивс угаалгасан гэх хивс цэвэрлэгээний 280,000 төгрөгийг тус тус зөвшөөрөхгүй.

Ус алдах үед 3 хивс байгаагүй, нэг хивс байсан. Бид даатгалын газраар төлүүлье гэхэд өөрсдөө даатгалын газарт эдгээр баримтаа гаргаж өгөөгүй. Даатгалын газар хохирлыг нь үнэлээд 197,584 төгрөг олгож, хохирлыг бүрэн төлсөн.

Орон сууцанд ус алдуулсны гэмтлийн шалтгааныг тодруулсан тэмдэглэлд зурагдсан н.нгийн гарын үсэг хуурамч, тамга тэмдэг нь фото шопоор 2 удаа давтамжтай дарагдсан байдлаар үйлдэгдсэн. Тухайн үеийн нөхцөл байдлаас өөр, зах зээлд байхгүй үнэ нэхэмжилсэн. Хэрэгт авагдсан баримтууд нь хуурамч, хананы замаск, эмульс, обой хэсэг газраараа хуурч унасан байхад байрыг бүрэн засварлах хэмжээний зардал нэхэмжилсэн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

3. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулга:

3.1 Хоёр тал мөнгөн дүн дээрээ зохицоод шийдвэрлэсэн нь дээр юм болов уу гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

4.1 Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч *.** гаас 2,132,916 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *.* т олгож, үлдэх 1,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52,500 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч *.** гаас 49,077 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *.* т олгож шийдвэрлэсэн байна.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

5.1 Анхан шатны шүүх ус алдалтын ямар гэмтэл учирсан, энэ нь ямар нотлох баримтаар нотлогдож байгаа эсэх талаар үндэслэл бүхий дүгнэлт өгөхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Тодруулбал, Орон сууцны нийтийн аж ахуйн газрын инженерийн дүгнэлт нь хариуцагчид анх өгсөн Орон сууцны нийтийн аж ахуйн газрын инженерийн дүгнэлттэй тохирохгүй, зөрүүтэй. Мөн кассын орлогын ордер баримтад мөнгө тушаагчийн гарын үсэг байхгүй атал дараа нь нөхөж гарын үсэг зурсан, бэлэн мөнгөний орлогын баримтад 77 тоотын хивс угаасан баримтыг хавсаргаж өгсөн байхад нотлох баримтаар үнэлж, хариуцагчийн төлөх хохиролд оруулан тооцсон нь үндэслэлгүй.

5.2 Мөн ********* ХХК-ийн 2022 оны хохирлын тайланд нийт 17.63 м.кв талбай тааз эмульсдэх, обой 18.78 м.кв, хана 15.1 м.кв буудах гээд хохирлын нийт мөнгөн дүнг 197,584 төгрөгөөр тодорхойлсон байхад анхан шатны шүүх хохирлын хэмжээг 2,330,500 төгрөгөөр тодорхойлсон нь үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

6. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хариу тайлбарын агуулга:

6.1 Хариуцагчийн гэрээс ус алдсан бөгөөд 3 өрөөний тааз, хана, шал зэрэгт хохирол учирсан. Д ХХК-ийн үнэлгээний тайланд паркетан шал хөндийрсөн хэдий ч үнэлгээнд оролцуулаагүй гэсэн байдаг. Нэхэмжлэгч 3 өрөөнд засвар хийлгэхэд ажлын хөлс 5,000,000 төгрөг болж байгаа бөгөөд материалын үнэ ороход 8,000,000-9,000,000 төгрөг болохоор байна.

6.2 *.* нь нэг хивсээ угаалганд өгөөд нөгөө хивсээ хатахыг нь хүлээтэл өвлийн улирал байсан тул хөлдсөн. Улмаар дахиад цэвэрлэгээнд өгсөн. ********* ХХК-иас нэхэмжлэгчид 197,584 төгрөг олгосон. Нийтийн ахуйн газрын инженерийн дүгнэлт нь нэхэмжлэгчийн гаргуулсан дүгнэлттэй таардаг.

Хивс угаалгасан баримтад 77 тоот гэж бичсэн нь андуурсан болохыг шүүх зөв дүгнэсэн. Нэхэмжлэгчээс үнэлгээний хөлсөнд 300,000 төгрөг төлсөн. ********* ХХК-аас нэхэмжлэгчид 197,584 төгрөг олгосон шалтгааныг тодруулахад даатгалын хураамжид 1,000 төгрөг төлдөг байдлыг үүнтэй холбогдуулан тайлбарладаг.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1.   Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч *.* нь хариуцагч *.** д холбогдуулан гэм хорын хохиролд 2,331,500 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хариуцагчийн эзэмшлийн **** дүүрэг, ** дүгээр хороо, ** дүгээр байрны 80 тоот орон сууцны гал тогооны халуун усны уян холбоо задарсны улмаас *.* ийн өмчлөлийн ** тоот орон сууцанд ус алдсан үйл баримтын талаар зохигч маргаагүй.

4. Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын Хэрэглэгчдэд үйлчлэх төв-13 Орон сууцанд ус алдуулсны гэмтлийн шалтгааныг тодруулсан 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн, 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн тэмдэглэл-ээр хариуцагчийн эзэмшлийн дээрх 80 тоот орон сууцны галын өрөөний уян холбоос задарч ус алдсаныг тогтоосон байна. /хх 5, 73/ Мөн уг тэмдэглэлүүдээр ус алдсан гэмтлийн шалтгаан нөхцлийг тогтоосон байх бөгөөд гэмтлийн улмаас учирсан хохирлын хэмжээг тогтоогоогүй байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагчийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчид гэм хорын хохирол учирсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...ус алдалтын ямар гэмтэл учирсан, энэ нь ямар нотлох баримтаар нотлогдож байгаад шүүх дүгнэлт өгөөгүй, ...ус алдалтын тэмдэглэлүүд зөрүүтэй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

4.1 Д ХХК-ийн хохирлын үнэлгээгээр ус алдсаны улмаас нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцанд засварын ажлын өнөөгийн өртгийн үнэлгээг 1,751,500 төгрөг болохыг тогтоосон байх бөгөөд хариуцагч уг нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан журмын дагуу нотлох баримтаар үгүйсгэж чадаагүй байна.

Түүнчлэн, ********* ХХК-аас даатгалын нөхөн төлбөрийн хэмжээг 197,584 төгрөгөөр тогтоосон нь /хх 65-66/ Д ХХК-ийн хохирлын үнэлгээг үгүйсгэх үндэслэл болохгүй. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...********* ХХК хохирлын нийт мөнгөн дүнг 197,584 төгрөгөөр тодорхойлсон гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

4.2 Хэргийн 16 дугаар талд авагдсан кассын орлогын ордер болон бэлэн мөнгөний баримтуудыг хуурамч гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй байхаас гадна 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн бэлэн мөнгөний баримтад 77 тоот гэж бичсэн талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд маргаж, мэтгэлцээгүй, ийнхүү бичсэн нь уг баримт, түүнд тусгагдсан агуулгыг үгүйсгэх үндэслэл болохгүй.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт Энэ хуулийн 161.1-д заасан этгээд давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй гэж заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...мөнгөний орлогын баримтад 77 тоотын хивс угаасан баримтыг хавсаргаж өгсөн байхад нотлох баримтаар үнэлсэн, хариуцагчийн төлөх хохиролд оруулан тооцсон гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

5. Анхан шатны шүүх иргэдийн төлөөлөгчийн Хоёр тал мөнгөн дүн дээр зохицох нь зөв гэх дүгнэлтийн талаар дүгнэлт хийж хариуцагчаас нийт 2,132,916 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт нийцсэн байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2023/01593 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

М.БАЯСГАЛАН