Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2023/00875

 

 

 

 

 

2023 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2023/00875

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч:  П

 

Хариуцагч:  В ХХК

 

Нэхэмжлэлийн шаардлага: 20,968,610 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.У

Хариуцагчийн төлөөлөгч Э.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнгөнсаран

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ дараах байдлаар тайлбарлав. Үүнд: Нэхэмжлэгч нь 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдрийг дуустал хариуцагч компанид гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан ба сарын цалин 3,000,000 төгрөг байхаар, мөн хариуцагч нь цалингаа сарын сүүлийн өдөр өгөхөөр харилцан тохиролцсон. Гэвч тэрээр ажиллах байх хугацааны цалингаа зохигчдын харилцан тохирсон хугацаанд нэг ч удаа авч байгаагүй ба хариуцагчийн хувьд эл нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэгчийн 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх цалинг сарын 3,000,000 төгрөгөөр бодож олгох болно гэдгээ хүлээн зөвшөөрч захирлын гарын үсэг, компанийн тамга тэмдэг бүхий бичгийг үйлдэж өгсөн. Үүнээс гадна хариуцагч нь нэхэмжлэгчид ажилласан хугацааны цалин болон тус хугацааны цалинг харилцан тохиролцсон хугацаанд өгөөгүйн алдангийг Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.3, 43.2.1, 124.1, 128.1 -т заасны дагуу өгөх хууль зүйн үндэслэл бүрдсэн байгаа болно. Нэхэмжлэгч 2022 оны 6 дугаар сарын 01-ний 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцдаа албан ажлын хэрэгцээнд мобикомын 99**-**48 дугаарыг ашигласан ба уг хугацааны ярианы төлбөр 293,410 төгрөг гарсан ба өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй ба уг төлбөрийг төлж барагдуулах үүргийг харилцан тохиролцсоны дагуу хариуцагч хүлээсэн. Түүнчлэн хариуцагчийн эдгээр хариуцлагагүй үйлдлээс шалтгаалан нэхэмжлэгч нь өөрийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр холбогдох хууль тогтоомжид заасны дагуу шүүхэд хандахтай холбогдуулан өмгөөлөгч авсан ба өмгөөлөгчдийн үйлчилгээний хөлс 2,000,000 төгрөг болсон. Иймд 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх ажилласан хугацааны буюу 128 хоногийн цалин 12,800,000 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 01-ний 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх нэхэмжлэгчийн авах ёстой цалинг зохигчдын харилцан тохиролцсон хугацаанд хариуцагч олгоогүй тул нэхэмжпэгчийн нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх буюу 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх нийт 153 хоног хугацаа хэтрүүлсэн хэмээн үзэж алданги болох 5,875,200 төгрөг, нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцдаа албан ажлын хэрэгцээнд ашигласан мобикомын 99**-**48 дугаарын 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх ярианы төлбөр болох 293,410 төгрөг, өмгөөлөгчдийн үйлчилгээний хөлс 2,000,000 төгрөг буюу нийт 20,968,610 төгрөгийг хариуцагч В ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч С.П нь өөрийн төрсөн ах С.Б-той үгсэн хуйвалдан манай компанийн гэрээт ажлын явцад өөрсдийн Ш ХХК, М ХХК гэх мэт компаниудаар надад урьдчилан хэлж мэдэгдэлгүйгээр түрээсийн техник, болон олон хүн ажиллуулсан байсан. Үүнээс болж манай компани санхүүгийн маш хүнд байдалд орсон. Би 2022 оны 6 дугаар сард өөрийн найз Х.Н-аас зээлсэн 15,000,000 төгрөгийг 54хххх6161 гэх данснаас С.П руу шилжүүлсэн ба уг мөнгийг авахдаа хоёр долоо хоногт буцааж өгье гэсэн боловч өнөөдрийг хүртэл өгөлгүйгээр үл барам бусдад Э.Б гэх хүн одоо ажиллахгүй болсон. Ах бид хоёрын компани ажил хийнэ гэж ярьж явсан нь маш их гайхахад хүргэж байна. Зээлсэн мөнгөө хугацаанд нь авч чадаагүй улмаас манай компанид хохирол учирсан. Ер нь бол нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, би төрсөн ахтай нь л хувь тохирч хамтран ажиллаж байсан. Нэхэмжлэгчийг ажилд томилсон тушаал гаргасан, гэхдээ уг тушаалаа би улсын бүртгэлд бүртгүүлээгүй. 99**-**48 дугаар нь манай компанийн нэр дээр байдаггүй. Хэрэгт авагдсан цалин тохирсон тухай бичгийг би нэхэмжлэгчийн болон түүний ах нарын дарамтад орж хүчээр бичиж өгсөн. Тэгээд ч нэхэмжлэгч угаасаа миний заавраар ажиллаагүй, ахтайгаа нийлж намайг залилсан. Ийм учраас би нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: В ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Мэдэгдэх хуудас /хх 4/, М ХХК-ийн төлбөрийн нэхэмжлэх /хх 5/, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх 6-7/, шүүхэд төлөөлөх итгэмжлэл /хх 41/.

 

4. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: хуулийн этгээдийн бүртгэлийн мэдээлэл /хх 9-10/, хариу тайлбар /хх 15/, Авто замын төсөл LOT4 багцын туслан гүйцэтгэх гэрээний хуулбар /хх 16-22/, ажлын гүйцэтгэлийн хуулбар /хх 23/, түлш тараалтын хуудасны хуулбар /хх 24-28/, шүүхэд төлөөлөх итгэмжлэл /хх 9/, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх 49/.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч С.П нь хариуцагч В ХХК-д холбогдуулж дараах шаардлагуудыг гарган шүүхэд хандсан. Үүнд:

 

1/ 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацааны цалин 12,800,000 төгрөг;

2/ 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацааны цалинг олгоогүйн улмаас алданги болох 5,875,200 төгрөг;

3/ Албан ажлын хэрэгцээнд ашигласан 9902-6348 дугаарын 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацааны ярианы төлбөр 293,410 төгрөг;

4/ Өмгөөлөгчийн хөлс 2,000,000 төгрөг.

 

2. Хариуцагч дээрх шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн татгалзлаа ...би нэхэмжлэгчтэй ямар нэг хөдөлмөрийн гэрээний харилцаанд ороогүй, ...нэхэмжлэгчийн ахтай л хувь тохирч хамтран ажиллаж байсан. 99**-**48 гэсэн дугаар манай компани дээр бүртгэлгүй, ...бичгийг нь би бусдад дарамтлуулж, аргагүй байдалд ороод л бичиж өгсөн, ...нэхэмжлэгч нь миний заавраар ажиллаагүй, ахтайгаа нийлж намайг залилсан гэж тайлбарласан.

 

3. Хэрэгт 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн В ХХК-ийн С.П-д мэдэгдэх нь гэсэн бичгийн баримт авагджээ. Уг бичгийн баримтад ...уг ажилд зарцуулагдсан мөнгө өр зээлийн асуудлыг дансны хуулга болон бусад материалыг тулгаж үзсэний үндсэн дээр 10.31-ний дотор манай компани барагдуулах болно. 6 сарын 01-10.08 хүртэл сарын 3,000,000 төгрөгийн цалин бодогдох болно. Машины хорогдол элэгдэл, гэмтэл барагдуулах болно. Алданги, хүү, торгууль гэх мэт. С.П гэдэг хүн нь В ХХК-ийн албан ёсны гүйцэтгэх захирал биш болно. Вато ХХК-ийн зүгээс цахим сүлжээнд тавигдсан худал мэдээ, мэдээлэл гүтгэлэг доромжлолыг залруулах болно гэж тусгагдсан байна.

 

4. Дээрх бичгийн баримтыг хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан ...би тушаал гаргаж С.П-г томилсон, ...гэхдээ улсын бүртгэлийн газарт бүртгүүлээгүй гэсэн тайлбартай харьцуулан судлахад нэхэмжлэгчийн ...би 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдрийг дуустал хариуцагч компанид гүйцэтгэх захирлаар ажилласан ба сарын цалинг бид 3,000,000 төгрөгөөр тохиролцсон гэх тайлбар үндэслэлтэй буюу нэхэмжлэгч ажилласан хугацааны цалингаа Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрхтэй гэж шүүхээс үзлээ.

 

5. Хэрэгт авагдсан 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн В ХХК-ийн С.П-д мэдэгдэх нь гэсэн бичгийн баримтыг судлахад нэхэмжлэгчийн албан тушаалын үндсэн цалинг 3,000,000 төгрөгөөр тогтоосон гэж үзэхээр байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-д зааснаар С.П-ийн нэг өдрийн цалинг 139,534 төгрөг гэж тооцохоор байна.

 

Иймд нэхэмжлэгчийн 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан 88 хоногийн цалин, хөлс 12,278,992 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгоно.

 

Түүнчлэн тогтоосон хугацаанд олгоогүй цалин хөлснөөс алданги 6,396,208 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт нийцнэ гэж шүүхээс үзлээ.

 

6. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч  учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан.

 

Иргэн, хуулийн этгээд нь зөрчигдсөн эрхээ сэргээлгэх зорилгоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар шүүхэд мэдүүлэх эрхтэй хэдий ч уг эрхээ хэрэгжүүлэхдээ бусдаас эрх зүйн туслалцаа авах эсэх нь тухайн этгээдийн эрхийн асуудал юм. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо бусдаас хууль зүйн туслалцаа авах эсэх нь зохигчийн эдлэх эрх буюу боломж учир уг эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан зардлыг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй.

 

Түүнчлэн 99**-**48 дугаар хариуцагч В ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байх тул уг дугаарын төлбөрийг нэхэмжлэгч шаардах эрхгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1, 124 дүгээр зүйлийн 124.1, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч В ХХК-иас 18,675,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.П-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,293,410 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 262,753 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос илүү төлсөн 211,108 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагч В ХХК-иас 251,326 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ХАНГАЛ