Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2023/01181

 

 

 

 

 

 

2023 06 14 210/МА2023/01181

 

 

С.П- нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 сарын 17-ны өдрийн 102/ШШ2023/00875 дугаар шийдвэртэй,

С.П-гийн нэхэмжлэлтэй

В- ХХК-д холбогдох,

20,968,610 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ургамалцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч нь 2022 оны 06 сарын 01-ээс 2022 оны 10 сарын 08-ны өдрийг дуустал В- ХХК-д гүйцэтгэх захирлаар ажилласан. Сарын цалин 3,000,000 төгрөгөөр, сарын сүүлийн өдөр өгөхөөр тохиролцсон боловч ажиллаж байх хугацаандаа цалин авч байгаагүй. Хариуцагч үүнийг зөвшөөрч 2022 оны 10 сарын 08-ны өдөр нэхэмжлэгчид 2022 оны 06 сарын 01-ний өдрөөс 2022 оны 10 сарын 08-ны өдрийг хүртэлх цалинг олгохоор баримт үйлдэж, захирлын гарын үсэг, компанийн тамгаар баталгаажуулсан. Албан ажлын хэрэгцээнд мобикомын 11111111 дугаарыг ашиглаж байсан. Уг хугацааны ярианы төлбөр 293,410 төгрөг гарсан ба төлбөрийг төлж барагдуулах үүргийг хариуцагч хүлээсэн. Түүнчлэн өмгөөлөгчдийн үйлчилгээний хөлс 2,000,000 төгрөг болсон. Иймд 128 хоногийн цалин 12,800,000 төгрөг, цалинг хугацаанд нь хариуцагч олгоогүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх буюу 2022 оны 06 сарын 01-ний өдрөөс 2022 оны 11 сарын 02-ны өдрийг хүртэлх нийт 153 хоног хугацаа хэтрүүлсэн гэж үзэж алдангид 5,875,200 төгрөг, албан ажлын хэрэгцээнд ашигласан мобикомын 11111111 дугаарын ярианы төлбөр 293,410 төгрөг, өмгөөлөгчдийн үйлчилгээний хөлс 2,000,000 төгрөг буюу нийт 20,968,610 төгрөгийг хариуцагч В- ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, би төрсөн ахтай нь тохирч хамтран ажилласан. Нэхэмжлэгчийг ажилд томилсон тушаал гаргасан, гэхдээ уг тушаалаа би улсын бүртгэлд бүртгүүлээгүй. 11111111 дугаар нь манай компанийн нэр дээр байдаггүй. Хэрэгт авагдсан цалин тохирсон тухай бичгийг би нэхэмжлэгчийн болон түүний ах нарын дарамтад орж хүчээр бичиж өгсөн. Тэгээд ч нэхэмжлэгч угаасаа миний заавраар ажиллаагүй, ахтайгаа нийлж намайг залилсан. Ийм учраас би нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1, 124 дүгээр зүйлийн 124.1, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч В- ХХК-аас 18,675,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.П-д олгож, нэхэмжлэлээс 2,293,410 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 262,753 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос илүү төлсөн 211,108 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагч В- ХХК-аас 251,326 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гаргасан гомдлын агуулга: Шүүх миний өмгөөлөгчтэй оролцох эрхийг хязгаарлаж, эрхийг минь зөрчсөн. Миний сонгон авсан өмгөөлөгч өвчний учир шүүх хуралдаанд ирээгүй, мөн хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд хүндэтгэх шалтгаангүй ирээгүй учраас би түүнээс татгалзаж байгаагаа илэрхийлэн дахин өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч хуралд оролцох хүсэлт гаргасан. Гэвч шүүх хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. Шүүхээс гарсан шийдвэр хэт нэг талыг барьсан, нэхэмжлэгчид ашигтайгаар шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтуудыг үнэн зөв үнэлэлгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна. Нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, гүйцэтгэх захирлаар томилсон тушаал байхгүй, улсын бүртгэлд бүртгэгдээгүй байхад 12,278,992 төгрөгийн цалин олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Хэрэгт С.П- нь манай компанид ажиллаж байсан тухай баримт байхгүй. Миний гараар бичсэн зүйлийг үндэслэн цалин олгохоор шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д зааснаар алданги тооцож 6,396,208 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Миний гар бичмэл нь хөдөлмөрийн гэрээг орлохгүй бөгөөд ах дүү олуулаа ирж хэрүүл хийж байгаад хүчээр бичүүлж авсан баримт учраас нотлох баримтаар үнэлэх боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагчийн давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: В- ХХК-аас С.П-д хандан албан бичгээр мэдэгдэл өгсөн. Нэхэмжлэгч нь 2022 оны 06 сарын 01-ний өдрөөс 2022 оны 10 сарын 08-ны өдрийг дуустал В- ХХК-д ажиллаж байсан ба сарын 3,000,000 төгрөгийн цалинтай байхаар тохиролцсон ч хугацаанд цалин авч байгаагүй. Хариуцагч энэ байдлыг зөвшөөрч 2022 оны 10 сарын 08-ны өдөр нэхэмжлэгчид дээрх хугацааны тохирсон цалинг олгохыг хүлээн зөвшөөрч захирлын гарын үсэг, компанийн тамга бүхий бичиг үйлдэж мэдэгдсэн. Амаар харилцан тохиролцсон учраас хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн гэж үзэж байна. Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон ч цалин олгох үүргээс чөлөөлөгдөхгүй. Тийм учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлд зааснаар ажил олгогч буюу В- ХХК ажиллуулсан хугацааны цалин хөлсийг олгох үүрэгтэй. Хөдөлмөрийн тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д заасны дагуу нэхэмжлэгч 0,3 хувийн алданги нэхэмжилсэн. Үүнийг анхан шатны шүүхээс хангаж шийдвэрлэсэн бөгөөд хариуцагчийн гомдлын энэ үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй, хууль зүйн үндэслэлгүй байна. Анхан шатны шүүхээс өмгөөлөгч авах эрхийг удаа дараа хангаж, шүүх хуралдаан хойшилж байсан. Хариуцагч талаас шүүх хуралдааныг өмгөөлөгч өвчтэй, өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох гэх зэрэг хүсэлтүүдээр удаа дараа хойшилж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоно. Иймд гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад, гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч С.П- нь хариуцагч В- ХХК-д холбогдуулан 2022 оны 06 сарын 01-ний өдрөөс 2022 оны 10 сарын 08-ны өдрийг хүртэлх хугацааны цалин 12,800,000 төгрөг, мөн хугацааны алданги 5,875,200 төгрөг, албаны хэрэгцээнд ашигласан 11111111 дугаарын ярианы төлбөр 293,410 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2,000,000 төгрөг, нийт 20,968,610 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, талуудын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч В- ХХК-д ажилласан хугацааны цалин 12,278,992 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хариуцагч В- ХХК-ийн захирал Э.Б- 2023 оны 02 сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд би С.П-г гүйцэтгэх захирлаар томилсон нь үнэн ... миний удирдлагад ажиллаагүй мөнгө мэдэгдэхгүйгээр авсан учраас тул өгөхгүй гэсэн тайлбар гаргасан болон нэхэмжлэгчийн ажилласан хугацааны талаар зохигч маргаагүй байна. Мөн хэрэгт 2022 оны 10 сарын 08-ны өдөр үйлдсэн С.П-д мэдэгдэх нь гэх баримтад 6-1-с 10-8-н хүртэл сарын 3,000,000 төгрөгийн цалин бодогдох болно ... С.П- гэдэг хүн нь В- ХХК-ийн албан ёсны гүйцэтгэх захирал биш болно гэх агуулгыг илэрхийлсэн баримт үйлджээ.

 

Дээрх үйл баримтаар зохигчийн хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд зохигч хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.3 дахь хэсэгт зааснаар ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах үүргийг ажил олгогч хүлээх тул зохигч гэрээ байгуулаагүй нь талуудын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэнийг үгүйсгэхгүй. Нэхэмжлэгч С.П- нь хариуцагч В- ХХК-ийн захирлаар 4 сар ажилласныг хариуцагч үгүйсгээгүй бөгөөд ...миний удирдлагад ажиллаагүй... гэж тайлбарласан нь нэхэмжлэгчийг В- ХХК-д ажиллаж байсан гэх баримтгүй гомдлыг нь үгүйсгэж байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй, захирлаар томилсон тушаалгүй, С.П- манай компанид ажиллаж байгаагүй гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

Зохигчийн хооронд Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн болон нэхэмжлэгчийн ажилласан хугацааны цалин 12,278,992 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 

4. Анхан шатны шүүх хариуцагчаас тогтоосон хугацаанд олгоогүй цалингийн алданги 6,396,208 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт заасантай нийцээгүй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.

Зохигчийн хооронд мөн хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1 дэх хэсэгт зааснаар цалин хөлсийг сард хэдэн удаа, ямар хэмжээгээр тооцон олгохоор тохиролцсон баримтгүйг анхан шатны шүүх анхаараагүй, 2022 оны 10 сарын 08-ны өдрийн С.П-д мэдэгдэх нь гэх баримтад нэхэмжлэгчид нэг сарын 3,000,000 төгрөгөөр тооцон цалин олгохоор хожим үйлдсэн байх тул нэхэмжлэгчийн ажилласан 2022 оны 06 сарын 01-ний өдрөөс 2022 оны 10 сарын 08-ны өдрийн хугацаанд хуульд заасан нөхцөлөөр цалин олгохоор тохиролцсон гэх үндэслэлгүй байна.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүх алданги 6,396,208 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

5. Хариуцагчийн хууль зүйн туслалаа авах, өмгөөлөгч сонгох эрхийг шүүх хязгаарласан гэх гомдол үндэслэлгүй. Шүүх 2023 оны 01 сарын 27, 02 сарын 06-ны өдрийн шүүх хуралдааныг тус тус хариуцагчийн хууль зүйн туслалцаа авах, өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд оролцох эрхийг хангаж хойшлуулжээ. Хариуцагч 2023 оны 02 сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгчөөс татгалзан, шинээр өмгөөлөгч сонгон авах хүсэлт гаргасныг шүүх хангаагүй нь хариуцагчийн хуулиар баталгаажсан эрхийг хязгаарласан гэж үзэхгүй, тэрээр шүүх хуралдааны бус үед өмгөөлөгчөө солих, нэмж оролцуулах боломжтой, энэ эрхээ хэрэгжүүлээгүйд шүүхийг буруутгахгүй, шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй тул энэ тухай гомдлыг хүлээн авахгүй.

 

6. Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч В- ХХК-аас 12,278,992 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.П-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8,689,618 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 сарын 17-ны өдрийн 102/ШШ2023/00875 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтын 18,675,200 төгрөг гэснийг 12,278,992 төгрөг гэж,

 

2 дахь заалтын 251,326 төгрөг гэснийг 153,984 төгрөг гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251,326 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

Э.ЭНЭБИШ