Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2023/01167

 

 

 

 

 

2023 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2023/01167

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Э ХХК 

 

Хариуцагч: Б

 

Хариуцагч: М ХХК 

 

Хариуцагч: Э

 

Хариуцагч:  С

 

Хариуцагч: О

 

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: гэрээний үүрэгт 273,797,637 төгрөг гаргуулах, бусдын хууль бус эзэмшлээс орон сууцнууд чөлөөлүүлэх;

 

М-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 96,855,726 төгрөг гаргуулах;

 

Б.Э сөрөг нэхэмжлэлийн шаардлага:  орон сууцны гэрчилгээг хүчингүйд тооцуулах, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.У

Хариуцагч М -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У

Хариуцагч С.Б

Хариуцагч нарын өмгөөлөгч Ч.Г Б.Б

Хариуцагч З.О-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х

Хариуцагч Ө.С-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г

Хариуцагч Б.Э-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.С, өмгөөлөгч Д.Э

Шинжээч Ж.У

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнгөнсаран

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хариуцагч М, С.Б, З.О, Ө.С, Б.Э нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгч Э ХХК дараах байдлаар тайлбарласан. Үүнд:

Э ХХК анх М ХХК, С.Б нарт холбогдуулан 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 19/114 тоот Төлбөр барагдуулах гэрээ-ний үүрэгт нийт 425,035,137 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бид хэрэгт хамтран хариуцагч нарыг татан оролцуулж, өөрсдийн шаардлагаа дараах байдлаар өөрчилсөн болно. Үүнд:

1/ Талуудын хооронд байгуулагдсан төлбөр барагдуулах гэрээний 2.1.3-т төлбөр барагдуулагч үлдэгдэл төлбөрийг ...2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор бэлнээр тус тус төлж барагдуулахаар, 2.7-д ...хуваарийн дагуу төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд төлбөр хүлээн авагч нь ... 2 өрөө орон сууцыг төлбөр барагдуулагч буцаан өгөхөөр тус тус тохиролцсон. Хариуцагч нь гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөрийг төлөөгүй бөгөөд дээрх орон сууцны өмчлөх эрх манай комани дээр байгаа тул төлбөр барагдуулах гэрээний 2-т заасны дагуу 2 өрөө орон сууцны үнэ болох 100,825,000 төгрөгт ногдох хэсгээр гэрээ биелэгдсэн гэж үзээд түүнд ногдох алданги 50,412,500 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, хариуцагч М ХХК болон С.Б нараас төлбөр барагдуулах гэрээний үндсэн төлбөрт 182,531,758 төгрөг, алданги 91,265,879 төгрөг, нийт 273,797,637 төгрөг гаргуулахаар шаардаж байна. Төлбөр барагдуулах гэрээг М ХХК-тай байгуулсан. Уг төлбөр барагдуулах гэрээний 3.3-т ...төлбөр төлөгч нь төлбөрийг цаг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хуулийн этгээдийн хөрөнгө, иргэн С.Б-ийн өөрийн болон гэр бүлийн дундын хөрөнгөөс ямар ч нөхцөлд төлбөрийг бүрэн барагдуулж төлбөр авагчийг хохиролгүй болгохоо баталж байна гэж заасан учир М ХХК-ийн захирал С.Б-ийг хувь хүнээр нь хариуцагчаар татсан болно.

2/ Э ХХК нь М ХХК-тай 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 18/15 дугаартай Өрлөг шаврын ажил гүйцэтгэх гэрээ, 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 18/31 дугаартай Заслын ажил гүйцэтгэх гэрээ, 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 18/39 дугаартай Заслын ажил гүйцэтгэх гэрээ, 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 18/63 дугаартай Өрлөг шаврын ажил гүйцэтгэх гэрээ-г тус тус байгуулсан. Дээрх гэрээнээс 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 18/31 дугаартай Заслын ажил гүйцэтгэх гэрээ-ний төлбөрт бартераар орон сууцыг 117,807,200 төгрөгт тооцож, Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, 0 дүгээр байр, 0 дугаар давхарын 38.63 м2 талбайтай, 0 тоот орон сууцыг 88,076,400 төгрөгт тооцож тус тус шилжүүлэхээр тохирсон. Мөн 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 18/39 дугаартай Заслын ажил гүйцэтгэх гэрээ-ний төлбөрт бартераар Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Үйлдвэрийн гудамж, 0 дугаар байр, 0 тоот хаягт байрлах орон сууцыг 100,825,000 төгрөгт тооцож шилжүүлэхээр тохирсон. Гэвч М ХХК нь ажлаа бүрэн гүйцэд хийгээгүй, дутуу гүйцэтгэсэн тул дээрх 3 орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж өгөөгүй байгаа билээ. Гэтэл дээрх 3 орон сууцыг З.О, Ө.С, Б.Э нарын гурван иргэн хууль бусаар эзэмшиж байх бөгөөд манай байгууллагаас эдгээр иргэдийг тухайн орон сууцанд оруулах, нэвтрүүлэх, амьдруулах зөвшөөрөл өгөөгүй. Манай компанийн зүгээс эдгээр иргэдтэй ямар нэг гэрээ хэлцэл байгуулаагүй ба эдгээр иргэдээс манай компани орон сууцны төлбөр огт аваагүй. Иймд дараах байдлаар нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргаж байна. Үүнд: Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, Үйлдвэрийн гудамж, 0 дугаар байрны 0 тоот хаягт байршилтай, 0 өрөө орон сууцнаас иргэн Б.Э-ыг, Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, Үйлдвэрийн гудамж, 0 дугаар байрны 0 тоот хаягт байршилтай, 0 өрөө орон сууцнаас иргэн Ө.С-г, Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, 0 дүгээр байр, 0 дугаар давхарын 0 0тоот 0 өрөө орон сууцнаас иргэн З.О-ыг тус тус албадан нүүлгэж, дээрх орон сууцуудыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч С.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Би Э ХХК-тай гэрээний харилцаанд ороогүй учир ямар нэг төлбөр, хариуцлага хүлээхгүй. Тэгээд ч Э ХХК-тай байгуулсан гэрээ нь өөрөө хүчин төгөлдөр бус. М ХХК-ийг төлөөлж би төлбөр барагдуулах гэрээ байгуулсан. Уг гэрээгээр нийтдээ 100,000,000 орчим төгрөгийг төлнө гэж тохирсныг тухайн үедээ би зөвшөөрч байсан. Гэтэл гэнэт нэмээд 200,000,000 орчим төгрөгийн төлбөрийг нэхэмжлэгч шаардаад эхэлсэн учир уг тооцоолол дээр маргаж байгаа, шинжээчийн дүгнэлтээр ч энэ байдал тогтоогдсон гэжээ.

 

3. Хариуцагч М ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Э ХХК болон М ХХК-ийн хооронд 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 19/144 дугаартай Төлбөр барагдуулах гэрээ байгуулагдсан. Энэхүү гэрээг байгуулах үед Э ХХК нь М ХХК-ийн хүсэл зоригийг үл харгалзан, гагцхүү нэг талын хүсэл зоригийг илэрхийлж, өөрт давуу байдал бий болгосон, өөрийн боловсруулж бэлтгэсэн гэрээний төсөл дээр хүчээр тулгаж М ХХК буюу түүний удирдлагыг гэрээнд гарын үсэг зурж батлахаас гарцаагүй нөхцөл байдалд хавчин оруулж, уг гэрээг батлуулсан нь дараах баримтуудаас харагддаг. Тухайлбал:

Нэг. Хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл болох тухайд: 1/ Талууд гэрээт ажлын гүйцэтгэл, төлбөрийн тооцооллын талаар хоёр талаас эцэслэн батлаагүй, өр төлбөр барагдуулах шаардлагатай эсэх, хэрэв тийм бол нийт хэдэн төгрөгийн өр төлбөр барагдуулах эсэхийг тогтоогоогүй байх үедээ төлбөр барагдуулах гэрээг байгуулсан. Энэ нь гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.1-2.1.3 дахь заалтад төлбөр төлөх хуваарийг тогтоосон хэсгээс харагддаг. Гэрээний 2.1.3-т Төлбөр барагдуулагч үлдэгдэл төлбөрийн эцсийн тооцоог 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор нийлж 2019 оны 12 дугаар сарын 30-ны дотор бэлнээр тус тус төлж барагдуулна гэж заажээ. Гэтэл өр төлбөр барагдуулах гэрээний гол нөхцөл нь нийт хэдэн төгрөгийн өр төлбөрийг ямар хугацаанд төлөх талаар байх ёстой атал гэрээгээр барагдуулах нийт өр төлбөрийн хэмжээг тогтоохгүйгээр төлбөр барагдуулах гэрээ байгуулсан нь талууд гэрээний гол нөхцөлийн талаар тохиролцоогүй буюу гэрээнд тусгаагүй, нийт барагдуулах өр төлбөрийн хэмжээг тодорхойлж мэдэхгүйгээр үлдэгдэл төлбөрийг төлбөр хүлээн авагчийн шаардсан дүнгээр, тогтоосон хугацаанд гаргаж өгөх зохицуулалтыг агуулсан байж хэрхэвч болохгүй юм. Мөн дээрх гэрээний 2 дугаар зүйлийн 2.7-д ...хуваарийн дагуу төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд төлбөр авагч 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 18/39 дугаартай заслын ажил гүйцэтгэх гэрээг дангаар цуцалж тус гэрээнд заасан П барилгын 0 дугаар орцны 0 давхарын 46.25м2 талбайтай 2 өрөө орон сууцыг төлбөр барагдуулагчид буцаан өгөхөөр тохиролцов гэж заасан. Гэрээний энэ заалтад төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд гэж заасан хэдий ч төлбөрийн зохих хувийг төлсөн эсэхээс үл хамаарч заслын ажил гүйцэтгэх гэрээг дангаар цуцлах, орон сууцыг төлбөрийн үлдэгдэлээс үл хамааран буцаан авах тухай зохицуулалт оруулсан нь нэг талын хүсэл зоригийг илэрхийлсэн, төлбөр төлөгч талд хэт хохиролтой, тодорхой бус зохицуулалттай гэрээ болохыг харуулж байна. Цаашлаад энэхүү гэрээнд заасан 46.25 м2 талбайтай 2 өрөө орон сууцыг гэрээ байгуулахаас өмнө буюу 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр иргэн Б.Эрдэнэбаатарт худалдсан төдийгүй Төлбөр барагдуулах гэрээ-ний талууд энэ талаар мэдэж байсан атлаа Э ХХК-ийн шахалтаар бусдын өмчлөлийн эд хөрөнгийг дур мэдэн захиран зарцуулах тухай гэрээ байгуулсан нь хууль зөрчсөн хэлцэл болохыг харуулж байгааг дурдах нь зүйтэй.

2/ Гэрээний 2 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад үндсэн гэрээ гэсэн нэршлийг ашигласан байдаг. Гэтэл талуудын хооронд ажил гүйцэтгэхтэй холбоотой нийт 4 гэрээ байгуулагдсан бөгөөд эдгээр гэрээний алийг чухам үндсэн гэрээ гэж тодорхойлсон нь ойлгомжгүй. Мөн дээрх өр төлбөр барагдуулах гэрээг талуудын байгуулсан гэрээнд үндэслэж байгуулаагүй бөгөөд гагцхүү өр төлбөр барагдуулах гэрээ байгуулах тохиолдолд талуудын хооронд үйлдсэн тооцоо нийлэх актад үндэслэн байгуулах нь зүйтэй. Гэвч уг гэрээг байгуулах явцад талуудын хооронд тооцоо нийлсэн акт үйлдэгдээгүйн дээр энэхүү гэрээгээр хэдэн төгрөгийн өр төлбөр барагдуулах нь тодорхойгүй байдаг. Ийнхүү ямар гэрээг үндсэн гэрээнд тооцох, мөн өр төлбөр барагдуулах гэрээг гэрээнд үндэслэн байгуулаагүй атлаа талуудын хооронд байгуулсан өмнөх гэрээний алданги, торгуулийг төлөхийг төлбөр барагдуулагчаар зөвшөөрүүлсэн агуулгыг тусгасан.

3/ Түүнчлэн Төлбөр барагдуулах гэрээ-ний 2 дугаар зүйлийн 2.6-д ...гэрээнүүдэд заасан орон сууцнуудын тог, ус, цахилгааныг таслах арга хэмжээг төлбөр хүлээн авагч авах болохыг төлбөр барагдуулагч зөвшөөрч байгаа болно гэж заасан нь ажил гүйцэтгэх гэрээгээр ажлын төлбөрт аль хэдийнэ шилжүүлсэн орон сууцнуудыг гуравдагч этгээдэд шилжүүлсэн болохыг мэдсээр байж дээрх орон сууцнуудад амьдарч буй шударга эзэмшигч нарын эрхийг хаана боогдуулсан, төлбөр барагдуулагч талыг гэрээ байгуулахаас гарцаагүй байдалд хавчин оруулсан, нийтээр хүлээн зөвшөөрсөн бизнесийн ёс зүйгээс гажуудаар сүрдүүлсэн зохицуулалт болох нь тодорхой харагддаг. Гэрээний дээрх заалтууд болон гэрээ байгуулах үеийн нөхцөл байдлыг харгалзан үзвэл энэхүү Төлбөр барагдуулах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан сургахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж заасан хэлцэлд хамаарахаар байна.

Хоёр. Хуульд заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хэлцэл болох тухайд:

1/ Талуудын байгуулсан Төлбөр барагдуулах гэрээ-ний 2 дугаар зүйлийн 2.6-д төлбөр барагдуулагч нь энэхүү гэрээний хуваарийн дагуу тохиролцсон хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд талуудын өмнө байгуулсан 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 18/15 дугаартай Өрлөг шаврын ажил гүйцэтгэх гэрээ, 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 18/31 дугаартай Заслын ажил гүйцэтгэх гэрээ, 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 18/39 дугаартай Заслын ажил гүйцэтгэх гэрээ, 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 18/63 дугаартай Өрлөг шаврын ажил гүйцэтгэх гэрээ-нүүдэд заасан орон сууцнуудын тог, ус цахилгааныг таслах арга хэмжээг төлбөр хүлээн авагч авах талаар заасан төдийгүй Э ХХК-ийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлага тодруулсан баримт дээр ч талуудын хооронд дээрх гэрээнүүд байгуулагдсан бөгөөд уг гэрээнүүдийн ажлын хөлсөнд нийт 704,406,033 төгрөгийг М ХХК-д төлсөн гэсэн байдаг. Гэтэл дээр дурдаад буй 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 18/63 дугаартай Өрлөг шаврын ажил гүйцэтгэх гэрээ-г М ХХК болон Э ХХК-ийн хооронд байгуулагдаагүй, харин Р ХХК болон М ХХК нарын хооронд байгуулагдсан төдийгүй ажлын төлбөрт Х цогцолбор хорооллын 59.45 м2 байрыг гүйцэтгэгчид олгохоор тохиролцсон. Өөрөөр хэлбэл 18/63 тоот гэрээний тухайд М ХХК болон Р ХХК-ийн хооронд харилцан үүрэг хүлээх ёстой атал Эн ти эм ХХК нь Р ХХК-тай харилцан төлбөр тооцоотой эсэх, төлбөр хүлээн авах, шаардах эрхийг шилжүүлсэн баримт бичиггүйгээр Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д Шаардах эрх шилжих тухай үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэх хүртэл үүрэг гүйцэтгэгч анхны үүрэг гүйцэтгэгчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэнэ гэж заасныг зөрчиж М ХХК-тай Өр төлбөр барагдуулах гэрээ-г байгуулсан. Мөн Өр төлбөр барагдуулах гэрээ-нд нийт барагдуулах өр төлбөрийн хэмжээг заагаагүй атлаа, төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд 46.25 м2 талбайтай 2 өрөө орон сууцыг буцаан өгөх тухай зохицуулсан. Гэвч дээрх орон сууцыг Өр төлбөр барагдуулах гэрээ байгуулагдахаас өмнө иргэн Б.Э-т хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээний үндсэн дээр шилжүүлсэн төдийгүй Б.Э нь уг орон сууцыг эзэмшиж, ашиглаж байгаа талаар Э ХХК нь мэдэж байсан атлаа талууд орон сууцны тухайд захиран зарцуулах эрх бүхий иргэн Б.Э-ын зөвшөөрөлгүйгээр түүний өмчлөх эрхийг хөндсөн гэрээ байгуулсан. Түүнчлэн маргаан бүхий гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т Төлбөр төлөгч төлбөрийг цаг тухайд нь төлөөгүй тохиолдолд хуулийн этгээдийн хөрөнгө, иргэн С.Б-ийн өөрийн болон гэр бүлийн дундын хөрөнгөөс ямар ч нөхцөлд төлбөрийг бүрэн барагдуулж төлбөр авагчийг хохиролгүй болгохоо баталж байна гэж заасан нь С.Б-ийн гэр бүлийн гишүүдийн дундын хөрөнгөө захиран зарцуулах эрхийг илтэд зөрчсөн, тэдгээрийн зөвшөөрөлгүй хийгдсэн гэрээ болохыг харуулж байна. Дээрх үндэслэлээр Төлбөр барагдуулах гэрээ нь хүчин төгөлдөр бусад тооцох гэрээ мөн болох нь тогтоогдож байгаа. Гэрээ хүчин төгөлдөр бус учир Иргэний хуулийн 56.5-р талууд өгсөн авснаа буцаах үр дагавар үүсэх ёстой. Ингэснээр Э ХХК-ийн болон М ХХК-ийн хооронд байгуулагдсан Өрлөг шаврын ажлын гэрээ, Заслын ажлын гэрээ тус бүрийн ажлын гүйцэтгэлийн хувь хэмжээ, төлбөр тооцоо бодитой, зөв гарч ирнэ. Мөн ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт шилжүүлэн авсан орон сууцыг хуульд заасан шаардлага хангаж гэрээ байгуулан худалдаж авсан иргэн Б.Э төдийгүй бусад хоёр иргэний хуулиар хамгаалагдсан өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрх, ашиг сонирхол зөрчигдөхөөс хамгаалах үр дагавартай гэжээ.

 

4. Хариуцагч З.О шүүхэд гаргасан тайлбартаа: Эм ти эм ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэгт хариуцагчаар З.О би татагдсаны дагуу нэхэмжлэлийн хариу тайлбарыг хүргүүлж байна. Миний бие 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр М ХХК-тай орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулж, ХУД, 0 дугаар хороо, 0 тоот, 38.63 м2 бүхий 0 өрөө орон сууцыг 70,000,000 төгрөгөөр тооцон худалдан авсан билээ. Гэрээний үүргийн дагуу 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр гэрээний төлбөрийг М ХХК-ийн захирал С. Б-т бэлнээр хүлээлгэн өгсөн байдаг. Үүнийг гэрээ болон төлбөр төлсөн баримтаар нотолж байна. Иймд би дээрх орон сууцыг хууль ёсны дагуу худалдаж, авсан тул уг компанийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй болно гэжээ.

 

5. Хариуцагч Ө.С шүүхэд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд Э ХХК-ийн нэхэмжлэлтэй, М ХХК, иргэн С.Б, З.О, Ө.С, Б.Э нарт холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэгдэж байна. Ө.С нь 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр М ХХК-тай Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулан Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, Үйлдвэрийн гудамж, 0 тоот Реасе town 0 хотхоны 0 тоот хаягт байрлах, 54.25 м2, 2 өрөө бүхий орон сууцыг худалдан авахаар гэрээ байгуулсан. Тус гэрээгээр орон сууцны төлбөр 100 хувь бүрэн төлөгдсөний дараа худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон бөгөөд энэ тухай гэрээнд Гэрээнд заасан төлбөрийн үүргээ худалдан авагч тал нь биелүүлсэн тохиолдолд Худалдагч тал дээрх орон сууцны хууль ёсны өмчлөх эрхийг ханган үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг худалдан авагч талын нэр дээр ажлын 5 хоногийн дотор гаргаж өгнө гэж заасан. Улмаар худалдан авагч болох Ө.С нь гэрээнд заасан үүргээ тогтоосон хугацаанд гүйцэтгэж, орон сууцны үнийг бүрэн төлсөн хэдий ч үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулж авч чадахгүй байсаар өнөөдрийг хүрээд байна. Ийнхүү худалдан авагч нь гэрээний үүргээ биелүүлж төлбөр төлж дуусгасан мөн үеэс хойш М ХХК-иас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхийг шаардсан бөгөөд тус компанийн зүгээс татгалзах зүйлгүй болохоо илэрхийлсэн хэдий ч М ХХК-ийг гэрээний үүргээ биелүүлэхэд хүндрэлтэй нөхцөлийг бий болгосон нэхэмжлэлийг Э ХХК гаргасан байна. Үүгээр зогсохгүй хуульд заасан шаардлага хангасан гэрээ байгуулж, зохих ёсоор орон сууцны төлбөр төлж, гэрээний талын өмнө хүлээсэн үүргээ бүрэн дүүрэн гүйцэтгэсэн иргэн Ө.С-г тус хэрэгт хариуцагчаар татаж ...С нарыг орон сууцнаас албадан нүүлгэж, бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасанд харамсаж байна. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-д Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх ... гэж Үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх хэлцлийн хүчин төгөлдөр байдлыг тодорхойлон заасан. Иргэн Ө.С нь М ХХК-тай байгуулсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулахдаа дээр заасан өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой заасан, талуудын орон сууц худалдах, худалдан авах хүсэл зоригийг хангалттай илэрхийлсэн гэрээг байгуулан нотариатаар батлуулсан нь Үл хөдлөх эд хөрөнгийн эрх шилжүүлэх тухайн гэрээний хууль ёсны байдлыг бүрэн хангасан гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлтэй тул орон сууцыг хууль бусаар эзэмшиж байгаа гэх нэхэмжлэлийн шаардлага хуулийн болон бодит үндэслэлгүй болох нь харагдаж байгаа юм. Цаашлаад Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д Эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно. Харин эрхээ шилжүүлж байгаа этгээд өмчлөгч бий болохыг тухайн үед мэдэж байсан буюу мэдэх ёстой буюу мэдэх боломжтой байсан бол өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй гэж заасан. Талуудыг Орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулах үед болон одоо ч М ХХК нь иргэн Ө.С-д орон сууцыг худалдах эрхгүй байх талаар тогтоогдсон баримтгүй бөгөөд Орон сууц худалдаалах эрх бүхий этгээд мөн тул тухайн этгээдтэй гэрээ байгуулахад нотариат дээр татгалзах үндэслэл ч гаргаж байгаагүй болохыг дурдах нь зүйтэй. Ийнхүү гэрээ байгуулсан мөн үеэс хойш иргэн Ө.С нь тухайн орон сууцанд гэр бүлийн хамт амьдарсаар ирсэн ба гэрээний тал болох М ХХК-ийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлсэн, хуульд заасан шаардлага хангасан гэрээ байгуулж, орон сууцны зохих ёсны өмчлөгч болсон иргэн Ө.С-г худалдан авсан орон сууцныхаа гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулах, орон сууцаа захиран зарцуулах эрхийг ноцтой хөндөж байгаа Э ХХК-ийн иргэн Ө.С-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Хариуцагч Б.Э шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Э ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй уншиж танилцаад, дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгчийн гаргасан Б.Э намайг орон сууцнаас албадан нүүлгэж, Бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч Б.Э миний бие анх 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр М ХХК-тай Орон сууц худалдах ба Худалдан авах гэрээг хийсэн бөгөөд энэхүү гэрээгээр Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Үйлдвэрийн гудамж, 0 албан ёсны хаягт байрлах 0 хотхоны 46.25 м2 0 өрөө 0 тоот орон сууцыг 78,000,000 \далан найман сая\ төгрөгөөр худалдан авахаар тохирч, гэрээгээ хийсэн. Намайг уг орон сууцыг худалдан авах үед М ХХК нь тухайн орон сууцыг бартераар авсан гэдгээ хэлж байсан ба худалдах эрхээ авсан хэмээн бартерын гэрээг үзүүлж мөн түлхүүрээ өөр дээрээ авсан байсан. Ингээд худалдан авагч Б.Э би Орон сууц худалдах ба худалдан авах гэрээнд заасны дагуу төлбөрөө цаг хугацаанд нь М ХХК-ийн захирал С.Б-т өгсөн байдаг бөгөөд түлхүүрээ авснаас хойш өнөөдрийг хүртэл тухайн орон сууцанд гэр бүлийн хамт амьдарч байна. Гэтэл М ХХК нь гэрээний 6-д заасны дагуу Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг 2019 оны 3 дугаар сард худалдан авагч талд гаргаж өгнө гэсэн үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлэхгүй байгаа болно. Би М ХХК-д удаа дараа Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөөч хэмээн хэлээд гаргаж өгөхгүй болохоор нь аргаа бараад М ХХК-ийн захирал С.Б-т холбогдуулан Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. 2020 оны 8 дугаар сард Улсын Прокуророос С.Б-ийн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй, Э ХХК-ийн зүгээс М ХХК-н захирал С.Б нь хийх ёстой ажлаа бүрэн гүйцэд хийгээгүй болохоор тухайн байрны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхөөс татгалзсан байгаа тул иргэд хоорондын маргаан байх тул.....гэсэн хариу өгсөн байдаг. Би дээрх орон сууцанд ямар нэгэн өртөг төлөлгүйгээр ороод хууль бусаар суугаад байгаа биш бөгөөд орон сууц худалдах ба худалдан авах гэрээг зохих ёсоор хийж төлбөр мөнгөө өгөөд орсон иргэн юм. Иймд миний бие дээрх нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй байна үзэж байгаа бөгөөд маргааны үндэслэл нь Э ХХК болон М ХХК-ийн хоорондын ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой маргаан байна, энэ маргаанаас болж иргэд хохирох учиргүй хэмээн үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү хэмээн тайлбар гаргаж байна гэжээ.

 

7. Хариуцагч М ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Э ХХК-ийн зүгээс М ХХК-тай 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Төлбөр барагдуулах гэрээ байгуулсан. Төлбөр барагдуулах гэрээ-гээр Э ХХК болон М ХХК-ийн хооронд байгуулагдсан дараах гэрээний үлдэгдэл төлбөртэй холбоотой харилцааг зохицуулсан. Үүнд:

1/ 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 18/15 дугаартай Өрлөг шаврын ажил гүйцэтгэх гэрээ;

2/ 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 18/31 дугаартай Заслын ажил гүйцэтгэх гэрээ;

3/ 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 18/39 дугаартай Заслын ажил гүйцэтгэх гэрээ;

4/ 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 18/63 дугаартай Өрлөг шаврын ажил гүйцэтгэх гэрээ. Харин М ХХК-ийн хувьд дээр дурдсан гэрээ тус бүрийн ажлын гүйцэтгэлийн хувь хэмжээ, гүйцэтгэсэн ажлын үнийн дүнг нэг бүрчлэн зөв тооцоогүйгээс Төлбөр барагдуулах гэрээ-ний үнийн дүн бодитой гарч чадаагүй, түүнчлэн тус гэрээ нь Иргэний хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн, хүчин төгөлдөр бус хэлцэл гэж маргаж байгаа бөгөөд шүүхээс уг хэрэгт шинжээчээр Хөрөнгийн үнэлгээний төв-ийг томилж ажиллуулсан. Хариуцагчийн зүгээс маргааныг шийдвэрлэхэд илүү хялбар, тодорхой болгох үүднээс тус шинжээчийн дүгнэлттэй маргахгүй, шинжээчийн гаргасан тооцооллоор сөрөг нэхэмжлэлийн шаардлага, хариу тайлбарын үндэслэлээ тодорхойлж байгааг дурдах нь зүйтэй. Түүнчлэн дээр дурдсан дөрвөн гэрээ нь тус тусдаа эрх зүйн үр дагаврыг үүсгэж байгаа бөгөөд гэрээ тус бүрээр талуудад үүссэн үүргийн харилцааг тодорхойлох нь зайлшгүй ач холбогдолтой. Учир нь гэрээ тус бүр нь хамтран хариуцагчаар татагдаад байгаа орон сууцыг худалдан авч төлбөрийг төлсөн шударга эзэмшигч нарын эрх ашигийг хөндөж байгаа юм. Тиймээс дараах сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргасан. Үүнд: Нэг. 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 18/15 дугаартай Өрлөг шаврын ажил гүйцэтгэх гэрээ-ний хувьд: Шинжээчийн дүгнэлтээр тус гэрээгээр гүйцэтгэсэн ажлын нийт үнэлгээг 200,646,500 төгрөг тодорхойлжээ. Харин тус гэрээний үнийн дүнд Э ХХК-ийн зүгээс М ХХК-д 142,021,200 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг бартераар, дансаар 30,637,200 төгрөг, нийтдээ 172,658,400 төгрөгийг төлсөн. Шинжээчийн дүгнэлтээр тогтоосон 200,646,500 төгрөгийн ажлын гүйцэтгэлээс хүлээж авсан 172,658,400 төгрөг, мөн тус гэрээний 3.6-д заасны дагуу дараагийн гэрээт ажлын төлбөрт шилжүүлэхээр тохирсон 9,407,616 төгрөгийг хасаад нийтдээ 18,580,484 төгрөгийг Э ХХК-ийн зүгээс М ХХК-д төлөхөөр байна. Дээр дурдсан төлбөрийг Э ХХК одоог болтол төлөөгүй ба гэрээний 4.8-д заасны дагуу алданги тооцвол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь буюу 9,290,247 төгрөгийн алданги, нийтдээ 27,870,726 төгрөг болж байна.

Хоёр. 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 18/31 дугаартай Заслын ажил гүйцэтгэх гэрээ-ний хувьд: Шинжээчийн дүгнэлтээр тус гэрээний дагуу нийтдээ 171,529,200 төгрөгийн ажлыг М ХХК хийж гүйцэтгэсэн гэж тодорхойлжээ. Уг гэрээний дагуу нийтдээ 205,142,400 төгрөгийн үнэлгээ бүхий 2 орон сууцыг Э ХХК-ийн зүгээс гэрээт ажлын гүйцэтгэлийн төлбөрт тооцон М ХХК-д шилжүүлэн өгсөн байна. /Үүнд: 1. Гэрээний 3.5.1-д зааснаар 0 төслийн барилгын 1 дүгээр орцны 3 давхарын 53.7 м2 2 өрөө орон сууцыг 117,000,000 төгрөгөөр тооцсон, гэрээний 3.5.2-д зааснаар 128 тоот 38.63 м2 талбайтай 2 өрөө орон сууцыг 88,076,400 төгрөгөөр тооцсон/. Нийт хүлээн авсан төлбөрөөс /205,142,400 төгрөг/ шинжээчийн дүгнэлтээр тогтоосон гүйцэтгэсэн ажлын хөлс /171,529,200 төгрөг/, тус гэрээний 3.9-д заасны дагуу өмнөх гэрээт /2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 18/15 дугаартай Өрлөг шаврын ажил гүйцэтгэх гэрээ/ ажлын үлдэгдэл буюу суутган тооцохоор тохирсон 9,407,116 төгрөгийг хасаж тооцвол нийтдээ 24,205,584 төгрөгийг М ХХК-ийн зүгээс Э ХХК-д буцааж төлөхөөр байна. Түүнчлэн гэрээний 3.6-д энэхүү гэрээний 3.5.1-д заасан орон сууцыг гүйцэтгэгч талын ажлын гүйцэтгэл 100 хувьд хүрч, гэрээнд заасан ажил бүрэн дуусч, улсын комисс ашиглалтад хүлээн авснаар; харин гэрээний 3.7-д Гэрээний 3.5.2-т заасан үл хөдлөх хөрөнгийн түлхүүрийг гэрээ байгуулагдсанаар, ажлын гүйцэтгэл 80 хувьд хүрснээр орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулан авахад шаардагдах баримт бичгийг гаргаж шилжүүлнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл тус гэрээнд заасны дагуу М ХХК нь гэрээт ажлыг хугацаандаа бүрэн хийж дуусгасан бөгөөд орон сууцнуудыг Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, холбогдох зөвшөөрлийг өгсөн болох нь хавтас хэрэгт авагдсан барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актаар нотлогдож байгаа. Гэтэл Э ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлж орон сууцнуудын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулахад шаардагдах баримт бичгийг одоог болтол гаргаж өгөхгүй хүндрэл учруулсаар одоог хүрлээ. Манай компанийн зүгээс нэгэнт гэрээт ажлыг бүрэн хийж дуусгасан тул Э ХХК гэрээнд заасан үүргээ биелүүлсэн тул гэрээгээр шилжүүлэн өгсөн орон сууцнуудыг гэрчилгээг гаргуулахад шаардлагатай баримтуудыг манай компанид гаргаж өгнө гэдэгт найдаж байсан учраас иргэн Ө.С-тай 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Орон сууц худалдах, худалдан авах гэрээ, иргэн З.О-той 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-үүдийг тус тус байгуулан, орон сууцыг шилжүүлэн өгч, холбогдох төлбөр тооцоог хүлээн авсан байдаг. Мөн иргэн З.О-той байгуулсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-ний 7 дугаар зүйлд Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хугацаанд гаргаж өгөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд нийт үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцон худалдан авагчид төлнө гэж заасан бөгөөд манай компанийн зүгээс үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулж өгөөгүй тохиолдолд алданги мөн төлөх үүргийг хүлээсэн. Дээр дурдсаны дагуу Э ХХК нь гэрээний үүргээ биелүүлж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримтыг одоог болтол гаргаж өгөхгүй байгаа учраас дээр дурдсан иргэдтэй байгуулсан гэрээний үүргээ манай компани биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Үүнтэй холбоотойгоор иргэн З.О манай компани руу удаа дараа хандан, 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр, 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрүүдэд мэдэгдэл ирүүлж арга буюу 25,000,000 төгрөгийг гэрээний үүрэг биелүүлээгүй алдангийг манай компанийн зүгээс төлсөн. Э ХХК-тай байгуулсан 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 18/31 дугаартай Заслын ажил гүйцэтгэх гэрээ-ний 7.7-д Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зохих ёсоор биелүүлээгүйгээс учруулсан хохирлыг нэг тал нь нөгөө талдаа нөхөн төлнө гэж зохицуулсан. Тиймээс Э ХХК-ийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс манай компанид учирсан хохирол болох иргэн З.О-д төлсөн 25,000,000 төгрөгийг Э ХХК-иас манай компани гаргуулан авах учиртай.

Гурав. 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 18/39 дугаартай Заслын ажил гүйцэтгэх гэрээ-ний хувьд: Тус гэрээний дагуу 219,925,526 төгрөгийн ажил хийхээр харилцан тохиролцсоноос Эн ти эм ХХК нь 108,250,000 төгрөгөөр тооцож барилгын 0 давхарын 46.25 м2 орон сууц, 20,000,000 төгрөгийг дансаар нийтдээ 128,250,900 төгрөгийг манай компанид төлсөн. Үүнээс шинжээчийн дүгнэлтийн дагуу 5,713,920 төгрөгний ажил хийсэн гэж тодорхойлсныг хасч тооцвол нийтдээ 122,536,200 төгрөгийн үлдэгдэл төлбөрийг М ХХК-ийн зүгээс буцааж төлөхөөр байгаа. Харин энэхүү гэрээ байгуулагдсаны дараа манай компанийн ажилчид гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэхээр барилга дээр очиход заслын ажил эхэлхийн өмнөх ажил дуусаагүй буюу зарим өрөөний хана дугуу, дам нуруунууд гүйцэд хийгдээгүй байсан тул тохирсон хугацаанд ажлаа эхэлж чадаагүй. Үүний улмаас манай компанийн ажилчид ажлаа эхлүүлж чадахгүйгээр 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сул цалин авч хүлээсэн бөгөөд тэрхүү хугацаанд тус гэрээнд заасан ажил эхэлж магадгүй гэж үзэн өөр ажил хийж чадахгүй байсан тул манай компани санхүүгийн хувьд ихээхэн хохирсон. Э ХХК-ийн зүгээс зарим орон сууцнуудын өрөөний ханыг хийж байхад хажуу ханыг нь хийж байх эсхүл заслын ажлыг хийж байхад хажуу ханыг нь давхар хийх талаар ярилцаж байсан бөгөөд ийм байдлаар заслын ажил хийвэл эргээд зассан ханыг доголдолтой бохир болгох учраас бэрхшээлтэй болохыг бидний зүгээс хэлж байсан. Дээр дурдсаны дагуу заслын ажил эхлүүлэх боломжгүй болсон, мөн заслын ажлаас өмнөх ажил хэзээ дуусах нь тодорхойгүй байсан бөгөөд Э ХХК-ийн зүгээс 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 18/39 дугаартай Заслын ажил гүйцэтгэх гэрээ-г татгалзаж, өөр этгээдүүдээр тухайн ажлыг гүйцэтгүүлсэн. Гэрээний 7.5-д Талууд гэрээнээс үндэслэлгүйгээр татгалзах эрхгүй бөгөөд аль нэг тал үндэслэлгүйгээр татгалзсан тохиолдолд гэрээний нийт үнийн дүнгийн 20 хувийн торгууль төлнө гэж заасан бөгөөд Э ХХК нь гэрээнээс үндэслэлгүйгээр татгалзаж өөр этгээдүүдээр ажлыг гүйцэтгүүлсэн тул манай компнид гэрээний үнийн дүнгийн 20 хувийн торгууль болох 43,985,000 төгрөгийг төлөх учиртай.

 
  Text Box: /

Түүнчлэн гэрээний дагуу шилжүүлэхээр тохиролцсон бартерийн Пийс таун2 барилгын 4 давхарын 46.25 м2 орон сууцыг барилга байгууламж ашиглалтад орж, улсын комисс барилгыг хүлээн авсны дараа шилжүүлэн өгсөн. Өөрөөр хэлбэл манай компанийн зүгээс Э ХХК-ийн удирдлагуудтай уулзаж Эн ти эм ХХК-ийн буруутай үйл ажиллагаа, гэрээ зөрчсөнөөс М ХХК-ийн ажилчид олон хоног цалинтай сул зогссон, компанид нилээдгүй хэмжээний хохирол учирсан, мөн гэрээнээс татгалзсан тохиолдолд алданги төлөхийг шаардахад Эн ти эм ХХК-ийн тухайн үеийн удирдлагууд ...танай компани тухайн барилгын заслын ажлыг бүгдийг нь гүйцэтгэсэн гэж гарын үсэг зураад ...Улсын комисст ажлыг хүлээлгээд өгчих, учир нь танай хийх ажлыг олон жижиг хувь хүмүүс хийсэн тул Улсын комиссд хүлээлгэж өгөх боломжгүй байгаа, харин түүний оронд гэрээгээр тохирсон орон сууцыг танайх шилжүүлж авах, төлбөр тооцооны асуудлыг ийм байдлаар дуусгая гэж тохирсон тул сүүлд бартерийн орон сууцыг манай компанийг ажлаа гүйцэтгэсэн гэж үзэн шилжүүлэн өгсөн. Гэтэл одоогийн удирдлага гэрээт ажлыг гүйцэтгээгүй, бартераар шилжүүлсэн байрны төлбөр, зөрүү мөнгийг буцааж өгөх ёстой гэж нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.

 

Дөрөв. 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 18/63 дугаартай Өрлөг шаврын ажил гүйцэтгэх гэрээ-ний хувьд: Энэ гэрээ нь Э ХХК болон М ХХК-ийн хооронд хэрэгжээгүй. Тухайн өдөр М ХХК болон Р ХХК-ийн хооронд байгуулагдах ёстой байсан гэрээг андуурч байгуулсан бөгөөд тус гэрээтэй холбоотой үүргийн харилцаа талуудын хооронд үүсээгүй. Харин 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн М ХХК болон Р ХХК-ийн хооронд байгуулагдсан Өрлөг шаврын ажил гүйцэтгэх гэрээ хэрэгжиж, дуусгавар болсон. Үүнтэй холбоотой тайлбарыг мөн өмнө нь М ХХК-ийн зүгээс гаргаж өгсөн бөгөөд тухайн гэрээний дагуу Р ХХК-тай ажлын гүйцэтгэлийн талаар тооцоо нийлсэн баримтыг хавсаргасан. Иймд дээр дурдсаны дагуу 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 18/15 дугаартай Өрлөг шаврын ажил гүйцэтгэх гэрээ-ний үлдэгдэл 18,580,484 төгрөг, алданги 9,290,247 төгрөг, нийт 27,870,726 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 18/31 дугаартай Заслын ажил гүйцэтгэх гэрээ-ний үүрэг зөрчсөнөөс манай компанид учирсан хохирол 25,000,000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 18/39 дугаартай Заслын ажил гүйцэтгэх гэрээ-нээс үндэслэлгүйгээр татгалзсантай холбоотой торгуульд 43,985,000 төгрөг, нийт 96,855,726 төгрөгийг Э ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

8. Э ХХК-иас М ХХК-ийн сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч М ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаатай холбогдуулан хууль зүйн үндэслэл бүхий дэлгэрэнгүй тайлбараа өгсөн. Ер нь бол 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 19/144 дугаартай Төлбөр барагдуулах гэрээ байгуулагдсанаар талуудын хооронд өмнө үүссэн бүхий л гэрээний харилцаа дууссан. Ийм учраас М ХХК эдгээр гэрээнүүдийн дагуу шаардах эрхгүй гэжээ.

 

9. Хариуцагч Б.Э шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Б.Э миний бие нь 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр МАСТГ ХХК-ийн захирал С.Б-тай Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар байрны 0 тоот хаягт байрлах, 46.25 м2 талбайтай, 2 өрөө орон сууцыг 78,000,000 төгрөгөөр Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-г хийж, төлбөрийг бүрэн гүйцэд төлж барагдуулснаар тухайн орон сууцанд 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл амьдарч байгаа болно. Э ХХК нь М ХХК-тай 2018 оны 4 сараас эхлэн барилгын дотор заслын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, ажлын хөлсөндөө бартераар миний амьдарч буй 79 тоот орон сууцыг өгсөн байдаг. Миний бие тухайн орон сууцны үнэ хөлсийг бүрэн гүйцэд төлж барагдуулсан тул орон сууцаа өөрийн өмчлөлд бүртгүүлэхээр Эд хөрөнгө бүртгэлийн газарт хандах гэсэн боловч Эн ти эм ХХК болон М ХХК нь ажил гүйцэтгэх гэрээнээс үүдэлтэй ажлын дутуу хөлсөө нэхэмжилсэн маргаан өнөөдрийг хүртэл шүүх дээр үргэлжилж байгаа тул Эд хөрөнгийн бүртгэлд бүртгүүлж чадахгүйд хүрээд байгаа болно. Гэтэл Э ХХК нь Б.Э намайг хариуцагчаар татаж нэхэмжлэл гардуулсан байх тул би тус шүүхэд хандан Э ХХК-д холбогдуулан дараах сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Үүнд: 1/ Э ХХК-ийн нэр дээр буй Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, 0 /Peace town2/ хотхон, 0 дугаар байр, 0 тоот хаягт байршилтай, 46.25м2 талбайтай орон сууцны гэрчилгээг хүчингүйд тооцуулах; 2/ Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо,  0 хотхон, 0 дугаар байр, 0 тоот хаягт байршилтай, 0 талбайтай орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох. Сөрөг нэхэмжлэлийг бүрэн хангаж өгнө үү гэжээ.

 

10. Э ХХК-иас Б.Э-ын сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Б.Э-ын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь бид Б.Э-тай ямар нэг гэрээний харилцаанд ороогүй, түүнд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийг шилжүүлэх талаар зөвшөөрлийг С.Б болон М ХХК-д өгөөгүй. Бусдын өмчлөлийн эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж байр авсан явдалд бид ямар ч буруугүй гэжээ.

 

 

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэгт дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Э ХХК болон М ХХК-иудын хооронд дараах гэрээнүүд байгуулагджээ. Үүнд:

 

1/ 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн АГГ18/15 дугаартай Өрлөг шаврын ажил гүйцэтгэх гэрээ /1 хавтас, хх50-52/;

2/ 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн АГГ18/31 дугаартай Заслын ажил гүйцэтгэх гэрээ /1 хавтас, хх47-49/;

3/ 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн АГГ18/39 дугаартай Заслын ажил гүйцэтгэх гэрээ /1 хавтас, хх60-62/;

4/ 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн АГГ18/63 дугаартай Өрлөг шаврын ажил гүйцэтгэх гэрээ /1хавтас, хх44-46/.

 

Нэг талаас ажил гүйцэтгэгч тодорхой ажлын үр дүнг нийлүүлэх, нөгөө тал буюу захиалагч нь тохирсон хөлс төлөх 2 талт үүрэг бүхий гэрээг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д тодорхойлсон. Эн ти эм ХХК болон М ХХК-иудын хооронд байгуулагдсан дээрх гэрээнүүдийн заалт, агуулгуудаас үзэхэд талуудын хооронд эдгээр гэрээнүүдийн дагуу ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.

 

Улмаар 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Э ХХК /төлбөр хүлээн авагч/ болон М ХХК /төлбөр барагдуулагч/-иуд №19/114 тоот Төлбөр барагдуулах гэрээ байгуулагдсан ба уг гэрээгээр талууд дараах гол нөхцөлүүдийг харилцан тохирчээ. Үүнд:

1. Төлбөр барагдуулагч төлбөр хүлээн авагчид өр төлбөртэй гэдгээ бүрэн хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд дараах хуваарийн дагуу төлбөрийг бүрэн төлж барагдуулна. Үүнд:

1/ 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 20,000,000 төгрөгийг ажлын гүйцэтгэл болон бэлнээр;

2/ 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 80,000,000 төгрөгийг ажлын гүйцэтгэл бэлнээр;

3/ Төлбөр барагдуулагч үлдэгдэл төлбөрийн эцсийн тооцоог 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор нийлж 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор бэлнээр тус тус төлж барагдуулна.

4/ Төлбөр төлөгч нь энэхүү гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөрөө төлж барагдуулаагүй, бүрэн төлж дуусгаагүй тохиолдолд үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг төлбөр авагчид төлнө.

5/ Төлбөр барагдуулагч нь энэхүү гэрээний хуваарийн дагуу, тохиролцсон хугацаанд төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд талуудын өмнө байгуулсан 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 18/15 дугаартай Өрлөг шаврын ажил гүйцэтгэх гэрээ, 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 18/31 дугаартай Заслын ажил гүйцэтгэх гэрээ, 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 18/39 дугаартай Заслын ажил гүйцэтгэх гэрээ, 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 18/63 дугаартай Өрлөг шаврын ажил гүйцэтгэх гэрээ-нүүдэд заасан орон сууцнуудын тог, ус цахилгааныг таслах арга хэмжээг төлбөр хүлээн авагч авна.

6/ Гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд төлбөр хүлээн авагч 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 18/39 дугаартай Заслын ажил гүйцэтгэх гэрээ-г дангаар цуцалж, тус гэрээнд заасан  барилгын 0 дугаар орцны 0 давхарын 46.25м2 талбайтай 2 өрөө орон сууцыг төлбөр барагдуулагч буцаан өгнө.

7/ Төлбөр төлөгч нь төлбөрийг цаг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хуулийн этгээдийн хөрөнгө, иргэн С.Б-ийн өөрийн болон гэр бүлийн дундын хөрөнгөөс ямар ч нөхцөлд төлбөрийг бүрэн барагдуулж төлбөр авагчийг хохиролгүй болгоно.

 

Нэг. Үндсэн нэхэмжлэл:

 

1. Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч М ХХК, С.Б нарт холбогдуулж 273,797,637 төгрөг гаргуулах тухай шаардлагыг гаргасан /3 хавтас, хх79, 80/.

 

Дээрх шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч ...2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээний ...дагуу хариуцагч нараас ...үндсэн төлбөрт 182,531,758 төгрөг, алданги 91,265,879 төгрөг, нийт 273,797,637 төгрөг гаргуулна гэж тайлбарласан.

 

а/ Эрх зүйн бүрэн чадамжтай этгээдүүд гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах эрхтэй. Нэхэмжлэгч Э ХХК болон хариуцагч М ХХК-иуд 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 18/15 дугаартай Өрлөг шаврын ажил гүйцэтгэх гэрээ, 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 18/31 дугаартай Заслын ажил гүйцэтгэх гэрээ, 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 18/39 дугаартай Заслын ажил гүйцэтгэх гэрээ, 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 18/63 дугаартай Өрлөг шаврын ажил гүйцэтгэх гэрээ-нүүдийн хүрээнд үүссэн маргаантай асуудлыг хэрхэн шийдвэрлэх арга зам, хугацаагаа 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээ-гээр харилцан тохирсон байгаа нь хууль зөрчөөгүй буюу талуудын хооронд хийгдсэн Төлбөр барагдуулах гэрээ нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 43 дугаар зүйлийн 43.2.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсгүүдэд нийцсэн, хүчин төгөлдөр байна.

 

Аливаа гэрээ хүчин төгөлдөр тохиолдолд гэрээнд заасан үүргээ талууд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэл, үр дагавар, учирсан хохирлыг шаардах боломжтой.

 

Иймд Э ХХК нь 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээ-гээр тохирсон төлбөрийг хариуцагч М ХХК-иас Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсгүүдэд заасны дагуу шаардах эрхтэй.

 

Харин 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээ-ний 2.1.1-д ...20,000,000 төгрөг, 2.1.2-т ...80,000,000 төгрөг гэснийг үндэслэн М ХХК-ийн нэхэмжлэгчид төлөх төлбөрийн хэмжээг 100,000,000 төгрөг гэж үзэх нь Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт нийцнэ.

 

б/ Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэх бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийхийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.3 дахь хэсгүүдэд заажээ.

 

Мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэжээ.

 

2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 19/114 тоот Төлбөр барагдуулах гэрээ-ний 2.3Төлбөр төлөгч нь энэхүү гэрээний 2.1.1.-2.1.3-т заасан хуваарийн дагуу төлбөрөө төлж барагдуулаагүй, бүрэн төлж дуусгаагүй тохиолдолд үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг төлбөр авагчид төлнө гэж заасан байна.

Дээрх байдлаар нэхэмжлэгч болон хариуцагч талууд гэрээний хариуцлага буюу алданги төлөх талаар харилцан тохирсон, хариуцагч талаас үүргээ бүрэн гүйцэтгээгүй байх тул хариуцагчаас 50,000,000 төгрөгийн алдангийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэх нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.3, 232.4, 232.6 дахь хэсгүүдтэй харшлахгүй.

 

Нэхэмжлэгчийн ...төлбөр барагдуулах гэрээний 3.3-т ...төлбөр төлөгч нь төлбөрийг цаг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хуулийн этгээдийн хөрөнгө, иргэн С.Б-ийн өөрийн болон гэр бүлийн дундын хөрөнгөөс ямар ч нөхцөлд төлбөрийг бүрэн барагдуулж төлбөр авагчийг хохиролгүй болгохоо баталж байна гэж заасан учир хувь хүнийг хариуцагчаар татсан гэх тайлбар үндэслэлгүй, хариуцагч С.Б нь Э ХХК-тай Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д зааснаар гэрээний харилцаанд ороогүй тул хариуцагч С.Б-т холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно.

 

Хуулиар хориглосон зүйлс аливаа этгээдүүдийн хэлцлийн зүйл буюу гол нөхцөл болох учиргүй бөгөөд байгуулагдсан цагаасаа хүчин төгөлдөр байх үндэслэлгүй хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлд жагсаан бичсэн. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д Дараах хэлцэл хүчин төгөлдөр бус байна, 56.1.1хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл, 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж тус тус заажээ.

 

Иргэний хэргийн оролцогчдоос хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан тайлбар нотлох баримтаар үнэлэгдэхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.2.2, 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгүүдэд заасан.

 

Хариуцагч М ХХК-ийн захирал С.Б-ийн шүүх хуралдаанд гаргасан ...төлбөр барагдуулах гэрээгээр нийт 100,000,000 төгрөгийг төлнө гэж тохирсныг тухайн үедээ зөвшөөрч байсан. Гэтэл гэнэт нэмээд 200,000,000 орчим төгрөгийн төлбөрийн асуудал гараад ирэхээр нь би маргаж эхэлсэн гэх тайлбарыг М ХХК-ийн Э ХХК руу явуулсан 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01/01 тоот ...Танай компанитай хийсэн АГГ-18/15 дугаартай Өрлөг шаврын ажил гүйцэтгэх гэрээ, АГГ-18-39, АГГ-18/31 дугаартай Заслын ажил гүйцэтгэх гэрээ, АГГ-18/63 дугаартай Өрлөг шаврын ажил гүйцэтгэх гэрээ-нүүдийг дүгнэн хоёр талаас тооцоо нийлж манай компани нь танай компанид 283,356,758 төгрөгийн өрийн үлдэгдэлтэй гарсан. Энэ төлбөр тооцоог 2020.04.01-ээс эхлэн бидний харилцан ярьж тохиролцсоны үндсэн дээр өрлөг, шавар, плита, паркетны ажлын гүйцэтгэлээр төлж барагдуулах хүсэлтэй байна. Иймд бидний хүсэлтийг хүлээн авна уу гэсэн албан бичигтэй харьцуулан судлахад 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Төлбөр барагдуулах гэрээ-г М ХХК-ийн зүгээс өөрийн хүсэл зоригоо бүрэн илэрхийлж хийсэн гэж үзэхээр байна.

 

Тодруулбал, 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Э ХХК болон М ХХК-иудын хооронд байгуулагдсан №19/114 тоот Төлбөр барагдуулах гэрээ-ний 2.6, 3.3 дахь заалтуудыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл, 56.1.8 дахь хэсэгт заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэхгүйгээс гадна хэлцлийн зарим хэсэг хүчин төгөлдөр бус гэж тооцогдсон боловч үлдсэн хэсэг нь уг хэлцлийн зорилтыг хангаж чадахуйц байвал хэлцэл хүчин төгөлдөр хэвээр үлдэхийг Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасан. Иймд хариуцагчийн ...гэрээний зарим заалтууд хүчин төгөлдөр бус учир төлбөр барагдуулах гэрээ өөрөө байгуулагдсан цагаасаа хүчин төгөлдөр бус байна. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар талууд өгсөн авснаа буцаан өгөх учиртай гэх татгалзал үндэслэл муутай гэж шүүхээс үзлээ.

 

2. Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч Б.Э, Ө.С, З.О нарт холбогдуулж Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, үйлдвэрийн гудамж, 0 дугаар байрны 0 тоот хаягт байршилтай 2 өрөө орон сууцнаас Б.Э-ыг, Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, үйлдвэрийн гудамж, 0 дугаар байрны 0 тоот хаягт байршилтай 0 өрөө орон сууцнаас Ө.С-г, Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, 0 дүгээр байрны 0 тоот хаягт байршилтай 2 өрөө орон сууцнаас З.О-ыг албадан нүүлгүүлж, эдгээр орон сууцнуудыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлагуудыг гаргасан /2 хавтас, хх67-71/.

 

Дээрх шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч ...Э ХХК нь М ХХК-тай 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан 18/31 дугаартай Заслын ажил гүйцэтгэх гэрээ-ний төлбөрт бартераар Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Үйлдвэрийн гудамж, 0 дугаар байр, 54.04 м2 талбайтай, 0 тоот орон сууцыг 117,807,200 төгрөгт тооцож, Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, 0 дүгээр байр, 0 дугаар давхарын 38.63 м2 талбайтай, 0 тоот орон сууцыг 88,076,400 төгрөгт тооцож тус тус шилжүүлэхээр тохирсон. Мөн 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 18/39 дугаартай Заслын ажил гүйцэтгэх гэрээ-ний төлбөрт бартераар Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Үйлдвэрийн гудамж, 33 дугаар байр, 79 тоот хаягт байрлах орон сууцыг 100,825,000 төгрөгт тооцож шилжүүлэхээр тохирсон. Гэвч М ХХК нь ажлаа бүрэн гүйцэд хийгээгүй, дутуу гүйцэтгэсэн тул дээрх 3 орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж өгөөгүй байгаа. Гэтэл дээрх 3 орон сууцыг З.О, Ө.С, Б.Э нарын гурван иргэн хууль бусаар эзэмшиж байх бөгөөд манай байгууллагаас эдгээр иргэдийг тухайн орон сууцанд оруулах, нэвтрүүлэх, амьдруулах зөвшөөрөл өгөөгүй. Манай компанийн зүгээс эдгээр иргэдтэй ямар нэг гэрээ хэлцэл байгуулаагүй ба эдгээр иргэдээс манай компани орон сууцны төлбөр огт аваагүй гэж тайлбарласан /3 хавтас, хх 79-80/.

 

Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй болохыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заажээ.

 

Харин энэхүү эрхийг хэрэгжүүлэхийн тулд шаардах эрхийг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд нь зөвхөн өмчлөгч өөрөө байх, шаардлагыг биелүүлэх хариуцагч этгээд нь хууль ёсны өмчлөгчийн эд хөрөнгийг өөрийн эзэмшил, ашиглалт байлгаж байх, өмчлөгчийн шаардлагыг биелүүлэх үүрэг бүхий этгээд нь тухайн эд юмсыг эзэмших эрхгүй байх урьдчилсан нөхцлүүд бүрдэх ёстой.

 

Зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд эрхийн улсын Ү- дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, Үйлдвэр /17060/, Үйлдвэрийн гудамж, 0 дугаар байрны 0 тоот хаягт байршилтай, 46.25м2 талбайтай, 0 орон сууц нь хариуцагч Б.Э-ын,

эрхийн улсын Ү-0 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, Үйлдвэр /17060/, Үйлдвэр гудамж, 0 дугаар байрны 0 тоот хаягт байршилтай, 0 талбайтай, 2 орон сууц нь хариуцагч Ө.С-ийн,

эрхийн улсын Ү-0 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 0 хороолол, то ван гудамж, 0 дүгээр байрны 0 тоот хаягт байршилтай, 0м2 талбайтай, 0 орон сууцыг хариуцагч З.О эзэмшил, ашиглалтад байгаа, харин эдгээр үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгч нь Э ХХК болох нь тогтоогдож байна.

 

Хэрэгт цугларсан баримтуудаар хариуцагч Б.Э, Ө.С, З.О нар нь маргаан бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн болох нь тогтоогдоогүй ба нэхэмжлэгчийн ...гэрээнд заасны дагуу Э ХХК-ийн зөвшөөрөлгүйгээр бартерийн орон сууцнуудыг гуравдагч этгээдэд шилжүүлэх боломжгүй гэх тайлбар үндэслэлтэй байх тул хариуцагч нарын хууль бус эзэмшлээс орон сууцнуудыг тус тус чөлөөлж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасантай нийцнэ гэж шүүхээс үзлээ.

 

Хоёр. Сөрөг нэхэмжлэл:

 

1. М ХХК-ийн сөрөг нэхэмжлэл:

 

Хариуцагч М ХХК нь нэхэмжлэгч Э ХХК-д холбогдуулж дараах сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Үүнд:

 

1/ 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 18/15 дугаартай Өрлөг шаврын ажил гүйцэтгэх гэрээ-ний үлдэгдэл 18,580,484 төгрөг, алданги 9,290,247 төгрөг, нийт 27,870,726 төгрөг гаргуулах;

2/ 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 18/31 дугаартай Заслын ажил гүйцэтгэх гэрээ-ний үүрэг зөрчсөнөөс манай компанид учирсан хохирол 25,000,000 төгрөг гаргуулах;

3/ 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 18/39 дугаартай Заслын ажил гүйцэтгэх гэрээ-нээс үндэслэлгүйгээр татгалзсантай холбоотой 43,985,000 төгрөг гаргуулах буюу нийт 96,855,726 төгрөгийг Эн ти эм ХХК-иас гаргуулах /2 хавтас, хх172-190, 229-232/.

 

М ХХК нь 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 18/15 дугаартай Өрлөг шаврын ажил гүйцэтгэх гэрээ-ний үлдэгдэл 18,580,484 төгрөг, алданги 9,290,247 төгрөг, нийт 27,870,726 төгрөг гаргуулах тухай шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасны дагуу,

2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 18/31 дугаартай Заслын ажил гүйцэтгэх гэрээ-ний үүрэг зөрчсөнөөс манай компанид учирсан хохирол 25,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасны дагуу,

2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 18/39 дугаартай Заслын ажил гүйцэтгэх гэрээ-нээс үндэслэлгүйгээр татгалзсантай холбоотой 43,985,000 төгрөг гаргуулах тухай шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж тус тус заасны дагуу тодорхойлсон гэж үзэхээр байна.

Эрх зүйн бүрэн чадамжтай этгээдүүд гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах эрхтэйг, мөн нэхэмжлэгч Эн ти эм ХХК болон хариуцагч МАСТГ ХХК-иуд 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 18/15 дугаартай Өрлөг шаврын ажил гүйцэтгэх гэрээ, 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 18/31 дугаартай Заслын ажил гүйцэтгэх гэрээ, 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 18/39 дугаартай Заслын ажил гүйцэтгэх гэрээ-нүүдийн хүрээнд өөрсдийн хооронд үүссэн маргаантай асуудлыг хэрхэн шийдвэрлэх арга зам, хугацаагаа 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээ-гээр харилцан тохирсон, уг Төлбөр барагдуулах гэрээ нь хүчин төгөлдөр байгаа талаар өмнө дүгнэсэн.

 

Иргэний хуулийн 236-240 дүгээр зүйлүүдэд үүрэг гүйцэтгэгч болон үүрэг гүйцэтгүүлэгч нарын хооронд үүссэн эрх зүйн бүхий л харилцаа ямар үед дуусгавар болохыг зохицуулсан ба мөн хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон гэжээ.

 

Хариуцагч МАСТГ ХХК-ийн хувьд нэхэмжлэгчтэй 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Төлбөр барагдуулах гэрээ-г байгуулснаар 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 18/15 дугаартай Өрлөг шаврын ажил гүйцэтгэх гэрээ, 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 18/31 дугаартай Заслын ажил гүйцэтгэх гэрээ, 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 18/39 дугаартай Заслын ажил гүйцэтгэх гэрээ-нүүдийн дагуу аливаа /алданги, хохирол/ шаардах эрх дуусгавар болсон байна.

 

Ийм учраас нийт 96,855,726 төгрөгийг нэхэмжлэгч Э ХХК-иас гаргуулах тухай хариуцагч М ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно.

 

2. Хариуцагч Б.Э-ын сөрөг нэхэмжлэл:

 

Хариуцагч Б.Э нь нэхэмжлэгч Э ХХК-д холбогдуулж дараах сөрөг нэхэмжлэлийг гаргасан /3 хавтас, хх155/. Үүнд:

 

1/ Э ХХК-ийн нэр дээр буй Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, Пийс таун 0 /Peace town2/ хотхон, 0 дугаар байр, 0 тоот хаягт байршилтай, 46.25м2 талбайтай орон сууцны гэрчилгээг хүчингүйд тооцуулах;

2/ Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, хотхон, 0 дугаар байр, 0 тоот хаягт байршилтай, 46.25м2 талбайтай орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох;

 

Дээрх шаардлагын үндэслэлээ Б.Э ...2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр С.Б-аас худалдан авч, 78,000,000 төгрөгийг бүрэн төлсөн. Уг орон сууцанд 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс өнөөдрийг хүртэл амьдарч байгаа, байрны хууль ёсны өмчлөгч гэж тайлбарласан.

 

Эн ти эм ХХК-ийн нэр дээр буй Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, 0 хотхон, 0 дугаар байр, 0 тоот хаягт байршилтай, 46.25м2 талбайтай орон сууцны гэрчилгээг хүчингүйд тооцуулах тухай шаардлага нь Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар байр, 0 тоот хаягт байршилтай, 46.25м2 талбайтай орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлагын үндэслэл байна.

 

Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт Эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно. Харин эрхээ шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг тухайн үед мэдэж байсан буюу мэдэх ёстой буюу мэдэх боломжтой байсан бол өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй гэжээ.

 

Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд маргаан бүхий орон сууц М ХХК эсхүл С.Б нарын өмчлөлд байгаагүй талаар Б.Э нь мэдэж байсан гэж үзэхээр байгаагаас гадна Э ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийг Б.Э-ын өмчлөлд шилжүүлэх үүргийг хууль болон гэрээний дагуу хүлээгээгүй байна.

 

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй талаар зохицуулсан. Э ХХК нь Б.Э-ын өмнө үүрэг гүйцэтгэх эрхтэй этгээд биш учир гэрээний дагуу үүрэг хүлээгээгүй этгээдээс орон сууцны өмчлөх эрхийг гаргуулах хууль зүйн үндэслэлгүй.

 

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу Б.Э-ын сөрөг нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжгүй, Б.Э нь М ХХК-тай гэрээ байгуулж, худалдан авсан гэх үл хөдлөх эд хөрөнгийн төлбөрийг хийсэн явдал нь түүнд маргаан бүхий орон сууцыг өмчлөх эрхийг үүсгэхгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч М ХХК-иас 150,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч С.Б болон 123,797,637 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан эрхийн улсын Ү-0 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, Үйлдвэр /17060/, Үйлдвэрийн гудамж, 0 дугаар байрны 0 тоот хаягт байршилтай, 46.25м2 талбайтай, 2 орон сууцыг хариуцагч Б.Э-ын,

эрхийн улсын Ү-0 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг,  0 дугаар хороо, Үйлдвэр /17060/, Үйлдвэр гудамж, 0 дугаар байрны 0 тоот хаягт байршилтай, 54.04м2 талбайтай, 0 орон сууцыг хариуцагч Ө.С-ийн,

эрхийн улсын Ү-0 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 0 хороолол, то ван гудамж, 0 дүгээр байрны 0 тоот хаягт байршилтай, 0 талбайтай, 0 орон сууцыг хариуцагч З.О-ы хууль бус эзэмшлээс тус тус албадан чөлөөлсүгэй.

 

3. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсгүүдэд заасан үндэслэлгүй тул Э ХХК-иас нийт 96,855,726 төгрөг гаргуулах тухай хариуцагч М ХХК-ийн,

Эн ти эм ХХК-ийн нэр дээр буй Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар байр, 0 тоот хаягт байршилтай, 46.25м2 талбайтай орон сууцны гэрчилгээг хүчингүйд тооцуулах, Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо,  хотхон, 0 дугаар байр, 0 тоот хаягт байршилтай, 46.25м2 талбайтай орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай Б.Э-ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэгч Э ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр төлсөн 2,283,125 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 210,600 төгрөг, хариуцагч М ХХК-иас 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр төлсөн 1,417,173 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр төлсөн 502,875 төгрөг, 657,950 төгрөг, хариуцагч Б.Э-аас улсын тэмдэгийн хураамжид 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр төлсөн 547,950 төгрөгүүдийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-иас 907,950 төгрөгийг, хариуцагч Б.Э, Ө.С, З.О нараас тус бүр 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Эн ти эм ХХК-д олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ХАНГАЛ