Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2023/01567

 

 

НИМ-ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч С.Энхбаяр, шүүгч Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2023/01167 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч НИМ-ХХК-ийн хариуцагч М-ХХК, Б.А, Э.Р, С.Ү, О.Т- нарт холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 273,797,637 төгрөг болон орон сууц чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэл, НИМ-ХХК-аас 96,855,726 төгрөг гаргуулах М-ХХК-ийн сөрөг нэхэмжлэл, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Пийс таун 2 хотхон, 33 дугаар байр, 79 тоот хаягт байрлах 46,25 м.кв орон сууцны гэрчилгээг хүчингүйд тооцуулж тус орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох Э.Р-ын сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Даваажаргал, түүний өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ, хариуцагч М-ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянга, хариуцагч Б.А,, түүний өмгөөлөгч Б.Батбаяр, Ч.Ганзориг, хариуцагч О.Т-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хишигжаргал, хариуцагч С.Ү-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гэрэлтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. НИМ-ХХК нь М-ХХК-ийн хооронд байгуулагдсан Төлбөр барагдуулах гэрээний 2.1.3-т төлбөр барагдуулагч үлдэгдэл төлбөрийг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор бэлнээр тус тус төлж барагдуулахаар, 2.7-д хуваарийн дагуу төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд төлбөр хүлээн авагч нь Пийс таун 2 /Peace town2/ барилгын 2 дугаар орцны 4 давхрын 46,25 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг төлбөр барагдуулагч буцаан өгөхөөр тохиролцсон. Төлбөр барагдуулах гэрээний 3.3-т ...төлбөр төлөгч нь төлбөрийг цаг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хуулийн этгээдийн хөрөнгө, иргэн Б.А,ийн өөрийн болон гэр бүлийн дундын хөрөнгөөс ямар ч нөхцөлд төлбөрийг бүрэн барагдуулж төлбөр авагчийг хохиролгүй болгохоо баталж байна гэж заасан учир М-ХХК-ийн захирал Б.А,ийг хувь хүнээр нь хариуцагчаар татсан болно. Хариуцагч гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөрийг төлөөгүй бөгөөд дээрх орон сууцны өмчлөх эрх НИМ-ХХК-д байгаа тул төлбөр барагдуулах гэрээний 2-т заасны дагуу Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Пийс таун 2 /Peace town2/ хотхоны 4 давхрын 46,25 м.кв талбай бүхий 79 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцны үнэ болох 100,825,000 төгрөгт ногдох хэсгээр гэрээ биелэгдсэн гэж үзээд түүнд ногдох алданги 50,412,500 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж М-ХХК болон Б.А, нараас Төлбөр барагдуулах гэрээний үндсэн төлбөрт 182,531,758 төгрөг, алданги 91,265,879 төгрөг, нийт 273,797,637 төгрөг гаргуулна.

1.2. НИМ-ХХК нь М-ХХК-тай 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 18/15 дугаартай Өрлөг шаврын ажил гүйцэтгэх гэрээ, 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 18/31 дугаартай Заслын ажил гүйцэтгэх гэрээ, 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 18/39 дугаартай Заслын ажил гүйцэтгэх гэрээ, 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 18/63 дугаартай Өрлөг шаврын ажил гүйцэтгэх гэрээг тус тус байгуулсан. Дээрх гэрээнээс 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 18/31 дугаартай Заслын ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт бартераар Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн гудамж, 33 дугаар байр, 54.04 м.кв талбайтай, 12 тоот орон сууцыг 117,807,200 төгрөгт тооцож, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 24 дүгээр байр, 12 дугаар давхрын 38,63 м.кв талбайтай, 128 тоот орон сууцыг 88,076,400 төгрөгт тооцож тус тус шилжүүлэхээр тохирсон. Мөн 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 18/39 дугаартай Заслын ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт бартераар Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн гудамж, 33 дугаар байр, 79 тоот хаягт байрлах орон сууцыг 100,825,000 төгрөгт тооцож шилжүүлэхээр тохирсон. Гэвч М-ХХК ажлаа бүрэн гүйцэд хийгээгүй, дутуу гүйцэтгэсэн тул дээрх 3 орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж өгөөгүй. Гэтэл дээрх 3 орон сууцыг О.Т-, С.Ү-, Э.Р- нар эзэмшиж байгаа бөгөөд НИМ-ХХК орон сууцанд эдгээр иргэдийг орохыг зөвшөөрөөгүй. Иймд Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрийн гудамж, 33 дугаар байрны 79 тоот хаягт байршилтай, 2 өрөө орон сууцнаас иргэн Э.Р-ыг, мөн дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн гудамж, 33 дугаар байрны 12 тоот хаягт байршилтай, 2 өрөө орон сууцнаас иргэн С.Ү-г, 2 дугаар хороо, 24 дүгээр байр, 12 дугаар давхрын 128 тоот 2 өрөө орон сууцнаас иргэн О.Т-ыг тус тус албадан нүүлгэж, дээрх орон сууцуудыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Б.А,ийн тайлбар, татгалзлын агуулга:

Б.А, НИМ-ХХК-тай гэрээ байгуулаагүй тул төлбөр үүрэггүй. НИМ-ХХК болон М-ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр бус. М-ХХК-ийг төлөөлж Б.А, гарын үсэг зурсан. Уг гэрээнд 100,000,000 төгрөг төлөхөөр заасан. Гэтэл НИМ-ХХК 200,000,000 төгрөг нэхэмжилснийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Хариуцагч М-ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга:

НИМ-ХХК болон М-ХХК-ийн хооронд 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 19/144 дугаартай Төлбөр барагдуулах гэрээ байгуулагдсан. Энэхүү гэрээг байгуулахад НИМ-ХХК нь М-ХХК-ийн хүсэл зоригийг үл харгалзан нэг талын хүсэл зоригийг илэрхийлж, өөрийн давуу байдлыг ашигласан. Тус гэрээ нь хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан. Талууд гэрээт ажлын гүйцэтгэл, төлбөрийн тооцооллын талаар хоёр талаас эцэслэн батлаагүй, өр төлбөр барагдуулах шаардлагатай эсэх, хэрэв тийм бол нийт хэдэн төгрөгийн өр төлбөр барагдуулах эсэхийг тогтоогоогүй. Гэрээний 2.1.3-т Төлбөр барагдуулагч үлдэгдэл төлбөрийн эцсийн тооцоог 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор нийлж 2019 оны 12 дугаар сарын 30-ны дотор бэлнээр тус тус төлж барагдуулна гэж заажээ. Гэтэл өр төлбөр барагдуулах гэрээний гол нөхцөл нь нийт хэдэн төгрөгийн өр төлбөрийг ямар хугацаанд төлөх талаар байх ёстой атал гэрээгээр барагдуулах нийт өр төлбөрийн хэмжээг тогтоохгүйгээр төлбөр барагдуулах гэрээ байгуулсан нь талууд гэрээний гол нөхцөлийн талаар тохиролцоогүй буюу гэрээнд тусгаагүй, нийт барагдуулах өр төлбөрийн хэмжээг тодорхойлж мэдэхгүйгээр үлдэгдэл төлбөрийг төлбөр хүлээн авагчийн шаардсан дүнгээр, тогтоосон хугацаанд гаргаж өгөх зохицуулалтыг агуулсан. Мөн дээрх гэрээний 2.7-д ...хуваарийн дагуу төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд төлбөр авагч 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 18/39 дугаартай заслын ажил гүйцэтгэх гэрээг дангаар цуцалж тус гэрээнд заасан Пийс таун 2 хотхоны барилгын 2 дугаар орцны 4 давхрын 46,25 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг төлбөр барагдуулагчид буцаан өгөхөөр заасан нь төлбөрийн зохих хувийг төлсөн эсэхээс үл хамаарч заслын ажил гүйцэтгэх гэрээг дангаар цуцлах, орон сууцыг төлбөрийн үлдэгдлээс үл хамааран буцаан авах нэг талын хүсэл зоригийг илэрхийлсэн, төлбөр төлөгч талд хэт хохиролтой, тодорхой бус зохицуулалттай гэрээ болохыг харуулж байна. Уг 2 өрөө орон сууцыг гэрээ байгуулахаас өмнө Э.Р-т худалдсан байсан ч Ти эм ти ХХК-ийн шахалтаар гэрээг байгуулсан. Үндсэн гэрээнд тооцох, мөн өр төлбөр барагдуулах гэрээг гэрээнд үндэслэн байгуулаагүй атлаа талуудын хооронд байгуулсан өмнөх гэрээний алданги, торгуулийг төлөхийг төлбөр барагдуулагчаар зөвшөөрүүлсэн агуулгыг тусгасан.

Мөн Төлбөр барагдуулах гэрээний 2.6-д Орон сууцны тог, ус, цахилгааныг таслах арга хэмжээг төлбөр хүлээн авагч авах болохыг төлбөр барагдуулагч зөвшөөрч байгаа болно гэж заасан нь ажил гүйцэтгэх гэрээгээр ажлын аль төлбөрт шилжүүлсэн орон сууцыг гуравдагч этгээдэд шилжүүлсэн болохыг мэдсээр байж дээрх орон сууцанд амьдарч буй шударга эзэмшигчийг эрхийг зөрчсөн.

Төлбөр барагдуулах гэрээний 2.6-д төлбөр барагдуулагч нь энэхүү гэрээний хуваарийн дагуу тохиролцсон хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд талуудын өмнө байгуулсан 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 18/15 дугаартай Өрлөг шаврын ажил гүйцэтгэх гэрээ, 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 18/31 дугаартай Заслын ажил гүйцэтгэх гэрээ, 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 18/39 дугаартай Заслын ажил гүйцэтгэх гэрээ, 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 18/63 дугаартай Өрлөг шаврын ажил гүйцэтгэх гэрээнүүдэд заасан орон сууцны тог, ус цахилгааныг таслах арга хэмжээг төлбөр хүлээн авагч авах талаар заасан төдийгүй НИМ-ХХК-ийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлага тодруулсан баримт дээр ч талуудын хооронд дээрх гэрээнүүд байгуулагдсан бөгөөд уг гэрээнүүдийн ажлын хөлсөнд нийт 704,406,033 төгрөгийг М-ХХК-д төлсөн гэсэн байдаг. Гэтэл дээр дурдаад буй 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 18/63 дугаартай Өрлөг шаврын ажил гүйцэтгэх гэрээг М-ХХК болон НИМ-ХХК-ийн хооронд байгуулагдаагүй, харин Роялхаус констракшн ХХК болон М-ХХК нарын хооронд байгуулагдсан төдийгүй ажлын төлбөрт Ханбогд цогцолбор хорооллын 59,45 м.кв талбай бүхий орон сууцыг гүйцэтгэгчид олгохоор тохиролцсон. Өөрөөр хэлбэл, 18/63 тоот гэрээний тухайд М-ХХК болон Роялхаус констракшн ХХК-ийн хооронд харилцан үүрэг хүлээх ёстой атал НИМ-ХХК нь Роялхаус констракшн ХХК-тай харилцан төлбөр тооцоотой эсэх, төлбөр хүлээн авах, шаардах эрхийг шилжүүлсэн баримтгүй. Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг зөрчиж М-ХХК-тай Өр төлбөр барагдуулах гэрээг байгуулсан. Мөн Өр төлбөр барагдуулах гэрээнд нийт барагдуулах өр төлбөрийн хэмжээг заагаагүй атлаа, төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд 46,25 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг буцаан өгөх тухай зохицуулсан. Гэвч дээрх орон сууцыг Э.Р- нь эзэмшиж, ашиглаж байгаа талаар НИМ-ХХК нь мэдэж байсан атлаа түүний зөвшөөрөлгүйгээр өмчлөх эрхийг нь хөндсөн гэрээ байгуулсан. Түүнчлэн, гэрээний 3.3-т Төлбөр төлөгч төлбөрийг цаг тухайд нь төлөөгүй тохиолдолд хуулийн этгээдийн хөрөнгө, Б.А,ийн өөрийн болон гэр бүлийн дундын хөрөнгөөс ямар ч нөхцөлд төлбөрийг бүрэн барагдуулж төлбөр авагчийг хохиролгүй болгохоо баталж байна гэж заасан. Б.А,ийн гэр бүлийн гишүүдийн дундын хөрөнгөө захиран зарцуулах эрхийг илтэд зөрчсөн, тэдгээрийн зөвшөөрөлгүй хийсэн тул Төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэжээ.

 

4. Хариуцагч О.Т-ы тайлбар, татгалзлын агуулга:

О.Т- М-ХХК-тай 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулж Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 24-128 тоот, 38.63 м.кв бүхий 2 өрөө орон сууцыг 70,000,000 төгрөгөөр худалдан авч төлбөрийг бэлнээр төлсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

5. Хариуцагч С.Ү-гийн тайлбар, татгалзлын агуулга:

С.Ү- нь М-ХХК-тай 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрийн гудамж, 33 тоот Пийс таун 2 хотхоны 12 тоот хаягт байрлах, 54,25 м.кв, 2 өрөө бүхий орон сууцыг худалдан авсан. Тус гэрээгээр орон сууцны төлбөр бүрэн төлөгдсөний дараа өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхөөр заасан. С.Ү- нь гэрээнд заасан үүргээ тогтоосон хугацаанд гүйцэтгэж, орон сууцны үнийг бүрэн төлсөн хэдий ч үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөөгүй. С.Ү- нь М-ХХК-тай байгуулсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу орон сууцыг эзэмшиж байгаа тул хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх тухай шаардлага үндэслэлгүй. Орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулах үед М-ХХК нь орон сууцыг худалдах эрхгүй байх талаар тогтоогдсон баримтгүй бөгөөд Орон сууц худалдах эрх бүхий этгээд мөн тул тухайн этгээдтэй гэрээ байгуулсан. Иймд С.Ү-гийн эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Хариуцагч Э.Р-ын тайлбар, татгалзлын агуулга:

Э.Р- нь М-ХХК-тай 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулж Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн гудамж, 33 албан ёсны хаягт байрлах Пийс таун 2 хотхоны 46,25 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 78,000,000 төгрөгөөр худалдан авсан. М-ХХК нь орон сууцыг худалдахдаа бартераар авсан, худалдах эрхтэй талаар гэрээг үзүүлж байсан. Э.Р- Орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу М-ХХК-д төлбөрөө төлсөн. Гэтэл М-ХХК нь өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй. Э.Р- дээрх орон сууцыг хууль бусаар эзэмшээгүй тул НИМ-ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

8. Хариуцагч М-ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

М-ХХК нь Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 18/15 дугаартай Өрлөг шаврын ажил гүйцэтгэх гэрээний дагуу 200,646,500 төгрөгийн ажил гүйцэтгэсэн. НИМ-ХХК нь М-ХХК-д ажлын хөлсөнд 142,021,200 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг бартераар, дансаар 30,637,200 төгрөг, нийтдээ 172,658,400 төгрөг төлсөн. Шинжээчийн дүгнэлтээр тогтоосон 200,646,500 төгрөгийн ажлын гүйцэтгэлээс хүлээж авсан 172,658,400 төгрөг, мөн тус гэрээний 3.6-д заасны дагуу дараагийн гэрээт ажлын төлбөрт шилжүүлэхээр тохирсон 9,407,616 төгрөгийг хасаад нийтдээ 18,580,484 төгрөгийг НИМ-ХХК М-ХХК-д төлөхөөр байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.8-д заасны дагуу алданги тооцвол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь буюу 9,290,247 төгрөгийн алданги, нийт 27,870,726 төгрөг болно.

2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 18/31 дугаартай Заслын ажил гүйцэтгэх гэрээний дагуу М-ХХК 171,529,200 төгрөгийн ажил гүйцэтгэсэн. НИМ-ХХК уг гэрээний дагуу 205,142,400 төгрөгийн үнэ бүхий 2 орон сууцыг М-ХХК-д өгсөн. Гэрээний 3.5.1-д зааснаар Пийс таун 2 төслийн барилгын 1 дүгээр орцны 3 давхрын 53,7 м.кв 2 өрөө орон сууцыг 117,000,000 төгрөгөөр, 128 тоот 38,63 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 88,076,400 төгрөгөөр тооцсон.

. Гэтэл НИМ-ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлж орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулахад шаардагдах баримт бичгийг гаргаж өгөөгүй. М-ХХК Орон сууц худалдах, худалдан авах гэрээ С.Ү-тай 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр, О.Т-той 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр тус тус байгуулсан. Мөн О.Т-той байгуулсан гэрээний 7 дугаар зүйлд Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хугацаанд гаргаж өгөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд нийт үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцон худалдан авагчид төлнө гэж заасан. НИМ-ХХК нь гэрээний үүргээ биелүүлж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримтыг гаргаж өгөөгүй тул М-ХХК О.Т-д 25,000,000 төгрөгийн алданги төлсөн. НИМ-ХХК-аас О.Т-д төлсөн 25,000,000 төгрөгийг гаргуулна.

2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 18/39 дугаартай Заслын ажил гүйцэтгэх гэрээний дагуу 219,925,526 төгрөгийн ажил хийхээр харилцан тохиролцсоноос НИМ-ХХК нь 108,250,000 төгрөгөөр тооцож Пийс таун 2 барилгын 4 давхрын 46,25 м.кв орон сууц, 20,000,000 төгрөгийг дансаар нийт 128,250,900 төгрөг төлсөн. Шинжээчийн дүгнэлтээр 5,713,920 төгрөгийн ажил хийсэн гэж тогтоосныг хасаж тооцвол 122,536,200 төгрөгийн үлдэгдэл төлбөрийг М-ХХК буцааж төлөхөөр байна. НИМ-ХХК-ийн зүгээс 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 18/39 дугаартай Заслын ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, өөр этгээдүүдээр тухайн ажлыг гүйцэтгүүлсэн. Гэрээний 7.5-д Талууд гэрээнээс үндэслэлгүйгээр татгалзах эрхгүй бөгөөд аль нэг тал үндэслэлгүйгээр татгалзсан тохиолдолд гэрээний нийт үнийн дүнгийн 20 хувийн торгууль төлнө гэж заасан бөгөөд НИМ-ХХК нь гэрээнээс үндэслэлгүйгээр татгалзсан тул 20 хувийн торгууль 43,985,000 төгрөг төлөх үүрэгтэй.

НИМ-ХХК-ийн буруутай үйл ажиллагааны улмаас М-ХХК-ийн ажилчид олон хоног цалинтай сул зогсож хохирол учирсан. Мөн гэрээнээс татгалзсан тохиолдолд алданги төлөхийг шаардахад НИМ-ХХК-ийн тухайн үеийн удирдлагууд ...танай компани тухайн барилгын заслын ажлыг бүгдийг нь гүйцэтгэсэн гэж гарын үсэг зураад ...Улсын комисст ажлыг хүлээлгээд өгчих, учир нь танай хийх ажлыг олон жижиг хувь хүмүүс хийсэн тул Улсын комисст хүлээлгэж өгөх боломжгүй байгаа, харин түүний оронд гэрээгээр тохирсон орон сууцыг танайх шилжүүлж авах, төлбөр тооцооны асуудлыг ийм байдлаар дуусгая гэж тохирсон тул сүүлд бартерын орон сууцыг манай компанийг ажлаа гүйцэтгэсэн гэж үзэн шилжүүлэн өгсөн. Гэтэл одоогийн удирдлага гэрээт ажлыг гүйцэтгээгүй, бартераар шилжүүлсэн байрны төлбөр, зөрүү мөнгийг буцааж өгөх ёстой гэж нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй.

2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр М-ХХК болон Рояалхаус констракшн ХХК-ийн хооронд байгуулагдсан Өрлөг шаврын ажил гүйцэтгэх гэрээ хэрэгжиж, дуусгавар болсон. Иймд дээр дурдсаны дагуу 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 18/15 дугаартай Өрлөг шаврын ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл 18,580,484 төгрөг, алданги 9,290,247 төгрөг, нийт 27,870,726 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 18/31 дугаартай Заслын ажил гүйцэтгэх гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохирол 25,000,000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 18/39 дугаартай Заслын ажил гүйцэтгэх гэрээнээс үндэслэлгүйгээр татгалзсантай холбоотой торгуульд 43,985,000 төгрөг, нийт 96,855,726 төгрөгийг НИМ-ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

10. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгч НИМ-ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга: Талуудын хооронд 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 19/144 дугаартай Төлбөр барагдуулах гэрээ байгуулагдсанаар өмнөх гэрээний үүрэг дууссан. Иймд М-ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

11. Хариуцагч Э.Р-ын сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Э.Р- М-ХХК-тай 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 33 дугаар байрны 79 тоот хаягт байрлах, 46,25 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 78,000,000 төгрөгөөр худалдан авсан. 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс хойш дээрх орон сууцад амьдарч байгаа. Эд хөрөнгө бүртгэлийн газарт орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахаар хандсан боловч НИМ-ХХК болон М-ХХК-ийн ажил гүйцэтгэх гэрээний маргаанаас болж өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж чадахгүй байна. Иймд НИМ-ХХК-ийн нэр дээр Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Пийс таун 2 хотхон, 33 дугаар байр, 79 тоот хаягт байршилтай, 46,25 м.кв талбайтай орон сууцны гэрчилгээг хүчингүйд тооцуулж Э.Р-ыг тус орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож өгнө үү гэжээ.

 

12. Сөрөг нэхэмжлэлд гаргасан НИМ-ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга:

НИМ-ХХК нь Э.Р-тай гэрээ байгуулаагүй. М-ХХК болон Б.А, нарт орон сууцыг худалдах эрхийг өгөөгүй. Бусдын өмчлөлийн эд хөрөнгө гэдгийг мэдэж байсан атлаа орон сууцыг худалдсан гэжээ.

13. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

13.1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч М-ХХК-аас 150,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч НИМ-ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Б.А, болон 123,797,637 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

13.2. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан эрхийн улсын Ү-2206072339 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэр /17060/, Үйлдвэрийн гудамж, 33 дугаар байрны 79 тоот хаягт байршилтай, 46,25 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг хариуцагч Э.Р-ын,

эрхийн улсын Ү-2206077325 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэр /17060/, Үйлдвэр гудамж, 33 дугаар байрны 12 тоот хаягт байршилтай, 54.04м2 талбайтай, 2 өрөө орон сууцыг хариуцагч С.Ү-гийн,

эрхийн улсын Ү-2206055799 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 19 хороолол, то ван гудамж, 24 дүгээр байрны 128 тоот хаягт байршилтай, 38.63м2 талбайтай, 2 өрөө орон сууцыг хариуцагч О.Т-ы хууль бус эзэмшлээс тус тус албадан чөлөөлж,

13.3. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсгүүдэд заасан үндэслэлгүй тул НИМ-ХХК-аас нийт 96,855,726 төгрөг гаргуулах тухай хариуцагч М-ХХК-ийн,

НИМ-ХХК-ийн нэр дээр буй Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Пийс таун 2 /Peace town2/ хотхон, 33 дугаар байр, 79 тоот хаягт байршилтай, 46,25 м.кв талбайтай орон сууцны гэрчилгээг хүчингүйд тооцуулах, уг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай Э.Р-ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож,

13.4. нэхэмжлэгч НИМ-ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,283,125 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 210,600 төгрөг, хариуцагч М-ХХК-аас 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр төлсөн 1,417,173 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр төлсөн 502,875 төгрөг, 657,950 төгрөг, хариуцагч Э.Р-аас улсын тэмдэгийн хураамжид 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр төлсөн 547,950 төгрөгүүдийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М-ХХК-аас 907,950 төгрөгийг, хариуцагч Э.Р-, С.Ү-, О.Т- нараас тус бүр 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч НИМ-ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

14. Хариуцагч О.Т-ы итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх зааснаас харвал хууль бус эзэмшил байгаа нөхцөлд өмчлөгчид шаардах эрх үүсэхээр байна. НИМ-ХХК ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажил гүйцэтгэсэн гэж орон сууцыг эзэмших, ашиглах эрхийг шилжүүлсэн боловч өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулах үүргээ хэрэгжүүлэхгүйгээр шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн нэр дээр гэрчилгээг гаргуулан авсан. М-ХХК шилжүүлэн авсан орон сууцыг бусад этгээдүүдэд шилжүүлсэн. Шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн. О.Т-, С.Ү-, Э.Р- нар НИМ-ХХК-ийн барьсанд орон сууцанд дур мэдэн орсон удаагүй ба тус компанийн гүйцэтгэх захирал орон сууцны түлхүүрийг өгсөн. Төлбөр барагдуулах гэрээний 2.6-д зааснаар орон сууцны тог, ус цахилгааныг таслах талаар зохицуулж байгаа нь энэ гэрээ байгуулагдахаас ч өмнө эдгээр орон сууц бусдын эзэмшил ашиглалтад байгаа болохыг нэхэмжлэгч мэдэж байсан болохыг харуулна. Ажил гүйцэтгэх гэрээнүүдийн 3.7-д бартерын байрны түлхүүрийг гэрээ байгуулагдсанаар шилжүүлэн өгөхөөр тохиролцсон. Энэ нь НИМ-ХХК түлхүүр гардуулан өгсөн болохыг нотолж байна. Гэрээ байгуулснаас 28 хоногийн дараа О.Т- болон М-ХХК-ийн хооронд Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Харин М-ХХК болон НИМ-ХХК-ийн хооронд байгуулагдсан Төлбөр барагдуулах гэрээ 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан. НИМ-ХХК-ийн тайлбар бодит байдалд нийцэхгүй бөгөөд Э.Р-, С.Ү-, О.Т- нар орон сууцыг хууль бусаар эзэмшээгүйг харуулна.

НИМ-ХХК болон М-ХХК-ийн хооронд төлбөр барагдуулах гэрээ болон орон сууцны маргаан үүсэх талаар мэдээгүй. Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар орон сууцны өмчлөх эрхийг шударгаар олж авсан байсан. Мөн М-ХХК ажил гүйцэтгэх гэрээнүүдийн дагуу ажлыг бүрэн гүйцэтгэж, тус барилгын ажлыг улсын комисст хүлээлгэн өгсөн. Иймд М-ХХК орон сууцыг худалдах эрхтэй болохыг харуулж байна.

Э.Р-, С.Ү-, О.Т- нарын орон сууц нь энэ гэрээний хоёр талын тохиролцож баталгаажуулсан гэх Төлбөр барагдуулах гэрээний үнэ болон гүйцэтгэсэн ажлын үнэд хэдийнэ багтсан болохыг шүүх дүгнэж чадаагүй. Өөрөөр хэлбэл, шүүхээс нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн тооцоолол буюу Эн ти эм" ХХК болон М-ХХК-ийн хооронд үүссэн тооцооноос давсан байдлаар үндэслэлгүй, давхардуулсан шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Тодруулбал, Э.Р-, С.Ү-, О.Т- нарын орон сууцны нийт үнэ нь 306,708,600 төгрөг. Гэтэл нэхэмжлэгчийн тодорхойлсноор М-ХХК-ийн гүйцэтгээгүй ажлын үнийн дүн 283,356,758 төгрөг атал шүүхэд гүйцэтгээгүй ажлын 283,356,758 төгрөг түүнд ногдох алданги 141,678,379 төгрөг буюу нийт 425,035,137 төгрөгийг шаардсан атлаа уг төлбөртэй давхардуулан 306,708,600 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг шаардсан нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж Төлбөр барагдуулах гэрээнээс татгалзаж 273,797,637 төгрөг гаргуулахаар шаардсан нь төлбөр барагдуулах гэрээний зарим хэсгээсээ өөрөө татгалзсан тул хариуцагч нарын худалдан авсан орон сууцтай мөн хамааралгүй. Гэтэл шүүх Төлбөр барагдуулах гэрээний 2.1.1-д ...20,000,000 төгрөг, 2.1.2-д ....80,000,000 төгрөг гэж заасны дагуу М-ХХК-ийн төлөх төлбөрийн хэмжээг 100,000,000 төгрөг, алданги 50,000,000 төгрөг гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, талууд гүйцэтгээгүй ажлын үнийг баталгаажуулж эргэн төлөх зорилгоор байгуулсан Төлбөр барагдуулах гэрээний дагуу М-ХХК 100,000,000 төгрөгт ногдох ажил гүйцэтгээгүй байтал уг ажлын үнийн дүнгээс хэтэрсэн шаардлагыг хангасан. Мөн НИМ-ХХК болон М-ХХК-ийн хооронд байгуулагдсан 4 гэрээний аль гэрээ нь О.Т-ы худалдан авсан орон сууцанд хамаарах талаар баримт авагдаагүй. Иймд анхан шатны шүүхийн шүүхийн шийдвэрт оруулж нэхэмжлэлийн шаардлагаас О.Т-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

15. Хариуцагч М-ХХК-ийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх талуудын хооронд байгуулагдсан Төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэсэн атлаа зарим хэсэг нь хүчин төгөлдөр бус гэж зөрүүтэй дүгнэлт хийсэн.

Иргэний хуулийн 61-р зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд байгуулагдсан Төлбөр барагдуулах гэрээ нь бүхэлдээ хүчин төгөлдөр бус, уг хэлцлийн зорилтыг хангаж чадахгүй, гол нөхцөлийг тохирч чадаагүй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан. Тус гэрээний 2.1.3-т зааснаар харвал гэрээний дагуу төлөх төлбөр нь тодорхойгүй байхад шүүх тус гэрээний дагуу шууд 100,000,000 төгрөг гэрээний үнэ гэж тодорхойлон, уг үнийн дүнгээс алданги тооцон нийт 150,000,000 төгрөг гэж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Талуудын хооронд хийсэн ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийн асуудал маргаантай эсэх, нийт хийсэн ажлын гүйцэтгэл, түүний хариуд авсан төлбөрийн асуудлыг тодорхой болгохоор шүүх 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 14737 дугаар шүүгчийн захирамжаар Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилон, шинжээчийн дүгнэлт гаргуулуж, шинжээчийг гэрчээр асуусан боловч тэдгээр баримтыг үнэлээгүй.

Төлбөр барагдуулах гэрээний 2.6-д заасан нь ажил гүйцэтгэх гэрээгээр ажлын төлбөрт шилжүүлсэн орон сууцуудыг гуравдагч этгээдэд шилжүүлсэн болохыг мэдэж байсан. Дээрх орон сууцанд амьдарч байгаа шударга эзэмшигчийн эрхийг зөрчсөн, төлбөр барагдуулагч талыг гэрээ байгуулахаас гарцаагүй байдалд оруулсан, нийтээр хүлээн зөвшөөрсөн бизнесийн ёс зүйг зөрчсөн.

Мөн гэрээний 2.7 дах заалт нь төлбөрийн зохих хувийг төлсөн эсэхээс үл хамаарч Заслын ажил гүйцэтгэх гэрээг дангаар цуцлах, орон сууцыг буцаан авах тухай зохицуулалт оруулсан нь нэг талын хүсэл зоригийг илэрхийлсэн. НИМ-ХХК орон сууцыг Э.Р-т худалдсан гэдгийг мэдсэн атлаа бусдын өмчлөлийн эд хөрөнгийг дур мэдэн захиран зарцуулах тухай гэрээ байгуулсан нь хууль зөрчсөн.

М-ХХК болон НИМ-ХХК-ийн хооронд 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 18/63 дугаартай Өрлөг шаврын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаагүй. Харин Роялхаус констракшн ХХК болон М-ХХК-ийн хооронд байгуулагдсан төдийгүй ажлын төлбөрт Ханбогд цогцолбор хорооллын 59,45 м.кв орон сууцыг гүйцэтгэгчид олгохоор тохиролцсон.

Өөрөөр хэлбэл, дээрх гэрээний дагуу М-ХХК болон Роялхаус констракшн ХХК-ийн хооронд харилцан үүрэг хүлээх ёстой атал НИМ-ХХК нь Роялхаус констракшн ХХК-тай харилцан төлбөр тооцоотой эсэх, төлбөр хүлээн авах, шаардах эрхийг шилжүүлсэн баримт бичиггүйгээр Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д Шаардах эрх шилжих тухай үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэх хүртэл үүрэг гүйцэтгэгч анхны үүрэг гүйцэтгэгчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэнэ гэж заасныг зөрчиж М-ХХК-тай Төлбөр барагдуулах гэрээг байгуулсан. Мөн Төлбөр барагдуулах гэрээнд өр төлбөрийн хэмжээг заагаагүй атлаа, төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд 46,25 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг буцаан өгөх тухай зохицуулсан. Гэвч дээрх орон сууцыг Төлбөр барагдуулах гэрээг байгуулагдахаас өмнө Э.Р-тай гэрээг байгуулж орон сууцыг шилжүүлэн өгсөн. Энэ талаар НИМ-ХХК мэдэж байсан атлаа талууд орон сууцыг захиран зарцуулах эрхтэй Э.Р-ын зөвшөөрөлгүйгээр түүний өмчлөх эрхийг хөндсөн гэрээ байгуулсан.

Түүнчлэн, 3.3-т заасан нь Б.А,ийн гэр бүлийн гишүүдийн дундын хөрөнгөө захиран зарцуулах эрхийг илтэд зөрчсөн, тэдгээрийн зөвшөөрөлгүй хийгдсэн.

М-ХХК нь 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 18/15 дугаартай Өрлөг шаврын ажил гүйцэтгэх гэрээ, 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 18/31 дугаартай Заслын ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлыг бүрэн хийж дуусгасан бөгөөд НИМ-ХХК нь ажлын хөлсний бартерт шилжүүлэн өгөхөөр тохиролцсон орон сууцуудын өмчлөх эрхийг шилжүүлж өгөөгүйг шүүх анхаараагүй. НИМ-ХХК нь ажил гүйцэтгэх гэрээнүүдийн дагуу ажлыг гүйцэтгэсэн гэж үзэн орон сууцуудын эзэмших, ашиглах эрхийг шилжүүлсэн боловч гэрээнд заасан өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулах үүргээ хэрэгжүүлэхгүйгээр шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн нэр дээр гэрчилгээг гаргуулан авсан.

М-ХХК нь ажил гүйцэтгэх гэрээнүүдийн дагуу ажлыг бүрэн гүйцэтгэж дуусгавар болсон болох нь 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 2019/18 дугаар Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн комиссын хурлын тэмдэглэл, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хот байгуулалт, Хөгжлийн газрын 2022 оны 10 дугаар сарын 10-ны 10/3720 дугаартай албан бичиг зэргээр нотлогдоно.

М-ХХК нь 2018 онд гурван ажил гүйцэтгэх гэрээний дагуу нэхэмжлэгч НИМ-ХХК-д нэг ажил гүйцэтгэх гэрээний дагуу Рояал хаус констракшн ХХК-д дотоод заслын ажил хийсний төлбөрт маргаан бүхий байрнуудыг шилжүүлэн авахаар харилцан тохиролцож ажлыг бүрэн хийж Улсын комисст хүлээлгэн өгсөн байхад шүүх орон сууц болон 150,000,000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн.

НИМ-ХХК 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Хариуцагч нь гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөрийг төлөөгүй бөгөөд дээрх орон сууцны өмчлөх эрх манай компани дээр байгаа тул төлбөр барагдуулах гэрээний 2.7-д заасны дагуу Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Пийс таун хотхоны 4 давхрын 46,25 м.кв талбай бүхий 79 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцны үнэ болох 100,825,000 төгрөгт ногдох хэсгээр гэрээ биелэгдсэн гэж үзээд түүнд ногдох алданги 50,412,500 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлага багасгаж хариуцагч нараас төлбөр барагдуулах гэрээний үндсэн төлбөрт 182,531,758 төгрөг, алданги 91,265,879 төгрөг нийт 273,797,637 төгрөг гаргуулах, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Пийс таун хотхоны 4 давхрын 46,25 м.кв талбай бүхий 79 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг манай компанийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэн өгөхийг хариуцагч нарт даалгах шаардлага гаргасан. Дээрх өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагуудад Эн Ти Эм" ХХК нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байхад шүүх хүлээн авсан. Мөн дээрх байдлаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байхад нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй асуудлаар дүгнэлт хийж орон сууцыг хариуцагч нарын эзэмшлээс чөлөөлсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

17. Харицагч С.Ү-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Хариуцагч нар орон сууцыг М-ХХК-тай орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулж авсан. Гэтэл НИМ-ХХК орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулах үүргээ хэрэгжүүлэхгүйгээр шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн нэр дээр гэрчилгээг гаргуулан авсан. Мөн шүүх хэрэгт авагдсан нотлох баримт гэрчийн мэдүүлгийг үнэлээгүй. С.Ү-, О.Т-, Э.Р- нар НИМ-ХХК-ийн барьсанд орон сууцанд дур мэдэн ороогүй. Тус компанийн захирал түлхүүрийг өгсөн. НИМ-ХХК орон сууцыг эзэмшиж, өмчлөх эрхгүй гэж үзэж байсан бол Төлбөр барагдуулах гэрээнд орон сууцтай холбоотой М-ХХК төлбөрийг хуваарийн дагуу төлөхгүй тохиолдолд орон сууцны тог, ус цахилгааныг таслах арга хэмжээ авахаар заахгүй байсан.

НИМ-ХХК болон М-ХХК-ийн хооронд 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр бартерын нөхцөлтэй Заслын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Уг гэрээгээр С.Ү-гийн орон сууцыг ажлын хөлсний зарим хэсэгт тооцон М-ХХК-д шилжүүлсэн. Энэ гэрээний 3.7-д бартерын байрны түлхүүрийг гэрээ байгуулагдсанаар шилжүүлэн өгөхөөр заасан нь НИМ-ХХК нь түлхүүр гардуулан өгсөн болохыг нотолно. Харин М-ХХК болон НИМ-ХХК-ийн хооронд Төлбөр барагдуулах гэрээ нь 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдахад С.Ү- нь орон сууцанд амьдарч байсан тул хууль бус эзэмшигч биш.

Э.Р-, С.Ү-, О.Т- нарын орон сууц энэ гэрээний хоёр талын тохиролцож баталгаажуулсан гэх Төлбөр барагдуулах гэрээний үнэ болон гүйцэтгэсэн ажлын үнэд багтсан болохыг шүүх дүгнэж чадаагүй. Өөрөөр хэлбэл шүүхээс нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн тооцоолол буюу НИМ-ХХК болон М-ХХК-ийн хооронд үүссэн тооцооноос давсан байдлаар нэхэмжлэгчийн үндэслэлгүй хангаж хэргийг шийдвэрлэсэн байна.

Гэтэл шүүх Төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 100,000,000 төгрөг, алданги 50,000,000 төгрөг гаргуулж М-ХХК-ийг 100,000,000 төгрөгийн ажил гүйцэтгээгүй гэж дүгнэсэн атлаа гүйцэтгээгүй ажлын үнийн дүнгээс хэтэрсэн шаардлагыг хангасан.

Мөн НИМ-ХХК болон М-ХХК-ийн хооронд байгуулагдсан 4 гэрээний аль нь С.Ү-гийн худалдан авсан орон сууцтай холбоотойг тодруулаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс С.Ү-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

17. Хариуцагч Э.Р-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

НИМ-ХХК болон М-ХХК-ийн хооронд байгуулагдсан 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн АГГ18/39 дугаартай Заслын ажил гүйцэтгэх гэрээ-гээр гүйцэтгэгч нь Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрийн гудамж хаягт байрлах Пийс таун хотхоны 2 дугаар орцны дотор заслын ажлыг гүйцэтгэхээр тохиролцсон. Гэрээний төлбөрт шилжүүлсэн орон сууцад Э.Р- амьдарч байгаа. НИМ-ХХК нь М-ХХК-д орон сууцыг захиран зарцуулах эрхийг өгсөн нь Төлбөр барагдуулах гэрээгээр нотлогдоно.

Э.Р- М-ХХК-тай Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-г 2019 оны 01 дүгээр сарын 15 ны өдөр байгуулж 79 тоот хаягт байрлах 46,25 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 78,000,000 төгрөгөөр худалдан авсан. Хариуцагч нар анх орон сууцыг худалдан авахад Эм ти эн ХХК-ийн хуулийн зөвлөх ... тус орон сууц манайд хамааралгүй, М-ХХК-д шилжүүлсэн гэж хэлсэн.

Мөн М-ХХК-ийн захирал Б.А, Манай компанийн зүгээс Эм ти эм ХХК-ийн удирдлагуудтай уулзаж тус компанийн буруутай үйл ажиллагаа гэрээ зөрчсөнөөс М-ХХК-ийн ажилчид олон хоног цалинтай сул зогсож хохирол учирсан гэрээнээс татгалзсан тохиолдолд алданги төлөхийг шаардахад Эм ти эм ХХК-ийн удирдлагууд барилгын заслын ажлыг бүгдийг нь гүйцэтгэсэн хэмээн гарын үсэг зураад улсын комисст хүлээлгэн өгсөн ... орон сууцыг танайх шилжүүлж авах төлбөр тооцооны асуудлыг ийм байдлаар дуусгая хэмээн тохирсон гэж тайлбарласан. Э.Р- орон сууцыг худалдан авснаас хойш 1 жил 7 сарын дараа нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд анх гэрээний үүргийн гүйцэтгэл шаарддаг. Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад орон сууцыг хууль бусаар эзэмшиж байгаа гэж маргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрээс Э.Р-ын эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

М-ХХК нь Төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргасан. Төлбөр барагдуулах гэрээний зарим заалт нь Б.А,ийн гэр бүлийн хөрөнгөөр хангуулахаар заасан нь хууль зөрчсөн гэж тайлбарласан. Талууд төлбөр тооцооны асуудлыг зөвхөн гэрээгээр зохицуулаагүй. Хэргийн 163 дугаар талд төлбөр тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтад 2 компанийн нягтлан бодогч нар хамтч 4 гэрээний тооцоог гаргасан. Мөн М-ХХК төлбөр барагдуулах гэрээ болон тооцооны үлдэгдлийн баталгаагаар хүлээсэн үүргээ зөвшөөрч 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн төлнө гэх албан бичиг ирүүлсэн. Гэтэл сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж хохирол учруулсан гэж дурдсан.

О.Т-, Э.Р-, С.Ү- нарын эзэмшлээс орон сууцыг чөлөөлсөн нь буруу гэх үндэслэлгүй. НИМ-ХХК дээрх иргэдийн эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагаас хальсан дүгнэлт хийсэн гэх гомдол үндэслэлгүй. НИМ-ХХК нь О.Т-, Э.Р-, С.Ү- нартай гэрээ байгуулаагүй тул тус компанид холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоох шаардлага гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй. М-ХХК-д холбогдуулж шаардлага гаргах ёстой. Шинжээчийн дүгнэлтийг шүүх үнэлгээгүй гэж гомдол гаргасан. Шинжээчийн дүгнэлтийг үнэлсэн ч НИМ-ХХК нь М-ХХК-аас 100,000,000 төгрөгийн авлагатай. Гэрээний үүргийн биелэлттэй холбоотой маргааныг эхлүүлэхэд удаа дараа зөвшөөрч, хойшлуулж өгөөч, бартер хийе гэсэн атлаа ажил гүйцэтгэх гэрээний талаар маргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх зохигчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянахад анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

1. Нэхэмжлэгч НИМ-ХХК нь хариуцагч М-ХХК болон Б.А, нараас 273,797,637 төгрөг гаргуулах, хариуцагч Э.Р-, С.Ү-, О.Т- нарын эзэмшлээс 2 өрөө орон сууцуудыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргасан ба хариуцагч М-ХХК алданги, торгууль, хохиролд нийт 96,855,726 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл, хариуцагч Э.Р- НИМ-ХХК-ийн нэр дээрх орон сууцны гэрчилгээг хүчингүйд тооцуулах, уг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл тус тус гаргажээ.

 

2. Нэхэмжлэгч НИМ-ХХК болон хариуцагч М-ХХК-ийн хооронд 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр АГГ18/15 дугаартай Өрлөг шаврын ажил гүйцэтгэх гэрээ, мөн оны 08 дугаар сарын 03-ны өдөр АГГ18/31 дугаартай Заслын ажил гүйцэтгэх гэрээ, 08 дугаар сарын 13-ны өдөр АГГ18/39 дугаартай Заслын ажил гүйцэтгэх гэрээ, 09 дүгээр сарын 05-ны өдөр АГГ18/63 дугаартай Өрлөг шаврын ажил гүйцэтгэх гэрээ тус тус байгуулагдсан байна.

Мөн М-ХХК болон Роялхаус констракшн ХХК-ийн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Өрлөг, шаврын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагджээ.

 

2.1. Үүний дараа НИМ-ХХК болон М-ХХК 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Төлбөр барагдуулах гэрээг байгуулж, төлбөр барагдуулагч М-ХХК нь төлбөр хүлээн авагч НИМ-ХХК-д 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 20,000,000 төгрөгийг, мөн оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 80,000,000 төгрөгийг, үлдэгдэл төлбөрийг 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор тооцоо нийлж 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төлөхөөр тус тус тохиролцсон байх бөгөөд нэхэмжлэгч эдгээр гэрээнээс Төлбөр барагдуулах гэрээг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгожээ. (1 хх-ийн 8)

 

Иргэний хуулийн 189 дугаар зүйлийн 189.1 дэх хэсэгт Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүнийг агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан нь талууд гэрээ байгуулах эсэх болон гэрээний дагуу үүсэх эрх, үүргийг чөлөөтэй тодорхойлох эрхтэй хэдий ч уг гэрээ нь хуульд нийцсэн, бусдын эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байх учиртай. Гэтэл М-ХХК болон Роялхаус констракшн ХХК-ийн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Өрлөг, шаврын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байхад уг гэрээний талаар нэхэмжлэгч НИМ-ХХК болон М-ХХК-ийн хооронд Төлбөр барагдуулах байгуулсан нь өөр этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй нөхцөл байдал байгаа эсэхийг тодруулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

2.2. Түүнчлэн, анхан шатны шүүх Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т заасан талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон гэж дүгнэсэн нь буруу биш боловч өмнөх үүргийн талаар талууд маргасан тохиолдолд талуудын хооронд өмнө нь байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээ, нэхэмжлэгчээс ажлын хөлсөнд шилжүүлсэн орон сууцны үнийн дүн, бэлнээр шилжүүлсэн мөнгөн төлбөрийн хэмжээний талаар тус тус дүгнэлт хийгээгүй нь учир дутагдалтай байна.

Хэрэгт авагдсан 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн АГГ-18/15 дугаар Өрлөг, шаврын ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэгч М-ХХК 189,286,020 төгрөгийн ажил гүйцэтгэхээр тохиролцож, захиалагч НИМ-ХХК нь ажлын хөлсөнд 142,021,200 төгрөгийн үнэ орон сууц болон 30,637,200 төгрөг төлсөн гэж, 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн АГГ-18/31 дугаар Заслын ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэгч 162,939,668 төгрөгийн ажил гүйцэтгэхээр тохиролцож захиалагч нь 177,807,200 төгрөгийн болон 88,076,400 төгрөгийн үнэ бүхий орон сууц шилжүүлсэн, 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн Заслын ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэгч нь 219,925,526 төгрөгийн ажил гүйцэтгэхээр тохиролцож, гүйцэтгэгч нь 102,111,200 төгрөгийн үнэ бүхий орон сууц болон 20,000,000 төгрөг төлсөн гэж, 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн АГГ-18/63 дугаар Өрлөг, шаврын ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэгч 105,429,482 төгрөгийн ажил гүйцэтгэхээр тохиролцож, захиалагч 115,927,500 төгрөгийн орон сууц, 40,000,000 төгрөгийн автоамшин шилжүүлсэн гэх талуудын тайлбар зөрүүтэй байна.

Тодруулбал, нэхэмжлэгч НИМ-ХХК-ийн нягтлан бодогч Ц.Баттуулын гаргасан М-ХХК-д ажлын хөлсөнд 605,943,500 төгрөгийн үнийн дүн бүхий орон сууц болон автомашин, 98,462,533 төгрөгийн мөнгөн хөрөнгө шилжүүлсэн гэсэн тооцоолол бүхий баримт хэрэгт авагдсан, уг тооцооны баримт нь тооцоо нийлсэн акт, Төлбөр барагдуулах гэрээний үнийн дүнтэй тохирч байна. Гэтэл АГГ-18/15 дугаартай гэрээний дагуу нэхэмжлэгч 30,637,200 төгрөгийг дансаар шилжүүлсэн, 18/31 тоот гэрээний дагуу мөнгөн хөрөнгө шилжүүлээгүй, 18/39 тоот гэрээний дагуу 20,000,000 төгрөг дансаар шилжүүлсэн, өөр дансаар мөнгө аваагүй гэж хариуцагч нь маргасан тохиолдолд нэхэмжлэгчээс хариуцагчид дансаар шилжүүлсэн гэх үлдэх 47,825,333 төгрөг нь аль гэрээний үүрэгт тооцогдож байгаа нь ойлгомжгүй, нэхэмжлэгч энэ талаар үндэслэл бүхий тайлбар гаргаагүй буюу хэргийн нөхцөл байдал тодорхой бус байна. /1хх-ийн 8, 53, 163,

2.3. Энэ талаар давж заалдах шатны шүүх хуралдаанд тодруулахад талуудын хэн аль нь дээрх байдлаар зөрүүтэй тайлбарласан, анхан шатны шүүхэд хэлэлцэгдээгүй нотлох баримт, тогтоогдоогүй үйл баримтын талаар давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийж шийдвэрлэх боломжгүй байна.

 

Иймд хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал тодорхой бус байгаа тохиолдолд давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2023/01167 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч О.Т-ы төлсөн 70,200 төгрөг, М-ХХК-ийн төлсөн 1,620,390 төгрөг, С.Ү-гийн төлсөн 70,200 төгрөг, Э.Р-ын төлсөн 547,950 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Н.БАТЗОРИГ