Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2023/01366

 

 

 

 

 

2023 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2023/01366

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *** тоотод оршин суух хаягтай, *** ургийн овогтой ***гийн *** /РД:***/ 

Нэхэмжлэгч: *** тоотод оршин суух хаягтай, *** ургийн овогтой ***ын *** /РД:***/

 

Хариуцагч: ***, өөрийн байранд оршин байх, ***

 

Нэхэмжлэлийн шаардлага: үнэлгээ хүчингүй болгуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н***

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнгөнсаран

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл, үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн *** -ны өдрийн *** дугаар шийдвэрээр М.*** , Б.*** нараас 135,903,150 төгрөгийг гаргуулж иргэн Д.Б д олгохоор шийдвэрлэсэн. Тус шийдвэрийг үндэслэн албадан гүйцэтгэх хуудас бичигдэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа. *** ***-ний өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, ***-ны өдөр Эд хөрөнгө хураах тогтоол мөн ***-ны өдөр Шинжээч томилох тухай тогтоол тус тус үйлдэн *** ХХК-ийг шинжээчээр томилсон байдаг. *** ХХК-ийн зүгээс *** тоот хаягт байрлалтай эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай, 40 м2 талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2022 оны 12 дугаар сарын байдлаар 171,450,446 төгрөгөөр үнэлсэн нь нэхэмжлэгч Б.*** миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна. Учир нь нэхэмжлэгч миний болон миний аавын амьдарч буй тус байрны өнөөгийн зах зээлийн үнэ нь 250,000,000-300,000,000 төгрөгийн хооронд үнэлэгдэж байна. Учир нь тус байрны хуучны байр тул гэрчилгээн дээр 40 м2 талбай гэж бичигдсэн боловч бодит байдал дээр 100 гаруй м2 байдаг болно. Гэтэл *** миний болон миний аавын өмчлөлийн байрыг минь ердөө 171,450,446 төгрөгөөр үнэлж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч миний зүгээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага миний орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож зах зээлийн ханшаар нь дахин үнэлүүлэх нь шударга ёс болон өмчлөлийн эрх ашигт нийцнэ гэж үзэж байна. Түүнчлэн *** явуулсан ажиллагаа нь хууль зөрчсөн. *** хуульд заасны дагуу төлбөр төлөгчид хураагдсан эд хөрөнгөд хийгдсэн үнэлгээний талаар мэдэгдэх хуудсыг танилцуулахдаа үнэлгээний тайлантай хамт танилцуулах үүрэгтэй ч *** үнэлгээний тайланг төлбөр төлөгчид огт танилцуулаагүй зөвхөн мэдэгдэх хуудсыг шуудангаар 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ирүүлсэн. Тус газраас мөн барьцаа хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаан оруулах тогтоол гаргасан гэх боловч мөн өнөөдрийг хүртэл бидэнд танилцуулаагүй. Бидний зүгээс үнэлгээний талаарх мэдэгдэх хуудсыг 2022 оны 12 дугаар сарын 30-нд шуудангаас гардаж авсан бөгөөд хуульд заасны дагуу мэдсэнээс хойш заасан хугацаандаа гомдол гаргаж байгаа. Иймд энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж *** тоот хаягт байрлалтай эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай, 40 м2 талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн *** ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн үнэлгээг хүчингүй олгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн *** -ны өдрийн *** дугаар шийдвэрээр Б.*** эс үүргийн гүйцэтгэлд 135,000,000 төгрөг, Б.*** , М.*** нараас улсын тэмдэгтийн хураамжид 903,150 төгрөгийг гаргуулж Д.Б д олгож, хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар үл биелүүлбэл барьцаа хөрөнгө болох М.*** гийн өмчлөлийн *** тоотод байршилтай, эрхийн улсын *** дугаарт бүртгэлтэй, орон сууцыг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. Төлбөр төлөгч М.*** , Б.*** нарт холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр үүсгэж, 2022 оны 8 дугаар сарын 25-ны *** дугаар албан бичгээр барьцаа хөрөнгийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулах эрхийг түдгэлзүүлж, гэрээ хэлцэл бүртгэгдсэн эсэхийг толруулахад, 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн албан бичгээр хөрөнгийн эрхийг түдгэлзүүлсэн, иргэн Д.Б тэй байгуулсан барьцааны гэрээ бүртгэлтэй байна гэх хариу ирүүлсэн. Төлбөр төлөгч нарт төлбөрийг төлөх хугацаатай мэдэгдэл удаа дараа өгсөн боловч төлж барагдуулаагүй тул 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн *** дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор барьцаа хөрөнгийг битүүмжилж хадгалалт хамгаалалтийг хөрөнгийн өмчлөгч М.*** д үлдээж, 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн дотор төлбөрийг төлөх хугацаатай мэдэгдэл өгсөн. Тус хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тул 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хөндлөнгийн гэрчээр Ш.Ц***, Ц.Э*** нарыг байлцуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлд заасан эрх үүргийг танилцуулж *** дугаар эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу 3 хоногийн дотор хөрөнгийн санал болгох доод үнийг төлбөр төлөгч, төлбөр авагчтай харилцан тохиролцож үнийн саналаа ирүүлэхийг төлбөр төлөгч Б.*** , М.*** болон төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Мөнхсүлдэд тус тус мэдэгдсэн. 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр төлбөр төлөгч Б.*** тэй холбогдож үнийн санал ирүүлэхийг дахин мэдэгдэхэд Үнийн санал өгөх боломжгүй болсон тул шинжээч томилж хөрөнгийн үнэлгээ хийлгэх хүсэлтэй байна гэсэн хариуг өгсөн. Мөн төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Мөнхсүлд өөрийн цахим хаягаар шинжээч томилох хүсэлтийг илгээсэн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу талууд харилцан тохиролцоогүй тул 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр *** дугаар шинжээч томилох тухай тогтоолоор *** ХХК-ийн шинжээч Б.Батзаяаг томилж, эрх үүрэг танилцуулсан. 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр тус хөрөнгийг 171,450,446 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайланг ирүүлсэн. Үнэлгээний тайланг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн *** ,*** дүгээр мэдэгдлээр талуудад мэдэгдсэн. 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн *** дугаар анхны албадан дуудлага худалдааны тогтоолыг 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн *** , *** дүгээр дуудлага худалдааны мэдэгдлүүдийн хамт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр төлбөр төлөгч М.*** гийн гэрч очиж эхнэр Ш.И*** гардуулж, дамжуулан өгөхийг мэдэгдэж тэмдэглэлээр баталгаажуулсан. Мөн төлбөр төлөгч нар өнөөдрийн байдлаар нэг ч төгрөгийн төлөлт хийгээгүй байх тул 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах гэж байна. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд: шүүхэд төлөөлөх итгэмжлэл /хх 5/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн *** Төлбөр төлөгчид хөрөнгийн үнэлгээ мэдэгдэх тухай мэдэгдэл /хх 6/, хариу мэдэгдэх хуудас /хх 7/, ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргасан гомдлын хуулбар /хх 8/, Өнөөдөр сонин /хх 12/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн *** тоот Дуудлага худалдааны мэдэгдэл, тогтоол хүргүүлэх тухай мэдэгдлийн хуулбар /хх 13/, Эд хөрөнгө хураах тухай тогтоолын хуулбар /хх 15/, Төлбөр төлөгчид хөрөнгийн үнэлгээ мэдэгдэх тухай мэдэгдлийн хуулбар /хх 16/, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн *** дугаар тогтоолын хуулбар /хх 22-26/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн *** дугаар магадлалын хуулбар /хх 27-32/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн *** -ны өдрийн *** дугаар шийдвэрийн хуулбар /хх 33-34/.

 

4. Хариуцагчаас дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд: шүүхэд төлөөлөх итгэмжлэл /хх 17/, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хэргийн хуулбар /хх 39-125/.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэгч Б.*** , М.*** нар нь *** т холбогдуулан эрхийн улсын *** дугаарт бүртгэлтэй, *** тоот хаягт байрлах, 40 м2 талбайтай 3 өрөө орон сууцыг 171,450,446 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан.

 

Нэхэмжлэгчийн зүгээс үнэлгээг хүчингүй болгуулах шаардлагаа ...үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн бодит үнэлгээнээс хэт багаар үнэлсэн гэсэн агуулгаар тайлбарлав.

 

Хариуцагч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөөгүй.

 

Шүүхээс дараах үндэслэлүүдээр хариуцагч *** т холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн *** -ны өдрийн *** дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Д.Б болон хариуцагч М.*** , Б.*** нарын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэжээ.

 

Тодруулбал, нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч М.*** , Б.*** нарт холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 162,000,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгө болох эрхийн улсын *** 2 дугаарт бүртгэлтэй, *** дугаарт бүртгэлтэй, *** тоот хаягт байрлах, 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг гаргасан. *** -ны өдрийн *** дугаар шийдвэрээр хариуцагч Б.*** эс 135,000,000 төгрөгийг гаргуулж, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох М.*** гийн өмчлөлийн эрхийн улсын *** дугаарт бүртгэлтэй, *** тоот хаягт байрлах, 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг *** т даалгахаар шийдвэрлэжээ.

 

Улмаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн *** -ны өдрийн *** дугаар шийдвэрийн дагуу *** тоот шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж, 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн*** тоот тогтоолоор иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна.

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцааны зүйл болох *** тоот хаягт байрлах, 40 м2 талбайтай 3 өрөө орон сууцыг 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн *** дугаар тогтоолоор битүүмжилж, ***-ны өдрийн *** дүгээр тогтоолоор уг орон сууцыг хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлүүдэд заасан журмыг зөрчөөгүй.

 

2. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар харилцан тохиролцож тогтоож болдог.

 

Гэвч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогчид буюу төлбөр төлөгч М.*** , Б.*** болон төлбөр авагч Д.Б нар харилцан тохирч чадаагүйгээс *** *** ХХК-ийг 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн *** тоот тогтоолоор шинжээчээр томилж, *** тоот хаягт байрлах, 40 м2 талбайтай 3 өрөө орон сууцын үнэлгээг тогтоолгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт нийцжээ.

 

Шинжээч дээрх 3 өрөө орон сууцыг 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар 171,450,446 төгрөгөөр үнэлсэн ба энэхүү хөрөнгийн үнэлгээ болон тайланг *** Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн *** тоот мэдэгдлээр төлбөр төлөгч М.*** , Б.*** нарт мэдэгдсэн байна.

 

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд хөрөнгийн үнэлгээ хийх арга, аргачлалыг тусгасан. *** ХХК нь хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг тогтоож, үнэлэхдээ холбогдох хууль тогтоомж, стандартад нийцүүлэн, үнэлгээ хийх аргачлалуудыг баримталсан, үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэ цэнийг жишин, судалгаа хийж харьцуулсан нь үнэлгээний тайланд тодорхой тусгагдсан байна.

 

Иймд хариуцагч *** т холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан *** т холбогдох, *** тоот хаягт байрлах, 40 м2 талбайтай 3 өрөө орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай М.*** , Б.*** нарыг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ХАНГАЛ