Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2023/01170

 

 

 

 

 

2023 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2023/01170

 

 

Б.Б-, М.Б- нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Т.Бадрах, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2023/01366 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.Б-, М.Б- нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч НШШГГ-т холбогдох,

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2020/02666 дугаар шийдвэрээр М.Б-, Б.Б- нараас 135,903,150 төгрөгийг гаргуулж Д.Б-д олгохоор шийдвэрлэсэн. Тус шийдвэрийг үндэслэн албадан гүйцэтгэх хуудас бичигдэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа. НШШГГ-аас 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр эд хөрөнгө хураах тогтоол, 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр шинжээч томилох тухай тогтоол тус тус үйлдэн ХЭ ХХК-ийг шинжээчээр томилсон. ХЭ ХХК-ийн зүгээс Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 11 дүгээр байр, 00 тоот хаягт байрлалтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2205012703 дугаартай, 40 м2 талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2022 оны 12 дугаар сарын байдлаар 171,450,446 төгрөгөөр үнэлсэн нь нэхэмжлэгч Б.Б- миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна. Учир нь миний болон аавын амьдарч буй тус байрны өнөөгийн зах зээлийн үнэ нь 250,000,000-300,000,000 төгрөгийн хооронд үнэлэгдэж байна. Учир нь тус байрны хуучны байр тул гэрчилгээнд 40 м.кв талбай гэж бичигдсэн боловч бодит байдал дээр 100 гаруй м.кв байдаг. Гэтэл НШШГГ-аас миний болон миний аавын өмчлөлийн байрыг минь ердөө 171,450,446 төгрөгөөр үнэлж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч миний зүгээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага миний орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож зах зээлийн ханшаар нь дахин үнэлүүлэх нь шударга ёс болон өмчлөлийн эрх ашигт нийцнэ гэж үзэж байна. Түүнчлэн, НШШГГ-аас явуулсан ажиллагаа нь хууль зөрчсөн. НШШГГ-аас хуульд заасны дагуу төлбөр төлөгчид хураагдсан эд хөрөнгөд хийгдсэн үнэлгээний талаар мэдэгдэх хуудсыг танилцуулахдаа үнэлгээний тайлантай хамт танилцуулах үүрэгтэй ч НШШГГ-аас үнэлгээний тайланг төлбөр төлөгчид огт танилцуулаагүй, зөвхөн мэдэгдэх хуудсыг шуудангаар 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ирүүлсэн. Тус газраас мөн барьцаа хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тогтоол гаргасан гэх боловч өнөөдрийг хүртэл бидэнд танилцуулаагүй. Бидний зүгээс үнэлгээний талаарх мэдэгдэх хуудсыг 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр шуудангаас гардаж авсан бөгөөд хуульд заасны дагуу мэдсэнээс хойш заасан хугацаандаа гомдол гаргаж байгаа. Иймд энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 11 дүгээр байр, 00 тоот хаягт байрлалтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2205012703 дугаартай, 40 м2 талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн ХЭ ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Төлбөр төлөгч М.Б-, Б.Б- нарт холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр үүсгэж, 2022 оны 08 дугаар сарын 25-ны 4-14/15692 дугаар албан бичгээр барьцаа хөрөнгийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулах эрхийг түдгэлзүүлж, гэрээ хэлцэл бүртгэгдсэн эсэхийг тодруулахад, 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн албан бичгээр хөрөнгийн эрхийг түдгэлзүүлсэн, Д.Б-тэй байгуулсан барьцааны гэрээ бүртгэлтэй байна гэх хариу ирүүлсэн. Төлбөр төлөгч нарт төлбөрийг төлөх хугацаатай мэдэгдэл удаа дараа өгсөн боловч төлж барагдуулаагүй тул 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 22370785-144/03 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор барьцаа хөрөнгийг битүүмжилж хадгалалт хамгаалалтыг хөрөнгийн өмчлөгч М.Б-д үлдээж, 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн дотор төлбөрийг төлөх хугацаатай мэдэгдэл өгсөн. Тус хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тул 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хөндлөнгийн гэрчээр Ш.Ш-, Ц.Э- нарыг байлцуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлд заасан эрх үүргийг танилцуулж 22370785-144/06 дугаар эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу 3 хоногийн дотор хөрөнгийн санал болгох доод үнийг төлбөр төлөгч, төлбөр авагчтай харилцан тохиролцож үнийн саналаа ирүүлэхийг төлбөр төлөгч Б.Б-, М.Б- болон төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М-эд тус тус мэдэгдсэн. 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр төлбөр төлөгч Б.Б-тэй холбогдож үнийн санал ирүүлэхийг дахин мэдэгдэхэд үнийн санал өгөх боломжгүй болсон тул шинжээч томилж хөрөнгийн үнэлгээ хийлгэх хүсэлтэй байна гэсэн хариуг өгсөн. Мөн төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М- өөрийн цахим хаягаар шинжээч томилох хүсэлтийг илгээсэн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу талууд харилцан тохиролцоогүй тул 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 12/426 дугаар шинжээч томилох тухай тогтоолоор ХЭ ХХК-ийн шинжээч Б.Б-г томилж, эрх үүрэг танилцуулсан. 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр тус хөрөнгийг 171,450,446 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайланг ирүүлсэн. Үнэлгээний тайланг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 4-145/24980, 4-145/24981 дүгээр мэдэгдлээр талуудад мэдэгдсэн. 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 1/23 дугаар анхны албадан дуудлага худалдааны тогтоолыг 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 4-144/00387, 4-144/00389 дүгээр дуудлага худалдааны мэдэгдлүүдийн хамт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр төлбөр төлөгч М.Б-гийн гэрт очиж, эхнэр Ш.И-д гардуулж, дамжуулан өгөхийг мэдэгдэж тэмдэглэлээр баталгаажуулсан. Мөн төлбөр төлөгч нар өнөөдрийн байдлаар нэг ч төгрөгийн төлөлт хийгээгүй байх тул 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах гэж байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан НШШГГ-т холбогдох, Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 11 дүгээр байр 00 тоот хаягт байрлах, 40 м2 талбайтай 3 өрөө орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай М.Б-, Б.Б- нарыг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

4.б. Анхан шатны шүүхийн зүгээс хэрэгт нотлох баримт хангалттай цуглараагүй байхад хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гаргаж хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1-т заасантай нийцэхгүй байна.

Түүнчлэн, хэргийг хянан хэлэлцсэн шүүх хуралдааны товыг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт хуульд заасан үндэслэл журмын хүрээнд мэдэгдэлгүйгээр хэргийг 2013 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хянан хэлэлцсэн нь тухайн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шинжийг хангаж чадаагүй. Мөн зохигчид шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүйн эрх зүйн үр дагаврыг анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдаагүй нь нэхэмжлэгч талд шүүх хуралдааны товыг хуульд заасан үндэслэл журмын хүрээнд мэдэгдээгүй нь харагдана.

Иймд анхан шатны шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

Тус иргэний хэрэг 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр үүссэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа дууссан учраас шүүх хэргийг шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч тал шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулах зорилгоор үнэлгээнд маргаж, шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүгчийн туслах шүүх хуралдааныг товыг талуудад мэдэгдсэн. Нэхэмжлэгч тал нотлох баримт шүүхэд гаргах хангалттай хугацаа байсан. Шүүх хуралдаан 3-4 удаа хойшилсон. Иймд нэхэмжлэгч талын гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээв.

 

1. Нэхэмжлэгч Б.Б-, М.Б- нар нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2020/02666 дугаар шийдвэрээр хариуцагч Б.Б-эс 135,000,000 төгрөгийг гаргуулж, Д.Б-д олгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох М.Б-гийн өмчлөлийн эрхийн улсын Ү-2205012703 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 11 дүгээр байр 00 тоот хаягт байрлах, 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг НШШГГ-т даалгаж шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2396 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 001/ХТ2022/00349 дугаар тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. /хх 42-56/

 

3. Дээрх хүчин төгөлдөр шийдвэр, магадлал, тогтоолыг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд хариуцагч байгууллага 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр битүүмжилж, 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлд тус тус заасан зохицуулалтад нийцсэн. /хх 57,68-69,72-73/

 

4. Улмаар хариуцагч байгууллага нь төлбөр төлөгч Б.Б-, М.Б- нар нь үнийн саналаа ирүүлээгүй, харин төлбөр авагч шинжээч томилуулах хүсэлт гаргасны дагуу 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасан зохицуулалтад тус тус нийцжээ. /хх79-80/

 

4.а. Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн үнэлгээчин Б.Б- нь Сангийн сайдаас олгосон Хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй этгээд байх ба шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шинжээчид хуульд заасан эрх, үүргийг нь 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр тайлбарлан, танилцуулсан байна. /хх 83,107/

 

5. Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн үнэлгээчин Б.Б-гийн гаргасан, эрхийн улсын Ү-2205012703 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 11 дүгээр байр 00 тоот хаягт байрлах, 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 171,450,446 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан нь, тухайн хөрөнгийн зах зээлийн үнэлгээг хуульд заасан арга хэрэгслэлээр тогтоосон байх тул Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд нийцсэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна./хх 87-108/

 

6. Нэхэмжлэгч нар нь зах зээлийн бодит үнэлгээтэй нийцэхгүй гэх тайлбараа баримтаар нотолж чадаагүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг зөв гэж үзнэ. Учир нь, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэл, түүнтэй холбоотой нотлох баримтыг өөрөө цуглуулж, гаргаж өгөх үүргийг хүлээдэг бөгөөд нэхэмжлэгч уг үүргээ биелүүлээгүй байна.

 

7. Иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 102/ШЗ2023/03316 дугаар захирамжаар шүүх хуралдааныг 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 16 цаг 30 минутад товлосон байх бөгөөд нэхэмжлэгч Б.Бат-Эрдэнийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасныг шүүхээс хүлээн авч, шүүх хуралдааныг 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 16 цаг 30 минутад хуралдуулахаар хойшлуулсан байна. /хх129,133/

 

7.а. Мөн 2023 оны 02 дугар сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасныг шүүхээс хүлээн авч, шүүх хуралдааныг 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 11 цаг 00 минутад хуралдуулахаар хойшлуулсан байх ба мөн өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э- нь шүүх хуралдаан давхацсан тул хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байх ба мөн шүүгчээс татгалзах хүсэлт гаргасан тул шүүх хуралдааныг хойшлуулжээ.

/хх139,145, 146/

 

7.б. 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас шүүх хуралдаан давхацсан гэж дахин хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШЗ2023/05834 дугаар шүүгчийн захирамжаар хүлээн авч, шүүх хуралдааныг 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 14 цаг 30 минутад хуралдуулахаар хойшлуулсан байна. /хх153/

 

7.в. Анхан шатны шүүхээс 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх хуралдааны товыг 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр шүүгчийн туслах зохигчдод утсаар мэдэгдэж, тэмдэглэл үйлдсэн байх ба тухайн товлосон шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул хариуцагч талын хүсэлтээр нэхэмжлэгч талын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт нийцсэн байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2023/01366 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ