Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2023/01396

 

 

 

 

 

2023 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2023/01396

Улаанбаатар хот

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: *** тоотод оршин суух хаягтай, *** ургийн овогтой ***ын *** /РД:***/

 

Хариуцагч: *** тоотод оршин суух хаягтай, *** ургийн овогтой ***ы *** /РД:***/

 

Хариуцагч: *** тоотод оршин суух хаягтай, *** ургийн овогтой ***ийн *** /РД:***/

 

Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэгт 6,840,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х***

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Р***

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнгөнсаран

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хариуцагч Б.*** , О.*** нараас 6,840,000 төгрөг гаргуулах үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгч дараах байдлаар тайлбарлав. Үүнд: Зээлдэгч Б.*** , О.*** нар нь зээлдүүлэгч Г.*** той 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулж нийт 4,000,000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэйгээр 6 сарын хугацаатайгаар зээлж авсан. Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүрэг хүлээсэн. Зээлийн гэрээний барьцаанд 10,000,000 төгрөгийн үнэ бүхий *** тоот хаягт байрлах, эрхийн улсын *** дугаарт бүртгэлтэй орон сууцыг барьцаалсан. Иргэний хуулийн 153.1 дэх хэсэгт үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй гэж заасны дагуу зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд тухайн орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохирсон. Зээлдэгчийн хүсэлтээр 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Зээлийн болон барьцааны гэрээний сунгалт-ыг байгуулсан бөгөөд уг гэрээгээр 2020 оны 6 дугаар сарын 17-ноос 2020 оны 12 дугаар сарын 17 хүртэл 6 сарын хугацаагаар 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээний хугацааг сунгасан. Гэвч зээлдэгч нь зээлийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг болон 3 дугаар зүйлийн 3.5 дахь хэсэгт заасан төлбөр төлөх үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгчид мэдэгдэж, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Зээлдэгч нь 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар дараах зээл, зээлийн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үүнд: Үндсэн зээл 4,000,000 төгрөг, зээлийн үндсэн хүү 560,000 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 17 хүртэлх нийт 4 сарын зээлийн үндсэн хүүгийн төлөгдөөгүй төлбөр, 3.5%= 140,000 төгрөг болсон. Талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээний 2.5-д Зээлийн хүүг сар бүрийн 18-нд төлөх ба үндсэн зээлийг хугацааны эцэст бүхэлд нь төлөхөөр талууд харилцан тохиролцов гэж заасны дагуу зээлдэгч нь 2019 оны 12 дугаар сарын 17-ний өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 17 хүртэл 8 сарын хугацаанд зээлийн хүүгийн төлбөр болох нийт 140,000х8=1,120,000 төгрөгийг зээлдүүлэгч Г.*** ы дансанд шилжүүлсэн. Харин 4 сарын зээлийн хүү болох 560,000 төгрөг төлөгдөөгүй байна. Алдангийн хувьд зээлийн гэрээний 2.6 дахь хэсэгт Зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлэх-ээр заасан. 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс өнөөдрийг буюу 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл нийт 715 хоног тутамд алданги тооцвол 4,560.0 төгрөгийн 0.5 хувь (22,800 төгрөг)-иар нийт 16,302 төгрөг болно. Иргэний хуулийн 232.4-д Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан тул дээрх дүнг бууруулан 2,280,000 төгрөгөөр алдангийг тооцов. Иймд хариуцагчанаас үндсэн зээлийн үлдэгдэл 4,000,000 төгрөг, зээлийн хүү 560,000 төгрөг, алданги 2,280,000 төгрөг нийт 6,840,000 төгрөгийг гаргуулах, Барьцааны зүйл болох эрхийн улсын *** дугаарт бүртгэлтэй, *** тоот хаягт байрлах орон сууцыг барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч О.*** шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч О.*** би нэхэмжлэгчид гомдолтой байна. Би өөрт байгаа хөрөнгүүдээ бүгдийг нь алдсан. Хариуцагч Б.*** оос нэг ч төгрөг аваагүй байж ямар утгаараа хариуцагчаар татагдаад байгаагаа ойлгохгүй байна. Би өөрийнхөө хохирсон хэргүүдээ УИХ-ын ХЗБХ-ны дарга Б.Э*** биечлэн уулзаад нотлох баримтуудыг тайлбарлахаар цаг аваад хүлээж байгаа болно гэжээ.

 

3. Хариуцагч Б.*** шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.*** надад олгогдсон, Үндсэн хуулийн 16 зүйлийн 3 заалтад Хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно гэсэн заалт маш их ноцтойгоор зөрчигдөж байна. Хариуцагч Б.*** би өөрийнхөө өмч болох 2 өрөө орон сууцаа, нэхэмжлэгч Г.*** д 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр барьцаалж, зээлийн гэрээ байгуулж 4,000,000 төгрөгийг зээлж авсан. Энэ 4,000,000 төгрөгөөсөө 3,800,000 төгрөгийг нь би яг авсан өдрөө буюу 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр, түрээслэгч Б.*** би автомашины лизингийнхээ /түрээсийн/ төлбөрт, *** ХХК-д төлөлт хийсэн!!! Ингээд 4,000,000 төгрөгөөсөө 3,800,000 төгрөгийг хасаад өөртөө үлдсэн 200,000 төгрөгийг л би өөртөө хэрэглэсэн. Ингээд хариуцагч Б.*** би 1/ Ковид-19 цар тахал. 2/ *** ХХК нь 2021 оны 01 дүгээр сарын 19-ний шөнө Тоёота Приус-20 маркийн автомашиныг минь хулгайлж авч явсан зэргүүдээс болоод би автомашингүй болоод зээлээ төлж чадаагүй. Ингээд нэхэмжлэгч Г.*** той хийсэн зээлийн гэрээ, миний иргэний, жолооны үнэмлэхүүд, бусад бичиг баримтууд, хувцаснууд зэргүүд нь бүгд машин дотор байхад *** XXК нь манай байрны гаднаас шөнийн цагаар миний автомашиныг хулгайлж авч яваад өнөөдрийг хүртэл 3 жилийн хугацаатайгаар миний эд зүйлүүдийг надад буцааж өгөхгүй, намайг хохироож байна. Байдал ийм байхад нэхэмжлэгч Г.*** нь хариуцагч Б.*** над руу 8800-3836 утсаар өөр хүнээр над руу яриулж, намайг зээлээ төл гэж маш их дарамтлуулдаг. Бас 2 том биетэй залуу манай гэрт орж ирээд Энэ байрнаас зайлцгаа новшнуудаа гэж харааж, 2 хүүхдүүдийг минь маш ихээр айлгадаг. Нэхэмжлэгч Г.*** нь Урьд нь өөрөө Голомт банканд зээлийн эдийн засагчаар ажиллаж байсан гэж сонссон ба Хас банкны 156 салбарын дарга *** зээлийн эдийн засагч *** , эмийн санч*** гэх найзуудтайгаа нийлж банк санхүүгийн пирамид залилангийн аргаар, өөрөөр хэлбэл зээл чөлөөлсний шагналд 10%, зээл гаргасны шагналд 10%, бас зээлийн хүү, алданги зэргүүдээрээ эрүүгийн пирамид банк санхүүгийн залилангийн гэмт үйлдлүүдээрээ, хариуцагч О.*** ын 2 өрөө орон сууц-2ш байрнуудыг залилан авсан. Энэ банк санхүүгийн пирамид залилан үргэлжилж одоо миний 2 өрөө орон сууц-1ш авахаар улайран дайрч байгааг шүүн таслан зогсоож өгнө!!! гэдэгт итгэж найдаж байна. Хариуцагч Б.*** би *** ХХК-иас автомашин түрээсээр авсан байдалдаа хариу дарамт шахалтад орж, мөнгө олдохгүй хүнд байдалд байх үед, төрсөн эгч дүүсийн хүүхэд болох надтай нас чацуу миний үеэл, хариуцагч О.*** нь надад эмийн санч ***ийн найз шүү гэж нэхэмжлэгч Г.*** г олж өгч танилцуулж, би нэхэмжлэгч Г.*** гоос 4,000,000 төгрөг зээлж авч байхдаа, хариуцагч О.*** бид 2 ямар сайн хүмүүс вэ гэж ярилцаж байсан. Гэтэл яг одоогийн нөхцөл байдлыг хараад, бид бүх хөрөнгөнүүдээ алдсан хойноо болсон байдалд дүгнэлт хийгээд ямар муухай хумсаа нуусан муур байсныг өөрөөр хэлбэл нөгөө бүх шатны хулгайч нарын нэг байсныг нь мэдээд, бидний ой гутаж байна. Хариуцагч Б.*** миний хувьд машинаа алдахгүй байх юмсан гэж бодоод л орон сууцныхаа ордерыг буюу Өмчлөх эрхийг хувь хүнд барьцаалсан чинь одоо хөдлөх эд хөрөнгөө, үл хөдлөх эд хөрөнгөө хоёуланг нь цуг алдах дээрээ тулаад байна, өөрөөр хэлбэл би чононы амнаас гараад, барын аманд орлоо. Иймд БГД-ийн ИХАШШ-ийн шүүгч *** таниас, Иргэний хуулийн 446 зүйлийн 446.1.6 заалт маш их ноцтойгоор зөрчигдсөнийг баримтлан, *** ХХК-ийг хамтран хариуцагчаар татах эсвэл нэхэмжлэгч Г.*** гийн нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Б.*** бид нарыг хохирсон байдлаа ЦЕГ, АТГ-т шалгуулах боломж бололцоогоор хангаж өгөхийг хүсье гэжээ.

 

4. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: шүүхэд төлөлөх итгэмжлэл /хх 8/, 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Зээлийн гэрээ-ний хуулбар /хх 9-10/, 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Зээлийн болон барьцааны гэрээ-ний сунгалтын хуулбар /хх 11/, итгэмжлэл /хх 12/, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар /хх 13/, Хаан банкны шилжүүлгийн баримт /хх 14/, Б.А***, Г.*** нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх 15/, Г.*** , Б.А*** нарын иргэний үнэмлэхийн хуулбар /хх 16/, Голомт банкны орлогын мэдүүлгийн баримт /хх 7/, Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх 8/, харилцах дансны харилцагчийн хуулга /хх 9-10/, Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн *** тоот албан бичиг /хх 11/, А.С*** иргэний үнэмлэхийн хуулбар /хх 12/.

 

5. Хариуцагч нараас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: шүүхэд төлөөлөх итгэмжлэл /хх 30-31, УИХ-ын хууль зүйн байнгийн хорооны дарга Б.Э*** гаргасан гомдол /хх 33/, Авилгатай тэмцэх газарт гаргасан гомдол, хавсралт /хх 34-36/, 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн *** тоот зээлийн гэрээний хуулбар /хх 37-38/ 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 1326 тоот Зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний хуулбар /хх 39/, Хаан банк ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 40/, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч *** гаргасан гомдлын хуулбар /хх 41/, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн ***7 дугаар шийдвэр /хх 42-48/, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол /хх 49/, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн *** дугаар магадлалын хуулбар /хх 50-53/, Улсын дээд шүүхэд гаргасан гомдол /хх 54/, Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн *** дугаар тогтоолын хуулбар /хх 55/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын зарлан дуудах мэдэгдэл /хх 56/, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл /хх 57/, Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх 58-59/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн *** тоот гомдлын хариуны хуулбар /хх 60/, *** ХХК-ийн нэхэмжлэл /хх 62-63/, фото зураг /хх 64/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн ***1 дугаар шийдвэрийн хуулбар /хх 65-66/, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн *** дугаар магадлалын хуулбар /хх 67-69/, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн *** дугаар тогтоолын хуулбар /хх 70-71/.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэгт дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Г.*** болон хариуцагч Б.*** , О.*** нар 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулжээ. Уг гэрээгээр Г.*** нь нь 4,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алдангитай байхаар харилцан тохирсноос үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүсчээ.

 

2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Г.*** болон Б.*** нар Зээлийн болон барьцааны гэрээний сунгалт гэсэн гэрээг байгуулж, 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээг сунгасан байна.

 

Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор зохигчид эрхийн улсын *** дугаарт бүртгэлтэй, *** тоот хаягт байршилтай, 29м2 талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалж, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсгүүдэд нийцжээ.

 

2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэгч Г.*** нь Б.*** , О.*** нарт холбогдуулж үндсэн зээл 4,000,000 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацааны хүү 560,000 төгрөг, алданги 2,280,000 төгрөг, нийт 6,840,000 төгрөгийг шаардан шүүхэд хандсан.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлүүдээр хангаж шийдвэрлэв.

 

1. Үндсэн зээл 4,000,000 төгрөгийн шаардлага:

 

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээхийг, мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцохыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсгүүдээр зохицуулсан.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогч шүүхэд үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй, нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй бол хүлээн зөвшөөрсөнд тооцохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсгүүдэд заасан.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчтэй зээлийн гэрээг байгуулсан болон гэрээний зүйл болох 4,000,000 төгрөгийг хүлээн авсан үйл баримтын талаар маргаагүй. Иймд нэхэмжлэгчид Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу зээлсэн мөнгөө буцаан шаардах эрх бий болсон гэж үзнэ.

 

2. Хүү 560,000 төгрөгийн шаардлага:

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, 282.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан бөгөөд мөн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэсэн байна.

 

2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээ, 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Зээлийн болон барьцааны гэрээний сунгалт-уудаар талууд зээлийн хүүг 3.5 хувиар тохирсон нь хууль зөрчөөгүй.

 

Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн хүү шаардах эрхтэй тул 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацааны хүү 560,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шийдвэрлэх нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсгүүдэд нийцнэ.

 

3. Алданги 2,280,000 төгрөг гаргуулах шаардлага:

 

Нэхэмжлэгч болон хариуцагч нар зээлийн гэрээгээр алдангийг харилцан тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ, 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасантай харшлаагүй байх тул гэрээний хариуцлага буюу алдангийг нэхэмжлэгч нь хариуцагч нараас шаардах эрхтэй.

 

2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээнд хариуцагч нар гарын үсгээ зурсан ба талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд хариуцагч нар үүрэг хуваарилах талаар тохиролцоогүй, нэхэмжлэгчийн зүгээс гэрээний үүргийг хариуцагч бүрээр тодорхойлж, нэхэмжлээгүй байх тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний хувьд хариуцагч нарын хүлээх үүрэг нь тэнцүү байна гэж шүүхээс үзлээ.

 

4. Барьцаа хөрөнгө:

 

Талууд барьцааны гэрээ байгуулж үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлээр хангуулахаар тохиролцсон байх тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн байна. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэнэ.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 194,590 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 194,590 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Б.*** , О.*** нараас 6,840,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.*** д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын *** дугаарт бүртгэлтэй, *** тоот хаягт байршилтай, 29м2 талбайтай 2 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 194,590 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 194,590 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ХАНГАЛ