Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 210/ма2023/01191

 

 

 

 

 

 

 

 

2023 06 14 210/МА2023/01191

 

 

Г.Ц-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2023/01396 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г.Ц-гийн хариуцагч Б.С, , О.М нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 6,840,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Р, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Зээлдэгч Б.С, , О.М нар нь зээлдүүлэгч Г.Ц-той 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулж нийт 4,000,000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэйгээр 6 сарын хугацаатайгаар зээлж авсан. Уг гэрээний барьцаанд 10,000,000 төгрөгийн үнэ бүхий * дүүргийн *-р хороо , *-р хороолол , Төмөр зам гудамж, 52 дугаар байр,* тоот хаягт байрлах, эрхийн улсын Ү-* дугаарт бүртгэлтэй орон сууцыг барьцаалсан. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасны дагуу зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд тухайн орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохирсон. Зээлдэгчийн хүсэлтээр зээл болон барьцааны гэрээг 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүртэл 6 сарын хугацаагаар сунгасан. Гэрээний 2.5-д заасны дагуу зээлдэгч нь 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүртэл 8 сарын хугацаанд зээлийн хүүгийн төлбөр болох нийт 140,000х8=1,120,000 төгрөгийг зээлдүүлэгч Г.Ц-ы дансанд шилжүүлсэн. Зээлдэгч нар нь гэрээний 1.1, 3.5-д заасан төлбөр төлөх үүргээ зөрчсөн, уг зөрчлийг арилгах боломжийг олгосон боловч гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй. Иймээс 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар үндсэн зээл 4,000,000 төгрөг, зээлийн хүү 560,000 төгрөг төлөөгүй. Мөн гэрээний 2.6-д гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлэхээр заасан. 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүртэл нийт 715 хоног тутамд алданги тооцвол 4,560 төгрөгийн 0.5 хувь (22,800 төгрөг)-иар нийт 16,302 төгрөг болно. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг үндэслэн дээрх дүнг бууруулан 2,280,000 төгрөгөөр алданги тооцсон. Иймд хариуцагчаас үндсэн зээл 4,000,000 төгрөг, зээлийн хүү 560,000 төгрөг, алданги 2,280,000 төгрөг, нийт 6,840,000 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч О.М ын тайлбар, татгалзлын агуулга: Хариуцагч О.М би нэхэмжлэгчид гомдолтой байна. Би өөрт байгаа хөрөнгүүдээ бүгдийг нь алдсан. Хариуцагч Б.С, оос нэг ч төгрөг аваагүй байж ямар утгаараа хариуцагчаар татагдаад байгааг ойлгохгүй байх тул зөвшөөрөхгүй гэжээ.

3. Хариуцагч Б.С, ын тайлбар, татгалзлын агуулга: Миний бие Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 заалтад Хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно гэж заасныг зөрчсөн. Өөрийн өмчлөлийн 2 өрөө орон сууцыг Г.Ц-д 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр барьцаалан зээлийн гэрээ байгуулж 4,000,000 төгрөгийг зээлж авсан. Уг мөнгөнөөс 3,800,000 төгрөгийг автомашины лизингийн /түрээсийн/ төлбөрт А ХХК -д төлсөн. Үлдэгдэл 200,000 төгрөгийг хувьдаа зарцуулсан. Хариуцагч Б.С, нь ковид-19 цар тахал болон А ХХК нь 2021 оны 01 дүгээр сарын 19-ний шөнө тоёота * маркийн автомашиныг хулгайлж авч явсан зэргүүдээс болж автомашингүй болсоны улмаас зээлээ төлж чадаагүй. Ингээд нэхэмжлэгч Г.Ц-той хийсэн зээлийн гэрээ, иргэний болон жолооны үнэмлэх, бусад бичиг баримтууд, хувцас зэргүүд бүгд автомашин дотор байхад А ХХК нь манай байрны гаднаас шөнийн цагаар миний автомашиныг хулгайлж авч яваад өнөөдрийг хүртэл 3 жилийн хугацаатайгаар миний эд зүйлүүдийг надад буцааж өгөхгүй, намайг хохироож байна. Мөн нэхэмжлэгч Г.Ц- нь над руу 8800-3836 утсаар өөр хүнээр над руу яриулж, намайг зээлээ төл гэж дарамталж, орон сууцнаас хөөх болсон. Нэхэмжлэгч Г.Ц- нь өмнө нь Г ХХК -д зээлийн эдийн засагчаар ажиллаж байхдаа бусад ажилтнуудтайгаа нийлж залилангийн гэмт үйлдлүүдээрээ, хариуцагч О.М ын 2 өрөө орон сууцнуудыг залилж авсан. Энэ үйлдэл нь үргэлжилж одоо миний 2 өрөө орон сууцыг авахаар дайрч байна. Хариуцагч Б.С, нь автомашинаа алдахгүйн тулд орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг барьцаалсан. Гэтэл одоо автомашин болон орон сууцаа хоёуланг нь цуг алдах дээрээ тулаад байна. Иймд Иргэний хуулийн 446 дугаар зүйлийн 446.1.6-д заасныг баримтлан А ХХК -ийг хамтран хариуцагчаар татах эсхүл нэхэмжлэгч Г.Ц-гийн нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Б.С, ыг хохирсон байдлаа Цагдаагийн ерөнхий газар, Авлигалтай тэмцэх газарт шалгуулах боломжоор хангаж өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Б.С, , О.М нараас 6,840,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Ц-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын Ү-* дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, *-р хороо , *-р хороолол , төмөр зам гудамж, 52 дугаар байрны* тоот хаягт байршилтай, * м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 194,590 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 194,590 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Б.С, од олгогдсон Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3-т заасныг зөрчсөн. Б.С, нь А ХХК -аас 16,500,000 төгрөгөөр үнэлсэн Тоёота приус 20 маркийн автомашиныг лизингийн зээлээр түрээсэлж авахдаа урьдчилгаа болгож 3,500,000 төгрөгийг төлсөн. Ингээд зээлээ цувуулж төлсөөр байгаад нийт 12,3965,000 төгрөгийг А ХХК -д төлсөн байхад А ХХК нь Б.С, оос дахин 13,231,729 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг * дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэхдээ ...А ХХК -ийг танайх хариуцагч Б.С, оос нийт 25,626,729 төгрөгийг нэхэх эрхгүй, мөн танайх автомашины дугуйг 2 удаа түгжсэн 800,000 төгрөгөө танах нэхэмжлэлдээ дурдаагүй гэж дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Б.С, нь өөрийн өмчлөлийн 2 өрөө орон сууцыг Г.Ц-д 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр барьцаалж, зээлийн гэрээ байгуулж 4,000,000 төгрөгийг зээлж авсан. Уг мөнгөнөөс 3,800,000 төгрөгийг автомашины лизингийн /түрээсийн/ төлбөрт А ХХК -д төлсөн. Үлдэгдэл 200,000 төгрөгийг хувьдаа зарцуулсан. Хариуцагч Б.С, нь ковид-19 цар тахал болон А ХХК нь 2021 оны 01 дүгээр сарын 19-ний шөнө тоёота * маркийн автомашиныг хулгайлж авч явсан зэргүүдээс болж авсан зээлээс 1,120,000 төгрөгийг буцааж төлсөн, үлдсэн мөнгийг дээрх 2 нөхцөл байдлаас болдоод төлж чадаагүй. Ингээд А ХХК нь Б.С, ын байрны гаднаас шөнийн цагаар автомашиныг хулгайлж авч яваад 2 жилийн дараа зарим эд зүйлүүдийг нь дутуу буцаан өгч хохироосон байна. Ийм байхад нэхэмжлэгч Г.Ц- нь хариуцагч Б.С, над руу 8800-3836 утсаар өөр хүнээр над руу яриулж, намайг зээлээ төл гэж маш их дарамтлуулдаг. Бас 2 том биетэй залуу манай гэрт орж ирээд Энэ байрнаас зайлцгаа новшнуудаа гэж харааж, 2 хүүхдүүдийг минь маш ихээр айлгадаг. Нэхэмжлэгч Г.Ц- нь Урьд нь өөрөө Голомт банканд зээлийн эдийн засагчаар ажиллаж байсан гэж сонссон ба Хас банкны 156 салбарын дарга Оюун зээлийн эдийн засагч Нансалмаа, эмийн санч Э гэх найзуудтайгаа нийлж банк санхүүгийн пирамид залилангийн аргаар, өөрөөр хэлбэл зээл чөлөөлсний шагналд 10%, зээл гаргасны шагналд 10%, бас зээлийн хүү, алданги зэргүүдээрээ эрүүгийн пирамид банк санхүүгийн залилангийн гэмт үйлдлүүдээрээ, хариуцагч О.М ын 2 өрөө орон сууц-2ш байрнуудыг залилан авсан. Б.С, нь А ХХК -ийн дарамт шахалтад орж, мөнгө олдохгүй хүнд байдалд байх үед өөрийнх нь үеэл О.М нь Г.Ц-г танилцуулж, зээл авсан. Хөдлөх, үл хөдлөх хөрөнгөнүүдээ алдсан хойноо зээлийн гэрээний залилангийн приамид аргаар бүрэн зальдуулснаа сүүлд ойлгосон. Б.С, нь автомашинаа алдахгүй гэж бодоод орон сууцны ордерыг барьцаалсан. Өөрийн өмчлөлийн 2 өрөө орон сууцыг 10,000,000 төгрөгөөр барьцаалж, хөрөнгөө алдсан. Иймд зээлийн хүү, алдангийг хасч, хариуцагч Б.С, ын төлсөн 1,120,000 төгрөгийг үндсэн зээл 4,000,000 төгрөгөөс хасч, үлдэгдэл 2,900,000 төгрөгийг хариуцагч Б.С, оор төлүүлэхээр өөрчлөлт оруулах эсхүл анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Нэхэмжлэгч Г.Ц- Иргэний хуульд заасан хууль ёсны шаардлагын хүрээнд зээлийн гэрээ байгуулж, Б.С, , О.М нарт 4,000,000 төгрөгийг зээлсэн. Г.Ц- А ХХК -тай ямар ч хамааралгүй. Үндсэн төлбөр 4,000,000 төгрөгийн зээлээс хариуцагч нар 8 сарын хугацааны хүү төлсөн. Хариуцагч нар зээлийн хүүд төлсөн мөнгийг нийт үнийн дүнгээс хасвал төлнө, үгүй бол мөнгө өгөхгүй гэж тайлбарладаг. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзлээ.

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, маргааны үйл баримтыг зөв дүгнэсэн боловч хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзэхгүйгээр анзын хэмжээг илт ихээр хариуцагч нараас гаргуулж шийдвэрлэсэн нь буруу байгааг давж заалдах шатны шүүхээс залруулан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасан өөрчлөлт оруулав.

3. Нэхэмжлэгч Г.Ц- нь хариуцагч Б.С, , О.М нарт холбогдуулан үндсэн зээл 4,000,000 төгрөг, хүү 560,000 төгрөг, алданги 2,280,000 төгрөг, нийт 6,840,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч Б.С, эс зөвшөөрч, үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрийг төлнө, харин залилж байгуулсан зээлийн гэрээний хүү, алдангийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн бол хариуцагч О.М нь нэхэмжлэгчид хөрөнгөө алдсан байхад хариуцагчаар татагдаж байгааг ойлгоогүй, би өөрөө хохирсон гэж тус тус маргасан байна.

4. Г.Ц-, Б.С, , О.М нарын хооронд 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч Г.Ц- нь 4,000,000 төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч нар нь зээл, зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд буцаан төлөх, ийнхүү төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0,5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцжээ.

Дээрх зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд эрхийн улсын бүртгэлийн Ү-* дугаарт бүртгэлтэй * дүүргийн *-р хороо , *-р хороолол , төмөр зам гудамж 52 дугаар байр,* тоот хаягт байршилтай * м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон /хх9-10, 13/ байх ба 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээг 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаагаар сунгасан үйл баримт тогтоогдож байна. /хх-11/

 

5. Талууд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар хүсэл зоригоо илэрхийлж, гэрээнд хэн аль нь гарын үсэг зурсан байх бөгөөд зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй. Дээрхээс дүгнэвэл, зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, барьцааны гэрээг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт тус тус заасан хуулийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

6. Зээлдүүлэгч Г.Ц- нь зээлдэгчид 4,000,000 төгрөгийг шилжүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасантай нийцсэн байна./хх-14/

6.1. Нэхэмжлэгч нь 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүртэл 8 сарын хугацаанд хариуцагч нар зээлийн хүүд 1,120,000 төгрөг төлсөн, үүнээс хойш үндсэн зээл, хүүг хуваарийн дагуу төлөх үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй гэх үндэслэлээр үндсэн зээл, зээлийн гэрээгээр тохирсон хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт нэхэмжилжээ.

6.2 Анхан шатны шүүх хариуцагч нараас үндсэн зээлийн үлдэгдэл 4,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Ц-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсгийн зохицуулалтад нийцнэ.

6.3. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч нь өмчлөлдөө шилжүүлэн авсан мөнгөн хөрөнгийг тохирсон хүүгийн хамтаар буцаан төлөх үүрэг хүлээнэ. Иймд анхан шатны шүүх хариуцагчаас зээлийн хүүгийн төлбөрт 560,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

7. Хэргийн баримтаар хариуцагч О.М нь Х ХХК -тай 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр зээлийн гэрээ байгуулан зээл авсан байх ба уг мөнгөн хөрөнгийг төлөөгүй гэх үндэслэлээр Х ХХК -аас О.М , Д.Г нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 86,716,475 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргасныг * дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 184/ШШ2021/03357 дугаар шийдвэрээр хариуцагч О.М , Д.Г нараас 81,756,031 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК -д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,960,443 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч хариуцагч нар болон гуравдагч этгээдийн гаргасан гомдлыг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 00261 дугаар магадлалаар давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 001/ШХ2022/00330 дугаар тогтоолоор хариуцагч нар болон гуравдагч этгээдийн төлөөлөгч Н.Эрхэмбаярын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэжээ. /хх42-48, 50-53, 55/

Мөн хариуцагч Б.С, нь А ХХК -тай 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр зээлийн гэрээ байгуулан зээл авсан боловч уг үүргээ биелүүлээгүйгээс А ХХК нь Ю.Уранбилэг, Б.С, нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 13,231,729 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг * дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2020/02641 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, уг шийдвэрийг нэхэмжлэгч талаас эс зөвшөөрч гаргасан гомдлыг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2227 дугаар магадлалаар давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 001/ШХ2022/01087 дугаар тогтоолоор хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдож байна. /хх65-67, 68-69, 70-71/

Эдгээр баримтуудаар хариуцагч нар нь гэрээгээр тохирсон хугацаанд төлбөр төлөх үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас Б.С, нь Г.Ц-гоос 4,000,000 төгрөг зээлж авсан болох нь тогтоогдож байх ба уг үйл баримтад нэхэмжлэгч маргаагүй. Үүнтэй холбоотойгоор хариуцагчийн гаргасан тайлбар үндэслэл бүхий байна. Дээрх байдал нь зээлийг хугацаанд төлж чадаагүй нөхцөл байдалд нөлөөлсөн гэж дүгнэхээр байна.

Иймд зээлийн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй нөхцөл байдалд дан ганц хариуцагчаас шалтгаалсан зүйлгүй байх тул хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзэж Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасны дагуу алдангийг 50 хувиар багасгаж, 1,140,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

8. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэвэл хариуцагч нараас үндсэн зээл 4,000,000 төгрөг, зээлийн хүү 560,000 төгрөг, алданги 1,140,000 төгрөг, нийт 5,700,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,140,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

9. Нэхэмжлэгч Г.Ц-гийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх хангаж, хариуцагч нарыг зээлийн төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт нийцсэн байна. Барьцааны эрх нь үндсэн зээлийн гэрээтэй салшгүй холбоотой үүрэг тул шүүх барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэснийг буруутгахгүй.

10. ...Б.С, нь Г.Ц-гоос зээлсэн мөнгөөрөө автомашины зээл төлсөн. Гэвч А ХХК -аас зээлээ хугацаанд төлөөгүй үндэслэлээр автомашиныг хулгайгаар хураан авч явсан, мөн ковид цар тахлын улмаас болж зээлээ төлж чадаагүй гэх агуулгаар хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна. Учир нь Б.С, нь автомашинаа хураалгасан нь хэргийн баримтаар тогтоогдоогүй, энэ нь зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой маргааныг хянан шийдвэрлэхэд хамааралгүй байх тул уг асуудлаар жич шаардахад энэ магадлал саад болохгүй.

Дээрх үндэслэлээр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. * дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2023/01396 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Б.С, , О.М нараас 5,700,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Ц-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,140,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын 194,590 гэснийг 176,350 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 194,590 төгрөгийг буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

Д.ЦОГТСАЙХАН