Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 221/MA2017/0183

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 07 өдөр         Дугаар 221/МА2017/0183       Улаанбаатар хот

Д.Энхмаагийн нэхэмжлэлтэй                                                                                          захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Жанчив, Д.Хаш-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Отгонбат, хариуцагчийн өмгөөлөгч Г.Нацагдорж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Лхагвасүрэн, гуравдагч этгээдийн өмгөөлөгч А.Мөнхтулга нарыг оролцуулан хийж, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны  өдрийн 123/ШШ2017/0003 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, Д.Энхмаагийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны  өдрийн 123/ШШ2017/0003 дугаар шийдвэрээр:  Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.19, 11 дүгээр зүйлийн 11.8, 154 дүгээр зүйлийн 154.3.5, 158 дугаар зүйлийн 158.1.2, 160 дугаар зүйлийн 160.4, 163 дугаар зүйлийн 163.1.1, 163 дугаар зүйлийн 163.3-д заасныг тус тус баримтлан иргэн Д.Энхмаагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Төв аймгийн Цээл сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн “Нэр дэвшигчдийг бүртгэх тухай” 03 дугаар тогтоол, 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн санал хураалтын дүнгийн тухай” 09 дүгээр тогтоолын Д.Ууганбаярт холбогдох хэсгийг хүчингүй болгож, Цээл сумын “Сүүл буга” багийн сонгуулийн 4 дүгээр тойрогт дахин сонгууль явуулахыг Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Отгонбат давж заалдах гомдолдоо: “Төв аймгийн Цээл сумын иргэн Д.Энхмаагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 ны 01 сарын 26-ны өдрийн 123/ШШ2017/0003 дугаар шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд:  Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурьдсан "Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Отгонбат нь 2017 оны 01 сарын 18-ны өдөр товлогдсон шүүх хуралдаан хойшилж, өнөөдрийн шүүх хуралдааны товыг тогтооход өөрөө зөвшөөрч, тов мэдэгдсэн баримтад гарын үсгээ зурсан, Төрийн албаны мэргэшлийн шалгалтын комиссын даргаар 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 07 дугаар тогтоолоор томилогдсон, үүний улмаас мэргэшлийн шалгалттай гэж шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг нь шүүх хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй тул шүүх хуралдааныг хойшлуулах боломжгүй гэж үзсэнийг тус тус дурьдах нь зүйтэй байна" гэжээ. Хэдийгээр миний бие товыг мэдэж гарын үсэг зурсан боловч түүний дараа Төрийн албаны салбар зөвлөлийн тогтоол албажиж намайг Төрийн албаны мэргэшлийн шалгалтын комиссын даргаар томилсон. Шалгалтын комиссын дарга нь шалгалтын үйл ажиллагаанд байнгын хяналт тавьж, иргэдийн өргөдөл хүсэлтийг тухай бүрд нь шийдвэрлэх, зохион байгуулалтын асуудлыг хариуцдаг бөгөөд тухайн өдөр буюу 2017 оны 01 сарын 26-нд шүүх хуралтай төрийн албан хаагчдыг сонгон шалгаруулах шалгалт давхацсан. Шалгалт давхацсаныг нотолсон тогтоолыг өгсөөр байтал хүндэтгэн үзэх шалтгаангүй гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Ийм зайлшгүй шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан байтал хүндэтгэн үзэх шалтгаан биш гэж шүүх үзсэнд гомдолтой байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.2-т заасан хариуцагчийн эрхэд тус хуулийн 20.1.3-т зааснаар хуульд заасан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргах" эрхийн хүрээнд надаас шалтгаалахгүйгээр хүндэтгэн үзэх хангалттай шалтгаан гарсан байхад, 20.1.2-т заагдсан "        шүүх хуралдаанд оролцох" миний эрхийг хангах үүргээ шүүх биелүүлээгүйгээс мэтгэлцэх зарчим буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т заагдсан "Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх тэгш эрхтэй оролцоно" гэснийг зөрчсөн гэж үзэж байна.Иймд миний эзгүйд хийсэн шүүх хурлын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 сарын 26-ны өдрийн 123/ШШ2017/0003 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.        

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Лхагвасүрэн гомдолдоо: “Г.Лхагвасүрэн миний бие иргэн Д.Энхмаагийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдэд холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр оролцож буй Д.Ууганбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувиар Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 123/ШШ2017/0003 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Үүнд: Нэг, Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа сэргээсэн захирамж илт үндэслэлгүй буюу хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тухайд: Төв аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн "нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа сэргээх тухай" 123/11132016/0240 дугаар захирамжаар Төв аймгийн Цээл сумын сонгуулийн хороонд холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхийг сэргээсэн. Тухайн үед Д.Энхмаа нь шүүхэд хугацаа сэргээлгэхээр гаргасан хүсэлтдээ "...Сонгуулийн хорооны нэр дэвшигчийг бүртгэсэн бүртгэлийг мэдэж байсан хэдий ч түүний үндэслэл болсон "хууль бус ажиллагаа"-г мэдээгүй байсан бөгөөд 2016.11.11-ний өдөр мэдэж, Төв аймгийн Цээл сумын Засаг даргын тамгын газрын 2016.11.15-ний өдрийн 04/01 дугаар албан бичгээр албан ёсоор хариу авсан билээ. Ингэж Д.Ууганбаяр нь 1990.03.07-ны өдөр төрсөн 26 настай байх ба тэрээр сумын цэргийн штабт Цэргийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д заасны дагуу цэргийн албыг хаахаар 2015 онд өргөдөл гарган бүртгүүлсэн, 30.2-д заасан хугацаанд алба хааж байгаа болохыг мэдсэн учир үүнээс өмнө энэхүү хууль зөрчсөн үйлдлийн улмаас өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгааг мэдээгүй бишээ... " гэжээ. Уг хүсэлтдээ Төв аймгийн Цээл сумын Засаг даргын тамгын газрын 04/01 дугаар албан бичгийг хавсаргажээ. Уг хүсэлтийг шийдвэрлэхэд хавсаргасан баримт бичгийн хүрээнд хангаж шийдвэрлэсэн байдаг ба үүний дараагаар үүсгэсэн Захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт цугларсан нотлох баримтуудаас харахад Д.Энхмаа нь Д.Ууганбаярыг нэр дэвшигчээр бүртгэсэн шийдвэр гарах үед Д.Ууганбаяр нь цэргийн албыг дүйцүүлэх хэлбэрээр хааж байгааг мэдэж байсан ажээ. Тодруулбал, хавтаст хэрэгт авагдсан Төв аймгийн Цээл сумын 4-р багийн Засаг даргын - 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 15/32 тоотоор Д.Ууганбаярын ам бүлийн байдлыг тодорхойлж, цэргийн албыг дүйцүүлэх хэлбэрээр хаах хүсэлтийг. нь Төв аймгийн цэрэг татлагын комисст уламжилсан байх бөгөөд үүнд одоогийн нэхэмжлэгч Д.Энхмаа нь 4-р багийн Засаг даргын хувьд гарын үсэг зурсан байдаг. Гэтэл хожим Д.Ууганбаярыг Цэргийн албыг дүйцүүлэх хэлбэрээр хааж байгаа гэдгийг мэдээгүй гэх худал тайлбарыг шүүхэд гаргаж хугацаа сэргээлгэжээ. Түүнчлэн Д.Энхмаа Д.Ууганбаяр нар нь орон нутгийн сонгуульд хамтран "Төв нутаг" эвслээс нэр дэвшиж байсан ба 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр эвслээс нэр дэвшигчдийн материалыг цуглуулан авч, Сонгуулийн хороонд хүлээлгэн өгсөн хүний нэг нь Д.Энхмаа өөрөө юм. Ийнхүү материалыг нэр дэвшигчдээс авахдаа болон, Сонгуулийн хороонд хүлээлгэн өгөхдөө нэр дэвшигч тус бүрээр бүрдүүлэх материалуудыг шалган хүлээлцдэг учир материал хүлээлцсэн тэмдэглэл нь мөн л дээрх байдлыг нэхэмжлэгч мэдсэн гэдгийг нотолно. Нэгэнт Д.Энхмаа нь Төв аймгийн Цээл сумын сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 03 дугаар тогтоолоор Д.Ууганбаярыг нэр дэвшигчээр бүртгэснийг мэдэж байсан хэдий ч Сонгуулийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.3 дахь хэсэгт заасан хугацааг хүндэтгэн үзэх шалгаангүйгээр хэтрүүлсэн байна. Тиймээс 2016 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн "нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа сэргээх тухай" 123/Ш32016/0240 дугаар захирамж илт үндэслэл муутай байх тул түүнийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8, 109 дүгээр зүйлд дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй юм. Миний бие энэ тухай хүсэлт, тайлбарыг анхан шатны шүүхэд тавьсан боловч "урьдчилсан хэлэлцүүлгийн үед гаргаагүй" хэмээн хэрэгсээгүй болно. Хоёр. Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль болон Сонгуулийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд:  Анхан шатны шүүх дүгнэхдээ Д.Ууганбаяр нь Төв аймгийн Засаг даргын 2015 оны А/239 дугаар захирамжийн дагуу Цэргийн дүйцүүлэх албанд бүртгэгдэж үүрэг гүйцэтгэж байгаа тул Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар цэргийн албан хаагчийн эрх зүйн байдалд хамаарч, улмаар мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт "Цэргийн албан хаагч цэргийн албаны үүргийн онцлог, түүнд тавих шаардлагаас үндэслэн дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно: 1/ цэргийн албан хаагч улс төрийн зорилгоор эвлэлдэн нэгдэх, улс төрийн үйл ажиллагаа явуулдаг эвсэл, холбооны гишүүн байх...” гэсэн хориглох заалт нь Д.Ууганбаярт цэргийн жинхэнэ албан хаагчтай нэгэн адил хамаарна гэж тайлбарласан нь буруу болсон гэж үзэж байна. Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2- заасан "дайчилгааны сургууль, цугларалт" гэдэг нь Цэргийн албыг дүйцүүлэн хаагчдын дайчлагдаж буйгаас өөр цугларалт билээ. Тодруулбал, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт зааснаар Цэргийн бэлтгэл үүрэгтний цэрэг, техникийн бэлтгэлийг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулдаг ба 26.2 заасны дагуу хоёрдугаар зэргийн бэлтгэл үүрэгтнийг бэлтгэлд байх хугацаанд нь гурван сараар татан оролцуулдаг байна. Тиймээс Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 29.1 дэх хэсэгт заасан Цэргийн албан хаагчийн эрхийн хязгаарлалт нь зөвхөн дээрх 3 сарын цугларалтад оролцож буй цэргийн бэлтгэл үүрэгтэнд хамаарах зохицуулалт тул Д.Ууганбаярын улс төрийн аливаа үйл ажиллагаа явуулах эрх хязгаарлагдаагүй байсан. Түүнчлэн дүйцүүлэх алба хаах иргэд нь Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 49 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Цэргийн албыг дүйцүүлэн хаах журам"-ын 9 дүгээр зүйлд заасан 6 төрлийн үйл ажиллагаанд оролцдог бөгөөд тэдгээрт дайчилгааны сургууль, цугларалт багтаагүй юм. Анхан шатны шүүх Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3.5 дахь хэсэгт заасан "...цэргийн алба хаах үүргээ биелүүлсэн байх" гэдгийг мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.19-д заасантай уялдуулан тайлбарлаж, цэргийн албыг дүйцүүлэх байдлаар хааж байгаа нь Сонгуулийн тухай хуульд заасан цэргийн алба хаасан байх шаардлагад нийцээгүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3.5 дахь хэсгийн шаардлага нь "Цэргийн жинхэнэ хугацаат алба хаах насны" нэр дэвшигчдэд хамаарах зохицуулалт бөгөөд нийт нэр дэвшигчдэд хамаарахгүй. Учир нь Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт "Монгол Улсын иргэн Зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд цэргийн үүрэг гүйцэтгэхийг цэргийн жинхэнэ алба гэнэ", 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт "75-25 насны Монгол Улсын иргэн эрэгтэйчүүдийг цэргийн жинхэнэ албанд татагдсан гэж заасан ба Д.Ууганбаяр нь 2016 оны 9 дүгээр сард 26 нас хүрсэн байсан учир цэргийн жинхэнэ албанд татагдах нас өнгөрсөн байсан учир цэргийн алба хаасан эсэх нь нэр дэвшигчээр бүртгэх эсэхэд хамаагүй гэж ойлгож байна. Тодруулбал, Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.4 дэх хэсэгт "хуулийн дагуу цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэн төрийн албаны онцлог төрөл болох энэ үүргээ биелүүлээгүй бол" төрийн жинхэнэ албанд ажиллахыг хоригложээ. Энэ шаардлага нь цэргийн алба хаах үүрэг хүлээсэн иргэн бүрт хамаарахаар ойлгогдож байхад Сонгуулийн тухай хуулийн шаардлага нь зөвхөн "Цэргийн жинхэнэ хугацаат алба хаах насны" иргэдэд хамаарч байгааг анхаарах ёстой байсан. "2008 оны 5 дугаар сарын 06-ны өдөр батлагдсан Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө 18 нас хүрсэн, түүнчлэн эмнэлгийн магадлагаагаар эрүүл мэндээр тэнцээгүй, хуульд заасан бусад үндэслэлээр цэргийн жинхэнэ албанаас түр буюу бүрмөсөн чөлөөлөгдсөн иргэнд энэ заалт хамаарахгүй” гэсэнтэй адилаар Сонгуулийн тухай хууль батлагдах өдрөөс өмнө болзолт насанд хүрсэн иргэдэд хамаарахгүй байх ёстой. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэл байна. 2016-оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн хуулиар хүчингүй болсон Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг анхан шатны шүүх хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн ба ишлэл авсан эх сурвалж хууль хүчингүй болсон тул цэргийн алба хаагаагүй гэсэн үндэслэлээр бүртгэхээс татгалзах эрх сонгуулийн хороонд байхгүй. Иймд захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлд заасны дагуу Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 123/ШШ2017/0003 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

                                                  ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчээс “...“Төв нутаг” эвслээс 4 дүгээр тойрогт сонгуульд нэр дэвшсэн 9 хүнээс саналын тоогоор би жагсаалтын 5-д орж, жагсаалтын 1-д Д.Ууганбаяр ...олонхийн санал авсан ... энэхүү сонгуулийн дүнг зөвшөөрч байсан боловч Д.Ууганбаяр нь хуулийн шаардлага хангаагүй, ... улс төрийн нам эвсэл, холбооны гишүүн байх, улс төрийн үйл ажиллагаанд оролцож болохгүй, нэр дэвшигчээр бүртгэгдэх эрхгүй болохыг мэдлээ ... дүйцүүлэх цэргийн албан хаагч Д.Ууганбаярыг нэр дэвшигчээр бүртгэж сонгуульд оролцуулсан нь миний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж байна ... Иймд Д.Ууганбаярыг Цээл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн нэр дэвшигчээр хууль бусаар бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулж, сонгуулийн дүнг гаргасан шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, “Сүүл буга” багийн сонгуулийн 4 дүгээр тойрогт дахин сонгууль явуулахыг даалгуулах” гэсэн нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ. 

Харин хариуцагчаас “...Д.Ууганбаяр нь аймгийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/239 дүгээр захирамжаар Цэргийн дүйцүүлэх албыг биеэр хаах иргэдийн жагсаалтад нэр нь орж батлагдсан. Сум, багийн Засаг дарга нар болон иргэдээс гаргасан хүсэлтийн дагуу, хуулийн хүрээнд энэхүү шийдвэр  гаргасан байна. Иймээс Д.Ууганбаярыг цэргийн дүйцүүлэх албанд хууль бусаар бүртгэгдсэн гэж үзэх үндэслэл болохгүй ... Д.Ууганбаяр хэдийгээр цэргийн дүйцүүлэх албыг биеэр хааж байгаа боловч сонгуулийн үеэр цэргийн анги, байрлалд ямар нэгэн үүрэг гүйцэтгээгүй, дайчилгаатай сургууль, цугларалтад оролцоогүй тул эрхийн хязгаарлалтад хамаарахгүй ... Д.Ууганбаяр 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 26 нас хүрсэн тул Цэргийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасан хуулийн үйлчлэлд хамаарахгүй ... Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.4, 11.8-д заасны дагуу түүнийг нэр дэвшигчээр бүртгэсэн нь Монгол Улсын Үндсэн хууль, Сонгуулийн тухай хуулиар олгогдсон үндсэн үүргийг хангасан үйлдэл юм ...” гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан байна.

            Анхан шатны шүүх “...цэргийн алба хаах үүргээ биелүүлсэн байх шаардлагыг хангасан эсэхийг сонгуулийн хороо нэр дэвшигчээр бүртгэхээс өмнө шалгах ёстой хуулийн зохицуулалт байхад энэ үүргээ хариуцагч нь хангалтгүй биелүүлж...” гэж зөв дүгнэсэн хэдий ч Төв аймгийн Цээл сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн “Нэр дэвшигчдийг бүртгэх тухай” 03 дугаар тогтоол, 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн санал хураалтын дүнгийн тухай” 09 дүгээр тогтоолын Д.Ууганбаярт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, Цээл сумын “Сүүл буга” багийн сонгуулийн 4 дүгээр тойрогт дахин сонгууль явуулахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт зааснаар захиргааны хэргийн шүүх нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах  бөгөөд мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж зааснаар аливаа захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл нь нэгд тухайн захиргааны актыг гаргасан захиргааны байгууллагын хууль бус, хууль зөрчсөн үйлдэл, үйл ажиллагаа тогтоогдох, хоёрт тухайн маргаан бүхий актыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх үр дагавартай байх учиртай. 

            Төв аймгийн Цээл сумын Ардчилсан нам-Монгол ардын хувьсгалт намын “Төв нутаг” эвсэл 2016 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хуралдаж, тус хуралд оролцсон Ардчилсан намын төлөөллөөс Д.Ууганбаярыг, МАХН-ын төлөөллөөс Д.Энхмааг тус сумын 4 дүгээр багт орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлэхээр шийдвэрлэж, тус эвслийн 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн “Нэр дэвшигч бүртгүүлэх тухай” 04 дүгээр албан бичиг[1]-ээр нэхэмжлэгч Д.Энхмаа, гуравдагч этгээд Д.Ууганбаяр нарыг Төв аймгийн Цээл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчээр тодорхойлж, Төв аймгийн Цээл сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн “Нэр дэвшигчдийг бүртгэх тухай” 03 дугаар тогтоол[2]-оор нэр дэвшигчээр бүртгэжээ. 

            Хэрэгт авагдсан Төв аймгийн Цээл сумын Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн санал хураалтын дүнгийн тухай” 09 дүгээр тогтоол[3]-оос үзвэл гуравдагч этгээд Д.Ууганбаяр, нэхэмжлэгч Д.Энхмаа нар нь Төв аймгийн Цээл сумын 4 дүгээр тойрогт Төв аймгийн Цээл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд өрсөлдөж, гуравдагч этгээд Д.Ууганбаяр нь нийт 196 сонгогчийн саналаас 85 санал, нэхэмжлэгч Д.Энхмаа 68 саналыг тус тус авсан болох нь тогтоогдож байна.

Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-д “Нэр дэвшигч нь энэ хуульд заасан нийтлэг шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан байна”, 154.3.5-д “цэргийн жинхэнэ хугацаат алба хаах насны иргэн Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль тогтоомжийн дагуу цэргийн алба хаах үүргээ биелүүлсэн байх”, 158 дугаар зүйлийн 158.1-л “Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо дараах тохиолдолд нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзана”, 158.1.2-т “нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаагүй”, 159 дүгээр зүйлийн 159.1-д “Нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл илэрвэл уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн байгууллага нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлнэ” гэж тус тус заасан байна.

Төв аймгийн Цээл сумын сонгуулийн хороо гуравдагч этгээд Д.Ууганбаярыг бүртгэсэн нь дээрх Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-т заасантай нийцэхгүй байх хэдий ч аливаа захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл нь захиргааны байгууллага хууль зөрчсөн байхаас гадна мөн нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол тус захиргааны актын улмаас зөрчигдсөн болох нь эн тэнцүү тогтоогдох учиртай.

            Хавтаст хэрэгт Ардчилсан нам-Монгол ардын хувьсгалт намын “Төв нутаг” эвслийн 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн “...Сүүл бугын 4 дүгээр баг ...нэр дэвшигчид ... Д.Ууганбаяр, Д.Энхмаа...” гэх А/02 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралт[4], тус эвслийн 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн “...2016 оны Төв аймгийн Цээл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуульд оролцох нэр дэвшигчдийн жагсаалтыг хоёрдугаар хавсралтаар баталсугай, ...нэр дэвшигч тус бүрийн бүрдүүлэх баримт бичиг болон холбогдох бусад баримтыг бүрдүүлэн Төв аймгийн Цээл сумын Сонгуулийн хороонд ... өгөхийг ... сумын Эвслийн дарга-т үүрэг болгосугай...” гэх агуулга бүхий А/02 дугаар албан бичиг[5], Төв аймгийн Цээл сумын Засаг даргын Тамгын газрын Төв аймгийн Цээл сумын сонгуулийн хороонд хаяглагдсан 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн “...Даваадорж овогтой Ууганбаяр нь Цэргийн албыг дүйцүүлэх хэлбэрээр 2015 оноос өнөөг хүртэл орон нутагт хааж байгаа...”  гэх 04/82 дугаар албан бичиг[6] зэрэг нотлох баримтууд тус тус авагджээ. 

            Дээрх нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Д.Энхмаа, гуравдагч этгээд Д.Ууганбаяр нар нь орон нутгийн сонгуульд эрх ашиг сонирхлын хувьд нэгдэгч нар буюу Ардчилсан нам-Монгол ардын хувьсгалт намын “Төв нутаг” эвслээс нэр дэвшсэн, тус эвслээс сонгуульд нэр дэвшигч тус бүрт хамаарах баримт бичгийг бүрдүүлэн Цээл сумын Сонгуулийн хороонд өгч, сонгуульд бүртгүүлснээс үзвэл гуравдагч этгээд Д.Ууганбаяр болон нэхэмжлэгч Д.Энхмаа нар нь хамтарч өөрөө удирдах ёсны байгууллагыг бүрдүүлэх буюу улс төрийн үйл ажиллагаа явуулах ашиг сонирхол зорилгын үүднээс сайн дураараа эвсэн нэгдэж нэг баг болж орон нутгийн сонгуульд оролцсон байх бөгөөд гуравдагч этгээд Д.Ууганбаярын сонгуульд өрсөлдөх, сонгогдох эрхийг баталгаажуулан бүртгэсэн Төв аймгийн Цээл сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн “Нэр дэвшигчдийг бүртгэх тухай” 03, мөн хорооны сонгуулийн дүнг нэгтгэн гаргасан 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн санал хураалтын дүнгийн тухай” 09 дүгээр тогтоолуудын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсхүл хязгаарлагдсан гэх үйл баримт тогтоогдоогүй, нэхэмжлэгч эрх ашиг нь хөндөгдөөгүй асуудлаар шүүхэд маргах эрхгүй байна.

            Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь нэг эвслээс, нэг тойрогт хамт нэр дэвшсэн Д.Ууганбаярыг “...цэргийн алба хаагаагүй, сумын сонгуулийн хороо хууль бусаар бүртгэсэн ... сонгуулийн дүнг нэгтгэсэн...” гэж маргаж байгаа нь хуулийн үндэслэлгүй буюу нэхэмжлэгчтэй нэг эвслээс нэр дэвшсэн гуравдагч этгээд Д.Ууганбаярыг бүртгэсэн бүртгэл болон санал хураалтын дүнг хүчингүй болгож, дахин сонгууль явуулахыг хариуцагчид даалгаснаар нэхэмжлэгчийн ямар эрх сэргэх нь тодорхойгүй байна. 

             Анхан шатны шүүхийн шүүгчийн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээсэн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 240 дүгээр захирамжаар хэргийн оролцогчид гомдол гаргаагүй, түүнчлэн шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээсэн захирамжид гомдол гаргах хугацааг сэргээлгэх тухай дээрх гуравдагч этгээдийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн 23 дугаар захирамж хуулийн хүчин төгөлдөр болсон байх тул гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Д.Энхмаа.... нэхэмжлэл гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн ... хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн...” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Отгонбат “...зайлшгүй шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан байтал хүндэтгэн үзэх шалтгаан биш гэж шүүх үзсэнд гомдолтой байна. ... “шүүх хуралдаанд оролцох” эрхийг хангах үүргээ шүүх биелүүлээгүй...” гэх давж заалдах гомдол гаргасан байх боловч шүүх хуралдааны явцад уг гомдлоосоо татгалзсан[7] тул гомдол гаргаагүйд тооцож энэ талаар дүгнэх шаардлагагүй гэж үзэв.

Түүнчлэн нэхэмжлэгчээс “...Д.Ууганбаярыг нэр дэвшигчээр бүртгэсэн бүртгэлийн хүчингүй болгуулах...” гэж нэхэмжлэлийн эхний шаардлагыг тодорхойлсон байхад шүүх Төв аймгийн Цээл сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн “Нэр дэвшигчдийг бүртгэх тухай” 03 дугаар тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасантай нийцээгүйг тэмдэглэв.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Энхмаагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

                                                             ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 123/ШШ2017/0003 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Энхмаагийн “Төв аймгийн Цээл сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн “Нэр дэвшигчдийг бүртгэх тухай” 03 дугаар тогтоол, 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн санал хураалтын дүнгийн тухай” 09 дүгээр тогтоолын Д.Ууганбаярт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, Цээл сумын “Сүүл буга” багийн сонгуулийн 4 дүгээр тойрогт дахин сонгууль явуулахыг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

                                                      ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

            ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН

            ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ

            ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ