Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 101/ШШ2023/01589

 

 

 

 

 

 

2023 03 29

101/ШШ2023/01589

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ө.Б -ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А ХХК-д холбогдох,

12,687,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ө.Б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Нямдаваа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ө.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ө.Б миний бие 2018 оны 08 сарын 16-ны өдөр А ХХК-тай гэрээ байгуулж Баянзүрх дүүргийн 22-р хорооны нутаг дэвсгэрт байрлалтай Тэлмү апартмэнт хотхоны 140 айлын орон сууцны 2-р орцны 8 давхрын 98 тоот 73,45 метр квадрат орон сууцыг худалдаж авахаар орон сууц захиалгын гэрээ байгуулсан. 2019 оны 08 сарын 23-нд төлбөрөө төлж байрныхаа түлхүүрийг гардан авч байрандаа орсон болно. Байрандаа орохын өмнөхөн буюу 2019 оны 07 сарын 19 өдөр байрны талбайн хэмжээ эргэлзээтэй санагдсан тул Д ХХК-иар хэмжилт хийлгүүлэхэд 7,25 м.кв дутсан болно. А ХХК-иас орон сууц захиалгын гэрээнд 1м.кв-ийг 1,750,000 төгрөгөөр тооцож худалдаж авсан бөгөөд орон сууц захиалгын гэрээний 1.1-д заасны дагуу талбайн хэмжээ 73,45 м.кв байх ёстой байтал бодит байдал дээр 66,2 м.кв байсан болно. Дутсан 7,25 м.кв-ийн зөрүү болох 12,687,000 төгрөгийг АХХК-иас буцааж олгохыг шаардсан боловч цагдаа шүүхээрээ яв гэсэн болно. Иймд А ХХК-иас худалдаж авсан орон сууцны 7,25 м.кв талбайн зөрүү болох 12,687,500 төгрөг гаргуулахаар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж байна. Намайг анх байр захиалж байхад өгсөн брошур байгаа. 2018 оны 01 дүгээр сараас А  ХХК-иас фэйсбүүкт зар тавьж эхэлсэн. Үүний дагуу би унтлагын өрөөндөө ариун цэврийн өрөө гаргуулсан. Хавтаст хэргийн 118 дугаар талд байгаа. Зарын дагуу л очиж захиалсан. гэв.

 

2. Хариуцагч А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлага нь хуульд заасан үндэслэл журмын дагуу байх ёстой. Үл хөдлөх гэдэг бол газраас салгамагц ашиглах боломжгүй байдаг. Хэдэн м.кв гэдэг талаар баримт байхгүй. Урд нь энэ хэрэг гарч байсан юм билээ. 3.1.3 дугаар зүйл гэж байна. Талууд гэрээгээр ямар нэг зөрүү гарах юм бол гомдлын шаардлага гаргахгүй гэсэг зүйл яригдсан байдаг. Хууль хэрэглээний хувьд талууд эрх зүйн үр дагавар үүсгэж гэрээ хэлцэл хийж байгаа. Ер нь бол 2018 онд хийсэн гэрээ нь ажил гүйцэтгэх гэрээ байна гэж харж байгаа. Бэлэн болоогүй байр байсан тул ерөнхий үнийг компаниас гаргаж өгсөн. Энэ асуудалд ямар ч нэхэмжлэл гаргах эрхгүй байна гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.гэв.

 

3. Нэхэмжлэгчээс хавтаст хэргийн 2-22 дугаар тал, 58-62 дугаар тал, 112-123 дугаар тал, 231-233 дугаар талд авагдсан баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн,

хариуцагчаас нотлох баримт гаргаж өгөөгүй,

Шүүхийн журмаар шинжээч томилуулж, шинжээчийн дүгнэлт гаргуулсан /хх-82-98, 208-224/

Шүүхийн журмаар Л.М -ээс гэрчийн мэдүүлэг авах ажиллагааг хийсэн байна.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Ө.Б нь хариуцагч А-д холбогдуулан худалдаж авсан орон сууцны талбайн зөрүүнд 12,687,500 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 12,092,500 төгрөг болгосныг шүүх хуралдаанд мөн багасгаж 11,276,500 төгрөг нэхэмжилжээ.

3. Хариуцагч нь талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь худалдах-худалдан авах гэрээ биш ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулж байна. Гэрээний 3.1.3, 3.1.4-т зааснаар орон сууцны дотор ханын хэмжээ нийт талбайд тооцогдох ба орон сууцны дотор заслын улмаас үүссэн 1,5 м.кв талбай хүртэлх хэлбэлзэл мөн сууцны дотор хананы доорхи талбай нийт м.кв тооцогдсон тул энэ заалттай холбоотой гомдол гаргахгүй талаар гэрээнд заасан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

4. Хэрэгт дараах үйл баримтууд тогтоогджээ.

4.1. 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Орон сууц захиалгын №Т2-Д8-Б2 гэрээгээр Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороонд байрлах, Тэлмү Апартмэнт хотхоны 140 айлын орон сууцны 2 дугаар орц, 8 давхарын баруун жигүүрийн 2 дугаартай 98 тоот 73,45 м.кв талбай бүхий орон сууцыг гүйцэтгэгч А нь захиалагч Ө.Б-д хүлээлгэн өгөхөөр, орон сууцны 1 метр квадрат талбайн худалдах үнэ 1,750,000 төгрөг, нийт үнэ 128,537,500 төгрөг байхаар тохиролцжээ. /хх-6-16 тал/

4.2. Талуудын хооронд байгуулагдсан Орон сууц захиалгын гэрээ нь гүйцэтгэгч болох А-ийн гаргасан Тэлмү апартмент хотхоны зураг төсөл, танилцуулга бүхий төслийн хүрээнд гүйцэтгэгч талын санал болгосон тодорхой давхар, өрөөний тоо, өрөөний байрлал, хэмжээ бүхий орон сууцнаас захиалагч өөрөө сонгосон, гэрээ байгуулах үед уг барилга нь 5 давхар хүртэл баригдсан байсан зэрэг гэрээний талуудын эрх үүрэг, тохиролцсон нөхцөлүүдийг харьцуулан үзээд талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзлээ.

Тодруулбал, захиалагчийн хувьд өрөөний зохион байгуулалтын хувьд өөрчлөлт оруулах эрхтэй ба гүйцэтгэгчийн баталсан зураг, төсөв, орон сууцны талбайн хэмжээ зэрэгт өөрчлөлт оруулах боломжгүй, гүйцэтгэгчийн нийтэд мэдээлсэн загвар, үнийн хүрээнд орон сууцнаас сонголтоо хийсэн байна.

4.3. Нэхэмжлэгч нь гэрээнд заасны дагуу орон сууцны үнийг бүрэн төлж, 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр байраа хүлээж авсан талаар маргаагүй.

Харин нэхэмжлэгч нь байрандаа орохоос өмнө байрыг үзэхэд талбайн хэмжээ эргэлзээтэй санагдсан тул 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Д ХХК-иар орон сууцны талбайг хэмжүүлэхэд маргаан бүхий орон сууцны нийт нийлбэр талбай нь 66,2 м.кв гарсан байна. /хх-17-22/

4.4. Нэхэмжлэгч нь Д ХХК-иар хийлгэсэн хэмжилтийг үндэслэн орон сууцны талбайн хэмжээ гэрээний 1.1-д зааснаар 73,45 м.кв байхаас бодит байдалд 66,2 м.кв байсан тул 7,25 м.кв-аар дутсан талбайн зөрүү болох 12,687,500 төгрөгийг нэхэмжилсэн.

4.5.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч тал захиалагчийн хүсэлтээр гэрээний хавсралт 2-т заасны дагуу дотор ханануудыг хийж гүйцэтгэсэн, дотор хананы доорхи талбай нийт метр квадратад тооцогдсон тул гэрээний дагуу 73.45 м.кв байгаа эсэх талаар шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, Т ХХК шинжээчээр ажиллаж, маргаан бүхий орон сууцны өрөөнүүдийн нийт нийлбэр тайлбайг 66,54 м.кв гэж тодорхойлжээ. /хх-77-78, 88-97/

4.6. Анхан шатны шүүх хэргийг дээрх баримтуудад үндэслэн шийдвэрлэсэн боловч хяналтын шатны шүүхийн тогтоолоор хэргийн үйл баримтыг бүрэн тогтоогоогүй үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд ирүүлсэн.

4.7. Нэхэмжлэгч нь өөрийн хүсэлтээр том унтлагын өрөөндөө ариун цэврийн өрөө гаргуулсан ба уг өрөөний ханын доорх талбайн хэмжээг шүүгчийн захирамжаар томилогдсон Х ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр 0,468 м.кв болохыг тогтоосон байна. /хх-208-224/

4.8. Талуудын хооронд байгуулагдсан Орон сууц захиалгын гэрээний 3.1.3-т Гүйцэтгэгч тал нь захиалагч талын хүсэлтээр хавсралт 2-т заасны дагуу дотор ханануудыг хийж гүйцэтгэсэн болно. Дотор хананы доорхи талбай нийт метр квадратад тооцогдсон болно. 3.1.4-т Орон сууцны дотор заслын улмаас үүссэн 1,5 метр квадрат хүртэлх талбайн хэлбэлзэл мөн энэ гэрээний 3.1.3-р заалтыг үндэслэн нийт талбайн хэмжээг тооцсон бөгөөд тус заалттай холбоотой санал гомдлыг захиалагч тал гаргах эрхгүй гэж заажээ.

Гэрээний энэхүү заалтын дагуу талууд маргаж байгаа ба шүүх талуудын тохиролцоо, гэрээний дээрх заалтын хүрээнд дараах дүгнэлтийг хийлээ.

Талуудын хооронд байгуулагдсан Орон сууц захиалгын Т2-Д8-Б2 тоот гэрээний Хавсралт 2-т F айлын өрөөний зохион байгуулалтын план зураг байгаа ба F айл /3 өрөө/ 3-12 дугаар давхарт нийт 20 сонголттой. Өрөөний тодорхойлолт, Үүдний өрөө-7,71, Ариун цэврийн өрөө 1- 4,86, Гал тогоо-9,58, Зочны өрөө-12,74, Унтлагын өрөө 1-12,41, Нарны өрөө 1-4,76, Унтлагын өрөө 2 -17,59, Нарны өрөө 2 -3,80, нийт талбай 73,45 гэж тодорхойлж гүйцэтгэгч, захиалагч гарын үсгээр баталгаажуулжээ.

Хариуцагч А нь Орон сууц захиалгын гэрээний дагуу 73,45 м.кв орон сууцыг хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан ба дотор заслын улмаас үүссэн 1,5 м.кв хүртэл талбайн хэлбэлзэл байж болох талаар гэрээний дээрх заалтад тусгасан байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь өөрийн хүсэлтээр ариун цэврийн өрөө нэмж гаргуулсан ба уг өрөөний хананы доорх талбайн хэмжээгээр буюу 0,468 м.кв*1,750,000 төгрөг, нийт 819,000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан.

Т ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр орон сууцны дотор хануудын талбайн хэмжээг нийт талбайд оруулж тодорхойлох нь холбогдох БНбД, стандарт-аргачлалын дагуу тооцоолол хийх үндэслэлгүй, мэргэжлийн ёс зүйгүй гэж үзэж, Стандарт-аргачлалын дагуу хэмжилтийг хийж, түүний талбайг тооцсон ажлын үр дүнд сууцны өрөөнүүдийн нийт нийлбэр талбай нь 66,54 м.кв гэж тодорхойлсон дүгнэлтийг үндэслэн талбайн зөрүүний маргааныг эцэслэн шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзсэн.

Талуудын хооронд дээр дурьдсанчлан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, гэрээний зүйл болох орон сууцыг хүлээлгэн өгсөн, орон сууцны үнийг төлсөн.

Гэвч талуудын хооронд гэрээгээр тохирсон талбайн хэмжээ бүхий орон сууцыг хүлээлгэн өгсөн эсэх нь маргааны зүйл болж байна.

Тухайлбал, хариуцагч нь худалдах-худалдан авах гэрээний үүргийн дагуу 73,45 м.кв талбай бүхий орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан ч бодит байдалд 66,54 м.кв талбай бүхий орон сууцыг хүлээлгэн өгч, талбайн зөрүү 6,91 м.кв гарсан байна.

Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-т Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзэх ба орон сууцны үнийг тухайн сууцны талбайн хэмжээгээр тооцон гаргаж байгаа нөхцөлд, талбайн зөрүү 6.91 м.кв байгааг биет байдлын доголдолтой хөрөнгө шилжүүлсэн гэж үзлээ.

Доголдолтой хөрөнгийг шилжүүлж авсан нэхэмжлэгч Ө.Б нь энэ талаар гомдлын шаардлагыг хариуцагч талд удаа дараа гаргаж байсан болох нь хэргийн үйл баримтаар тогтоогдсон талууд энэ талаар маргаагүй.

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-т зааснаар доголдолтой эд хөрөнгийг худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гарсан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэйн ба эдгээр шаардлагын аль нэгийг гаргаагүй бол мөн хуулийн 254.2-т зааснаар нэхэмжлэгч нь дутуу хүлээн авсан талбайн хэмжээгээр орон сууцны үнийг бууруулахаар шаардах эрхтэй байна.

Иймээс сууцны талбайн зөрүү 6.91 м.кв талбайгаас талуудын хооронд байгуулсан Орон сууц захиалгын гэрээний 3.1.3-т заасан дотор заслын уулмаас үүсч болох 1,5 м.кв талбайг хасч, 5,41 м.кв талбайн үнийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзээд 5.41 м.кв*1,750,000 төгрөг, нийт 9,467,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 1,809,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчийн төлсөн 217,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн 9,467,500 төгрөгт тооцогдох улсын тэмдэгтийн хураамж 166,430 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т нийцнэ.

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг 0.468*1,750,000 төгрөг, нийт 819,000 төгрөгөөр буруулсныг өмнөх 12,092,500 төгрөгийн шаардлагаас хасахад 11,273,500 төгрөг гарах байтал тооцооллын алдаа гаргаж 3000 төгрөгөөр илүү тооцож шаардлагын дүнг 11,276,500 төгрөг болгосон нь шийдэлд нөлөөлөхгүй тул нэхэмжлэгчийн шаардлагаа тодорхойлсон 11,276,500 төгрөгөөс тооцож нэхэмжлэл хангасан дүнг хасч, хэрэгсэхгүй болгосон дүнг гаргасныг дурьдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1-т зааснаар хариуцагчаас 9,467,500 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 1,809,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 217,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 166,430 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ