Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2022/00744

 

                                   ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ын нэхэмжлэлтэй иргэний

                                                         хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг  даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2020/01682 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1505 дугаар магадлалтай,

,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ын нэхэмжлэлтэй,

“,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д холбогдох

12,687,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нямдоржийн гаргасан гомдлоор

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, , түүний өмгөөлөгч Ш.Буянжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Галбадрах, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,аас хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д холбогдуулан худалдаж авсан орон сууцны талбайн зөрүүд 12,687,500 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2020/01682 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас 12,092,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 595,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 217,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 208,430 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д заасныг баримтлан шинжээч “Тоонто гранд” ХХК-ийн ажлын хөлс 110,000 төгрөгийг Голомт банкны 1410000699 тоот дансанд төлөхийг хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д үүрэг болгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1505 дугаар магадлалаар  Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2020/01682 дугаар шийдвэрийн тогтоох хэгсгийн 1 дэх заалтын “...Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1” гэсний дараа “...254 дүгээр зүйлийн 254.4” гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 208,430 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нямдорж хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.05.13-ны өдрийн 101/ШШ2020/01682 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.07.06-ны өдрийн 1505 дугаар магадлалд тус тус гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь байр авахаасаа өмнө байрны хэмжээ буюу м.кв зөрүүтэй болохыг мэдэж байсан, мөн тухайн орон сууцны гэрээ байгуулсан “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн менежер ,,,,,,,,,,,,,,,,,, гэрчийн мэдүүлэг дээрээ тодорхой дурдсан байдаг. Компанийн зүгээс м.кв-ын зөрүүтэй байгаа бол гэрээг цуцлах талаар удаа дараа санал болгоход нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь би байраа хүлээж авъя, ипотекийн 8 хувийн зээл бүтэж байвал хамаагүй гэсэн байр суурьтай байсан. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1-д “дараах тохиолдолд худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдана”, 255.1.1-д “эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан” гэж зааснаар ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, байрны м.кв-ыг зөрүүтэй талаар мэдсэн байдаг. Шүүхийн шийдвэр нь Иргэний хуульд заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

5. Нэхэмжлэгч тал “хариуцагчийн гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэсэн тайлбар гаргав.

ХЯНАВАЛ:

6. Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

7. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,аас хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д холбогдуулан худалдаж авсан орон сууцны талбайн зөрүүд 12,687,500 төгрөг нэхэмжилснийг анхан шатны шүүх хариуцагчаас 12,092,500 төгрөгийг гаргуулж, үлдэх 595,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдлийг хэвээр үлдээсэн.

8. Нэхэмжлэгчээс “... Би 2018.08.16-ны өдөр “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-тай гэрээ байгуулж ... 73.45 м.кв талбайтай 3 өрөөг 1 м.кв-ыг 1,750,000 төгрөгөөр худалдан авахаар гэрээ байгуулж, 2019.08.23-ны өдөр 128,537,500 төгрөгийг төлж байрныхаа түлхүүрийг авч, нүүж орсон. Орон сууцыг ашиглалтад орохоос өмнө очиж үзэхэд нүдэн баримжаагаар арай жижигхэн, каталог болон гэрээнд заасан м.кв-тай хүрэхгүй санагдаад байсан. Байрандаа орохын өмнө “Дуншагай хас” ХХК-аар хэмжүүлэхэд 7.25 м.кв дутсан. Энэ тухайгаа борлуулалтын менежерт 3-4 удаа хэлж бидний дунд нэлээн маргаан үүссэн. Компанийн борлуулалтын менежер нь гэрээг цуцлах тухай санал тавьсан, гэхдээ тушаасан мөнгөний 20 хувийг өгөхгүй гэж хэлсэн... Иймд дутуу м.кв-ын 12,092,500 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэснийг,

хариуцагч эс зөвшөөрч “... Нэхэмжлэгч нь анхнаасаа м.кв-ын зөрүүтэй гэдгийг мэдэж байсан. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д “эд хөрөнгийг хүлээн авах үедээ энэ доголдлыг мэдсэн буюу мэдэх боломжтой байсан” гэж заасан. Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.3-т “үүргийн гүйцэтгэлд ноцтой нөлөө үзүүлэхээргүй бол эд хөрөнгийн зарим хэсгийг дутуу буюу гэрээнд зааснаас өөр барааг бага хэмжээгээр шилжүүлсэн, эсхүл эд хөрөнгийн нэг хэсэг нь доголдолтой байсан ч түүнийг бүхэлд нь доголдолтой гэж үзэхгүй” гэж заасан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж маргажээ.

9. Хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ “… шинжээчийн дүгнэлтээр уг орон сууцны талбайн хэмжээг 66,54 м.кв талбайтай болохыг тодорхойлсон, зохигчид шүүхээс томилсон шинжээчийн дүгнэлтэд маргаагүй, иймд хариуцагчаас орон сууц захиалгын гэрээний үүрэгт 6,91 м.кв талбайн зөрүүд илүү төлсөн 12,092,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй...” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай байна.

10. Учир нь, зохигчийн хооронд байгуулагдсан 2018.08.16-ны өдрийн орон сууц худалдах-худалдан авах гэрээний 3.1.3-т “Гүйцэтгэгч тал нь захиалагч талын хүсэлтээр хавсралт 2-т заасны дагуу дотор ханануудыг хийж гүйцэтгэсэн болно. Дотор хананы доорх талбай нийт м.кв-д тооцогдсон болно.”, 3.1.4-т “Орон сууцны дотор заслын улмаас үүссэн 1,5 м.кв хүртэлх талбайн хэлбэлзэлтэй мөн энэ гэрээний 3.1.3-р заалтыг үндэслэн нийт талбайн хэмжээг тооцсон бөгөөд тус заалттай холбоотой санал гомдлыг захиалагч тал гаргах эрхгүй”  гэж тус тус заажээ.

11. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болох талуудын тохиролцсон гэрээний дээрх нөхцөл болон талбайн зөрүүг тогтоосон шинжээчийн дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу харьцуулан үнэлэх үүргээ хэрэгжүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан гэж үзэхээр байна.

12. Ийнхүү анхан болон давж заалдах шатны шүүх нотлох баримтыг үнэлэх үүргээ хангалттай хэрэгжүүлээгүйгээс хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байх тул хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй.

13. Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2020/01682 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1505 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр төлсөн 208,430 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Г.АЛТАНЧИМЭГ

                                     ШҮҮГЧИД                                                  Г.БАНЗРАГЧ

                                                                                                         П.ЗОЛЗАЯА

                                                                                                       Б.МӨНХТУЯА

                                                                                                         С.СОЁМБО-ЭРДЭНЭ